Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00068

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024         04           09                                         001/ХТ2024/00068

 

 

 

                                               Э.Бийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/01324 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 207/МА2024/00008 дугаар магадлалтай,

Э.Бийн нэхэмжлэлтэй

Б.Бэд холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг /цахим/, хариуцагч Б.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Бээс хариуцагч Б.Бэд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/01324 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бийн хариуцагч Б.Бэд холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11,790,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 273,790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 207/МА2024/00008 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/01324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 273,790 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.25 ны өдрийн 207/МА2024/00008 тоот магадлал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэээр гомдол гаргаж байна.

4.1. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-р зүйлийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаан хаалттай явагдсан бөгөөд шүүхийн шийдвэрт хаалттай эсвэл нээлттэй гэх үгийг бичээгүй нь тухайн заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарах эсэхийг шүүх анхаараагүй байна. Хэргийн бүх оролцогч нар шүүх хуралдаан хаалттай явагдсныг мэдэх бөгөөд үүнд маргаагүй.

4.2. Хариуцагч Б.Бийн тайлбар, мэдүүлгийг яаж үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй, улмаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-р зүйлийн 40.1-т заасныг зөрчсөн гэж үзжээ. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.17-ны өдрийн 142/ШШ2023/01325 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалсан тухай, уг нотлох баримтуудаас Б.Бийн шүүхэд ирүүлсэн тайлбарын Үндэслэх хэсэгт дурдаж, мэдээ тараасан арга хэрэгслээр, тарсан хүрээгээр .... гэж шүүх зааж, нэхэмжлэгч тайлбарыг үгүйсгэсэн баримт ирүүлээгүй байгаа талаар дүгнэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Бийн намайг хүчиндсэн асуудлыг зөвхөн удирлагадаа мэдэгдсэн, тухайн байгууллага нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдлийг шилжүүлсэн талаарх миний тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, нотлоогүй байгааг шүүх дүгнэсэн нь нотлох баримтын хууль зүйн болон бодит байдлыг үнэлж үзээгүй байна гэж үзэх үндэслэлтэй тохирохгүй байна. Хариуцагчийн тайлбар бүхий нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийснийг огт үнэлээгүй мэт үндэслэлгүй дүгнэлт давж заалдах шатны шүүх хийсэн байх ба миний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, цагдаагийн байгууллагад гаргаж байсан мэдүүлгэн баримтуудыг өөр хооронд харьцуулснаар нэхэмжлэлийн шаардлагыг дангаар нотлох баримт гэж үзэхгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 тоот тогтоолын 13-р зүйлд заалтыг давж заалдах шатны шүүх зөрчсөн байна. Учир нь хэргийн талаар оролцогч нарын гаргаж өгсөн баримтад нэхэмжпэлийн шаардлагыг хангах эсэхийг Үндэслэхдээ хэрэгт ач холбогдолтой баримтыг анхаарах бусдад тараасан гэх нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй үндэслэлд шүүхийг буруутган дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

4.3 Намайг хүчиндсэн гэх худал гомдол гаргаснаас нэхэмжлэгч ажилгүй болсон гэж дурдсан ба энэ нь худал мэдээг тараасан гэх үндэслэлд хамааралтай эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Согтуурсан, мансуурсан байхад миний хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсон үйлдлийг хуулийн байгууллагаар тогтоолгож чадаагүйгээс би хохирсон. Гэмт хэрэг гарсан даруйд би холбогдох байгууллагад хандах ёстой байсан бөгөөд Э.Б өргөдөл гаргахгүй байхыг гуйсан, мөн сэтгэл санаа тогтворгүй айдастай, хямарч байснаас өргөдлийг зохих байгууллагад гаргаагүй, харин дахин бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан тул бэлгийн дарамтад оруулахгүй байх үүднээс байгууллагын удирдлагадаа хандан өргөдөл гаргасан.

Энэ үед тухайн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримтуудыг сэргээн шалгах боломжгүй болсон, мөн мэдүүлгээ дутуу өгч байсан зэргээс цагдаагийн байгууллага шалгах үед хэрэг хаагдахад хүрч, хэргийг хаах үед төрөхөөр эмнэлэгт хэвтсэн зэргээс болж хэргийн бодит байдлыг тогтоолгож чадаагүй үлдсэн. Ялангуяа түүнд хүчиндүүлсний дараа тусламж авахаар штабын гадаа очиход намайг согтуу учир битгий оруул гэж хориглосон үүрэг биечлэн өгч, бусдаас тусламж авах боломжгүй хугацаа алдуулсан зэрэг асуудлууд үүсч байсан нь тогтоогдох боловч бэлгийн дарамтад удаа дараа орохгүй байх, түүний хууль бус үйлдлүүдийг дахин гаргуулахгүй байх үүднээс ёс зүйн асуудлаар нь хариуцлага тооцохыг байгууллагын эрх бүхий удирдлагад хандаж шийдвэрлүүлсэн. Харин байгууллага буруутай байна гэж үзэж, ажлаас халах арга хэмжээ авахдаа ямар баримтад үндэслэсэн болох, уг баримтад яагаад маргаан үүсгээгүй зэрэгт би буруугүй. Намайг хүчиндсэн асуудлыг би одоо ч шалгуулах хүсэлтэй боловч, баримтгүй гэх шалтгаанаар сэтгэл санааны хүнд шархтай үлдсэн, нөхөртөө ч хэлж чадаагүй асуудлыг би бусдад түгээж явсан удаа байхгүй бөгөөд миний бие эрхтэн, сэтгэл санаанд хүнд хор хохирол учирсан.

Хуулийн байгууллага хэргийг шийдвэрлэж чадаагүй явдалд би өөрийгөө буруутгадаг ба миний дотуур хувцас, ажлын цамц дээрх үрийн шингэн, өмдний товч тасарсан, дотуур хувцас тайлагнасан зэрэг нотлох баримтуудаа хэрэг шалгах үед хугацаа алдсанаас болж ул мөр нь арилж, тогтоолгож чадаагүй. Түүнчлэн Э.Б нь айлын гаднаас гэрт маань хүргэж өгнө гэж авч яваад, хүргэж өгөлгүй автомашиндаа 1 цаг гаруй байлгаж, хүчиндэж улмаар штабын гадаа шалган нэвтрэх байрны үүдэнд үлдээж, байгууллага руу оруулахгүй байх үүргийг өөрийн биеэр өгч, бусдаас тусламж авах боломжгүй, гудамжинд орхисон асуудлуудыг нотлох баримтуудыг сэргээн шалгах боломжгүй, хэргийн ул мөр арилсан үндэслэлээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй талаар хуулийн байгууллага танилцуулж хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хаасан. Энэ нь тухайн этгээдэд ач холбогдолтой болж, өнөөдрийг хүртэл намайг элдэвлэх байдлаа зогсоохгүй байх үндэслэл болсон.

Нэхэмжлэгч гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ зөвшөөрч утсаар уучлалт гуйдаг, өргөдөл өгөхгүй байхыг бусдаар яриулж нөлөөлөх гэж оролдож байсан атлаа нэр төрд халдсан гэж шүүхэд гомдож байгааг огт ойлгохгүй байна. Намайг хүчиндсэн асуудлыг байнга сануулж зовоож байгаа үйлдлийн улмаас одоог хүртэл сэтгэл санааны хүнд хохиролтой арилгаж чадахгүй байдалд хүрч байна. Үнэхээр гомдож байна. Хүчингийн гэмт хэргийн хохирогч болсноо бусдад хэлэх байтугай хохирогч болсноо бусдад хэлэх байтугай хохирогч болсноо ч нотолж чадаагүй намайг нэхэмжлэгч тохуурхаж байгаа энэхүү үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсч байна.

Иргэн Батцэнд миний бие анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч н.Энхбаяртай орж байсан. Давж заалдах шүүх хурал болох үед өмгөөлөгч н.Энхбаяр Герман улсад байсан учир онлайнаар орно гэж байтал онлайнаар орж ирээгүй. Хурал эхлэхээс өмнө би сэтгэл санаа маш тогтворгүй байсан учир өмгөөлөгчтэй оролцъё гэж саналаа хэлсэн боловч урьдчилж хүсэлт өгөөгүй гээд хурал эхэлсэн. Тухайн хуралд иргэн би эрх зүйн туслалцаа авч чадаагүй болно.

Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.1.25-ны өдрийн 207/МА2024/00008 тоот магадлалын үндэслэлд анхаарч, хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00358 дугаар тогтоолоор хариуцагч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Б.Бэд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “... хариуцагч Б.Б Зэвсэгт хүчний жанжин штабт нэхэмжлэгч Э.Бийн бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн үйлдлийн талаар өргөдөл гаргасныг түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэхгүй. ... Э.Бэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Б.Бийн эрх хэмжээний асуудал биш ...” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.  

9. Хариуцагч Б.Б хяналтын журмаар гомдол гаргасан боловч нэхэмжлэгч Э.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба хүсэлтэд “... Э.Бийн нэхэмжлэлтэй Б.Бэд холбогдох Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.17-ны өдрийн 1325 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.25-ны өдрийн 8 дугаар магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Бээс 2023.04.12-ны өдрийн 517 дугаартай 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж оролцож байгаа ба нэхэмжлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Тодруулбал, Б.Б нь дахин ийм худал мэдээлэл тараахгүй гэдгээ өмнөх шүүх хуралдаанд оролцож байхдаа мэдэгдэж байсан тул ийнхүү татгалзаж байна.” гэжээ.

10. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргасан байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн зүйлд заасны дагуу энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/01324 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 207/МА2024/00008 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Э.Бийн нэхэмжлэлтэй Б.Бэд холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11,790,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024.02.26-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТЧИМЭГ

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                              Н.БАЯРМАА

                                                                                               Д.ЦОЛМОН