Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/00072

 

Б-нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03441 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00226 дугаар магадлалтай,

Б-нийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох,

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг гаргуулах, сэтгэл санаанд учирсан хохиролд 32,980,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-ны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, О, М, хариуцагчийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг гаргуулах, сэтгэл санаанд учирсан хохиролд 32,980,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03441 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “Б” ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 37,692,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай Бнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 655,789 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00226 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03441 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “129 дүгээр зүйлийн 129.1” гэснийг хасч, “128.1.2 гэсний дараа 128.1.7” гэж, “69.1 гэсний дараа 46 дугаар зүйлийн 46.2” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 417,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 655,789 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргажээ.

Учир нь Бнэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “Б” ХХК-ийн операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж тодорхойлсон боловч анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур, ажил хаялт хууль бус болохыг тогтоож ажлаас халсан тушаал үндэслэлтэй хэмээн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.13-7.16 дахь хэсэг болон давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсгийн 7 дахь хэсэгт нэхэмжлэгч Бнэ нь ажил хаялтад оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн.

Шүүх ажил хаялтыг хууль ёсны эсэх эсхүл хууль бус болохыг бие даасан шаардлагаар процессын ажиллагаа явуулж, талуудын гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу мэтгэлцээний үндсэн дээр хянан үзэж шийдвэр гаргах зохицуулалттай байтал шууд ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий хэрэгт хууль бус ажил хаясан гэж дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг баримтлан хариуцагч талд ашигтай байдлаар шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 123 дугаар зүйлийн 123.2, 3 дахь хэсэгт ажил хаялтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргана гэж заасан бөгөөд тус хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт хууль бус гэж тооцогдоогүй ажил хаялтад оролцсон ажилтныг хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан.

Гэтэл тийм шүүхийн шийдвэр байхгүй, өөрөөр хэлбэл ажил хаялтыг хууль бус болохыг тогтоогоогүй байхад шүүх тус ажил хаялт нь хууль бус, ажил хаялтад оролцоогүй гэж Бнийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зарчмыг баримтлаагүй төдийгүй хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас гадуур шийдвэр гаргасан процессын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-ны гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.03.28-ны өдрийн 001/ШХТ2024/00386 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч Бнэ нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг гаргуулах, сэтгэл санаанд учирсан хохиролд 32,980,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Ажил олгогч нь орон нутгийн ажилтантай хөдөлмөрийн хуульд заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулдаггүй, ажилтанд ээлжийн амралт олгодоггүй, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд заасан тэтгэмж олгодоггүй, үндсэн ажилтнаас ялгамжтай хандаж эрх ашиг сонирхлыг нь зөрчсөөр байсан тул орон нутгийн ажилтнууд ажил олгогчид шаардлага хүргүүлж, улмаар арга хэмжээ аваагүй үндэслэлээр ажил хаялт зарласан. Гэтэл ажил олгогч ажил хаялтад оролцсон хугацааг ажил тасалсан гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна...

Харин сэтгэл санааны хохиролд 32,980,500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч: “... Бнэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалд ажилтныг 3 сарын 15-ны өдрийн дотор ажилдаа ирэхийг дурдсан боловч 17-ны өдрийг дуустал ажилдаа хүрэлцэн ирээгүй тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас халсан. ...Нэхэмжлэгч 2021.03.05-ны өдрийн тушаалд 2 жилийн хугацаанд гомдол гаргаагүй тул гомдол гаргах хугацаа өнгөрсөн. ...Ажил хаялт хууль бус тул ажил хаялт зарласан, ажил хаялтанд оролцсон гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...а/ ...нэхэмжлэгч нь 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, б/ ...дээрх тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 13 хоног ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь баримтаар тогтоогдсон, ...түүнчлэн нэхэмжлэгчийг ажилтны төлөөлөгч гэж үзэх баримтгүй,  ажил хаялтыг хуульд заасан зохицуулалтын дагуу зохион байгуулагдсан гэж үзэх үйл баримт нотлогдохгүй байх тул ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна, ...иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан нэхэмжлэлийг хангахгүй, в/ ...өмгөөлөгчийн зардлын тухайд нэхэмжлэгчийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь өөрийнх нь сонголт учир хохиролд тооцох үндэслэлгүй, ...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна...” гэх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

9. Хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан боловч хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Нэхэмжлэгч Б нь “Б” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэст оператороор ажиллаж байсан, Компанийн гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн  Дугаар 2021/18 тушаалаар “...2021.02.12-ны өдрөөс 2021.03.04-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байдлаар 21 өдрийн ажил тасалж, компанийн Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн...” үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2021.03.18-ны өдрийн Дугаар 2021/26 тушаалаар “...2021.03.05-ны өдрөөс 2021.03.17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн 13 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан...” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний 4.1-д зааснаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

11. Б дээрх тушаалуудыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...орон нутгийн ажилтнуудыг төлөөлж хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах талаар ажил олгогчид шаардлага хүргүүлж, улмаар ажил хаялт зарлаж, ажил хаялтад оролцсоныг ажил тасалсан гэж үзэхгүй...” гэж тайлбарласан бол шүүх “...нэхэмжлэгч нь ажил хаялтыг удирдах ажилтны төлөөлөл биш, орон нутгийн ажилтнуудын ажил хаясан гэх байдал хуульд заасан журмын дагуу явагдсан ажил хаялт гэж үзэх үндэслэлгүй тул ажилтныг ажил тасалсан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлээгүйгээс үйл баримтыг зөв тогтоогоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь зөв боловч шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул дор дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

12. Юуны өмнө ажилтан маргааны үндэслэл үйл баримт болох ажилтныг ажил тасалсан эсхүл ажил хаялт зарлаж, ажил хаялтад оролцсон эсэхийг тогтоох нь чухал.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг “хөдөлмөрийн хамтын маргаан” гэж, 3.1.13-т хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг “ажил хаялт”  гэж тус тус тодорхойлжээ.

Хамтын маргааны зүйл нь хөдөлмөрийн тодорхой хамт олны нийтлэг ашиг сонирхолтой холбогдсон хөдөлмөрийн болон нийгэм-ахуйн тодорхой асуудал учраас маргаан үүсгэх асуудлыг хамт олон өөрийн төлөөлөгчөөр дамжуулан эдэлдэг.

Хамтын маргаан үүсгэх эрх хамт олонд бүхэлд нь олгогдсон, харин үүнийгээ хэрэгжүүлэх арга нь төлөөлөл юм.

Хамт олны төлөөлөл нь хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг хамгаалж, ажил олгогчтой үүссэн маргааныг шийдвэрлэх, зохицуулахад төлөөлөх эрхийг хамт олноос хүлээн авсан этгээд байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Б” ХХК 80 орчим ажилтантай боловч тухайн компанид орон нутгийн 20-иод ажилтан ажилладаг, компани тэдгээр ажилтнуудтай байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсаар ирсэн, энэ нь тэднийг ажлаас чөлөөлөгдөх үед хамтын гэрээнд заасан тэтгэмж авах боломжгүй нөхцөл болдог, мөн орон нутгийн ажилтнууд үндсэн ажилтантай адил ажил үүрэг гүйцэтгэж байгаа боловч үндсэн ажилтнаас бага цалин хөлс авч байгаа нь орон нутгийн ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж, хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжгүй, эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзсэн байна.

Эрхийн зөрчлийн талаар компанийн удирдлагад удаа дараа хүсэлт, санал тавьсан боловч хүлээн авч шийдвэрлээгүй үндэслэлээр нэгдэж, 2021.01.30-ны өдөр орон нутгийн ажилтнууд хуралдаж, тус хурлаар зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахаар ажил олгогчид тодорхой шаардлага хүргүүлэх, шаардлагыг хүлээн авч, шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан арга хэмжээ авч, улмаар ажил хаялт зарлах талаар мэдэгдэхээр, мөн орон нутгийн ажилтнуудыг төлөөлж компанийн удирдлагад шаардлагыг хүргүүлэх, хариу авах, улмаар ажил хаялтыг удирдах 4 ажилтныг орон нутгийн ажилтнуудын төлөөллөөр сонгосон байх ба тэдгээрийн нэг нь нэхэмжлэгч Бнэ байна.

Орон нутгийн ажилтнуудаас компанийн удирдлагад “...1. Орон нутгийн ажилтнуудтай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгож өөрчлөх, 2. Хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэх, 3. Туршилтын төслийн дараа гэнэт ажилгүй болсон тохиолдолд ажилтны ажилласан жилээс хамаарч хамтын гэрээнд заасан тэтгэмж авах” гэсэн 3 асуудлыг зааж, ажлын 5 хоногт шийдвэрлэхийг хүсч, шаардлагыг 2021.02.02-ны өдөр удирдлагад хүргүүлсэн байна.

Орон нутгийн ажилтнуудын хамтын маргаан үүсгэсэн дээрх үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

13. Шаардлагад заасан хугацаанд ажил олгогч тодорхой арга хэмжээ аваагүй, бөгөөд 2021 оны 04 сард ажилтнуудын төлөөлөлтэй хуралдаж, хамтын гэрээгээр асуудлыг шийдвэрлэхээр судалж байгаа талаар хариу өгснийг орон нутгийн ажилтнууд эс зөвшөөрч, тухайн асуудал хамтын гэрээнд хамаарахгүй, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой гэх үндэслэлээр хойшлуулах боломжгүй гэж мэдэгдсэнийг шийдвэрлээгүй тул  2021.02.11-ний өдөр албан ёсоор ажил олгогчид мэдэгдсэнээр 2021.02.12-ны өдрөөс ажил хаялт зарласан байна.

Мөн ажил олгогчийн хууль бус үйлдлийг эс зөвшөөрч хамтын маргаан үүсгэсэн, улмаар ажил хаялт зарласан талаар сумын болон аймгийн Засаг даргад мэдэгдэж, тэднээс дэмжлэг хүссэнийг үндэслэн аймгийн Засаг дарга ажлын хэсэг томилж, “Б” ХХК-ийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар шалгалт явуулахад “...байнгын ажлын байранд орон нутгийн ажилтнуудтай хугацаатай гэрээ байгуулсан, орон нутгийн ажилтнуудад жилд нэг удаа ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5, 79.6 дахь заалтуудыг зөрчсөн...” болох нь  тогтоогдож, 2021.03.12-ны өдрийн 11-06-040/66 дугаартай “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай”  Улсын байцаагчийн албан шаардлагыг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ...д хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар ажил хаях тухай шийдвэрийг ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүдийн буюу нийт ажилтны хурлаас гаргана, 120.2-т ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүд буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны дийлэнх олонхи /гуравны хоёр/ нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно, 120.3-т хуралд оролцогчдын олонхи нь ажил хаялтыг дэмжсэн бол ажил хаялт зарлаж болно гэж зохицуулжээ.

 “Б” ХХК-ийн орон нутгийн ажилтнууд нь өөрсдийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ҮЭ /Үйлдвэрчний эвлэл/ зэрэг байгууллагагүй тул орон нутгийн ажилтны 62.5 хувь болох 15 ажилтан хуралдаж хамтын маргаан үүсгэсэн, улмаар ажил олгогчид хүргүүлсэн шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ аваагүй үндэслэлээр 2021.02.11-ний өдөр 18 ажилтан ажил хаях шийдвэр гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Ийнхүү орон нутгийн ажилтнуудын үүсгэсэн хамтын маргаан ажил олгогчийн хууль бус үйлдлийг эс зөвшөөрсөн, ажилтнуудын нийтлэг эрх, ашиг сонирхолтой холбоотой болох нь нотлогдсон бөгөөд ажилтнуудаас тавьсан шаардлагад заасан хугацаанд ажил олгогч  тодорхой арга хэмжээ аваагүй эс үйлдэхүйтэй холбогдуулан орон нутгийн ажилтнууд ажил хаялт зарлажээ.

Хэрэв ажил олгогч орон нутгийн ажилтнуудын ажил хаялт хийх үндэслэл болгож тавьсан шаардлагыг хууль бус, эдийн засаг санхүүгийн хувьд хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 120 дугаар зүйлийн 120.6-д зааснаар ажил хаялт зохион байгуулсныг хууль бус гэж тооцох талаар шүүхэд хүсэлтээ гаргах, эсхүл ажил хаялтыг хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд ажил хаялтын эсрэг арга хэмжээ болох ажлын байрыг түр хаях буюу локаут зарласан үйл баримт тогтоогдоогүй байна.

Харин ч хамтын маргаан үүсгэх үндэслэл болсон, Улсын байцаагчийн албан шаардлагад заасан зөрчлийг арилгаж, “...2021.06.01-ний өдрөөс эхлэн хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан орон нутгийн 22 ажилтантай байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа...” талаар “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ... 2021.06.21-ний өдрийн 2021/185 албан тоотоор ... газрын дарга ...т явуулсан хариу бичгээр мэдэгдсэнээс үзэхэд орон нутгийн ажилтнуудын үүсгэсэн хамтын маргаан, ажил хаялт үндэслэлтэй байсан, улмаар тодорхой үр дүнд хүрсэн нь нотлогдсон гэж үзнэ.

15. Ажил олгогч ажилтны зохион байгуулсан ажил хаялтыг хууль бусд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх орон нутгийн ажилтнуудын үүсгэсэн хамтын маргааны нэг хэлбэр болох ажил хаялт зохион байгуулсныг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангана.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т хууль бус гэж тооцогдоогүй ажил хаялтад оролцсон ажилтныг хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж зохицуулсан.

“Б” ХХК-ийн орон нутгийн ажилтнуудын 2021.02.12-ноос зохион байгуулсан ажил хаялтыг шүүхээс хууль бус гэж тооцоогүй, нэхэмжлэгч Б дээрх ажил хаялтад оролцсон болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул түүнийг 2021.02.12-ноос хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр сануулах, улмаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сануулах сахилгын шийтгэл ногдуулсан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтныг ажлаас халсан 2021.03.18-ны өдрийн 2021/26 тушаал хуульд нийцээгүй тул Б-ийг урьд ажиллаж байсан операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн 2021.03.18-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2024.04.16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

17. Зохигчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн Зөөвч овоо ураны орд дахь технологийн туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтэст оператороор ажиллаж байсан, хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар ажилтан сүүлийн 3 сард буюу 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 дугаар сард нийт 5,655,641 төгрөгийн цалин авсан байх /2020 оны 12 дугаар сард олгосон нэмэгдэл нэг сарын цалин 1,570,500 төгрөгийг хассан/ бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.6-д зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлбол 1,885,213 төгрөг байна, үүнийг ажлаас халсан 2021.03.18-наас ажилд эгүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2024.04.16-ны өдрийг хүртэлх 36 сар, ажлын 21 өдөр буюу нийт 37 сараар тооцвол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 69,752,905 төгрөг болж байна.

Иймд “Б” ХХК-аас 69,752,905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь дээрх төлбөрөөс холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх нь зүйтэй.

18. Түүнчлэн  нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг хоёр шатны шүүх шийдвэрлээгүй, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байхад дээрх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлснийг анхан болон давж заалдах шатны шүүх улсын орлогод хэвээр үлдээсэн байх тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шийдвэр магадлалд өөрчлөлт оруулна.

19. Харин нэхэмжлэгчээс өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгчид төлсөн 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцогдохгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00226 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03441 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б-нийг “Б” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Б” ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 69,752,905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг нэмж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учирсан эдийн бус гэм хорын хохиролд 32,980,500 төгрөг шаардсан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 293,987 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Б” ХХК-аас 506,714 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг 4, 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-ны гомдлын заримыг хангасугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД