Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00113

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03810 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/00433 дугаар магадлалтай,

Г.Б-ын нэхэмжлэлтэй

Б.Э-т холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 666,068,287 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: 39,284,174 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 666,068,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 39,284,174 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03810 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Э-ээс 580,306,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,762,287 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,458,291 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 354,317 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 3,059,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/00433 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Б.Э-ээс 551,826,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож, үлдэх 114,242,024 төгрөгт холбогдох шаардлага болон Г.Б-т холбогдуулан гаргасан 39,284,174 төгрөгийг буцаан гаргуулах тухай Б.Э-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...3,059,480 төгрөг... гэснийг ...2,917,081 төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 3,060,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.4-д “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Магадлалд “хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Б.Э нь “М” ХХК-аас захиалсан “Мерседес бенз Жи-500” маркийн автомашиныг үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор нэхэмжлэгч Г.Б-т хүсэл зоригоо илэрхийлж, улмаар дээрх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулдагсан гэж үзэв. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. “М” ХХК-д 434,634,780 төгрөгийг шилжүүлсэн нь Б.Эт зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгсөн гэж үзнэ” гэх агуулгаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.1.Хариуцагч талаас талуудын хооронд бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг “Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжигдээгүй, “М” ХХК-д 434,634,780 төгрөгийг шилжүүлсэн нь Б.Эт зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгсөн” гэж үзэхгүй талаар маргасан ба тус үндэслэлээр гомдлоо гаргаж байна.

Учир нь Б.Э нь тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр “М” ХХК-аас машин авах зорилгоор Г.Баас мөнгө зээлэх хүсэл сонирхолтой байсан боловч Г.Б нь тус хөнгөлөлттэй нөхцөлийг өөртөө ашигтайгаар ашиглаж, Б.Э-ийн өөртөө авах гэж байсан машиныг өөрийн нэр дээрээ худалдах-худалдан авах гэрээ хийж, Б.Эрүү шилжүүлэх байсан зээлийн гэрээний зүйлээ түүний өмчлөл рүү шилжүүлэлгүйгээр “М” ХХК-ийн данс руу Г.Б буюу өөрийнхөө нэрийн өмнөөс шилжүүлэн, өөртөө шинээр хөдлөх эд хөрөнгө бий болгосон. Тиймдээ ч тус автомашины өмчлөх эрхийн гэрчилгээ анхнаасаа Г.Б-ын нэр гарсан байдаг. Зээлийн гэрээний хамгийн гол үндсэн үүрэг, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндсэн тайлбар болсон “Б.Э буюу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх” гэдэг үндсэн үүрэг биелэгдээгүй, Г.Б нь өөртөө шинээр хөрөнгө бий болгосон мөнгийг Б.Э-ээс алданги, хүүгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бодитоор, үндэслэл бүхий дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Одоогийн байдлаар Б.Э машингүй, тухайн машин нь төрийн захиргааны байгууллагын хөндлөнгийн бүртгэл дээр Г.Б-ын өмчлөлийн хөрөнгө байсаар байхад Г.Б-т давхар өмчлөлдөө шилжүүлэн аваагүй мөнгийн хүү, алдангийн хамт 580,306,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлөхөөр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр автомашины төлбөрийг шийдвэр гүйцэтгэл дээр төлж байх хугацаанд Г.Б нь машиныг бусдад худалдан борлуулах, барьцаанд тавьж иргэн намайг бүрэн хохироох боломжтой ба энэ талаар мөн үндэслэл бүхий мэдээлэл сонссон болно. “М” ХХК-ийн дансанд Г.Б нь бусдын нэрийн өмнөөс төлбөр төлөх үүрэг гүйцэтгэсэн нь Б.Э рүү зээлийн мөнгийг шилжүүлсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь илт үндэслэл муутай болохыг шүүх тусгайлан анхаарч үзнэ үү.

Учир нь Г.Б нь “М” ХХК-руу Б.Э-ийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгээгүй, шууд өөрийн нэрийн өмнөөс бусадтай худалдах-худапдан авах гэрээ хийсэн ба ХХАГ-ний үр дагавар болгож, Автотээврийн үндэсний төвөөс түүний нэр дээр машины өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас шууд харж болно. Бодит үйл явдал болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дээр дурдсан нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүхээс Б.Э-ийн өмчлөлд зээлийн гэрээний мөнгө шилжигдсэн гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Б руу бодитойгоор шилжүүлсэн мөнгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

4.2.Мөн анхан шатны шүүхээс ** ** УЕА улсын дугаартай автомашиныг Б.Э нь эзэмшиж, ашиглаж байгаа, талуудын хооронд зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан гэж хийсвэр, тогтоогдоогүй дүгнэлтийг хийсэн. Учир нь машины талаарх маргаан шийдвэрлэгдэж дуусах хүртэл талууд машиныг автозогсоолд байршуулсан байгаа гэж  хариуцагч талаас тайлбарладаг ба нэхэмжлэгч нь өөрөө Б.Э эзэмшиж байгаа гэдгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг боловч үүнийгээ нотолж чадаагүй, талууд уг асуудал дээр эсрэг байр суурьтай байхад анхан шатны шүүхээс нотлох баримтгүйгээр шууд хариуцагчид машин байгаа гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрээ үндэслэсэн байдаг. Учир нь тус машиныг Г.Б нь 2023 оны зун унаж яваад осол хийж, “М” ХХК-ийн дээр засвар хийлгэсэн ба энэ нөхцөл байдлаас болж, машины асуудлыг шийдвэрлэх хүртэл “Гэгээнтэн” хорооллын авто зогсоолд байршуулсан байдаг. Мөн зээлийн гэрээг хүсэл зоригоо илэрхийлж, бодитойгоор байгуулах хүсэл зориг байгаагүй байсан болох нь Г.Б өөрийн өмчлөлийн хөрөнгөө өөрөө өөртөө барьцаалж барьцааны гэрээ хийсэн зэргээс тодорхой харагдана.

Иймд бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, Б.Э-ийн өмчлөлд зээлийн гэрээний мөнгө шилжигдээгүй, “М” ХХК-ийн дансанд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмнөөс төлбөр хийлгүй, өөрийн нэрийн өмнөөс төлбөр хийж, бусадтай шууд дахин гэрээний харилцаанд орж, өөртөө хөрөнгө үүсгэсэн байх тул өмчлөлдөө шилжүүлэн аваагүй мөнгөний төлбөрийг Б.Э хүү, алдангийн хамт төлөх үндэслэл байхгүй тул 551,826,263 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заапдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

5.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.09-ний өдрийн 001/ШХТ2024/00539 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Э-т холбогдуулан  666,068,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...Б.Э нь 2022.04.05-ны өдөр надад хандаж автомашин захиалсан боловч санхүүгийн хувьд боломжгүй болчихлоо 500,000,000 төгрөг зээлээч гэсэн. Бид тохиролцож уг мөнгийг сарын 2.3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр болсон. Би машины төлбөрт 434,634,780 төгрөгийг “М” ХХК-ийн дансанд, үлдэх 65,365,000 төгрөгийг Б.Э-ийн дансанд шилжүүлсэн. Автомашиныг барьцаалж өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Э нь автомашиныг авч унаж байгаа. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй элдэв шалтгаан тоочиж хойшлуулсаар 2022.05.20-ны өдрөөс  2022.12.28-ны өдөр хүртэл нийт 73,500,000 төгрөгийг төлж үлдэх төлбөр төлөөгүй. Иймд үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 78,793,151 төгрөг, алданги 87,275,136 төгрөг, нийт 666,068,287 төгрөгийг гаргуулна уу” гэжээ.

8.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Г.Б нь 500,000,000 төгрөг зээлдүүлсэн мэтээр гэрээ байгуулж, тухайн зээлийн төлбөрөөр худалдан авах гэж байсан автомашиныг миний нэр дээр гэрчилгээг гаргуулахгүйгээр шууд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, өмчлөгч болсон. Өөрөө худалдан авсан автомашиныхаа төлбөрийг надаас шаардаж байна. Би бодитоор 500,000,000 төгрөгийг аваагүй, ашиглаагүй. Дансны хуулгаар 65,365,000 төгрөгийг шилжүүлэн авсан, өөр мөнгө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн.

9.Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 39,284,174 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...Автомашин худалдан авах захиалгын хуудаст заасны дагуу урьдчилгаанд 12,900 евро, засвар үйлчилгээ, нэмэлт тоноглолд 2,172,274 төгрөг, “Б” ХК-д 6,000,000 төгрөгийг 2022.03.04-ний өдөр Г.Б-ын эзэмшлийн автомашины даатгалын баталгаанд даатгуулагчийг төлөөлж тушаасан. Даатгалтай нийлээд 49,696,874 төгрөгийг “М” ХХК болон “Б” ХК-д миний бие тушаасан болно. Дээрх төлбөр дээр нэмж 2022.04.06-ны өдрөөс 2022.12.30-ны өдрийн хооронд нийт 52,952,300 төгрөгийг Г.Б-т шилжүүлсэн. Нийт түүнд 104,649,174 төгрөгийг шилжүүлснээс түүний өгсөн 65,365,000 төгрөгийг хасвал 39,284,174 төгрөгийн зөрүү гарна.  Уг мөнгийг буцаан гаргуулна” гэжээ.

10.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч нь зээлдүүлэгчээс мөнгөн төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Зээлдэгч зөвхөн зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу зээлийн хүү шилжүүлж байсан бөгөөд үндсэн зээл төлөөгүй. Бусад байгууллага руу шилжүүлсэн гэх мөнгөн төлбөр нь Б.Э-ийн эзэмшиж, ашиглаж байсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой гарсан зардал болно. Би зээлийн гэрээний зээлдэгчийн үүргээр болон ямар нэг итгэмжлэлээр өөрийн нэрийн өмнөөс ямар нэг төлбөр тооцоо, хураамж төлөх эрх Б.Эт олгоогүй” гэсэн.

11.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Талуудын хооронд 2022.04.11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байна, нэхэмжлэгч нь зээлэхээр тохирсон 500,000,000 төгрөгөөс 2022.04.12-ны өдөр хариуцагч Б.Эт 65,365,000 төгрөгийг, 2022.04.06-ны өдөр “М” ХХК-д 434,634,780 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон. “М” ХХК-д шилжүүлсэн мөнгө нь хариуцагчийн автомашин худалдан авахад зориулагдсан ба нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлж мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зээлийн мөнгөн хөрөнгийг өөрт нь бодитойгоор шилжүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500,000,000 төгрөг, 1 жилийн зээлийн хүүд 138,000,000, нийт 638,000,000 төгрөг төлөх үүрэгтэй,  үүнээс 73,500,000 төгрөгийг хасч тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 564,500,000 төгрөг байна. Гэрээний хугацаа 2023.04.11-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч 2023.04.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 14 хоногийн алданги 15,806,000 төгрөг, нийт  580,306,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,762,287 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн агуулгаар дүгнэсэн.

12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх боловч зээлийн гэрээгээр талуудын тохиролцсон үүргийн хэмжээг анхаараагүйгээс хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг илүү тооцоолон гаргасан. Зээлийн гэрээний 1-р хавсралтад зээлдэгч нь 500,000,000 төгрөгийн зээлийг 610,295,976 төгрөг болгон буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна, дээрх 610,295,976 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 73,500,000 төгрөгийг хасч тооцоход 536,795,976 төгрөгийн үүрэг үлдэх ба  иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 536,795,976 төгрөг, алданги 15,030,287 төгрөг, нийт 551,826,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан автомашины урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, засвар үйлчилгээ, нэмэлт тоноглолын үнэд төлсөн 2,172,274 төгрөг, даатгалд төлсөн 6,000,000 төгрөг гэх мэт төлбөрүүд нь Б.Э өөрийн эзэмшиж, ашиглаж буй автомашиндаа зарцуулсан зардлууд байх тул эдгээрийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

13.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтын талаар ижил дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн боловч  хариуцагчийн гаргасан “шүүхүүд зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй ” гэсэн агуулгатай гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

14.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч гэрээний үүргээ заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

15.Хэргийн баримтаас үзвэл, зохигч хэлэлцэн тохирч Г.Б нь Б.Эт 500,000,000 төгрөгийг нэг сарын 2.3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр, хариуцагч тогтоосон хугацаанд зээл, зээлийн хүүг буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг тусгаж, талууд 2022.04.11-ний өдөр гэрээг бичгээр байгуулжээ. Хариуцагч Б.Э нь дээрх зээлээр өмнө нь “М” ХХК-ээс худалдан авахаар урьдчилгаа төлж захиалсан “Mercedes benz G500” маркийн автомашины үлдэх үнийг төлөх зорилготой байсныг зохигч маргаагүй байна.

16.Харин нэхэмжлэгч Г.Б нь 2022.04.06-ны өдөр 434,634,780 төгрөгийг “М” ХХК-д автомашины үнэ гэж шилжүүлсэн, улмаар улсын бүртгэлд автомашины эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч эдгээр байдал нь түүнийг автомашин худалдан авч, эзэмшил, өмчлөлдөө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хариуцагч Б.Э нь автомашиныг би биш Г.Б худалдан авсан гэж маргаж байгаа боловч түүний татгалзал зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн үлдэх хэсэг буюу 65,365,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн данс руу шилжүүлсэн, уг мөнгөөр Б.Э нь автомашины нэмэлт тоноглол хийлгэхээр 2,172,274 төгрөг, даатгалд 6,000,000 төгрөг төлсөн, “М” ХХК-аас автомашиныг хүлээн авснаас хойш бодитоор эзэмшиж байгаа, зээлийн гэрээний үүрэгт 2022.05.20-ны өдрөөс  2022.12.28-ны өдөр хүртэл нийт 73,500,000 төгрөгийг төлсөн эдгээр байдлаар үгүйсгэгджээ.

Нэхэмжлэгч Г.Б нь зээлийн 500,000,000 төгрөгөөс 2022.04.06-ны өдөр “М” ХХК-д 434,634,780 төгрөгийг шилжүүлсэн нь Б.Э-ийн өмнөөс автомашины үнийг төлснөөр зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан үндэслэл болсон байна. Түүнчлэн зээлийн үүргийг хангуулах зорилгоор өөрийгөө автомашины эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.

17.Иймд нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх ба хариуцагч нь зээлийн үлдэх төлбөрийг тогтоосон хүү, хугацаа хэтрүүлсний алдангийн хамт төлөх үүрэгтэй байна. Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд  зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн тооцооллыг үндэслэн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнг өөрчилж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй.

18.Дээр дурдсанаар хариуцагчийн “...бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжигдээгүй, автомашиныг эзэмшээгүй” гэх гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 7-д 14 хоногийн алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 536,795,976 төгрөгөөс тооцоолол хийж 15,030,287 төгрөг гэж зөв тогтоосон атлаа хариуцагчийн төлсөн 73,500,000 төгрөгөөс хоног тутамд 0.2 хувиар алданги тооцсон мэтээр тусгаж техникийн чанартай алдаа гаргасныг залруулж дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/00433 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э 2024.04.18-ны өдөр төлсөн 2,917,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                             

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ

                                                                                Н.БАТЧИМЭГ

                                                                                   П.ЗОЛЗАЯА