Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 01686

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А.К.К ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01429 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 850 827 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяандагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Б нь 2019 оны 09 сарын 10-ны өдрийн №ЗГ 2019/79 тоот зээлийн гэрээ байгуулж 55 000 000 төгрөгийг 1 сарын үндсэн хүү 4,5 хувь, нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн 20 хувь, зээлийн гэрээний хугацаа 6 сар байхаар харилцан тохиролцож, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо 15-р хороолол /13345/ Энхтайваний өргөн чөлөө гудамж 4/1 байрны 1 давхар 2 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбайтай Контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Гэтэл зээлдэгч Ц.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийн ноцтой зөрчил үүсгэж, зээлийн төлбөрөөс төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн үлдэгдэл 2020 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 18 850 827 төгрөг, нийт 73 850 827 төгрөг болсон. Зээлдүүлэгч “А.К.К ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Ц.Бд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, компаний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж. Иймд хариуцагч Ц.Баас 2019 оны 09 сарын 10-ны өдрийн №ЗГ 2019/79 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 18 850 827 төгрөг, нийт 73 850 827 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4-р хороо 15-р хороолол /13345/ Энхтайваний өргөн чөлөө гудамж 4/1 байрны 1 давхар 2 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбайтай Контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх зээлийн гэрээгээр 55 000 000 төгрөгийг зээлсэн, үүнээс 3 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 52 000 000 төгрөгийг төлнө. Харин нэмэлт зээл гэж 8 000 000 төгрөгийг авсан боловч уг мөнгийг анхны зээлийн гэрээгээр олгосон хугацаанаас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК нь СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, эргэлзээтэй, эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу эхний ээлжинд үндсэн зээлийг төлөхөөр тохирсон байгаа тул төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, нийт 52 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Баас зээлийн гэрээний үүрэгт 73 850 827 /далан гурван сая найман зуун тавин мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 байрны 1 давхарт 2 тоот, Ү-2204098594 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 байрны 1 давхарт 2 тоотод байрлах 47.8 мкв талбайтай, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох Ц.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 597 404 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 597 404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 55 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлүүлэх зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний үүргийг шаардах эрх бүхий этгээд нь банк эсхүл зээлийн үйл ажиллагаа эрх бүхий этгээд байхаар хуульд заасан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” 15.3.1-т “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасан. Хэргийн материалд ирүүлсэн тусгай зөвшөөрлөөс үзвэл нэхэмжлэгчид Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон байх боловч сунгасан эсэх тэмдэглэл алга байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрхэлж болох үйл ажиллагааны төрлийг заасан. Гэтэл нэхэмжлэгч нь аль үйл ажиллагааг эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус байна. Иймээс “А.К.К ББСБ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 1/436 тоот банк бус санхүүгиййн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулж байсан эсэх, мөн уг зөвшөөрлөөр ямар үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон тодорхойгүй. Зээлийн гэрээг байгуулах үед тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байдаг. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 47 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэх мөнгөн төлбөрт зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байна. Мөн тус 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт зээл гэх утгаар 8 000 000 төгрөгийг олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь 8 000 000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 850 827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК болон хариуцагч Ц.Б нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 55 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Бы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13345/ Энхтайвны өргөн чөлөө гудамж , 4/1 байр 1 давхар 2 тоот 45.8 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 9-15 дугаар тал/

            Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч “А.К.К ББСБ” ХХК-ийг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгүй гэх тайлбар гомдол гаргах боловч хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллагыг тусгай зөвшөөрөлгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй./хх-44/ Энэ талаарх нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг буруу хийсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн  452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэжээ.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний 2.2.4, 2.2.5, 3.4, 6.2.3-т хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон гэх боловч талууд хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй байна. Стандарт нөхцөл бүхий гэрээнд ийнхүү тодорхой бус заалт оруулсанд хариуцагч буюу зээлдэгчийг буруутгах боломжгүй. Иймд зээлдүүлэгч хуульд заасан хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдана. /хх-9-10/

            Иймээс зээлийн гэрээний үүрэгт 47 000 000 сая төгрөгийн 6 сарын хүү, нийт 59 690 000 төгрөг, /2 115 000*6=12 690 000+47 000 000/ зээлдэгчээс 2019 оны 10 сарын 01-ний өдөр шилжүүлсэн 8 000 000 төгрөгийн 5 сарын хүү /360 000*5/=1 800 000+8 000 000=9 800 000, нийт 59 690 000+9 800 000= 69 490 000 төгрөгийг төлөх учиртай. Үүнээс хариуцагчийн төлсөн 3 000 000 төгрөгийг хасч, нийт 66 490 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “А.К.К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 360 827 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан Ц.Бы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13345/, Энхтайвны өргөн чөлөө гудамж 4/1 байрны 1 давхарт 2 тоот, Ү-2204098594 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13345/, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4/1 байрны 1 давхарт 2 тоотод байрлах 47.8 м.кв талбайтай, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01429 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтын “73 850 827 /далан гурван сая найман зуун тавин мянга найман зуун хорин долоо/” гэснийг “ 66 490 000 /жаран зургаан сая дөрвөн зуун ерэн мянга/ ... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 360 827 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дах заалтын “597 404” гэснийг “490 400” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 597 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                        Б.НАРМАНДАХ