| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0333/Э |
| Дугаар | 980 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 980
105/2020/0333/Э
2020 8 6 2020/ДШМ/980
О.Г-, О.О- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Д.Д-, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,
шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1062 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор О.Г-, О.О- нарт холбогдох эрүүгийн 1906051002746 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г-,
2. О-,
О.О-, О.Г- нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвд иргэн Д.Д-ийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.О-, О.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ширээт овогт Онгойборын Г-, Ширээт овогт Онгойборын О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн, О.Г-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-, О.О- нараас тус тус 53.900 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Д- /РД:НТ98060401/-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...О.Г-, О.О- нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвд иргэн Д.Д-ийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Д-, гэрч А.Өнөрхүү нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10204 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, О.Г- нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүх хохирогч Д.Д- болон тухайн үйл явдал болсон цаг хугацаанд байгаагүй гэрч А.Өнөрхүүгийн мэдүүлгийг үндэслэж О.Г-ийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж буруутгасан нь учир дутагдалтай дүгнэлт болсон. А.Өнөрхүүг үйл явдал болох цаг хугацаанд тэнд байсан эсэхийг хэн ч нотолж хэлээгүй, А.Өнөрхүүг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш 2 сар орчмын дараа гэрчээр асуусан зэргээс дүгнэхэд уг хэргийн талаар үнэн зөвөөр гэрчилж байгаа эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа болно. Нөгөө талаар, уг хэрэгт О.О-, О.Г-, Т.Төмөрбаатар, Ж.Наранбаатар, Э.Саранчимэг нар гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгүүдэд О.Г- нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй болох нь нотлогдож тогтоогддог атал шүүх хэт нэг талыг барьж дээрх гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт огт өгөөгүй. Уг гэрчүүд тухайн үйл явдал болсон цаг хугацаанд тухайн газарт А.Өнөрхүүг байсан талаар хэн ч гэрчилж мэдүүлээгүй байдаг. Мөн дуудлагаар очсон цагдаа Т.Төмөрбаатар нь маргаанд оролцсон гэх Д.Д-, Б.Маралмаа, О.О- нарыг авч явж зохих арга хэмжээг авсан байдаг бөгөөд хэрэв харилцан зодоонд О.Г- оролцсон бол мөн адил авч явж зохих арга хэмжээг авах байсан. Гэтэл авч яваагүй нь О.Г- харилцан зодоонд оролцоогүй болохыг нотолдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу О.Г- нь гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдож тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа байдлыг харгалзан О.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Д.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, О.Ганимэг, О.О- нар хоёулаа лангууны араар орж ирээд О.Г- намайг үсдэж дараад лангуу мөргүүлсэн. Үүнийг харсан худалдагч, худалдан авагч нар олон байгаа. ...” гэв.
Хохирогч Д.Д-ий өмгөөлөгч У.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдолд дурдсан асуудал хууль зүйн үндэслэлгүй. Гэрч Маралмаа, Өнөрхүү, Саранчимэг, Наранбаатар нарын мэдүүлгээр шүүгдэгч нар нь Д- дээр очиж хэрүүл маргаан хийсэн болох нь хангалттай тогтоогддог. Гэрч Маралмаа тухайн үйл явдал болоход хажууд нь байсан бөгөөд салгах гэж оролдсон гэдэг. Гэрч Өнөрхүү нь хохирогчийг танихгүй, ажилд ороод 2 дахь өдрөө болж байхдаа тухайн үйл явдлыг хажуугаар нь өнгөрч явахдаа харсан байдаг. Гэрч Саранчимэг тухайн үед үсний тос, шампунийн хүзүү нь хугарсан байдалтай, хэрүүл маргаан хийж байхыг харсан байдаг. Гэрч Наранбаатар нь эхнэр нь, эгч дүүс хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь очиж болиулсан гэж мэдүүлдэг. Мөн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв
Шүүгдэгч О.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг явдлаас үүдэж Д-, Маралмаа нар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Анхны мэдүүлэгтээ Өнөрхүү гэх хүнийг огт дурдаагүй бөгөөд байгаагүй байхад түүний мэдүүлэгт үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед маргаан болсныг хүлээн зөвшөөрч байна. Гэвч уг үйл явдалд О.Г- гэх хүн оролцоогүй байхад бид хоёрыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь Д-, Маралмаа болон тэдгээрийн босс гэх Даштунгалаг нарт маш ашигтай юм. ...” гэв.
Шүүгдэгч О.О-гийн өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. О-, Г-, Төмөрбаатар, Наранбаатар, Саранчимэг нарын мэдүүлгийг яаж няцаасан талаараа шүүх дүгнээгүй. Үүнээс гадна Төмөрбаатар гэх эрх бүхий албан тушаалтан тухайн үйл явдал болох үед нууцаар тэднийг хэлтэс рүүгээ дагуулж явсан байдаг. Хавтас хэргийн 133 дахь талд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж байгаа бөгөөд уг захирамжийн биелэлт хангагдаагүй гэж харагдахаар байна. Энэ хэрэгт хохирогч болох Д-ий үйлдэл оролцоог шалгаагүй, О.О-д үүссэн хөнгөн зэргийн гэмтлийг Д- үүсгэсэн эсэхийг тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.О-, О.Г- нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг-Ундраа” худалдааны төвд иргэн Д.Д-тэй “шоолж инээлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Д-ий “...найзтайгаа юм яриад инээлдээд байж байхад эсрэг талын лангууны эгч О.Одончимэг “та хоёр юундаа инээлдээд байгаа юм, энд инээж болохгүй, инээх үгүйг чинь би заана, энэ хэсэг миний эзэмшлийнх” гэхээр нь манай найз Маралмаа “инээж болдоггүй юм уу, эгч ээ” гэсэн чинь тэр эгч муудалцах гээд байхаар нь “битгий ярь, наад хоёр чинь угаасаа ингэдэг юм” гэсэн чинь “битгий давраад байгаарай, дуугүй байгаарай та хоёр” гэхээр нь “би таныг ээж шигээ настай ахмад хүн гэж бодоод хүндлээд дуугардаггүй, тэгэхэд та дандаа ингэж давардаг” гэхэд “чи намайг настай гээд доромжлоод байгаа юм уу” гээд шүүр аваад урд хэсгээр нь толгой руу цохиод лангуу руу орж ирээд тэр шүүрээрээ дахиад цохихоор нь найз Маралмаа шүүрийг нь булааж авсан чинь цаанаас нь эгч нь гэх О.Г- гэж хүн орж ирээд намайг үсдээд лангуу мөргүүлж, гар, хөл маажсан. Тэгж байхад О.О- эгч намайг давхар цохиж байсан. Тэгээд О.О-гийн нөхөр орж ирээд тэр хоёрыг болиулж авч явсан. ….” /хх 8-9/,
гэрч Б.Маралмаагийн “...найз Д-тэй юм яриад инээж байхад эсрэг талын лангууны эмэгтэй бид хоёрыг “инээж болохгүй, би хаана инээхийг чинь заана, энэ миний эзэмшлийн газар, та хоёр зайл” гэх мэтээр хэл амаар доромжилоод байхаар нь би “та бид хоёрыг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм” гэхэд гартаа барьж байсан шүүрээр Д.Д-ий толгойн зүүн хэсэг рүү нь олон удаа цохиж эхэлсэн. Намайг шүүрийг нь булааж авах үед хажуу талын лангуунаас дахин нэг эгч ирж Д.Д-ийг үсдэж доош дарж, хоёулаа нийлж зодсон. Би салгах гэсэн боловч чадахгүй байсан. Гаднаас нэг ах орж ирээд тухайн хоёр эмэгтэйг салгасан ба О- гэх хүний нэг гарыг нь хүчтэй савж лангуун дээрх барааг цохиж гарыг нь гэмтээх шиг болсон. ... ” /хх 14/,
гэрч Т.Төмөрбаатарын “... “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 200 дугаар лангуун дээр хажуу талын эгч намайг шүүрээр зодоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход 18-22 насны хоёр эмэгтэй, эсрэг талын лангуун дээр мөн нэг эмэгтэй байсан. Би юу болсон талаар асуухад олон нийтийн газар хоорондоо маргалдаад байсан болохоор цагдаагийн хэсэг рүү авч ирсэн. Д.Д- гэх нүдний шилтэй охин “энэ эгч намайг гадуур хонож явдаг, аавгүй юм чинь зодсон ч яадаг юм гэсэн” гэж хэлсэн. Д.Д-ий хажууд байсан найз охин гэх Маралмаа нь “энэ эгч бид хоёрыг лангуун дотроо яриад сууж байхад ирж хэрүүл хийж, Д.Д-ийг зодсон” гэж хэлсэн. Харин О.О- гэх эмэгтэй “энэ Д.Д- гэх охин өдөр болгон өөр охин дагуулж ирээд хэл амаар доромжлоод байна, мөн хажуу талын найз нь тос авч шидсэн” гэж хэлж байсан. ...” /хх 20/,
гэрч Ж.Наранбаатарын “...манай эхнэрийн төрсөн эгч О.Г- тухайн үед манай лангуун дээр худалдагч хийдэг байсан. Тэгэхэд Д.Д- гэх охин бид нарыг хэл яриа дагаж дуурайгаад шоолоод, инээлдээд байсан. Манай эхнэр тэр хоёр охинд хандан “яагаад хүний хэлсэн үг дагаж хэлээд байгаа юм” гээд харилцан хэрэлдэж байгаад салсан. ...” /хх 21/,
гэрч Э.Саранчимэгийн “...О.О- 200 дугаартай лангуун дээр худалдагч хийж байсан хоёр охинтой орилолдоод хэрүүл хийж байсан. Тэгэхэд газар нэг тэжээлийн тос, шампунь хоёр унасан, шампунийн хүзүү нь хугарсан харагдаж байсан. Тухайн хоёр зүйлийг О.О- руу хүн авч шидсэн үгүйг би мэдэхгүй байна. Хажуу талын лангуунд сууж байсан О.Г- эгч “лангууны хаалга онгойлгоод өг” гэхээр нь би онгойлгох үед гар утсаараа бичлэг хийгээд байсан, тэгээд би яваад өгсөн. ...” /хх 22/,
гэрч А.Өнөрхүүгийн “...тухайн өдөр хажуу талын лангуун дээр эмэгтэй хүмүүс орилолдох чимээ гарахаар нь 200 дугаар лангууны чигт очиход О.Г- лангуун дотор ороод Д-ийг үснээс нь зулгаагаад хойшоо дарсан, хажууд нь О.О- мөн лангуун дотор хогийн шүүр барьсан зогсч байсан ба энэ үед О.О-гийн нөхөр нь О.О-, О.Г- нарыг лангуунаас татаж гаргасан. О.Гантуяа хажуу талын лангуу руугаа ороод гар утсаараа Д.Д- болон түүний найз охиныг “янхнууд, биеэ үнэлж амьдардаг, зарц барлагууд” гэх мэтээр хэл амаар доромжлоод бичлэг хийж байсан. Тухайн үед О.О-г лангуунаас нөхөр нь гаргах үед лангуун дээр өрөөтэй байсан савтай тэжээлийн тоснууд О.О-гийн гар дээр нь унаж, нэг тос нь газар хагарсан байсан. ...” /хх 23/ гэх мэдүүлгүүд,
“...Д.Д-ий биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10204 дугаартай дүгнэлт /хх 25/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн О.Г-, О.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Г-, О.О- нарын хохирогч Д.Д-ийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн, О.Г-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Ц.Батзаяа “...О.Г- нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуульд “гэмт хэрэгт хамтран оролцох” гэж хоёр ба түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөД-өө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, хүч чармайлтаар нэгдсэн нэгдмэл санаа зорилго тавьсан эсэхийг чухалчилдаг.
Энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.О- нь хохирогч Д.Д-ийг “шоолж инээлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар маргаан нь даамжирч шүүгдэгч О.О- нь хохирогчийн лангууны араар орж хогийн шүүрээр цохиж, зууралдсан байдалтай байхад шүүгдэгч О.Г- нь хохирогч руу дайрч лангуу мөргүүлэн хохирогчийн бие, эрүүл мэндэд хохирол учруулах биеийн хүчний давуу байдал, нөхцөл боломжийг бүрдүүлсэн энэ үйлдлийг гэмт хэрэг хийхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, шүүгдэгч О.О-, О.Г- нар нь хохирогч Д.Д-ий эрх чөлөөнд халдаж, түүнийг зодох үйлдлийг нэг цаг хугацаанд, нэг орон зайд, нэг эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн, О.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.
Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.
Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэхдээ шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Г-, О.О- нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.
Иймд шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1062 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 500.000 төгрөгийн, шүүгдэгч О.Г-т оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай. …” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН