Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/01797

 

2021 оны 08 сарын 24 өдөр                     Дугаар 183/ШШ2021/01797                                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ................ тоот хаягт оршин байх, В ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...........  тоот хаягт оршин суух, Ш овогт Я.М /РД:00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 195.845.322 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 43.965.600 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: В ББСБ ХХК нь Я.М-той 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр "Зээлийн гэрээ" болон зээлийн барьцааны гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан боловч зээлдэгч Я.М нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Бидний харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж хэн нэгний дарамт шахалтгүйгээр зөвшөөрч байгуулсан зээлийн гэрээний 4.4-т заасны дагуу энэхүү гэрээний үндсэн хугацаа дууссан тохиолдолд гэрээ маань хугацаагүйгээр сунгагдсан гэж үзэх тул зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл бодсон болно. Зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй хүү 142.065.600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.413.120 төгрөг, үндсэн зээл 100.000.000 төгрөгийн хамт нийт 270.478.720 төгрөгийг анх нэхэмжилсэн боловч зээл хүүгийн тооцооллоо дахин нягталсны үндсэн дээр үндсэн зээл 99.036.076 төгрөг, үндсэн хүү 80.674.372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.134.874 төгрөг, нийт 74.633.398 төгрөгөөр багасгаж 195.845.322 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцааны хувьд анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд 2019 оны 8 дугаар сарыг дуустал гаргасан зээл хүүгийн тооцоолол нэмэгдүүлсэн шаардлагын хамт гаргаж өгсөн байгаа. Хариуцагч, нэхэмжлэгч нарын найз нөхдийн холбоотойг үгүйсгэх зүйл байхгүй ч зээлийн хүүг зогсоосон, цуцалсан талаар бичгийн баримт үйлдээгүй. Цуцлаагүй тул сунгагдсанд тооцоод хүүгээ нэхэмжилнэ. Буцаан төлсөн төлөлтийн хувьд манай тооцоогоор 143.098.300 төгрөг болж байгаа гэв.

Хариуцагч Я.М болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В ББСБ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд 100.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй гэж тохиролцсон. Зээлийг дансаар хүлээн авах хуулийн зохицуулалттай байдаг тул дансаар авах хүсэлтэй байсан боловч манай банк бусын нэр дээр байгуулж байгаа боловч данс тооцоонд орохгүй, хувиараа өгч байгаа гээд бэлнээр өгсөн. Нэхэмжлэлд хавсаргасан тооцоогоор хариуцагчийг зээлийн хүүд нийт 142.466.200 төгрөг төлсөн байна гэсэн ба хариуцагчаас нэхэмжлэгчид үндсэн төлбөр болон зээлийн хүүд нийт 143.965.600 (нэг зуун дөчин гурван сая есөн зуун жаран таван мянга зургаан зуун) төгрөгийг дараах байдлаар төлсөн байдаг. Үүнд:

Зээл төлсөн огноо

Дүн

Харьнсан данс

Тайлбар

1

2

2014.10.24

3,000,000

0000000000

 

2

2014.10.24

1,000,000

0000000000

 

3

2014.11.24

3,000,000

0000000000

 

4

2014.11.24

1,000,000

0000000000

 

5

2014.12.30

4,000,000

0000000000

 

6

2015.01.24

3,000,000

 

Баримт авах

7

2015.01.24

1,000,000

 

Баримт авах

8

2015.3.07

3,000,000

0000000000

 

9

2015.3.07

2,000,000

0000000000

 

10

2015.3.24

3,000,000

0000000000

 

11

2015.3.24

1,000,000

0000000000

 

12

2015.4.30

3,000,000

0000000000

 

13

2015.4.30

1,933,300

0000000000

 

14

2015.6.02

3,000,000

0000000000

 

15

2015.6.02

1,000,000

0000000000

 

16

2015.7.01

4,133,000

0000000000

 

17

2015.7.31

3,000,000

0000000000

 

18

2015.7.31

1,000,000

0000000000

 

19

2015.8.31

3,000,000

0000000000

 

20

2015.8.31

1,000,000

0000000000

 

21

2015.8.31

133,000

0000000000

 

22

2015.9.30

3,000,000

0000000000

 

23

2015.9.30

1,000,000

0000000000

 

24

2015.9.30

133,000

 

Баримт авах

25

2015.10.30

3,000,000

0000000000

 

26

2015.10.30

1,000,000

0000000000

 

27

2015.11.10

500,000

0000000000

 

28

2015.12.02

133,300

0000000000

 

29

2015.12.02

3,000,000

0000000000

 

30

2015.12.07

1,000,000

0000000000

 

31

2018.6.26

50,000,000

0000000000

 

32

2018.7.24

10,000.000

0000000000

 

33

2018.8.22

10,000,000

0000000000

 

34

2019.6.26

10,000,000

0000000000

 

35

2019.8.22

5,000,000

0000000000

 

НИЙТ

143,965,600

 

 

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээ нь анхнаасаа дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, хууль бус аргаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгож байгаа мэтээр хувь хүн зээл олгож, ашиг олж байсан байдаг. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-д "... ББСБ-ын Хаан банкин дахь 0000000000 тоот харилцах дансаар дамжуулан гүйцэтгэх ... гэж зааснаар зээлийн төлбөрийг гүйцэтгэж байсан ба энэ данс нь Л.Э гэж хувь хүний данс байсан болно. Нэхэмжлэгч компанийн захиралтай хариуцагч нь найз нөхдийн харилцаатай, бие биеэ сайн мэддэг хүмүүс байсан ба Зээлийн гэрээг 2015 оны эцсээр дуусгавар болгож, зөвхөн үндсэн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2018-2019 онд зээлийн үндсэн төлбөрийг төлсөн ба үндсэн төлбөрөөс 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсон боловч гэнэт шүүхэд нэхэмжлэл гарган өндөр төлбөр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Хэрэв байгууллагаар зээл олгосон гэж үзвэл байгууллагын тайлангаар 2015 онд дуусгавар болсон нь нотлогдох болно. Гэхдээ дээрх тооцооллоос өөр дансанд орсон гэх 1.000.000 төгрөгийг хасахаар манай төлөлт 142.965.600 төгрөг болж байна. Хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй. Гэхдээ 15.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж ойлгож болно. Үндсэндээ 2014 оны гэрээний дагуу 2016 оныг хүртэл хүү төлж байгаад 2018-2019 онуудад үндсэн 100.000.000 төгрөгөөс 85.000.000 төгрөгийг төлж дуусгасан юм гэв.

Хариуцагч Я.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь В ББСБ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд 100.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй гэж тохиролцсон. Зээлийг дансаар авах хүсэлтэй байсан боловч манай банк бусын нэр дээр байгуулж байгаа боловч данс тооцоонд орохгүй, хувиараа өгч байгаа гээд бэлнээр өгсөн гэдэг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т "... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ ... гэж, Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т "... Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ ... гэж зааснаар зээл олгогдоогүй. Тодруулбал, олгогдсон зээл зээлдүүлэгч болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгө биш, нэхэмжлэгчийн тайлан тооцоонд ороогүй, хуульд заасан журмыг зөрчсөн байсан байна. Мөн Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т ... Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээл олгоно ... гэж зааснаар зээлийн данс нээгдээгүй, мөн зүйлийн 4-т "... Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно ... гэж зааснаар ямарваа нэгэн дансанд гүйлгээ хийгдсэн зүйл байхгүй болно. Зээлийн данс нээгдээгүй, зээл хуульд заасан журмын дагуу олгогдоогүй болох нь зээлийн төлбөрийг буцаан тушаах данс нь байгууллагын данс биш, байгууллагын захирлын данс биш байснаар нотлогдоно. Нэгэнт хуульд зааснаар зээл олгогдоогүй тул хүү төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд үндсэн зээлийг бүрэн төлж барагдуулсан ба 43.965.600 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан, хуульд заасан журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгож байгаа мэтээр байгуулж, хувь хүн зээл олгож, ашиг олж, орлого нуун дарагдуулж байсан байдаг. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-д ... ББСБ-ын Хаан банкин дахь 0000000000 тоот харилцах дансаар дамжуулан гүйцэтгэх ... гэж зээлийн төлбөрийг гүйцэтгэхээр заасан байсан нь дээрх нөхцөл байдал нь хангалттай нотлогдож байна. Нэхэмжлэгч компанийн захиралтай хариуцагч нь найз нөхдийн харилцаатай, бие биеэ сайн мэддэг хүмүүс байсан ба Зээлийн гэрээг 2015 оны эцсээр дуусгавар болгож, зөвхөн үндсэн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2018-2019 онд зээлийн үндсэн төлбөрийг төлсөн ба үндсэн төлбөрөөс 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсон боловч гэнэт шүүхэд нэхэмжлэл гарган өндөр төлбөр нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хуульд заасан журмыг зөрчиж дүр үзүүлэн байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, илүү төлсөн 43.965.600 төгрөгийг В ББСБ ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч В ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй. Ганцхан Э-ийн дансаар мөнгөө аваад байгаа биш захирал Э-тэй хамтран эзэмшдэг данс юм. 143.098.300 төгрөгийг дансаар буцаан төлсөн нь харагдана, бэлнээр мөнгийг нь олгосон баримт хэрэгт байгаа. Иргэний хуулийн 221.2-т зааснаар өөр этгээдэд мөнгө шилжүүлснийг манайх хүлээн зөвшөөрч төлсөн төлөлтийг хассан. Иймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх талуудын тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В ББСБ ХХК нь хариуцагч Я.М-д холбогдуулан 2014-09-24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 195.845.322 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Харин хариуцагч Я.М нь нэхэмжлэгч В ББСБ ХХК-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, илүү төлсөн гэх үндэслэлээр 43.965.600 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргадаг.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

В ББСБ ХХК нь Я.М-той 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Хэдийгээр талууд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, .............. 208 м.кв хувийн сууцыг зээлийн барьцаанд бариулсан байх боловч тухайн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй ба талууд энэ тал дээр маргадаггүй.

Харин зээлийн гэрээний талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх зээлийн гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч В ББСБ ХХК нь хариуцагч Я.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99.036.076 төгрөг, зээлийн гэрээний хүүд 80.674.372 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16.134.874,4 төгрөг, нийт 195.845.322 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Я.М нь нэхэмжлэлээр шаардаж буй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргасан буюу үндсэн зээлийн үлдэгдэлд 15.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрдөг.

Зээлдүүлэгч нь 100.000.000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байгаа нь хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар нотлогддог ба хариуцагчийн өмгөөлөгч нь уг баримт дээрх гарын үсэг М-ынх мөн болохыг хүлээн зөвшөөрдөг.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх..., Банк болон эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү тооцож нэхэмжлэх эрхтэй.

Гэвч шүүх үндсэн зээлийн үлдэгдэлд 20.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 6.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд хүүгийн үлдэгдлийн 20 хувьтай тэнцэх 1.240.000 төгрөгийг гаргуулж, үлдэх 168.405.322 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Учир нь хэргийн 138 дугаар талд авагдсан баримтаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг 6 сарын хугацаагаар сунгах хүсэлтийг зээлдэгч бичгээр гаргаж, гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцсон байна.

Хариуцагч Я.М нь Л.Э, Д.У нарын эзэмшлийн Х банкны 0000000000 дугаарын дансанд 2014.10.24-2015.12.07-ны өдрийг хүртэлх хугацаанд 57.965.600 төгрөг шилжүүлжээ.

Үүнээс хойш буюу 2018.06.26-ны өдрөөс 2019.08.22-ны өдрийг хүртэлх хугацаанд 50.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгөөр нийт 85.000.000 төгрөгийг нэмж дээрх данс руу шилжүүлсэн байх ба сүүлийн 5.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ хүү гэсэн утгатайгаар илгээжээ.

Шүүх мөнгө шилжүүлж байсан дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн ....нэхэмжлэгч компанийн захиралтай хариуцагч нь найз нөхдийн харилцаатай, бие биеэ сайн мэддэг хүмүүс байсан ба зээлийн гэрээг 2015 оны эцсээр дуусгавар болгож, зөвхөн үндсэн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2018-2019 онд зээлийн үндсэн төлбөрийг төлж байсан ... гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тодруулбал талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Зээлдэгч тухайн саруудын хүүг сар бүр эсвэл өдөр өдөрт нь төлнө. Хэрэв зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд уг зээлийг эрсдэлтэйд тооцож 30 хоногийн дотор зээл, хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулахыг зээлдүүлэгч шаардана.. гэж заасан байхад 2016-2018 оны 6 дугаар сарыг дуусталх 2 жил 06 сарын хугацаанд зээлдэгч нэг ч төгрөг шилжүүлэхгүй байхад зээлдүүлэгч гэрээний үүргээ шаардаж байсан эсэх нь тодорхойгүй, түүнчлэн 2018 оны 6 дугаар сараас төлөлт хийхдээ урьд шилжүүлж байсан үнийн дүнгээс өндөр байгаа нь үндсэн мөнгийг шилжүүлж байсан гэх хариуцагчийн тайлбартай тохирч байна.

Иймд шүүх 2015.12.07-ны өдрөөр гэрээ цуцлагдсан байна гэж дүгнээд цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний үүрэг хэвээр хадгалагдах тул уг хугацаанд төлөгдсөн 57.965.600 төгрөгийг гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүд төлөгдсөн гэж үзнэ.

Улмаар үүнээс хойш шилжүүлсэн 80.000.000 төгрөгийг үндсэн зээл 100.000.000 төгрөгөөс хасаж тооцоход үндсэн зээлийн үлдэгдэлд 20.000.000 төгрөгийг, хамгийн сүүлийн төлөлт хийгдсэн 2019.06.26-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2020.08.27-ны өдрийг хүртэлх хугацааны 14 сарын 4 хувийн хүү нь 11.200.000 төгрөг /20.000.000 төгрөгийн 4 хувь нь 800.000 төгрөг/ болохоос 2019.08.22-ны өдөр хүү гэж шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг хасаад 6.200.000 төгрөг, хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцоход 1.240.000 төгрөгийг, нийт зээлийн гэрээний үүрэгт 27.440.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т "... Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно ... гэж заасныг зөрчсөн, мөн зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан буюу банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгож байгаа мэтээр байгуулж, хувь хүн зээл олгож, ашиг олж, орлого нуун дарагдуулсан... гэж зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Гэвч зээлийн гэрээний талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан, зээлдүүлэгч В ББСБ ХХК нь 100.000.000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байгаа нь хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байх тул шүүх зээлийн гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгчийн бус дансанд төвлөрүүлж байсныг зээлдүүлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасны дагуу гэрээний үүрэгт тооцсон байх тул уг үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үндсэн зээлийн үлдэгдэлд 20.000.000 төгрөгийг, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүүд 6.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.240.000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 27.440.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Я.М-оос 27.440.000 /хорин долоон сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан В ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 168.405.322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 43.965.600 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.510.343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 295.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн төлсөн 1.035.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ЧУЛУУНЧИМЭГ