Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2024/00057

 

 

О ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04465 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2024/00187 дугаар магадлалтай,                                                                                                                                   

О ы нэхэмжлэлтэй,

Т , А  нарт холбогдох

Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О , хариуцагч Т , А , хариуцагчийн өмгөөлөгч Б , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О  нь хариуцагч Т , А  нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04465 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т өөс Mitsubishi Triton маркийн, ...  арлын дугаартай, ...  улсын дугаартай автомашиныг, хэрэв тухайн автомашины чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар буцааж өгөх боломжгүй бол үнэ 26,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О д олгож, хариуцагч А д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 217,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Т өөс 287,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О д олгож шийдвэрлэжээ

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2024/00187 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч А , Т  нарт холбогдох Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, ...  улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч О ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.21-ний өдрийн 184/ШШ2023/04465 дугаар шийдвэрийг хянан хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.24-ний өдрийн 210/МА2024/00187 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгохдоо тодорхой үндэслэл дурдаагүй, автомашин хариуцагч Т ийн эзэмшилд байгаа болох нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагч Т  нь автомашин надад байгаа эсхүл байхгүй гэх тайлбарыг анхан шатны шүүхэд гаргадаггүй, холбогдох баримтыг гаргаж өгдөггүй, нэхэмжлэх эрхгүй этгээд л гэж маргадаг бөгөөд хариуцагч А ас автомашиныг хүлээн авч, мөнгө зээлдүүлсэн тухайд ч маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх, түүнийгээ мэтгэлцэх замаар нотлох үүрэгтэй. Ямар ч баримт, тайлбар гаргахгүй байгаа нь хариуцагчийн давуу тал байх үндэслэлгүй бөгөөд нэхэмжилж буй Мицубиши Тритон маркийн ...  улсын дугаартай автомашин хариуцагч Т ийн эзэмшилд очсон нь баримтаар тогтоогдсон, харин хариуцагч уг автомашиныг хаана хадгалж буйгаа л хэлээгүй болно. Давж заалдах шатны шүүх автомашиныг хариуцагчийн эзэмшилд байгааг нэхэмжлэгч тал, эсхүл шүүх тогтоож чадаагүй гэж дүгнэсэн нь хуульд харшилж байгаа бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар автомашиныг эрэн сурвалжлах, хайх, хариуцагчийн эзэмшлийн хөрөнгөд нэгжлэг хийх замаар олж тогтоох боломжгүй билээ. Хэрвээ анхан шатны шүүх зохих ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдсэн гэж үзвэл үндэслэлээ дурдах, дахин хэлэлцүүлэхээр буцаах байтал шууд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь иргэн миний хохирсон эрх ашгаа хамгаалах, шүүхэд хандах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Т , А  нарын бусдын өмчлөлийн автомашиныг худалдсан, барьцаалсан гэх хууль зөрчсөн үйлдлээс нэхэмжлэгч би л хохирсон бөгөөд хариуцагч нар харин ч ашиг олсон гэж үзэхээр байгаа болно. Хариуцагч Т  автомашиныг хүлээн авсан нь баримтаар тогтоогдсон ч анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хаана байгааг нь хэлээгүй тул задалж зарсан байх магадлалтай, тийм ч учраас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байлгахын тулд автомашиныг хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлэхгүй, эвдэрч хэмхэрсэн бол үнэ болох 26,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, хууль зөрчсөн шийдвэр болсон. Хэрвээ шийдвэрийг магадлалд дурдсан үндэслэлээр хүчингүй болгож байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байгаа бөгөөд анхан болон давж заалдах шүүх хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон мөртөө, буруутай этгээдээс хохирлоо шаард гэж байгаад гайхаж байна. Иймд гомдлыг хүлээн авч хэлэлцүүлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.24-ний өдрийн 210/МА2024/00187 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.03.14-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00333 тогтоолоор нэхэмжлэгч О ы хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч О  нь хариуцагч Т , А  нарт холбогдуулж Mitsubishi Triton маркийн ...  улсын дугаартай автомашиныг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...автомашиныг банкны зээлээр авсан, өмчлөгч нь Төрийн банк, 2019 оны 4 сард А  энэ машиныг түр хэрэглэхээр гуйж аваад одоог хүртэл буцааж өгөөгүй,  ... Т  гэх хүн 2019 оны 8 сард ...машиныг 10,000,000 төгрөгийн барьцаанд авсан гэсэн, 2020 оны 2 сард 14,000,000 төгрөг төлөөд машинаа авбал ав гээд банкны данс өгсөн, авахгүй бол задлаад зарна” гэснээр хариуцагч нар миний машиныг дундаа ашиглаад байгааг мэдсэн” гэж тайлбарласан.

Хариуцагч А  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчийн төрсөн дүүтэй хамтран амьдарч байсан, дүү нь машиныг зарна гэснээр би зар тавьж байсан,  ...Т  худалдаж авахаар 2019.08.01-ний өдөр машиныг авч, миний дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн, харин сарын дараа ... машиныг чинь авахаа больсон, өдрийн 100,000 төгрөг төлөөд машинаа аваарай гэсэн, ...энэ нэхэмжлэлд нэхэмжлэгчийн дүү нь хамааралтай, Т  намайг удаа дараа дарамталсан” гэжээ

Хариуцагч Т  “...А  надаас зээлсэн мөнгөө одоо ч өгөөгүй, ..түүнээс ямар нэгэн хөрөнгө шилжүүлж аваагүй, ...нэхэмжлэгч нь автомашиныг надад байгаа гэж ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр нэхэж байгаа нь утгагүй, ...тэрээр  автомашины өмчлөгч биш тул шаардлага гаргах эрх бүхий этгээд биш ... машин хаана байгаа нь мэдэгдэхгүй учир автомашиныг гаргуулах шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж маргажээ.

7.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч О  нь 2018.07.27-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр автомашины өмчлөгч болсон, ... фидуцийн гэрээний дагуу улсын бүртгэлд Төрийн банк эзэмшигчээр бүртгэгдсэнийг өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг хүлээн авахгүй..,  ...автомашиныг А ас Т өд шилжүүлж, 10,000,000 төгрөгийг авсан нь баримтаар тогтоогдох боловч ямар хэлцлийн үндсэн дээр шилжсэн тухай болон Т ийн эзэмшил хууль ёсны болохыг хариуцагч нар баримтаар нотлоогүй, ...зохигчдын хооронд гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь автомашиныг биет байдлаар буцаан шаардсан нь хуульд нийцсэн” гэж дүгнээд, улмаар “...тухайн автомашиныг буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй тул “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.03.15-ны үнэлгээний тайлангийн хавсралт ... зэргийг үндэслэн автомашины үнийг 26,000,000 төгрөгөөр тогтоож, хариуцагч Т өөс автомашиныг буцааж өгөх боломжгүй бол үнийг нь төлүүлэхээр” шийдвэрлэж, хариуцагч А д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

8.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахдаа  “...өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хөрөнгө нь бусдын хууль бус эзэмшилд байгааг нотлох үүргийг хүлээх бөгөөд хэргийн баримт, зохигчдын тайлбараар автомашин хариуцагч А , Т  нарын эзэмшилд байгаа болох нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэж дүгнээд, улмаар “... автомашин хариуцагч Т ийн эзэмшилд бодитоор байгаа эсэхийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй атлаа түүнээс гаргуулж нэхэмжлэгч О д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй, түүнчлэн бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах шаардлага гаргасан байтал хариуцагч Т өөс 26,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн, ...хэргийн оролцогчдын мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан, ...автомашиныг гаргуулах, эсхүл мөнгөн хөрөнгө гаргуулах... агуулгатай шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдах нь тодорхойгүй үр дагаварт хүргэхээр болжээ” гэж анхан шатны шүүхийг буруутгасан байна.

9.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “магадлалыг хүчингүй болгох” хэсгийг хангаж, харин “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэснийг хангахгүй орхино.

 9.1.Нэхэмжлэлийн зүйл болж буй автомашиныг нэхэмжлэгч О  нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ж гаас 2018.07.27-ны өдөр шилжүүлэн авч, улмаар “Төрийн банк” ХХК-тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулснаар тээврийн хэрэгслийн эзэмшигчээр улсын бүртгэлд уг банк бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлт хийгдэж байсан ба автомашиныг даатгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй.

9.2.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд  нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж буй Mitsubishi Triton маркийн, ...  улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, уг автомашин хариуцагч нарт хэзээ, хэрхэн, ямар үндэслэлээр шилжсэн болон уг тээврийн хэрэгсэл одоо байгаа эсэх тухайд маргасан гэж үзэхээр байна.

9.3.Нэхэмжлэгч О  нь “...хариуцагч А ын гуйлтаар дээрх автомашиныг 2019 оны 4 сард түр хэрэглүүлэхээр өгсөн, ...Т  гэх хүн 2019 оны 8 сард машиныг барьцаанд авсан гэж өөр рүү нь ярьсан, дахин 2020 оны 2 сард залгаж, 14,000,000 төгрөг төлөөд машинаа ав, авахгүй гэвэл задлаад зарлаа гээд банкны ...тоот данс өгсөн” гэж, харин хариуцагч Т  нь “...А  нь надаас мөнгө зээлсэн боловч мөнгөө авч чадаагүй, ... түүнээс ямар нэгэн машин аваагүй, энэ машин өөрт нь байхгүй”  гэсэн агуулгаар татгалзлаа тайлбарласан.

Гэтэл хариуцагч А  нь “...нэхэмжлэгчийн дүүгийнх нь заавраар машиныг худалдахаар Т өд өгсөн, 10,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн байсан, дараа нь машиныг авахаа болилоо гэж ярьсан,  ...би өөр машин барьцаанд тавьж 3,500,000 төгрөгийн зээлийг Т өөс авч байсан” гэжээ.

9.4.Нэхэмжлэгч болон хариуцагч нар маргааны зүйл болж буй автомашины талаар зөрүүтэй тайлбар гаргасан ч хэргийн баримтаар дээрх тайлбарын алиныг нь ч  үндэслэлтэй гэж үзэх боломжгүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй.  Тухайлбал, нэхэмжлэгч 2019 оны 8 сард өөрийнх нь автомашин Т өд байгаа болохыг мэдсэн гэх атлаа 2022.03.04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хандахаас өмнө хариуцагч нараас автомашинаа шаардаж байсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч Т  нь автомашиныг аваагүй, өөрт нь байхгүй гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн “...утсаар харилцан, тодорхой үнийн дүн хэлж, банкны дансаа өгсөн” тухай тайлбарыг няцаагаагүй, харин хариуцагч А ыг өөрт нь зээлийн өртэй гэж тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн дүүгийнх нь заавраар машиныг зарахаар Т өд өгсөн гэсэн, улмаар Т ийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хэрхсэн нь тодорхойгүй, ямар зориулалтаар шилжүүлсэн нь ойлгомжгүй байна.

9.5.Түүнчлэн маргааны зүйл болж буй тээврийн хэрэгсэл бодитой байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нараас автомашин гаргуулах шаардлагаа дэмжиж оролцсон байхад хариуцагчаас автомашины үнийг нь гаргуулахаар шийдвэрлэх нь зохимжгүй, нөгөөтээгүүр энэ талаар зохигчид мэтгэлцээгүй байхад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хийгдсэн үнэлгээний хэмжээг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчимд нийцэхгүй.

10.Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04465 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2024/00187 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА                                                              

                                                                                         Д.ЦОЛМОН

       Х.ЭРДЭНЭСУВД