Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/01646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэгт оршин суух, Б овогт Ш-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “А т ү т ” ТӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ш.Б эрх зүйч болон тээврийн менежментийн мэргэжилтэй. 2017 онд “А т ү т ” ТӨҮГ-ын тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Дэд захирал тээвэр зохицуулалтын хэлтэс, авто үйлчилгээний хэлтэс, хөдөлгөөний удирдлагын хэлтсийг тус тус хариуцдаг. Тээврийн чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй гурван авто вокзалын үйл ажиллагаанд хяналт тавих, түрээслэгч болон тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс хяналт шалгалт хийх, холбогдох асуудлаар хурал зөвлөгөөн зохион байгуулах зэргээр тээвэр зохион байгуулалтын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүднээс газар дээр нь очиж ажиллах шаардлага байнга гардаг. Үүний тулд ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргийн дагуу өглөөний ачааллын үе болох 8 цагийн тээвэрлэлт эхлэх үед 7 хоногт 1, 2 удаа очиж ажил байдалтай танилцаж үүрэг чиглэл тогтмол өгч асуудлыг шийдвэрлэн ажилладаг.

            Авто үйлчилгээний чиглэлээр Яамтай байгуулсан гэрээний үүргээр орон нутагт авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийн дагуу Захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсгийг ахлан, ажлын 7 хоногийн 1 өдөр цирк дээр байрлах байранд ажлын хэсгийн хурлыг тогтмол хийх, ангилал тогтоох үйл ажиллагааг тогтмол хийдэг.

Хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн ажил үүрэгтэй холбоотойгоор Авто тээврийн хяналтын Улсын байцаагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөв зохистой хэрэглэх хэрхэн хэрэглэж байгаад хяналт тавьж ажиллах үүрэг хүлээн ажилладаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг байсан. Энэхүү ажлын онцлог байдлаас хамаарч, миний ажил зүгээр нэг оффист суугаад хийх бус тухайн нэгж газрууд дээр очиж ажиллахыг шаарддаг байсан болохыг харуулна. Үүний зэрэгцээ Зам тээвэр хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Таван толгой түлш ХХК, Гашуунсухайт авто зам ХХК зэрэг байгууллагад өөрийн байгууллагаа төлөөлөн тээврийн асуудал хариуцсан дэд захирлын хувьд ажлын хэсэгт орж ажиллах, хурал зөвлөгөөнд суух тохиолдол багагүй байдаг. Мөн “Таван толгой түлш” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2018 оны 5 дугаар сарын 18-наас ажиллаж байсан.

Ийм их ачаалалтай ч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, “А т ү т ” ТӨҮГ-ын тухайн жилийн эхэнд буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу батлагдсан амралтын хуваарийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэх хуваарьтай байхад “А т ү т ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/319 тоот тушаалаар халсан болно. Ийнхүү халах болсон шалтгаан нь:

1.2018 оны 8 дугаар сарын 10-ны Б341 тоот тушаал, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б73 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, хэрнээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжинд бүртгүүлээгүй, ажил тасалсан,

2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй,

3.Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага хийсэн,

4.Албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, хууль бусаар цахим мэдээллийн системд бүртгэн, тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон гэх ноцтой зөрчил, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж халсан байна. Энэхүү тушаалыг хууль бус гэж үзэж байгаа ба тухайн үндэслэл тус бүрийг тайлбарлавал:

1.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан талаар: Дээр дурдсан ажлын чиг үүргийн хүрээнд УБ хот дахь авто тээврийн үйлчилгээ үзүүлж буй газрууд, болох Нисдэг машин, Хөсөг трейд, Цирк, авто вокзалууд зэрэгт очиж ажилладаг. Өглөө шууд тухайн ажлын нэгж руу явах, тус газартаа ажиллаж байгаад ажлаас тарах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн хөдөлмөрийн дотоод журмын дагуу байгууллагын Тэргүүн дэд захирлаас авсан 2 өдрийн чөлөө, орон нутагт томилолтоор ажиллаж байсан өдрийг хүртэл бүгдийг ажил тасалсан мэтээр бүртгэсэн байна. Тухайн ажил тасалсан гэж бүртгэсэн 5 сард би бүрэн ажилласан гэж цалингаа авсан, мөн 2019 оны 7 дугаар сарын 1-нд “А т ү т ” ТӨҮГ-ын хагас жилийн ажлын үр дүн, тайланг эрх бүхий газраас дүгнэхэд, бүхий л ажиллагсад дүгнүүлэхэд, нэхэмжлэгч бүрэн хангалттай дүгнэгдсэн байдаг ба энэ үед ямар нэгэн ажил таслалтын тухай яригдаагүй. Ажил тасалсан бол хагас жилийн ажлын тайланг авч дүгнэхэд энэ заавал яригдах байсан. Нөгөө талаар надтай нэгэн ижил бусад удирдлага ч цаг бүртгэлийн төхөөрөмжинд бүртгүүлэх боломжгүй, бүртгүүлээгүй л байдаг байсан. Өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдээгүй, нэхэмжлэгчийн цалин хөлс тухайн сард бүтэн орсон байдаг болно.

2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй: Миний хувьд, захирал, тэргүүн дэд захирлаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй орхигдуулсан, цалгардуулсан тохиолдол байхгүй. Тус байгууллагын захирал 2019 оны 6 дугаар сарын 04-нөөс томилогдон ажиллаж байгаа боловч нэг ч удаа надтай биечлэн уулзаж үүрэг даалгавар өгч байгаагүйгээс гадна 2019 оны 6 дугаар сард Цогцэций суманд сургалтын ажлыг зохион байгуулаагүй гээд байгаа эсхүл сургалт болоогүй гээд байгаа алин болох тодорхойгүй. Нэхэмжлэгч тухайн үед сургалт зохион байгуулах ажлын дагуу үүрэг даалгаврыг өгөөд өөрөө өөр газар руу томилолтоор явсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.  

3.Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага өгсөн: А т ү т ийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн удирдамжийн дагуу Дорнод аймгийн Матад суманд газрын тосны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ны үйл ажиллагаанд 6 дугаар сарын 11-нээс 17-ны хооронд хяналт шалгалтын ажлыг хийгээд ирсэн томилолттой холбоотой мэдээлийг 2019 оны 6 дугаар сарын 20-нд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр мэдээлэл өгөх явцад “Хөвсгөл аймгийн зорчигч тээврийн аж ахуй нэгжүүд 19 цагийн давтамж нэмсэн талаар хууль хяналтын байгууллагад өгсөн гэх мэдээлэл байна. Үүнийг тодруулж өгөөч” гэж сурвалжлагч хүссэн. Миний ажлын байрны тодорхойлолтонд, хариуцсан ажлын хүрээнд мэдээлэл өгөх шаардлага гарсан учраас дээд газраас ирсэн албан мэдэгдлийн талаар товч танилцуулсан, энэ нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний МХЕГ-ын 07/1867 тоот албан мэдэгдэл бөгөөд “Чингүүн хурд” ХХК-ийн талаар, ажлын хэсгийн дүгнэлтээр их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тул Зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь мөн оны 6 дугаар сарын 17-ны дотор зогсоохыг мэдэгдсэн албан мэдэгдэл байсан ба үүнийг товч мэдээлсэн. Миний хувьд хариуцаж буй ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлэл өгч ажиллаж ирсэн, ийм тохиолдолд удирдлагын зөвшөөрөл авах ямар нэгэн зохицуулалт байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод гадагш хэвлэл мэдээллийн байгууллагатай шууд харилцахаар заасан. Нэгэнт эрх бүхий байгууллагаас шалгаад ирүүлсэн албан бичгийн талаар танилцуулснаар, байгууллагын эрх ашиг хохирох, ямар нэг байдлаар зөрчигдсөн зүйл болоогүй.

4.Албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, хууль бусаар цахим мэдээллийн системд бүртгэн, тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон гэх зөрчлин тухайд: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь АТГ-т олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг дамлан худалдсан гэх хэргээр шалгаж эхэлсэн, энэ үед тухайн ажлыг хариуцсан дэд захирлын хувьд хамруулан 2017 оны 12 дугаар сарын 20-нд сэжигтнээр татан шалгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Уг зөрчил 2017 оны 11 дүгээр сард илэрсэн, гэтэл 2019 оны 7 дугаар сарын 19-нд буюу зөрчил илэрснээс хойш 2 жилийн дараа ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Мөн нэхэмжлэгчийн ээлжийн амралт 2019 оны 7 дугаар сарын 16-наас эхэлсэн. Наадмын дараа ээлжийн амралтаа эдлэх байтал ажлаа хийж бай гэсэн, гэхдээ ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалд өөрчлөлт оруулсан, эсвэл намайг тодорхой шалтгаанаар ажиллуулах болсон гэх ямар нэг тушаал гараагүй. Тэгээд энэхүү 16-наас хойшхи хугацааг мөн л ажил тасалсан гэж үзсэн. Ямар нэгэн байгууллагын үйл ажиллагаа амаараа, дураараа явагддаггүй. Би сард 2.100.000 төгрөгийн цалин авдаг байсан, надтай ээлжийн амралтын тооцоог ч хийгээгүй.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт тушаал гарсан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Б тус байгууллагад дэд захирлаар ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/319 тоот тушаалаар түүнтэй байгуулсан гэрээг дөрвөн үндэслэлээр цуцалсан.

1.Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажил тасалсан тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1.11-д өөрийн биеэр цаг бүртгэх төхөөрөмжид ажилдаа ирэх, ажлын өдөр дуусахад харъяалах алба, хэлтэс, тасаг, төвийн бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх... гэж заасан байдаг. Нэхэмжлэгч “А т ү т ” ТӨҮГ-ын төв байранд байрлуулсан цаг бүртгэлийн төхөөрөмжинд удаа дараа цагаа бүртгүүлээгүй, ажил таслаж байсан бөгөөд өмнө авсан сахилгын шийтгэлүүд мөн ажил тасалсанаас үүдэн авч байсан. Түүнд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/341 дугаар тушаалаар ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар зохих зөвшөөрөл, томилолтгүйгээр үүрэгт ажлаа дур мэдэн орхиж, 5 өдрийн ажил тасалсан тул сарын үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээлгэсэн. Энэ тушаалуудад нэхэмжлэгч гомдол гаргаж байгаагүй. Түүнтэй байгуулсан гэрээний 4.3.5-д “ажлын 3 хоног тасалсан” нь гэрээг цуцлах ноцтой зөрчилд тусгасан байгаа.

2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. “А т ү т ” ТӨҮГ-ын захирал 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шуурхай зөвлөгөөн хийж, Гашуун сухайт боомтод тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран /галын аюулгүй байдлын тухай/ сургалт зохион байгуулах ажлыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор гүйцэтгэх үүрэг өгсөн. Уг үүргийг гүйцэтгээгүй, сургалт зохион байгуулаагүй хэрнээ зохион байгуулсан мэтээр хуурамч тайлан ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

3.Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага өгсөн.  Хөдөлмөрийн дотоод журмын 8.13.3 дахь заалтыг зөрчин үйлдвэрийн газрын захирлаас зөвшөөрөл авч өгөх нэн шаардлагатай мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүй 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тарааж ярилцлага өгсөн. Түүнчлэн нэхэмжлэгч ажил үүргийн хүрээнд мэдээлэл өгсөн гэж байгаа ч тэрээр өөрөө дур мэдэн сэтгүүлчдийг дуудан байж ярилцлага өгсөн болно. Энэ ярилцлагаар байгууллагын үйл ажиллагаанд харш илтэд ташаа мэдээллийг тараасан болно.

4.Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшлийн нийт 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар ERP цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгож, дээрхи хуулийн этгээдүүдэд С зөвшөөрөл олгосон зөрчил гаргасан болох нь прокурорын мэдэгдэлийг тус үйлдвэрийн газарт ирүүлснээр захиргаа зөрчлийг мэдсэн болно. С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар нилээд хэдэн хүмүүс шалгагдаж байгааг мэдэж байсан ч тухайлан нэхэмжлэгч шалгагдсан, зөрчил гаргасан болох нь Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл ирүүлснээр мэдсэн тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй.  Нийслэлийн прокурорын газрын мэдэгдэлд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 1.5 зөрчсөн нь тогтоогдсон, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгахыг үүрэг болгосон байсан. Энэ зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д заасан “байгууллагын эсрэг харш ажиллагаа” гэж үзсэн.

Дээрх дөрвөн зөрчлөөс ажил тасалсанг давтан зөрчилд бусад гурван зөрчлийг ноцтой зөрчилд тус тус тооцсон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар гэрээг цуцлахад ажилтны гаргасан зөрчил бүр тогтоогдсон байхыг шаардахаас өмнө сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ш.Б “А т ү т ” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тус байгууллагын дэд захирлын албан тушаалд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс томилогдож, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг байгуулан талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын маргаангүй тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /1хх 60-61, 93/

Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/319 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/41 дүгээр мэдэгдэл, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.5, 4.3.9, 4.3.13, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.5, 3.18.10, 5.1.11, 5.1.13, 8.18.3, 11.4, 11.6.1, 11.6.2, 11.6.5, 11.6.11, 11.6.27, 11.6.35-д заасныг тус тус үндэслэн мөн өдрөөс гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх 191/

            Нэхэмжлэгч дөрвөн зөрчил гаргасан, үүнээс ажил тасалсан зөрчлийг “давтан” зөрчилд, харин удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, С зөвшөөрлийг олгосон мэтээр цахим системд бүртгэсэн зөрчлийг “ноцтой” зөрчилд тооцсон хэмээн хариуцагч тушаалын үндэслэлийг тайлбарлав.

Ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр гэрээг цуцлахад ажилтан гэрээгээр тухайлан тохиролцсон зөрчлийг гаргасан байх, “давтан” үндэслэлээр гэрээг цуцлахад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, түүнчлэн аль ч тохиолдолд захиргаа зөрчил гаргасан үйл баримтыг баримтаар тогтоосон байх үүрэгтэй.  

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлах “ноцтой зөрчил”-д тооцох 23 зөрчлийг нэрлэн жагсааснаас Б/319 тоот тушаалын үндэслэл болох 4.3.1-д “байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан” гэж, 4.3.5-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоног ажил тасалсан” гэж, 4.3.9-д “удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хугацаатай албан бичгийн хугацаа хоцорсон” гэж, 4.3.13-т “Байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан” бол тус тус ноцтой зөрчилд тооцохоор тусгажээ.

1.Ажил тасалсан тухайд: Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлэгт ажилтны ажил, амралтын горим ямар байх, хэрхэн чөлөө, зөвшөөрөл авах зэргийг зохицуулсан байх бөгөөд үүнээс 6.1, 6.3, 6.8-д “ажлын цаг өдрийн 8 цаг, ажил эхлэх цаг 08.30, дуусах цаг 17.30 байхаар, ажилчдын цагийн бүртгэлийн тооцоог хөтлөхөөр, ажлын байрнаас гадуур ажиллахдаа даргад мэдэгдэж гадуур ажлын дэвтэрт бүртгүүлэхээр, түүнчлэн 6.12.5-д “тэргүүн дэд захирал, дэд захирал, төвийн даргад захирал чөлөө” олгохоор, 6.17-д “ажилтан чөлөө авсан тухайгаа цаг бүртгэл хариуцсан ажилтанд болон захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлстийн даргад мэдэгдэх үүрэг хүлээх”-ээр тус тус заажээ.  /1хх 64-78/

             Тус газрын захирлын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/341 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар “сануулах”, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар 5 өдөр ажил тасалсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар албан тушаалын үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байжээ. /1хх 81, 82/

Нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдээгүй болох нь цалин хөлсийг бүтэн авснаар нотлогдоно хэмээн тайлбарласан ч уг тушаалд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад дээрх хоёр тушаалд холбогдуулж гомдол гаргаагүй, хуульд заасан хугацаа хэтэрсэн тул сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хэрэгт нэхэмжлэгчийн 2019 оны 1 дүгээр сараас тушаал гарах өдөр хүртэлх хугацааны цагийн бүртгэлийг баримтаар ирүүлсэн. /1хх 42-46/

Дээрх цагийн бүртгэлээс үзвэл нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд дараалсан ажлын 5 хоног ажил тасалсан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийг гадуур ажилтай, өвчтэй, чөлөөтэй, томилолттой, сургалтад оролцох хугацааг тасалсанд тооцож бүртгэсэн хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боловч хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаа, гадуур ажлын дэвтэр, томилолт олгосон, сургалтад суусан талаарх баримтууд дээрх цаг хугацаанд хамаарахгүй, харин үүнээс өмнөх цаг хугацааны баримтууд байна. Хэрэгт авагдсан чөлөөний хуудсаар 2019 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд түүнд чөлөө олгосон байна. /1хх 22, 32,33, 100-107, 108-115/

Иймд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 5-ны өдрийн хооронд “хүндэтгэх шалтгаантай” ажилд ирээгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй болно. Хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д “ажлын 3 өдөр ажил тасалсан” тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан ч хариуцагч уг зөрчлийг “давтан” зөрчилд тооцсон хэмээн тайлбарлаж байна. Нэхэмжлэгч сахилгын шийтгэлтэй байх хугацаанд “давтан” ажил тасалсан болох нь баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

2.Үүрэг даалгавар биелүүлээгүй тухайд: Энэ зөрчилд тус газрын захирлын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс нэхэмжлэгчид “Гашуун сухайт боомтод тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгуулах үүргийг” өгсөн, энэ даалгаврыг биелүүлээгүй, хуурамч тайланг өгсөн хэмээн хариуцагч тайлбарлав. Нэхэмжлэгч уг өдрийн хуралдаанаас өгсөн өөр даалгаврыг гүйцэтгэхээр томилолтоор хөдөө явсан, ийнхүү явахдаа холбогдох хариуцсан ажилтнуудад үүрэг даалгаврыг өгөөд явсан, түүнчлэн сургалтыг биечлэн зохион байгуулаагүй эсхүл сургалт зохион байгуулах ажлыг зохион байгуулаагүй аль үндэслэлээр буруутгаж байгаа нь тодорхой бус, тушаалд тодорхойгүй хэмээн тайлбарлав. /1хх 95, 123/

Хэрэгт авагдсан баримтаар мөн өдрийн хуралдаанаас нэхэмжлэгчид 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор Дорнод аймагт томилолтоор ажиллаж, “Петро чайна дачин тамсаг” компанид холбогдох асуудлыг шийдвэрлэх үүргийг өгсөн, уг үүргийн дагуу томилолтоор ажилласан үйл баримтад зохигчид маргаагүй. /1хх 32-33, 95/

Хариуцагч татгалзлаа нотлохоор ирүүлсэн сургалт зохион байгуулаагүй тухай тус байгууллагын Цогтцэций салбарын албан бичиг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийнх тул уг баримт тушаалын үндэслэлд хамааралгүй. Түүнчлэн сургалт зохион байгуулагдсан тухай хэрэгт авагдсан тайлан 2020 оны 4 дүгээр сарын 14-нд тус байгууллагад цахимаар ирсэн болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул энэ зөрчлийг хариуцагч баримтаар нотлоогүй, тогтоогоогүй гэж үзнэ. /1хх 96, 124, 125-128, 2хх 39-43, 64-72/

 3.Зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллагын эсрэг харш мэдээлэл өгсөн тухайд: Зохигчид энэ зөрчлийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ярилцлага хэмээн хэн алин нь тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Түүнчлэн Улсын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлснээс хойшхи хугацаанд хариуцагч энэ зөрчлийг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Үүнээс гадна нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагаас гадагш харилцах хэсэгт “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй. /1хх 62, 63/

4. Тээврийн хэрэгсэлд С зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар цахим системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон тухайд:

Энэ зөрчлийг Нийслэлийн прокурорын газрын мэдэгдэх хуудас ирснээр мэдсэн, уг зөрчлийг Хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д заасан “ноцтой зөрчил” буюу “байгууллагад харш үйл ажиллагаа”-нд хамааруулсан гэж хариуцагч тайлбарлав.

Нэхэмжлэгч зөрчил гаргасан үйл баримтад маргаагүй ч уг зөрчил 2017 оны 7-9 дүгээр сарын хооронд гарсан, хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад ажилтны гэм буруу, гаргасан зөрчил, түүний шинж чанар, үр дагаварт тохирсон байхаас гадна мөн зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/41 дүгээр мэдэгдэлд “дэд захирал Ш.Б цахим мэдээллийн системд 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар системд бүртгэсэн, бусдад давуу байдал бий болгосон байна” хэмээн дурджээ.

Иймд дээрх прокурорын мэдэгдэх хуудас ирснээр тухайлан нэхэмжлэгчийн энэ зөрчлийг мэдсэн, энэ нь Хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “харш үйл ажиллагаа явуулсан зөрчил”-д тооцсон хэмээх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй. Тухайн мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг сарын хугацаа хэтрээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд Ш.Б Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд “ноцтой зөрчил”-д тооцохоор заасан зөрчил болон “давтан” зөрчлийг гаргасан нь тус тус тогтоогдсон байх тул дээрх Б/319 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан явдал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “А т ү т ” ТӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ