Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00442

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01429 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1686 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 73,850,827 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,850,827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.  

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01429 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 73,850,827 (далан гурван сая найман зуун тавин мянга найман зуун хорин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 байрны 1 давхарт 2 тоот, Ү-2204098594 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 байрны 1 давхарт 2 тоотод байрлах 47.8 мкв талбайтай, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,404 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 597,404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1686 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01429 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтын “73,850,827 (далан гурван сая найман зуун тавин мянга найман зуун хорин долоо)” гэснийг “66,490,000 (жаран зургаан сая дөрвөн зуун ерэн мянга) ... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,360,827 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “597,404” гэснийг “490,400” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 597,410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 183/ШШ2020/01429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.31-ний өдрийн 1686 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан агуулгаас харвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр явагдахаар хуульчилсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүрэгтэй бөгөөд өөрийн гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6)-аар шүүхэд хандаж болохоор хуульд заасан. Зохигчид 2019.08.10-ны өдөр 55,000,000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлүүлэх зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийг шаардах эрх бүхий этгээд нь банк эсхүл зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байхаар хуульд заасан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ”, 15.3.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасан.

4.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн тусгай зөвшөөрлөөс үзвэл нэхэмжлэгчид Санхүүгийн зохицуулах хорооноос 2014.12.10-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон байх боловч сунгасан эсэх тэмдэглэл байдаггүй. Мөн Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд “банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрхэлж болох үйл ажиллагааны төрлийг заасан. Гэтэл нэхэмжлэгч нь аль үйл ажиллагааг эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус байна. Иймээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2014.12.10-ны өдрийн 1/436 дугаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулж байсан эсэх, мөн уг зөвшөөрлөөр ямар үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон нь тодорхойгүй. Зээлийн гэрээг байгуулах үед тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байдаг. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хугацааг дуусгавар болсон байхад зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараа нотлох зорилгоор 2020.05.25-ны өдөр хүсэлт гаргасан (нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан эсэх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх лавлагааг авахуулах хүсэлт) боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад “Баянзүрх дүүргийн 15-р хороо, 15-р хороолол /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 байрны 1 давхар 2 тоот хаягт байрлах 45,8 м.кв контор үйлчилгээний зориулалттай эд хөрөнгөөр хангуулах” гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа (оршин байгаа) газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Хэрэгт авагдсан барьцааны гэрээнд улсын бүртгэлийн тамга тэмдэг дарагдсан байгаа боловч улсын бүртгэлд бодитойгоор бүртгэлтэй эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн бол улсын бүртгэгч тамга тэмдэг дарж баталгаажуулахаас гадна гарын үсэг зурахаар хуульд заажээ. Дээрх гэрээнд улсын бүртгэгчийн бүртгэсэн талаарх гарын үсэг байдаггүй. Иймээс 2019.09.10-ны өдрийн БГ2019/79 тоот гэрээг улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагааг улсын бүртгэлийн газраас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчаас 2019.09.10-ны өдрийн БГ2019/79 тоот гэрээг улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагааг улсын бүртгэлийн газраас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан үйлдэл болсон.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан. 2019.09.10-ны өдрийн ЗГ2019/79 тоот зээлийн гэрээг нэг галаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, нөгөө талаас иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар байгуулсан. Зээлийн гэрээний нэг тал нь ,,,,,,,,,,,,,,,,,,, байгаа тохиолдолд тухайн этгээд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт, шаардлага, татгалзал гаргах эрх бүхий этгээд байдаг. Гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан боловч уг этгээдийг үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.

4.5. Нөгөөтэйгүүр  нэхэмжлэгч нь 2019.09.10-ны өдрийн гэрээний дагуу 47,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2019.10.01-ний өдөр шилжүүлсэн гэх мөнгөн төлбөрт зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байна. Мөн тус 2019.10.01-ний өдөр нэмэлт зээл гэх утгаар 8,000,000 төгрөгийг олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь 8,000,000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх процессын алдааг хянаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхэд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлтэй гэж дүгнээд байгаа боловч ямар нотлох баримтыг үндэслэж ингэж дүгнэсэн нь тодорхойгүй. Нотлох баримт үндэслээгүй, таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,850,827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас “66,490,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 7,360,827 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019.09.10-ны өдрийн №ЗГ 2019/79 тоот зээлийн гэрээ байгуулж 55,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн 20 хувь, зээлийн гэрээний хугацаа 6 сар байхаар харилцан тохиролцож, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... хаягт байрлах 45.8 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Гэтэл зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн үлдэгдэл 2020.03.31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 55,000,000 төгрөг, зээлийн хүү 18,850,827 төгрөг, нийт 73,850,827 төгрөг болсон... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

 хариуцагч “... Анх зээлийн гэрээгээр 55,000,000 төгрөгийг зээлсэн, үүнээс 3,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 52,000,000 төгрөгийг зөвшөөрнө. Харин нэмэлт зээл гэж 8,000,000 төгрөгийг авсан боловч уг мөнгийг анхны зээлийн гэрээгээр олгосон хугацаанаас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, эргэлзээтэй, эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний хугацаа 2020.03.10-ны өдөр дууссан байх ба хариуцагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэл гаргасан 2020.03.31-ний өдрийн байдлаар тооцож шаардсаныг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг давж заалдах шатны шүүхээс “... зээлийн гэрээний 2.2.4, 2.2.5, 3.4, 6.2.3-т хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байх боловч талууд хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй, стандарт нөхцөл бүхий гэрээнд ийнхүү тодорхой бус заалт оруулсанд хариуцагч буюу зээлдэгчийг буруутгах боломжгүй, иймд зээлдүүлэгч хуульд заасан хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдана...” гэж дүгнэн 66,490,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, учир нь тус байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014.12.10-ны өдрийн  440 дүгээр тогтоолоор “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг “хугацаагүй”-ээр авсан ба тус хорооны 2013 оны 533 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд, “...ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.2-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

12. Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болох үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнд улсын бүртгэгч өөрийн дугаар бүхий тамгыг дарсан, барьцаалбарт мөн тамга дарж, гарын үсгээ зурсан байгаа (хавтаст хэргийн 7-14 дэх талд) энэ тохиолдолд шүүх улсын бүртгэлийн лавлагааг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, иймээс “... хэрэгт авагдсан барьцааны гэрээнд улсын бүртгэлийн тамга тэмдэг дарагдсан байгаа боловч улсын бүртгэлд бодитойгоор бүртгэлтэй эсэх нь эргэлзээтэй, дээрх гэрээнд улсын бүртгэгчийн бүртгэсэн талаарх гарын үсэг байдаггүй, лавлагааг улсын бүртгэлийн газраас гаргуулах хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.3, 4.4-т) гомдол үндэслэлгүй.

13. Хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх “... уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “... эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байвал...” гэсэн үндэслэлд хамаарахгүй...” гэж дүгнэн хангахгүй орхисныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй. Учир нь, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох ба нэхэмжлэгчээс үндсэн зээлдэгч бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хариуцагчаар татсан тохиолдолд хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,ыг эрх, ашигт нь сөргөөр нөлөөлөх гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. Иймээс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

14. Түүнчлэн, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 55,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон, уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг 3 удаагийн шилжүүлгээр хариуцагчид өгсөн байх тул (2019.09.10-нд 45,000,000 төгрөг, мөн өдөр 2,000,000 төгрөг, 2019.10.01-нд 8,000,000 төгрөг) “... нэхэмжлэгч нь 2019.09.10-ны өдрийн гэрээний дагуу 47,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2019.10.01-ний өдөр нэмэлт зээл гэх утгаар 8,000,000 төгрөгийг олгохдоо бичгээр гэрээ байгуулаагүй байхад шүүх үүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4.5) гомдол үндэслэлгүй байна.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1686 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 597,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД