Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 959

 

 

Т.Г, Л.Снарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Энхтуул,

шүүгдэгч Т.Г, Л.С,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Тогмид, Я.Баярсайхан,   

хохирогч Ц.Буянхишиг, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал, Г.Зоригтбаатар, 

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа, хохирогч Ц.Буянхишиг, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Г, Л.Снарт холбогдох эрүүгийн 1911017780994 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

,

 

Т.Г, Л.Снар нь бүлэглэн Ц.Буянхишигийг “би “Шилэн зам” компанийн захирал, замын ажлын тендер авсан, мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод нийт 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Г, Л.Снарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Г, Л.Снарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Гийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Сэлэнгийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 30 хоног буюу 30*15=450.000 төгрөгийг хасаж, 9.550.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Сэлэнгийн цагдан хоригдсон 16 хоног буюу 16*15=240.000 төгрөгийг хасаж, 9.760.000 төгрөгөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Л.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Л.Снар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Г, Э.Сэлэнгэ нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Т.Г, Л.Снарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль ёсны төлөөлөгч Ө.Болормаа миний бие нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуульд заасан эрхийг эдэлж чадаагүй юм. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй эрхийг минь зөрчсөн.

2. Хохирогч Ц.Буянхишиг нь хохирол төлбөр бүрэн барагдуулж авсан тухай хуурамч нотлох баримт бүрдүүлэн Л.С, Т.Г нарт өгсөн нь иргэний нэхэмжпэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хохироосон.

3. Эрүүгийн хянан шийдвэрлэх онцгой журмын 41.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанчлаг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн Үүнд:

- Бэлэн мөнгө хүлээлцсэн гэх баримт

- Өмгөөлөлийн гэрээ /Хохирогч Ц.Буянхишиг нь Зоригтбаатар өмгөөлөгчтэй ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, нэг ч удаа уулзаагүй байхад түүний өмнөөс шүүх хуралдаанд хохирогч гомдолгүй гэж хэлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөр оролцоод явж байсан иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчсөн. Л.С, Т.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан 96 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага тавих нэхэмжлэлийг минь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлээгүй нь шүүгдэгч нарыг хуурамч бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдүүлэн, шүүгдэгч нараас зохион байгуулсан хохирогчийг хэзээ ч уулзаж байгаагүй, огт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй өөрсдийн өмгөөлөгч Я.Баярсайхантай хамт нэг өрөөнд ажилладаг Г.3оригтбаатар /Утас:99101764/ гэх өмгөөлөгчийг оролцуулан хохирол гомдолгүй, хохирлыг бүрэн төлсөн мэтээр харагдуулан өмгөөлөгчийн байр суурийг илэрхийлүүлэн анхан шатны шүүхийг хуурсан нь:

Анхан шатны шүүх дээр зохион байгуулалттай, хуурамч нотлох баримт бүрдүүлж оролцсон нь иргэний нэхэмжлэгчийн залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нөхөн төлүүлэх, шаардах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.

Шүүгдэгч нарын зүгээс хууль бусаар зохион байгуулж олж авсан нотлох баримт болон өмгөөлөгч нарын хууль бус үйлдийн хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заагдсан хорих ялыг торгох ялаар нийгэмшүүлэх шийтгэх тогтоол гаргахад хүргэсэн.

  4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг чухам ямар хуулийн заалтад үндэслэн хорих ялыг өөрчилж хөнгөрүүлэн оногдуулсан тухай дурьдагдаагүй байна.

Шүүгдэгч Л.С, Т.Г нарын үйлдсэн бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэрлүүлэх явцдаа дахин хуурамч нотлох баримт, зохион байгуулалттайгаар хохирогчийн өмнөөс хууль бусаар өмгөөлөгч оролцуулж шүүх, иргэний нэхэмжпэгч, хохирогчийг хуурч байгаа гэх мэт үйлдлүүд нь хувийн байдал хэзээ ч засрашгүй, нийгэмд залилан мэхлэгчид гэдэг нь хангалттай өөрсдийгөө харуулж байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв. 

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар хохирогч Ц.Буянхишигийг шүүх хуралд оролцуулаагүй, хохирогч Ц.Буянхишиг нь хэн гэдэг өмгөөлөгч өөрийг нь өмгөөлж байгааг мэдээгүй, өмгөөлөгчөө хараагүй харин яллагдагчийн өмгөөлөгчийн өрөөнд Баярсайхан гэж өмгөөлөгч өмгөөллийн гэрээнд гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэснийг зөрчсөн. Мөн хохирогчийг Т.Г, Л.Сэ нар нь ятган “хэрэв шүүх хуралдаанаар бид 2 хорих ял авчих юм бол чиний мөнгийг өгч чадахгүй тийм болохоор гомдолгүй мөнгөө авсан гээд бичиг хийгээд өгчих гэж итгүүлэн өөрсдийн гараар бичсэн зүйлсийг хуулуулан бичүүлж гарын үсэг зуруулан авсан” хэргийн материалд үдэж дугаарлаагүй бичгийн нотлох баримтуудыг хэн хэзээ өгсөн талаар тэмдэглэлд дурдаагүй. Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзул нь Швед улсад ажиллаж амьдардаг тул өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ө.Болормааг тогтоолгохоор итгэмжлэл хийлгэсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаад анхан шатны шүүхийн товыг мэдэгдээгүй түүнийг эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хохирогч Ц.Буянхишигт яллагдагч нар нь хохирлын мөнгийг өгөөгүй байж өгсөн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь Т.Г, Л.Снарын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 14 минутад хохирогч Ц.Буянхишигтэй хийсэн №0362 дугаартай “Зээлийн гэрээ” болон хохирогч Ц.Буянхишиг, Т.Г, Л.Снарын ярьсан гар утасны бичлэг зэргээр батлагдаж байгаа тул дараах нотлох баримтуудыг шинжлэн судлуулахаар гомдлын хамт Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Б.Ганболорын №0362 дугаартай зээлийн гэрээ 2 хуудас, яллагдагч нарын өмгөөлөгч Я.Баярсайхан болон хохирогч Ц.Буянхишигийн өмгөөлөгч Г.Зоригтбаатар нарын ажпын өрөөнд авсан фото зураг 1 ширхэг, ярианы бичлэгтэй цагаан саарал өнгийн DVD 1 ширхэг зэргийг хавсаргав.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Буянхишиг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Миний бие нь урьд өмнө огт уулзаж, харж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй. Г.Зоригтбаатар /утас 99101764/ гэх өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгчөөр оролцож хохирол төлбөрийн хугацаа зааж өгнө гэсэн баримтыг огт дурдалгүйгээр ямар ч хохирлыг бүрэн төлсөн мэтээр өмгөөлөгчийн байр суурийг илэрхийлүүлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсонд гомдолтой байна. Г.Зоригтбаатар гэх өмгөөлөгч нь шүүгдэгч Л.С, Т.Г нарын өмгөөлөгч Я.Баярсайхантай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, МОНЦАМЭ-ийн байрны 211 тоот өрөөнд хамт ажилладаг өмгөөлөгч болохыг анхан шатны шүүх хуралдаанд болж өнгөрсөний дараа олж мэдсэн. Миний бие Швейд улсад ажиллаж, амьдардаг өөрийн төрсөн охин Д.Мөнхзулын хадгалуулж байсан 106.000.000 төгрөгийг Л.С, Т.Г нарт залилуулсан үүнээс 10.100.000 төгрөгийг авсан Л.С, Т.Г нараас 45.000.000 төгрөг болон 50.800.000 төгрөгийг тус тус огт аваагүй. Л.С, Т.Г нар нь 95.900.000 төгрөгийг бэлнээр авсан гомдолгүй гээд хэлснийг минь бичээд өгчихвөл мөнгийг чинь өгнө гэхээр нь арга буюу мөнгөө олж авахын эрхэнд би бичээд өгчихсөн юм. Гэтэл Л.С, Т.Г нар нь ямар ч мөнгө өгөөгүй дахиад намайг залилсан. Энэ тухай миний бие анхан шатны шүүх хуралдаанд үнэнийг мэдүүлнэ гэж байтал миний өмнөөс ямар ч танихгүй өмгөөлөгчийг Л.С, Т.Г нар нь залилангийнхаа хохирлыг төлнө гэж худлаа хэлж бүрдүүлж авсан баримтаа нуун далдлуулахын тулд оролцуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр миний өөрийн сонгоогүй хууль ёсны эрх ашгийг хамгаалах ч үгүй харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй. Л.С, Т.Г нарын эрх ашгийн төлөө оролцсон өмгөөлөгч болон анхан шатны шүүхэд гомдолтой байна. Дээрх байдлын улмаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гараагүй тул гомдол гаргаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Г, Л.Снар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Ц.Буянхишигтэй хохирлын асуудлаар цаг болзож, уулзах санал тавихад зөвшөөрч өмгөөлөгч Баярсайханы өрөөнд хамт очиж хохирлын талаар зөвшилцөхөд Ц.Буянхишиг нь бидэнд миний хууль ёсны өмгөөлөгч Ө.Болормаа нь өдий болтол надтай хамт мөрдөн байцаагч, прокурор дээр огт уулзахгүй байгаа, ер нь Ө.Болормаа өмгөөлөгч ааш муутай, олон зантай хүн байна лээ надад ер таалагддаггүй юм. Эндээс өмгөөлөгч авч болох уу гэсний үүднээс Зоригтбаатар гэх өмгөөлөгчтэй өөрийн хүсэлтээр уулзаж өмгөөлөгчөөр авсан. Одоо болохоор өөрөө эргэж буцсан үйлдэл гаргаад байна. Гол учир нь Ц.Буянхишиг нь 106.000.000 төгрөгөөс өөрөө хэдийг авч хэрэглэсэн, бидэнд хэдийг өгснөө үнэн зөвөөр хүүхдүүддээ хэлэлгүй өдий хүрээд одоо хүүхдүүд нь мэдэх болохоор бүх үйлдлээ үгүйсгэж, бүхнийг бид хоёрыг хийсэн болгож байна. Бидний тооцоогоор 45.000.000 төгрөг өөрсдөө гэр бүл үр хүүхдүүддээ зарцуулсан тооцоо байгаа нарийн шалгавал түүнээс ч илүү ихийг өөрсдөө зарцуулсан байгаа. Үүнийгээ одоо болтол ор тас хүүхдүүдээсээ нууж байгаад бүх зүйл өөр дээр нь илрэх болсон тул хийсэн бүх үйлдлээ үгүйсгэж бидэн рүү түлхсэн байна. Буянхишиг нь анх мөрдөн байцаалт дээр та хоёр намайг бүү орооцолдуулаарай, би та хоёрыг ямар ч байсан шоронд оруулахгүй шүү гэснээр бид өөрийнх нь авч хэрэглсэнийг өдий болтол хамгаалж ирсэн. Гэтэл одоо болохоор эргэж буцаж байгааг мэргэн шүүгч минь болдог бол Буянхишигийн дансны хуулга нэг бүрийг шалгаж бүх асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Мөрдөн байцаалтын үед энэ талаараа дурдсан ч биднийг үл тоон аймшгийн залилан мэхлэгчид гэж харьцаж, байцаалт авахгүй өдөр бүр цагдаа дээр дуудаж залхаадаг байсан. Гэтэл одоо Ц.Буянхишиг нь өөрийгөө бодож уснаас цэвэр гарахын тулд бид хоёрт хамаг байдгаа чихэж өөрсдийн авч хэрэглэсэн мөнгөө юмын чинээ саналгүй бидэн рүү түлхэж байна. Ц.Буянхишигээс авсан мөнгөө хэн гэдэг хүнд өгч давхар залилуулснаа ч байцаалт дээр хэлсэн. Буянхишиг өөрөө тэр хүнтэй байнга утсаар ярьдаг. Тэр 58.000.000 төгрөгийг төлөх асуудлаар Түмээ гэдэг хүнтэй гэрээ хүртэл хийсэн. Надад 20.000.000, 20.000.000, 40.000.000 төгрөгөөр 3 удаа л мөнгө өгсөн гээд байдаг. Яг нарийн данс шалгавал олон удаа бага багаар өгч, авалцаж байдаг үүнийг ер шалгаагүй. Дансны хуулгыг нэг ч удаа задлаж шалгаагүй. Эцэст нь хэлэхэд хүүхдүүд нь нөхрийнх нь тухай мэдэх болоод ирэхээр бүгдээрээ нийлж эцсийн аргаа хэрэглэж бид хоёрыг шоронд хийх арга хэрэглэж байгаад гомдолтой байна. Уг нь бид хоёр үнэхээр хүн чанар гаргаж бүх мөнгийг нь төлж барагдуулах гэсний үндсэн дээр ямар ч хуурамч бичиг баримт үйлдээгүй Буянхишигийн өөрийнх хүсэлтийн дагуу ямар нэгэн шахалт дарамж үзүүлсэнгүй гурвуулаа хүн чанарын хувьд насанд хүрсэн хүмүүсийн өөрөө өөрсдөө хариуцлага хүлээх үүднээс бүх бичиг баримтыг ном журмын дагуу үнэн зөв үйлдсэн юм. Уг нь Буянхишигийг шүүх хуралд суулдаа чиний хэлэх үг бидэнд их хамаатай шүүдээ гэхэд:

  • Би завгүй охины дэлгүүр дээр өдөр болгон суудаг,
  • Надаас элдэв юм асууна би будилна,
  • Миний өмнөөс Зоригтбаатар өмгөөлөгч орж байгаа учир миний хэрэг байхгүй,
  • Та хоёрт дараа болохын нэмэр хэрэв мөрдөн байцаалтад буцвал би баларна болж өгвөл буцаалгахгүй байх хэрэгтэй байна,
  • Хэрэв буцвал тэр Отгонбаяр байцаагч яаж ч мэднэ. Би айж байна. Дансыг нь шалгавал балрана. Хүүхдүүдэд эвгүй байдалд орно гэсний үүднээс бид шүүх хурал дээр элдэв юм ярьсангүй.
  • 106.000.000 төгрөг төлөөд дээр нь 20.000.000 төгрөгөөр торгуулаад ийм их эрсдэл үүрээд явж байхад зөвхөн өөрийн нэр төр, өөрийн эрх ашиг, өөрийн хийсэн үйлдлээ үр хүүхдүүддээ мэдэгдүүлэхгүйн тулд өөртэй нь адилхан 60 гарчихсан хоёр хөгшнийг хазайсан дээр нь улам түлхэж шорон руу явуулах гэж буйд гомдолтой байгаа тул хэргийг эхнээс нь шалгуулах эс бөгөөс дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн Г.Зоригтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8, 34.11 дүгээр зүйлүүдэд бичгээр хүсэлт гаргах тухай заасан. Хохирогч хэргийн материалтай танилцсан байдаг бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд байцаагч хохирогчийн өмгөөлөгчид танилцуулах талаар хэлж байсан. Өмгөөлөгч Баасандорж өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Улмаар хүсэлтийг тус дүүргийн гуравдугаар хэлтэст өгүүлсэн байдаг. Энэ асуудал нь одоо шалгагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Болормаагийн давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэхэд хуульд иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тохиолдолд хангана гэж заасан байхад үүнийг хангаагүй. Би энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн оролцсон. Болормаа гэх хүний нэр мөрдөн байцаалтын шатанд гарч байснаа алга болсон учир тухайн үед ажлаа яаж хийсэн эсэх нь тодорхой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хохирогч Ц.Буянхишиг, Т.Г, Түмээ гэх залуу нарын хооронд хийгдсэн хэлцэл, яриа, нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтүүдэд үндэслэж гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна...” гэв.     

 

Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Буянхишиг анх бид хоёрт 68.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 45.000.000 төгрөгийг өөрөө авч хэрэглээд үүнийг үр хүүхдүүддээ мэдэгдэхгүйн тулд “миний хоёр хөгшин намайг битгий хэлээрэй, хэлвэл баларсан юм болно” гэж хэлсэн. Улмаар бид хоёр цагдаа, шүүхийн аль ч үед уг асуудлыг хэлэлгүй, нам дарсан. 45.000.000 төгрөгийг өөрөө авч үрсэн болохоор үлдсэн 50.800.000 төгрөгийг өгчих гэсэн. Үүнээс 5.000.000 төгрөгийг өгч, 45.800.000 төгрөг төлөөгүй байгаа. Уг мөнгийг яаж төлөхийг асуухад  Түмээ гэх хүн “би мөнгийг өгнө” гэсэн нотариатын баталгаа гаргаж өгсөн. Түмээ та хоёр хоорондоо гэрээ байгуулж явж болдоггүй юм уу гэхэд анхнаасаа дөрвүүлээ байсан учир дөрвүүлээ хийе гэж хэлээд гэрээ үйлдсэн. Бид 2 Түмээ гэх хүнээс мөнгийг нь авч өгөх гэж удаа дараа оролдсон...” гэв.

                                          

Шүүгдэгч Л.Стус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Буянхишиг авсан 45.000.000 төгрөгөө анхнаасаа хүүхдүүддээ хэлээгүй. Би энэ талаар өмгөөлөгч нарт нь хэлсэн боловч ойшоож үзээгүй, түүний хувьдаа хэрэглэсэн мөнгөний жагсаалтыг гаргасан бөгөөд үүнийг Ц.Буянхишиг хүлээн зөвшөөрдөг. Энэ талаарх бичлэг хүртэл байдаг. 50.800.000 төгрөгийг Түмээ гэх хүн авсан. “Би энэ хоёрт өртэй учир энэ мөнгийг би танд төлнө, танаас би авсан юм” гэж Түмээ хэлж нотариатаар орж гэрээ байгуулсан. Түмээ Ц.Буянхишигийн дансыг мэдэхгүй байна гэхээр нь би данс руугаа аваад Ц.Буянхишигийн данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түмээ “би төлнө, наад хоёр хүн чинь хамаагүй, энэ хоёроос битгий мөнгө нэхээд бай, өвчин гарсан байгаа учир миний ажил хойшлогдоод мөнгөний асуудал тулгараад байна” гээд байхад бид хоёрыг буруутгадаг...” гэв.

 

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно.” гэж заасан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хуралдааны аль ч үед иргэний нэхэмжлэгчээс биечлэн оролцох тухай хүсэлтийг ирүүлээгүй байсан тул заавал шүүх хуралдаанд оролцуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Хохирогч Ц.Буянхишиг нь хохирол бүрэн барагдуулж авсан тухай хуурамч нотлох баримт бүрдүүлж Л.С, Т.Г нарт өгсөн нь иргэний нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, уг үйлдлээс болж эрх, хууль ёсны шиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Болормаа нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллээ цагдаагийн байгууллагад хандан гаргаж шалгуулах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой журмын 41.1 дүгээр зүйл заасан хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж гомдолд дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хуурамч нотлох баримтыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан бол  урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болохоор заасан. Шүүх хохирол төлсөн болон хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хуурамчаар үйлдсэн гэх баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл журмын дагуу авагдсан хэргийн материалд үндэслэж дүгнэлт өгч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт торгох ялыг ямар хуулийн заалтад үндэслэж хорих ялыг өөрчилж хөнгөрүүлэн оногдуулсан нь дурдагдаагүй гэж гомдолдоо бичсэн байна. Шүүгдэгч нарын холбогдсон залилах гэмт хэргийн санкци нь хорих болон торгох ялын санкцитай гэмт хэрэг бөгөөд шүүхээс үүнийг ямар нэр байдлаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулсан зүйл байхгүй. Шийтгэх тогтоолоор Т.Г, Л.Снарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзсэн. Энэ талаараа шийтгэх тогтоолд тодорхой ойлгомжтой байдлаар дурдаж өгсөн. Хохирогчийн өмгөөлөгч Баасанжаргалын зүгээс хохирогчид хэргийн материал танилцуулаагүй, удаа дараа шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргасан байна. Гэвч хавтас хэргийг хохирогчид танилцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг оролцогч нарт танилцуулах нөхцөл боломжоор хангах ажиллагаа хангалттай хийгдсэн. Шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр оролцохгүй, гомдол саналгүй, хохирол төлбөр төлөгдсөн, өмгөөлөгчөө оролцуулна гэдэг байр суурийг илэрхийлсэн байсан. Хохирогчийн зүгээс гарын үсэг зурчихвал эндээс гараад мөнгө өгнө гэдэг байдлаар ярьсан гэж байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дээрх гэрээг нотариатаар орж баталгаажуулан үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан. Дээрх шүүх хуралдаанд оролцож тухайн үед болж байгаа нөхцөл байдлыг илэрхийлж оролцох боломж бүрэн байсан. Иймд анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г, Л.Снарыг бүлэглэн Ц.Буянхишигийг “би “Шилэн зам” компанийн захирал, замын ажлын тендер авсан, мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод нийт 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэрэгт хохирогч Ц.Буянхишигийн бичсэн “45,000,000 төгрөг, 50,800,000 төгрөгийг хүлээн авсан” /2хх 111,113/ гэх баримтууд авагдсан бөгөөд үүнийг үндэслэн анхан шатны шүүх “...шүүгдэгч Т.Г, Э.Сэлэнгэ нар нь бусдад төлөх төлбөргүй...” гэж шийдвэрлэсэн байна.

 

            Уг Т.Г, Э.Сэлэнгэ нарын бусдад төлбөргүй гэж шийдвэрлэсэн шийдвэрт хохирогч Ц.Буянхишиг нь “...106.000.000 төгрөгийг Л.С, Т.Г нарт залилуулсан үүнээс 10.100.000 төгрөгийг авсан Л.С, Т.Г нараас 45.000.000 төгрөг болон 50.800.000 төгрөгийг тус тус огт аваагүй. Л.С, Т.Г нар нь 95.900.000 төгрөгийг бэлнээр авсан, гомдолгүй гээд хэлснийг минь бичээд өгчихвөл мөнгийг чинь өгнө гэхээр нь арга буюу мөнгөө олж авахын эрхэнд би бичээд өгчихсөн юм. Гэтэл Л.С, Т.Г нар нь ямар ч мөнгө өгөөгүй дахиад намайг залилсан. ...” гэж, иргэний нэхэмжлэгч Ө.Болормаа нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуульд заасан эрхийг эдэлж чадаагүй юм.

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй эрхийг минь зөрчсөн.

2. Хохирогч Ц.Буянхишиг нь хохирол төлбөр бүрэн барагдуулж авсан тухай хуурамч нотлох баримт бүрдүүлэн Л.С, Т.Г нарт өгсөн нь иргэний нэхэмжпэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хохироосон.

3. Эрүүгийн хянан шийдвэрлэх онцгой журмын 41.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанчлаг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн Үүнд:

- Бэлэн мөнгө хүлээлцсэн гэх баримт, өмгөөлөлийн гэрээ /Хохирогч Ц.Буянхишиг нь Зоригтбаатар өмгөөлөгчтэй ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, нэг ч удаа уулзаагүй байхад түүний өмнөөс шүүх хуралдаанд хохирогч гомдолгүй гэж хэлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөр оролцоод явж байсан иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчсөн. Л.С, Т.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан 96 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага тавих нэхэмжлэлийг минь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлээгүй...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг нь “...хүний хууль ёсны эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог...” бөгөөд уг зорилтод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүр /мөрдөн шалгах, прокруорын хяналт, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх.../ -т тус хуулийг хэлбэрэлтгүй сахих ёстой.

 

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага тавьж, хэрэгт иргэний  нэхэмжлэгчээр тогтоогдсон /1 хх 56/ Д.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаагийн /1 хх 64,65/ -ын тус хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан “...мөрдөн байцаалт дууссан бол хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах...” эрхийг мөрдөн шалгах ажиллагаанд эдлүүлээгүй байна.

 

Мөн  прокурор яллах дүгнэлтдээ иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын мэдүүлгийг яллах нотлох баримт болгосон /1хх 76/ атлаа яллах дүгнэлтийн хамвсралтдаа иргэний нэхэмжлэгчийн асуудлыг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “....хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл...”-ийг буруу бичсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөрдөн шалгах ажиллагааг дуусгахдаа хийсэн дээрхи зөрчлөөс шалтгаантайгаар иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагын асуудал үнэн зөв шийдвэрлэгдэх боломж алдагдсан төдийгүй энэ нь цаашлан хохирогч Ц.Буянхишигээр хохирол төлөгдсөн гэсэн баримтуудыг шүүгдэгч нар бичүүлж, тус баримтуудыг шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэх нөхцөл байдлыг үүсгэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааг дуусгах, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийг оролцуулсан бол давж заалдах гомдлын үндэслэл болсон “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэрлүүлэх явцдаа дахин хуурамч нотлох баримт, зохион байгуулалттайгаар бүрдүүлж, хохирогчийн өмнөөс хууль бусаар өмгөөлөгч оролцуулж шүүх, иргэний нэхэмжпэгч, хохирогчийг хуурч байгаа...” талаар хохирогч, иргэний нэхжмлэгчийн давж заалдах гомдлууд гарахгүй байжээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш ...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ. ...” гэсэн зааснаар шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаад мэдэгдэх ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй байна.

 

Хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирлын талаар хохирогчоос гадна, иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, иргэний нэхэмжлэгчийн эрх хангагдсан эсэх нь эргэлзээтэй байсан байх тул шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгчид заавал мэдэгдэх байсан байх ба шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тохиолдолд иргэний нэхжмлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхээ эдлэх эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно.” гэж зааснаар зохицуулагдана.  

 

Энэхүү иргэний нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнөөс шалтгаантайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах: “...1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;...” зэрэг байдлуудыг дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, эргэлзээгүй нэг мөр тогтоох шаардлага үүссэн байна.   

Иймд иргэний нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарахад нөлөөлжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шаардлагатай нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дамжуулан 1911017780994 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г, Л.Снарт холбогдох эрүүгийн 1911017780994 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.  

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Г, Л.Снарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                            ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

                ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ