Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00115

 

А.Т, Ц.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00008 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2024/00007 дугаар магадлалтай,

А.Т, Ц.Н нарын нэхэмжлэлтэй

Э.Ч, С.Э, Б.Э нарт холбогдох

Эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 32,921,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нарын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.А.Т, Ц.Н нар нь Э.Ч, С.Э, Б.Э нарт холбогдуулан эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 32,921,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00008 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Э, Э.Ч, С.Э нараас 19,659,779 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,261,317 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Э.Ч, С.Э нараас 256,249 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож шийдвэрлэжээ.

3.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2024/00007 дугаар магадлалаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00008 дугаартай шийдвэрийн тогтоох 1 дүгээр заалтад “хариуцагч Б.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э.Ч, С.Э нараас 19,659,779 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 9,829,889 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож” гэж, 2 дугаар заалтад “...хариуцагч Э.Ч, С.Э нараас 256,249 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 128,124 төгрөгийг” гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Э-ын давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Э-ын давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,802 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагч Б.Э, Э.Ч, С.Э нар нь 2023.01.17-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт гэм хорын хохирол учирсан болох нь прокурорын тогтоолууд, техникийн шинжээчийн 02/** тоот дүгнэлт, хариуцагч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, торгуулийн баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлээгүй, зөвхөн 02/** дугаар техникийн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хариуцагч Б.Э нь 2023.02.17-ны өдрийн 02/** тоот техникийн шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн замын тэмдэглэлийн 1.4 заалт буюу “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрчсөн буюу эгнээ хааж, замын үргэлжилсэн цагаан зураас даван хөндлөн зогссоны улмаас Э.Ч тойрч гарах хөдөлгөөн хийхдээ урсгал сөрсөн. С.Э нь гэрлийн гялбаанд орж осол гарсан үйл баримт тогтоогддог. Хэрэв Б.Э замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, дээрх үйлдлийг гаргаагүй, үргэлжилсэн цагаан зураас давж тээврийн хэрэгслээ байршуулаагүй бол осол гаргахгүй байх боломжтой байсныг шүүх анхаарч үзэлгүй зөвхөн техникийн шинжээчийн дүгнэлтийг үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

4.1.Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгч нарт хохирол учирсан шалтгаант холбоотой..., ...Б.Э нь В маркийн 0*** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус тэмдэгтүүдийг давж зогссоны улмаас хариуцагч С.Э, Э.Ч нар нь зам тээврийн осол гаргасан гэж шүүх дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй болно гэж дүгнэсэн. ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Э нь замын хориглосон тэмдэг тэмдэглэлийг зөрчиж зам хөндлөн зогсож байсан үйлдэл нь зам тээврийн ослын шууд бус шалтгаан болсон. Давж заалдах шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байхад энэ хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.16-ны өдрийн 001/ШХТ2024/00606 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагч Э.Ч, С.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээв.

7.Нэхэмжлэгч А.Т, Ц.Н нар хариуцагч Э.Ч, Б.Э, С.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 49,465,420.51 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ багасгаж, өөрт учирсан гэм хорын хэмжээг 32,921,096 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...2023.01.17-ны өдөр Д аймгийн З сумын 2000 хашааны хойд зам дээр өөрийн эзэмшлийн 6*** улсын дугаартай Т маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад хариуцагч нар Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, 11.5-д заасныг зөрчиж, осол гаргасны улмаас нэхэмжлэгч нарын биед хөнгөн хохирол, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Э.Ч, С.Э нар бодит хохирлыг хамтран хариуцна гэсэн бол хариуцагч Б.Э осол гарсанд гэм буруугүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Э, Э.Ч, С.Э нараас 19,659,779 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Э Замын хөдөлгөөний дүрмийн замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрчсөн боловч зам тээврийн ослын шалтгаан нь жолооч С.Э, Э.Ч нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс болсон гэж дүгнэн, хариуцагч Б.Э-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан тухай хариуцагч С.Э, Э.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд нийцсэн тул хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлээс 19,659,779 төгрөгийн шаардлагыг хангаж, 13,261,317 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд энэ талаар дүгнэлт өгөхгүй бөгөөд хариуцагч нарын гомдлыг хянан хэлэлцэв.

10.Д аймгийн З сумын 2000 хашааны хойд зам дээр 2023.01.17-ны өдөр А.Т, Ц.Н нар Т маркийн 6*** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад Х маркийн 01** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Ч нь эгнээг хааж зогссон Б.Э-ын машиныг тойрч гарахын тулд эсрэг урсгалд орж, улмаар өөдөөс нь явж байсан В маркийн 7*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Э урд явж байсан нэхэмжлэгч нарын машиныг араас нь мөргөж, осол гарсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ. Осол хэрхэн гарсан талаар хоёр шатны шүүх дүгнэх үүрэгтэй бөгөөд зөвхөн хариуцагч нарын гаргасан зөрчлийг зааж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй нөхцөл байдлыг бий болгосон байх тул дээрх байдлаар дүгнэх шаардлагатай гэж үзэв.

11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болох хуулийн зохицуулалтыг зөв сонгосон боловч гэм хорыг хариуцах үүрэг бүхий этгээдийн талаар өөр өөр дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд бус осол гаргасан гэм буруутай этгээдүүдийн хувьд гэм хорын хохирлыг шаардсан байх тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой болжээ.

11.1.Хариуцагч нарын хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар дараах баримтууд хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Б.Э цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... миний урд байсан том тэрэг удаад,... миний машиныг мөргөх, шахах гээд байхаар нь би гэрлээрээ дохиод сигналдаад зогсоосон. Тэгээд би тэр танихгүй төмөр замын хувцастай нөхрөөс “чи машинаа жаахан урагшлуулаад өгөөч, би ямар ч эргэж гарах зайгүй боллоо” гээд хэлтэл “би мэдэхгүй ээ, энэ миний машин биш ээ” гэчхээд машинаа түгжээд явах гэхээр нь би “хөөе би наад машиныг чинь асаагаад тэгшлээд тавиад өгье, тэгж байж миний машин тэгшхэн орох гээд байна” гэсэн чинь тэр залуу “би мэдэхгүй” гээд бид хоёр юм яриад зогсож байсан чинь миний хажууд түс тас гээд осол болсон” гэх мэдүүлэг (1хх 117),

хариуцагч С.Э-ийн “... өглөө засмал зам дээрээс урагшаа очерь шахах юм байна гээд байхаар нь би босоод найзынхаа эзэмшлийн В маркийн 7*** 1*** СЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөн шороон замаас засмал зам руу орж улмаар ертөнцийн зүгээр хойшоо чигтээ 2000 хашаа өнгөрөөд явж байтал өөдөөс машин гарч ирээд гэрлийн гялбаанд орсон. Тэгээд гэрлийн гялбаанаас гартал өөдөөс том тэрэг тулаад ирэхээр нь тухайн тэрэгнээс зайлуулж буруу тийшээ дартал замын хажууд Т маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэг рүү нь мөргөөд замын хажуу руу ороод зогссон. ...” гэх мэдүүлэг (1хх 120),

хариуцагч Э.Ч-ын “...2000 хашааны хойд талд 01** улсын дугаартай Х маркийн тээврийн хэрэгслээ жолоодон явж байтал зам дээр тээврийн хэрэгслүүд огцом дараад урдуур эргээд байсан. Тэгээд юу болоод байгаа юм бол гэж гайхаад хажуугаар нь гараад гаалийн хяналтын камерын ертөнцийн зүгээр хойд талд явж байтал 08** улсын дугаартай В маркийн тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг хааж зогссон байсан. Тэгэхээр нь хажуугаар нь урсгал сөрөөд тойроод гараад явж байтал өөдөөс 7*** улсын дугаартай В маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолооч талын урд багана хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гарсан. ...” гэх мэдүүлэг (1хх 122),

Д аймгийн З сум дахь Сум дундын П газраас томилогдсон Техникийн шинжээчийн 2023.02.27-ны өдрийн 02/** дугаартай дүгнэлтээр В маркийн 7*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...-ыг хориглоно” гэснийг зөрчиж архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж багажаар үлээлгэн үзэхэд 1,30 хувьтай гэж тогтоосон, Х маркийн 01** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, В маркийн 0*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу “1.1-1.3 ... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж тогтоожээ.

Хариуцагч Б.Э гаргасан зөрчлөө зам тээврийн осол гарах шалтгаан болоогүй гэж маргасан боловч Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.1. “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.2. (үргэлжилсэн өргөн шугам) зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ, 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэх тэмдэглэлүүдийг тээврийн хэрэгслээр давахыг хориглосон байхад жолоодож явсан В маркийн 0*** улсын дугаартай тээврийн хэрэгслээ тус тэмдэгтүүдийг давуулж зогссоны улмаас хариуцагч Э.Ч нь тээврийн хэрэгслээрээ тойрч гарах хөдөлгөөн хийж байхдаа эсрэг урсгалд орсон, хариуцагч С.Э согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Э.Ч-ын машиныг мөргөж улмаар урдаа явсан нэхэмжлэгч нарын машиныг мөргөсөн осол гаргасан нь тогтоогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн байна.

11.2.Иймд хариуцагч С.Э, Э.Ч, Б.Э нараас нийт 19,659,779 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. Хариуцагч нар нь тус бүр 6,553,259 төгрөгийг нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт төлөх үүрэгтэй болно.

12.Техникийн шинжээчийн дүгнэлтээр “...В маркийн 0*** улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу 1.1-1.3 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрчсөн” гэж дүгнэсэн боловч энэ зөрчил нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх тухай Мөрдөгчийн асуултад (1хх-57) шинжээч хариулаагүй байхад давж заалдах шатны шүүх Б.Э-ын үйлдлийг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 49.1,40.2-т нийцсэнгүй. Шинжээч асуултад хариулаагүй хэдий ч хэрэгт байгаа бусад баримтаар хариуцагч Б.Э нь замын тэмдэглэлийг давж тээврийн хэрэгслээ хөндлөн зогсоосны улмаас Э.Ч нь тээврийн хэрэгслээр тойрч гарах үйлдэл хийсэн, үүний улмаас осол гаргасан үйл баримт тогтоогдсон байх ба шинжээчийн дүгнэлт дутуу байгаа нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байна. “Зам тээврийн осолтой холбоотой нөхцөл шалтгааныг шийдвэрлэхдээ шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зайлшгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, хариуцагч Б.Э-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэ үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 202/ШШ2024/00007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00008 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Ч, С.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.15-ны өдөр төлсөн 67,376 төгрөгийг, хариуцагч С.Э-с 2024.04.15-ны өдөр төлсөн 67,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРМАА

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН