Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 794

 

 

 

 

 

 

Ш.Б ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00207 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Б ны хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь эрх зүйч болон тээврийн менежментийн мэргэжилтэй, 2017 онд А ТӨҮГ-ын тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласан. Уг дэд захирал нь тээвэр зохицуулалтын хэлтэс, авто үйлчилгээний хэлтэс, хөдөлгөөний удирдлагын хэлтсийг тус тус хариуцдаг. Тээврийн чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй гурван авто вокзалын үйл ажиллагаанд хяналттавих, түрээслэгч болон тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс хяналт шалгалт хийх, холбогдох асуудлаар хурал зөвлөгөөн зохион байгуулах зэргээр тээвэр зохион байгуулалтын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүднээс газар дээр нь очиж ажиллах шаардлага байнга гардаг. Үүний тулд тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт зохион байгуулах техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах гэсэн ажпын байрны тодорхойлолтонд заагдсан үүргийн дагуу өглөөний ачааллын үе болох 8 цагийн тээвэрлэлт эхлэх үед 7 хоногт 1, 2 удаа очиж ажил байдалтай танилцаж үүрэг чиглэл тогтмол өгч асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Авто үйлчилгээний чиглэлээр Яамтай байгуулсан гэрээний үүргээр орон нутагт авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийн дагуу Захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсгийг ахлан, ажлын 7 хоногийн 1 өдөр цирк дээр байрлах байранд ажлын хэсгийн хурлыг тогтмол хийх, ангилал тогтоох үйл ажиллагааг тогтмол хийдэг. Хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн ажил үүрэгтэй холбоотойгоор Автотээврийн хяналтын Улсын байцаагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөв зохистой хэрэглэх хэрхэн хэрэглэж байгаад хяналт тавьж ажиллах үүрэг хүлээн ажилладаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг байсан. Энэхүү ажлын онцлог байдлаас хамаарч, миний ажил зүгээр нэг оффист суугаад хийх бус тухайн нэгж газрууд дээр очиж ажиллахыг шаарддаг байсан болохыг харуулна. Үүний зэрэгцээ Зам тээвэр хөгжпийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой түлш” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК зэрэг байгууллагад өөрийн байгууллагаа төлөөлөн тээврийн асуудал хариуцсан дэд захирлын хувьд ажлын хэсэгт орж ажиллах, хурал зөвлөгөөнд суух тохиолдол багагүй байдаг. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2018 оны 05 дугаар сарын 18-с ажиллаж байсан. Ийм их ачаалалтай ч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, А ТӨҮГ-ийн тухайн жилийн эхэнд буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу батлагдсан амралтын хуваарийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 16-с эхлэн ээлжийн амралтаа эдлэх хувиартай байхазахирлын 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Б/319 тоот тушаалаар халсан болно. Ийнхүү халах болсон шалтгаан нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны Б341 тооттушаал, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б73 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжинд бүртгүүлээгүй, ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага хийсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, хууль бусаар цахим мэдээллийн системд бүртгэн, тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон гэх ноцтой зөрчил, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж халсан байна. Энэхүү тушаалыг хууль бус гэж үзэж байгаа ба тухайн үндэслэл тус бүрийг тайлбарлавал: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан талаар: тээвэрлэлт хариуцсан дэд захирал нь байгууллагын хүрээнд, тээвэр зохицуулалтын хэлтэс, авто үйлчилгээний хэлтэс, хөдөлгөөний удирдлагын хэлтэс гэсэн гурван хэлтсийн ажпыг удирдах, хариуцахын зэрэгцээ УБ хот дахь авто тээврийн үйлчилгээ үзүүлж буй газрууд, болох Нисдэг машин, Хөсөг трейд, Цирк, авто вокзалууд зэрэгт очиж ажилладаг. Өглөө шууд тухайн ажпын нэгж руу явах, тус газартаа ажиллаж байгаад ажлаас тарах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн хөдөлмөрийн дотоод журмын дагуу байгууллагын Тэргүүн дэд захиралаас авсан 2 өдрийн чөлөө, орон нутагт томилолтоор ажиллаж байсан өдрийг хүртэл бүгдийг ажил тасалсан мэтээр бүртгэсэн байна. Тухайн ажил тасалсан гэж бүртгэсэн 5 сард би бүрэн ажилласан гэж цалингаа авсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-нд А ТӨҮГ-ын хагас жилийн ажлын үр дүн, тайланг эрх бүхий газраас дүгнэхэд, бүхий л ажиллагсад тайлангаа гаргаж өгдөг, түүний жишгээр дэд захирал, тэргүүн дэд захирал, захирал бүгд ажпаа тайлагнаж дүгнүүлэхэд бүрэн хангалттай дүгнэсэн байдаг ба энэ үед ямар нэгэн ажил таслалтын тухай яригдаагүй, үнэхээр би ажил тасалсан бол хагас жилийн ажлын тайланг авч дүгнэхэд энэ заавал яригдах, арга хэмжээ авах байсан. Нөгөө талаар надтай нэгэн ижилээр, бусад удирдлага ч цаг бүртгэлийн төхөөрөмжинд бүртгүүлэх боломжгүй, бүртгүүлээгүй л байдаг байсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй: Миний хувьд, захирал, тэргүүн дэд захирлаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй орхигдуулсан, цалгардуулсан тохиолдол байхгүй, тус байгууллагын захирал 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс томилогдон ажиллаж байгаа боловч нэгудаа надтай биечлэн уулзаж үүрэг даалгавар өгч байгаагүй, мөн цаасаар өгсөн үүрэг даалгавар ч байхгүй хэрнээ ийм хууль бус үндэслэлгүй зүйл бичиж тушаал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага хийсэн: Автотээврийн үндэсний төвийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн удирдамжийн дагуу Дорнод аймгийн Матад суманд газрын тосны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаанд 06 дугаар сарын 11-нээс 17-ны хооронд хяналт шалгалтын ажлыг хийгээд ирсэн томилолттой холбоотой мэдээлийг 2019 оны 06 дугаар сарын 20-нд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр мэдээлэл өгөх явцад Хөвсгөл аймгийн зорчигч тээврийн аж ахуй нэгжүүд 19 цагийн давтамж нэмсэн талаар хууль хяналтын байгууллагад өгсөн гэх мэдээлэл байна. Үүнийг тодруулж өгөөч гэж сурвалжлагч хүссэн. Миний ажлын байрны тодорхойлолтонд, хариуцсан ажлын хүрээнд мэдээлэл өгөх шаардлага гарсан учраас дээд газраас ирсэн албан мэдэгдлийн талаар товч танилцуулсан, энэ нь 2019 оны 05 дугаар сарын 29-ны МХЕГ-ын 07/1867 тоот албан мэдэгдэл бөгөөд “Чингүүн хурд” ХХК-ийн талаар, ажлын хэсгийн дүгнэлтээр их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тул Зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь мөн оны 06 дугаар сарын 17-ны дотор зогсоохыг мэдэгдсэн албан мэдэгдэл байсан ба үүнийг товч мэдээлсэн. Миний хувьд хариуцаж буй ажпын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тогтмол мэдээлэл өгч ажиллаж ирсэн, ийм тохиолдолд удирдлагын зөвшөөрөл авах ямар нэгэн зохицуулалт байхгүй, гэтэл үүнийг үндэс болгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нэгэнт эрх бүхий байгууллагаас шалгаад ирүүлсэн албан бичгийн талаар танилцуулснаар, байгууллагын эрх ашиг хохирох, ямар нэг байдлаар зөрчигдсөн зүйл болоогүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, хууль бусаар цахим мэдээллийн системд бүртгэн, тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон гэх ноцтой зөрчил, сахилгын зөрчил гаргасан: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь АТГ-т олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг дамлан худалдсан гэх хэргээр шалгаж эхэлсэн, энэ үед тухайн ажлыг хариуцсан дэд захиралын хувьд хамруулан 2017 оны 12 дугаар сарын 20-нд сэжигтнээр татан шалгасан ба одоогоор энэ хэрэг шийдэгдээгүй, мөрдөн байцаалтанд буцсан байдаг. Уг зөрчил 2017 оны 11 дүгээр сард илэрсэн, гэтэл 2019 оны 07 дугаар сарын 19-д буюу зөрчил илэрсэнээс хойш 2 жилийн хугацааны дараа түүнтэй холбогдуулж ажлаас халж байгаа хууль бус гэж үзэж байна. Тухайн жилийн ээлжийн амралт 2019 оны 07 дугаар сарын 16-с эхэлсэн. Наадмын дараа ээлжийн амралтаа эдлэх байтал ажлаа хийж бай гэсэн, гэхдээ ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалд өөрчлөлт оруулсан, эсвэл намайг тодорхой шалтгаанаар ажиллуулах болсон гэх ямар нэг тушаал гараагүй. Тэгээд энэхүү 16-с хойшхи хугацааг мөн л ажил тасалсан гэж үзсэн. Ямар нэгэн байгууллагын үйл ажиллагаа амаараа, дураараа явагддаггүй. Би сард 2 100 000 төгрөгийн цалин авдаг байсан, 2019 оны 07 дугаар сарын 16-с хойш сүүлийн цалин гэх 878 955 төгрөгийг олгосон, хэрэв үнэхээр хуулийн дээдэлдэг байсан бол бүтэн жил ажилласан надтай ээлжийн амралтын тооцоог хийгээгүй, энэ тушаал ингэж л хэвийн байдлаар ажиллаж байсан ажилтны эрхийг хохироосон, хууль зөрчсөн болох нь харагдана. Иймд хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор/цалин/-ыг ажлаас халагдсанаас хойш анхан шатны шүүхээр маргаан шийдэх хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б ны өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажлаа тасалсан гэдэг. Цаг бүртгэлийн баримтыг ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р бүлэг, 49-р зүйлд зааснаар ажилтны цалинг цагаар, үр дүнд нь тохируулан олгоно. 49-р зүйлийн 49.6-д хийснээр нь олгоно гэсэн. Хэрэгт цалингийн картыг өгсөн. Хариуцагч байгууллага ажлаа бүрэн хийсэн гээд цалинг өгсөн. 2019 оны 07 дугаар сард балансыг өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралтыг тооцсон. Жилийн ажиллах цагаа ажиллаж байсан байна. Ажил тасалсан гэх үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн дотоод журмын 11-р зүйлд зааснаар үндэслэл бүхий тайлбар, баримтыг Захиргаа, хүний удирдлагын даргад танилцуулсан. Энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Албан ёсны томилолтоор явсан хүнийг ажил тасалсан гэж бүртгэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 2-р зүйлийн 2.10-т тайлангаа ирүүлнэ гэж заасан. 2019 оны хагас жилийн тайлан гаргаад, үнэлүүлсэн. Бүрэн хангалттай гэж үнэлсэн байна. 2019 оны 06 дугаар сард үнэлсэн үнэлгээ. Хэзээ өгсөн үүрэг даалгавар нь тодорхой бус. Үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэдэг нь баримтаар тогтоогдсон байх ёстой гэжээ.

 

Хариуцагч А ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Б аас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр тус үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ш.Б нь 2018 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн Б/341 дугаар тушаалаар ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар зохих зөвшөөрөл, томилолтгүйгээр үүрэгт ажлаа дур мэдэн орхиж, 5 өдрийн ажил тасалсан тул сарын үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээлгэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажил тасалсан тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1.11-д өөрийн биеэр цаг бүртгэх төхөөрөмжид ажилдаа ирэх, ажлын өдөр дуусахад харъяалах алба, хэлтэс, тасаг, төвийн бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх... гэж заасан байдаг. Нэхэмжпэгч нь А ТӨҮГ-ын төв байранд байрлуулсан цаг бүртгэлийн төхөөрөмжинд удаа дараа цагаа бүртгүүлээгүй, ажил таслаж байсан бөгөөд өмнө авсан сахилгын шийтгэлүүд мөн ажил тасалсанаас үүдэн авч байсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй А ТӨҮГ-ын захирал 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шуурхай зөвөлгөөн хийж, Гашуун сухайт боомтод тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран/галын аюулгүй байдлын тухай/ сургалт зохион байгуулах үүрэг гүйцэтгээгүй. Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага өгсөн бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 8.13.3-т заалтыг зөрчин үйлдвэрийн газрын захирлаас зөвшөөрөл авч өгөх нэн шаардлагатай мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тарааж ярилцлага өгсөн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшилийн нийт 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар ERP цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгож, дээрхи хуулийн этгээдүүдэд С зөвшөөрөл олгосон талаар прокурорын мэдэгдэлийг тус үйлдвэрийн газарт ирүүлсэн. Уг мэдэгдэлд Авлигын эсэрг хуулийн 7 дугаар зүйлийн 1.5 зөрчсөн нь тогтоогдсон, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгахыг үүрэг болгосон. Иймд нэхэмжлэгч Ш.Б аас гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б ны хариуцагч А ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ш.Б ны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг А ТӨҮГ-ийн захирлын 2019 оны 7 сарын 19-ны өдрийн тушаалаар ажпаас халахдаа дөрвөн үйл баримтанд үндэслэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байдаг. Шүүх энэхүү тушаалд дурьдсан, дөрвөн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан эрх зүйн хүрээнд дүгнэлт өгөхдөө, Ш.Б ыг ажпаас халах үндэс болсон гэж үзэж буй ажил тасалсан, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, ...хууль бусаар цахим мэдээллийн системд бүртгэн, тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа болохыг тогтоосон хэрнээ зөвхөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байна хэмээн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдож байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанчлан, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж чадсангүй. А ТӨҮГ нь 2019 оны 6 сарын 10-ны өдөр хийсэн ээлжит шуурхай хурлаар цөөнгүй ажпыг хугацаатай төлөвлөн тодорхой этгээдүүдэд хариуцуулсан байна. Энэ нь хавтаст хэрэгт байгаа “захирлын үүрэг даалгавар” гэх баримтаас харагдана. Энэхүү даалгаварын хүрээнд нэхэмхспэгчид хамаарагдах нь “Петрочайна дачин тамсаг” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар Дорнод аймагт томилолтоор ажиллаж, асуудлыг шийдвэрлэх, Гашуун сухайт боомтод тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгуулах гэсэн үүрэг даалгавар өгөгдөхдөө, бусад этгээд ч хариуцахыг заахын зэрэгцээ хоёр дахь ажпыг хэрхэн зохион байгуулах талаар чиглэл хариуцсан хэлтсийн дарга нарт тодруулж чиглэл өгөхийг Батсайханд тухайн хуралдаан дээр захирал Г анхааруулж тайлбарласан байдаг. Шуурхай дуусмагц Ш.Б нь Г.Д /тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга/, К.Айдос /хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга/ нартай уулзан, сургалт хэрхэн зохион байгуулах талаар үүрэг заавар өгч удирдлагаар ханган, сургалт явагдах салбар нэгжид уг ажпыг зохион байгуулж явуулах тухай албан бичгийг төлөвлөн явуулах үүргийг Айдост өгсөн. Батсайхан нь “Петрочайна дайчин тамсаг” ХХК-д хяналт шалгалт биечлэн хийж, хилээр түр горимоор орж ирсэн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг албадан гаргах үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон нутагт ажиллах удирдамж боловсруулан, 06 дугаар сарын 11-нд томилолтоор явсан тул Цогтцэций салбарт сургалт зохион байгуулах чиглэл өгсөн албан бичигт Ш.Б ны өмнөөс дэд захирал Х.Б гарын үсэг зурсан байдаг. Учир нь дэд захирлууд нь хариуцсан ажпын хүрээнд албан бичиг явуулах үүрэг даалгавар, чиглэл өгөхөд тухайн захирал нь томилолтоор явсан, өвдсөн гэх зэргээр байхгүй байх үед нөгөө дэд захирал нь өмнөөс гарын үсэг зурах нь ажпын явцад тогтсон ажиллагааны нэг юм. Нэгэнт Ш.Б өөрөө Гашуун сухайт руу явах боломжгүй болсон тул дэд захирал Баярхүү 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3/2312 тоот албан бичигт гарын үсэг зурсан, уг албан бичиг салбар луу явсан, ийм л үйл баримт болсонд Б-ыг буруутгах, ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх нь үндэслэлгүй. Хэрэгт, сургалтын үр дүнтэй холбоотой хоёр баримт байдаг, нэг нь А ТӨҮГ-ын Цогтцэций дэх салбарын 2019 оны 10 дугаар сарын 16- ны өдрийн 19/121 тоот албан бичиг.үүнд дээрх сургалт хийгдээгүй гэж бичигдсэн бол нөгөө нь А ТӨҮГ-ын Цогтцэций дэх салбарын сургалтын тайлан байна. Үүнд: сургалт ямар байгууллагын оролцоотой явуулсан, хэн хамрагдсан, сургалтын агуулгын талаар бүхэлд дурьдсан байдаг юм. Энэ тайлангийн дараа удирдлагаас тухайн сургалтыг үгүйсгэсэн ямар нэгэн бичиг, шийдвэр гараагүй. Шүүх нь, удирдлагаас өгсөн албан үүргийг биелүүлээгүй гэж үзэхдээ, хэрэгт авагдаагүй, сургалт зохион байгуулах тухай албан бичиг болон зөвхөн сургалт хийгдээгүй хэмээн сүүлд, 10 сард гаргаж өгсөн салбарын бичгээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Бодит үнэн нь сургалт явагдсан, тэр тухайгаа тайлагнасан баримт болохоос бус магадгүй хариуцагч байгууллагын захиалгаар хийсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг л түүнийг нотлох гарцаагүй баримт гэж үзэх үндэс байхгүй. Иймээс хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/319 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын Тээвэрлэлт хариуцсан дэд захирал Ш.Б нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/341 тушаал, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар тус тус ноцтой зөрчил болон сахилгын зөрчил давтан гаргасан тул 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-29/

 

Анхан шатны шүүх хэргийн 125 дугаар тал дах А ТӨҮГ-ын дэд захирал Х.Баярхүүгийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/2312 тоот албан үүрэг даалгаврын хэрэгжилт гэх бичгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, сургалтыг зохион байгуулаагүй гэж дүгнэхдээ шийдвэрийн үндэслэл болгосон боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна. Зүй нь цахим захидалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 51 дүгээр зүйлийн 51.2 дах хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийж бэхжүүлснээр бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэх учиртай.

 

Шүүх дээрх цахим захидлыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Нэхэмжлэгчийн сургалт зохион байгуулсан эсэхтэй холбоотой баримтууд нь хоорондоо зөрүүтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүйгээс үзвэл хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ