Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00112

 

 

БНСУ-ын иргэн

В -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/03846 дугаар шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/00403 дугаар магадлалтай     

БНСУ-ын иргэн В -ын нэхэмжлэлтэй,

“Э” ГХОХХК, “Т” ХХК-д холбогдох

 “Э ” ГХОХХК-ийн 50 хувийн хувьцаа худалдсаны үлдэгдэл төлбөр 90,980 ам.доллар буюу 315,667,847 төгрөг, хохирол 77,358,745 төгрөг, нийт 393,026,592 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ГХОХХК-д эзэмшиж буй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахыг хариуцагч “Т” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Д ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, өмгөөлөгч О, хариуцагчийн төлөөлөгч Д, өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн В  хариуцагч “Э ” ГХОХХК, “Т  ” ХХК-д холбогдуулан “Э” ГХОХХК-ийн 50 хувийн хувьцаа худалдсаны үлдэгдэл төлбөр 90,980 ам.доллар буюу 315,667,847 төгрөг, хохирол 77,358,745 төгрөг, нийт 393,026,592 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ГХОХХК-д эзэмшиж буй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахыг хариуцагч “Т  ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/03846 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Э ” ХХК болон “Т  ” ХХК нараас “Э ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа худалдсаны үнэ 315,667,847 төгрөг, хохирол 77,358,745 төгрөг, нийт 393,026,592 төгрөгийг гаргуулах, “Э ” ГХОХХК-д эзэмшиж буй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахыг хариуцагч “Т” ХХК-д даалгах тухай В ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,451,330 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/00403 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/03846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 314,988,226 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн В -д олгож, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн В -аас “Э” ГХОХХК-ийн хувьцааны 50 хувийг шилжүүлэн авахыг хариуцагч “Т” ХХК-д, “Э ” ГХОХХК-ийн энгийн хувьцааны 123,000 ширхэг буюу 50 хувийн хувьцааг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 78,038,366 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Э” ГХОХХК-д холбогдуулан гаргасан 393,026,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНСУ-ын иргэн В -ны нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж өөрчилж, “...үлдээсүгэй...” гэснийг үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,732,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн В -д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Д ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.02.28-ны өдрийн 403 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 181/ШШ2023/03846 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхээс ялгаатай дүгнэлт хийж, эрх зүйн үндэслэлийг өөрөөр тодорхойлж хуулийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.05.31-ний өдрийн 001/ХТ2022/00668 дугаар тогтоолоос өөрөөр хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.05.31-ний өдрийн 001/ХТ2022/00668 дугаар тогтоолоор “Хэргийн баримт, зохигчийн тайлбар зэргээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байна.” гэж дүгнэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл нэхэмжлэгч тал Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхой болгохгүйгээр байсан тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон нөхцөл байдалд дүгнэлт хийхээс өөрөөр асуудалд хандах, шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй тул ийм шийдвэр гаргахаас өөр хууль зүйн боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолд “...Нэхэмжлэгч нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч атлаа тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад хувь нийлүүлсэн 100,000 ам.доллароор хариуцагч буюу нөгөө хувьцаа эзэмшигчээсээ шаардаж байгаа нь ойлгомжгүй, нөгөө талаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд анх оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан ч хувьцаа эзэмшигч хэвээрээ үлдэж байгаа хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.” гэж заасныг үл хэрэглэн талуудын маргааны үйл баримтыг худалдах, худалдан авах гэрээний эрхийн харилцаа үүссэн мэтээр дүгнэж хувьцаа эзэмшигчийн эрхээ шилжүүлсэн талаар тохиролцоо, гэрээ хэлцэл байхгүй байхад “...худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй...” гэж дүгнэн “...”Э” ГХОХХК-ийн хувьцааны 50 хувийг шилжүүлэн авахыг хариуцагч “Т” ХХК-д, ”Э” ГХОХХК-ийн энгийн хувьцааны 123,000 ширхэг буюу 50 хувийн хувьцааг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад тус тус даалгаж...” гэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан. Давж заалдах шатны шүүхийн ингэж “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх шаардлага хэрхэн биелэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх учиртай байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсгийн “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ”, 252.2 дахь хэсгийн “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ” гэж зааснаар шилжүүлэн өгөх хөрөнгийн эрхийн доголдлыг хууль зүйн үүднээс авч үзэх юм бол Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэсэн заалтад тулгуурласан “компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрх” нь хэрхэн яаж шилжихээр болсон эрх зүйн баримт бичиг байгаа эсэхэд дүгнэлт хийж байж эцсийн дүгнэлт хийх боломж гарч ирэх ёстой. Дээрх нөхцөл байдал буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан эрх зүйн баримт бичгүүд бүрдсэн эсэхээс хамаарч нээгдэх, үүний тулд Компанийн тухай хуулиар эрх шилжсэнийг зөвшөөрсөн шийдвэрийг эрх бүхий байгууллага нь гаргасан, энэ нь дүрэмд оруулсан өөрчлөлтийн шийдвэр гэх мэт баримтуудтай байж улсын бүртгэлд өөрчлөлтөө бүртгүүлэхэд ямар нэгэн саад тотгор байгаа эсэхээс шалтгаалж “эрх шилжих” боломж бүрэн нээгдэнэ. Энэ үеийг л “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” эрхийн доголдолгүй болж үүрэг гүйцэтгэгчдээс үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн гүйцэтгэлийг шаардах хууль зүйн боломж бүрдэнэ. Гэтэл энэ бүхнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн дээрх шаардлагуудыг үл ойшоож шийдвэр гаргаснаараа “Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар ялгаатай дүгнэлт хийж, эрх зүйн үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлсноос хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна”, “Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “...хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэсэн нь үндэслэл бүхий байх тул түүний гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хуулийг хэрэглэсэн нь түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх боломжоо алдсан тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.28-ны өдрийн 403 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 181/ШШ2023/03846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.05.09-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00565 тогтоолоор хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Д ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн В  нь хариуцагч “Э” ГХОХХК, “Т” ХХК-д холбогдуулан “Э ” ГХОХХК-ийн 50 хувийн хувьцаа худалдсаны үлдэгдэл төлбөр 90,980 ам.доллар буюу 315,667,847 төгрөг, хохирол 77,358,745 төгрөг, нийт 393,026,592 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э ” ГХОХХК-д эзэмшиж буй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахыг хариуцагч “Т  ” ХХК-д даалгах шаардлага гаргасан ба үндэслэлээ “...цаашид “Э” ГХОХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч хэвээрээ байх зорилго байхгүй. 2018.04.01-ний өдөр талууд тохиролцооны бичиг үйлдэж хамтын ажиллагааг бүрэн зогсоосон. Уг бичгээр хариуцагч компаниудын захирал Д нь миний эзэмшлийн 50 хувийн хувьцааг худалдаж авахаар, төлбөр бүрэн төлөгдсөний дараа нь 50 хувийн хувьцааг би түүнд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасанд нийцсэн, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны үлдэгдэл үнийг, ... гэрээнээс учирсан хохирол, зардлын хамт шаардах эрхтэй ба хувьцааг шилжүүлж авахыг хариуцагч “Т” ХХК-д даалгах үндэслэлтэй” гэжээ.

7.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...хамтарсан компанийн цаашдын хувь заяа, хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хувь нийлүүлсэн хөрөнгийг хэрхэх зэрэг асуудлаар талууд хуралдаж байж шийдвэрлэхийг хууль болон компанийн дүрмээр маш тодорхой зааж өгсөн байтал ийм шаардлага тавьж байгаа нь хууль бус юм. Тохиролцооны бичгээр тодорхой болзол тавьсан байна. 4 дэх нөхцөлд ... эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж ашиг олж эхэлбэл тухайн этгээд эзэмшиж байсан компанийн 50 хувийн өмчийг хамгийн эхэнд Д д худалдан хувьцаагаа үлдээнэ гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлоод байгаа хэлцэл нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, болзол биелсний дараа тухайн асуудлаар бие даасан хэлцлүүд хийгдэх учиртай байсан. Түүнчлэн эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг олсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нөгөөтээгүүр, ийнхүү үйл ажиллагаа тогтворжиход В -ын үүрэг оролцоо байхаар мөн 5 дахь нөхцөлд заасан байгаа ...” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан.  

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...талууд 2018 оны 1 сард “С ” эмнэлэг /сувилал/-ийг үүсгэн байгуулсан ба үйл ажиллагаа, ашиг орлоготой холбогдсон асуудлаас үл ойлголцох болж, улмаар 2018.04.01-ний өдөр тохиролцооны бичгийг үйлдэж, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  болсон байна. Энэ бичигт зааснаар “...эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг орлого сайжирсан тохиолдолд 2018.06.30-ны өдрөөс эхлэн 3 сарын дотор Д  нь В -ын хөрөнгө оруулалт болох 100,000 ам.долларыг олгох, нэхэмжлэгч өөрийн эзэмшиж буй компанийн 50 хувийн хувьцааг Д д шилжүүлэхээр тохиролцсон”-ыг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан “болзол тавьж хийсэн хэлцэл” гэж тодорхойлсон байх бөгөөд “...хэргийн баримтаар 2018.06.30-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг орлого сайжирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу болзол хангагдсан гэж үзэхээргүй байх тул талуудын тохиролцоо хэрэгжээгүй, тэдэнд эрх, үүрэг үүсэхгүй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.             

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талууд 2018.04.01-ний өдөр хэлцэл хийж, “Э” ХХК-ийг байгуулан хамтран ажилласан тохиролцоогоо дуусгавар болгох, компанийн үйл ажиллагааг 50 хувийн хувьцаа эзэмшигч “Т” ХХК цаашид эрхлэн явуулах, В-ын “Э” ХХК-д эзэмшиж буй 123,000 ширхэг буюу 50 хувийн хувьцааны үнэ 100,000 ам.долларыг “Т” ХХК төлж, уг хувьцааг шилжүүлэн авахаар тус тус тохиролцсоныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Талууд хувьцааны үнийг төлж эхлэх хугацааг хэлцэл хийсэн өдрөөс бус компанийн үйл ажиллагаа тогтворжиж, орлого олж эхлэх боломжит 3 сарын хугацаа буюу 2018.06.30-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсоныг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоосон байна. Хариуцагч “Т” ХХК тухайн тохиролцсон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж, хувьцааг шилжүүлэн аваагүй байх тул компанийн хувьцааны 50 хувийн үнэ 315,667,847 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Э” ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг шилжүүлэн авахыг хариуцагч “Т” ХХК-д даалгах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ. 

Харин Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан хувьцаа эргүүлэн худалдаж авах нөхцөлд л хувьцааны үнэ төлөх үүрэг хүлээх ба ийм нөхцөл бий болоогүй гэж дүгнэн “Э” ХХК-аас 393,026,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “Э” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаа явуулах, үүссэн маргаантай холбогдон гарсан зардалд 77,358,745 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхдээ “...компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг тухайн этгээд өөрөө хариуцах учир хариуцагч нар уг зардлыг хариуцах үүрэггүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамаарахгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэл болж буй 2018.04.01-ний өдрийн хэлцлийн талаар хууль хэрэглээний өөр өөр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг ялгаатай шийдвэрлэсэн байх тул  хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Д ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

11.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч В, хариуцагч “Т” ХХК нар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр “Э” ХХК-ийг үүсгэн байгуулах, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хувьцаа эзэмшигч тус бүрийн оруулсан 100,000 ам.доллараас бүрдэх, талууд уг хэмжээгээр компанид хувьцаа эзэмшихээр тохиролцсон ба дүрэмд зааснаар компани нийт 246,000 ширхэг энгийн хувьцаатай ба хувьцааны 123,000 ширхэг буюу 50 хувийг БНСУ-ын иргэн В, мөн 123,000 ширхэг буюу 50 хувийг “Т” ХХК эзэмшсэн. Нэхэмжлэгч нь 2017.10.31-ний өдөр хувьцааны үнэд 100,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн, харин хариуцагч нь эзэмшсэн хувьцаандаа ногдох хувь нийлүүлсэн хөрөнгөд 100,000 ам.долларыг компанид шилжүүлээгүй нь тогтоогдсон, ...2018 оны 1 сард эмнэлэг байгуулж, ... үл ойлголцох болсноор 2018.04.01-ний өдөр тохиролцооны бичгийг үйлдсэн ба эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2018.04.01-ний өдрийн  тохиролцооны бичигт заасан нөхцөлийн талаар талууд маргасан ба энэхүү хэлцлийн 1-д “2018.04.01-ний өдрөөс эхлэн түншлэлийг дуусгавар болгох”; 2-т “Түншлэл дууссаны дараа Д нь компани болон компанийн үүсгэн байгуулсан “С” эмнэлэг /сувилал/-ийг дангаар удирдаж, холбогдох бүхий л зардлыг хариуцах”; 3-т “...эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг орлого сайжирч эхлэх хугацаа /2018.06.30-ны өдөр/-наас эхлэн 3 сарын дотор хөрөнгө оруулагч В -ын эзэмшиж буй компанийн 50 хувьд хамаарах хөрөнгө оруулалт 100,000 ам.долларыг олгох”; 4-т “Хөрөнгө оруулагч нь ... эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг олж эхэлбэл өөрийн эзэмшиж буй компанийн 50 хувийн хувьцааг хамгийн эхэнд Д д худалдаж, шилжүүлэх”; 5-д “...хөрөнгө оруулагч нь эмнэлгийн үйл ажиллагаанд тусламж үзүүлэн ажиллах үүрэг хүлээх”-ээр тус тус заажээ.

12.Анхан шатны шүүх дээрх хэлцлийн 3-т заасан нөхцөлийг Иргэний хуульд заасан “болзол тавьж хийсэн” гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх бөгөөд талуудын хүсэл зориг, бусад тодорхой үйлдлээс хамааралтайгаар бий болох нөхцөл заасныг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хэлцэл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, болзол тавьж хийх хэлцлийн үндсэн гол нөхцөл нь тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор талууд тохиролцоно. Гэтэл энэ тохиолдолд хууль зүйн фактын хувьд үйл явдал бус харин оролцогч талуудын хүсэл зориг, үйлдлээс хамааралтай нөхцөлийг заасан нь “болзол тавьж хийсэн” хэлцэлд хамаарахгүй. Иймээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн буруу дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

13.Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн төлбөр төлөх хугацааг заасан нөхцөл гэж дүгнэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т нийцсэн гэж үзэх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/00403 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Д ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 1,732,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                 Н.БАЯРМАА

                                                                             Д.ЦОЛМОН