Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00614

 

 

 

Ш.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00207 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 794 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Ш.Батсайхан

Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ

 

нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын хяналтын журмаар 2020.05.08-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн тухайн жилийн эхэнд буюу 2019.01.08-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу батлагдсан амралтын хуваарийн дагуу 2019.07.16-с эхлэн ээлжийн амралтаа эдлэх байтал Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн захирлын 2019.07.19-ний өдрийн Б/319 тоот тушаалаар халсан. Тээвэрлэлт хариуцсан дэд захирал нь гурван хэлтсийн ажлыг удирдах, хариуцахын зэрэгцээ Нийслэлд авто тээврийн үйлчилгээ үзүүлж буй газруудад очиж ажилладаг. Өглөө шууд хариуцсан ажлын нэгж руу явах, тус газартаа ажиллаж байгаад ажлаас тарах тохиолдол цөөнгүй гардаг. Тэргүүн дэд захирлаас авсан 2 өдрийн чөлөө, орон нутагт томилолтоор ажиллаж байсан өдрийг хүртэл бүгдийг ажил тасалсан мэтээр бүртгэсэн байна. Би 5 сард би бүрэн ажилласан гэж цалингаа бүрэн авсан, ажил хангалттай гэж дүгнэгдсэн байгаа. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй орхигдуулсан тохиолдол байхгүй. Мэдээлэл тараасан зүйлгүй. Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон гэх ноцтой зөрчил, сахилгын зөрчил гаргасан гэх боловч энэ шалгагдах шатанд байна. Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ш.Батсайхан нь 2018.08.10-ны өдрийн Б/341 дугаар тушаалаар ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, 2019.02.04-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар зохих зөвшөөрөл, томилолтгүйгээр үүрэгт ажлаа дур мэдэн орхиж, 5 өдрийн ажил тасалсан тул сарын үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээлгэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажил тасалсан. Гашуун сухайт боомтод тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран/галын аюулгүй байдлын тухай/ сургалт зохион байгуулах үүрэг гүйцэтгээгүй. Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага өгсөн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 8.13.3-г зөрчин үйлдвэрийн газрын захирлаас зөвшөөрөл авч өгөх нэн шаардлагатай мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр 2019.06.27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж ярилцлага өгсөн. Нийт 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар ERP цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон. Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 181/ШШ2020/00207 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан Ш.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 794 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ш.Батсайхан нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т тээвэрлэлт хариуцсан дад захирлын албан тушаалд ажиллаж байхдаа ажил тасалсан үндэслэлээр 2018.08.10-ны өдрийн Б-341 дугаартай тушаалаар, мөн ажил тасалсан үндэслэлээр 2019.02.04-ний өдөр сахилгын шийтгэл хүлээсэн. Гэвч Ш.Батсайхан нь өөрийн алдаа дутагдалд зохих үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд сургалт зохион байгуул гэсэн үүрэг даалгаврыг биелүүлсэн мэтээр хуурамч баримт үйлдсэн, удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, хэвлэл мэдээлэлд ярилцлага хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, цаг бүртгэлийн цахим бүртгэлд бүртгүүлэхээ больсон, албан тушаалын байдлаа ашиглан олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг хуурамчаар олгосон үүсгэж олгосон зэрэг дахин зөрчил удаа дараа гаргасан тул 2019.07.19-ний өдрийн Б-319 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-р хөдөлмөрийн гэрээг цуцлан мөн хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хоёр. Шүүх хэргийг шийдвэрлэсэн талаар: 181/ШШ2020/00207 дугаартай шийдвэрийг Ш.Батсайхан эс зөвшөөрч нэхэмжлэгч Ш.Батсайхан болон түүний өмгөөлөгч нар нь сургалт зохион байгуул гэсэн үүрэг даалгаврыг биелүүлсэн мэтээр хуурамч баримт үйлдсэн... үндэслэлийн хүрээнд давж заалдах гомдол гаргана. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож буцаахдаа зөвхөн сургалт зохион байгуул гэсэн үүрэг даалгаврыг биелүүлсэн мэтээр хуурамч баримт үйлдсэн тэр хүрээгээр хязгаарлан дүгнэлт хийж хэт нэг талыг барьж гаргажээ. Гурав. Магадлал дараах байдлаар ИХШХШТ хуулийн 172.2.1 дэх заалтыг зөрчсөн талаар: 1. Магадлалын үндэслэл болсон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Х.Баярхүүгийн 2019.06.13-ны өдрийн 3/2312 албан тоотыг нэхэмжлэгч тал шүүхэд гарган өгсөн баримт болохыг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл шүүх энэ баримтыг ИХШХШТХ-н 44.2, 38.6, 51.2-т заасны дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийх учиртай гэсэн дүгнэлт хийсэн байгаа юм. Гэтэл энэхүү баримтыг нэхэмжлэгч нь ИХШХШТХ-н 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийн дагуу нэхэмжлэгч талаас гаргасан баримт бөгөөд өөрийн шүүхэд гарган өгсөн нэхэмжлэлийн шаардлага нотлон өгсөн баримтыг хариуцагч талаас өгсөн мэтээр дүгнэж хуулийг буруу хэрэглэн дүгнэлт өгсөн байна. Энэ хэргийг анхан шатны журмаар хэлэлцэхэд хариуцагч тал оролцоогүй бөгөөд дээр дурдсан цахим хэлбэртэй бичгийн хуулбарыг нотариартаар гэрчлүүлж өгсөн тал нь нэхэмжлэгч тал болохыг анхаарсангүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал үгүйсгэсэн татгалзал бүхий тайлбар гарган мэтгэлцээгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. 2. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 166.4-д Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнгүй. Нэхэмжлэгч тал нь өөрийн гарган өгсөн баримтыг үгүйсгэх замаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бөгөөд хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, хэвлэл мэдээлэлд ярилцлага хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, цаг бүртгэлийн цахим бүртгэлд бүртгүүлэхээ больсон, албан тушаалын байдлаа ашиглан олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон зэрэг зөрчил гаргасан болон урьд нь 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн болохыг мэдүүлсээр байхад энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй. Давж заалдах шатны шүүх хэт нэг талд үйлчилсэн болохыг магадлалын үндэслэх хэсгээс харж болох бөгөөд хариуцагч талын тайлбарыг огт тусгаагүй байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарыг огт дурдаагүй байгаа болно. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш.Батсайхан 2019-08-19-ний өдөр Автотээврийн үндэсний төв-д холбогдуулан тээвэрлэлт хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийх шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн баримтыг үнэлж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 794 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ