Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00122

 

“П” ХХК, О.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/03367 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00370 дугаар магадлалтай,

“П” ХХК, О.Э нарын нэхэмжлэлтэй

Н.О-д холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны эзэмшүүлсний төлбөрт 5,600,000 төгрөг, төгөлдөр хуурын үнийн үлдэгдэл 3,550,000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “П” ХХК-ийн төлөөлөгч О.М, түүний өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“П” ХХК, О.Э нар нь Н.О-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны эзэмшүүлсний төлбөрт 5,600,000 төгрөг, төгөлдөр хуурын үнийн үлдэгдэл 3,550,000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Н.О нь “П” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг зохигч эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/03367 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримлан хариуцагч Н.О-с төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, “П” ХХК, О.Э нарын нэхэмжлэлтэй Н.О-д холбогдох Ч дүүргийн ** хороо *** тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, тус орон сууцанд 2021.09.22-ны өдрөөс 2022.04.22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууц эзэмшүүлсний төлбөрт 5,600,000 төгрөгийг гаргуулах, төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 3,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Н.О-ын Ч дүүргийн ** хороо *** хаягт байршилтай 49,645 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч Н.О-ын нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч О.Э-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,500 төгрөг, хариуцагчаас төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Э-с 307,950 төгрөг гаргуулж хариуцагч Н.О-д, хариуцагч Н.О-с 11,150 төгрөг гаргуулж “П” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00370 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/03367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ч дүүргийн ** хороо *** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэгдсэн, 48 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Н.О-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, мөн хариуцагч Н.О-с төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 350,000 төгрөгийг гаргуулж “П” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хохиролд 5,600,000 төгрөг гаргуулах, төгөлдөр хуурын үнэд 3,200,000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “П” ХХК болон О.Э-д холбогдох Ч дүүргийн ** хороо *** хаягт байршилтай 49,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай Н.О-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “нэхэмжлэгч О.Э-с 307,950 төгрөг гаргуулж хариуцагч Н.О-д,” гэснийг “хариуцагч Н.О-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Э-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“П” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь С.О бөгөөд уг байгууллагын эцсийн өмчлөгч нь өөрийн өмчийн нэрийн өмнөөс өөрийн өмчлөлд байсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг миний үйлчлүүлэгч Н.Од зээлээр худалдан борлуулахаар тохиролцсон үйл баримтыг давж заалдах шатны шүүх анхааралдаа авч хяналгүйгээр алдаа гаргасан нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэх нөхцөл үүссэн гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Н.О нь үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүргээ биелүүлсэн байхад гэрээний нөгөө тал болох “П” ХХК, түүний эцсийн өмчлөгч С.О нь уг үл хөдлөх эд хөрөнгийг миний үйлчлүүлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхгүй байсаар өөрийн төрсөн охин болох О.Э-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь санаатайгаар гэрээний зүйл болох үл хөдөлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдэл гаргасан байх бөгөөд уг гэрээг биелэгдэх боломжгүй мэт болгон харагдуулах санаа зорилго байжээ гэж дүгнэж байна. Иймд хэргийн бодит байдал, үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийж анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нөхцөл байдлыг хянаж магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.22-ны өдрийн 001/ШХТ2024/00612 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

7.Хамтран нэхэмжлэгч “П” ХХК, О.Э нар хариуцагч Н.О-д холбогдуулан Ч дүүргийн ** хороо *** тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, тус орон сууцыг 2021.09.22-2022.04.22 хүртэл хугацаанд эзэмшүүлсний төлбөрт 5.600.000 төгрөгийг, худалдах-худалдан авах гэрээний дагуу төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 3,550,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “...манай компани ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хариуцагчийг 2008 оноос хойш уг байранд гэр бүлийнх нь хамт амьдруулж байгаа бөгөөд Н.О нь 2021.09.22-ны өдөр ажлаасаа гарсан атлаа байрыг чөлөөлж өгөхгүй байна, бид энэ байрыг өмчлөгч О.Э-с сарын 800,000 төгрөгөөр хөлсөлж төлбөр төлж хохирсоор байна, хариуцагч нь энэ байрны үнийг огт төлөөгүй, урьдчилгаа төлбөрийг төлнө гэж “С ББСБ” ХХК-аас зээл авна гэсэн боловч төлөөгүй, ...манай компани бусад ажилчдаа байрлуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна...” гэж тодорхойлсон байна.

Хариуцагч Н.О нэхэмжлэлийг маргаж, 2001 оноос “П” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан, 2008 онд тасралтгүй арван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан тохиолдолд орон сууц өгөхөөр амлаж, үнийн дүнгийн 50 хувийг худалдагч тал буюу “П” ХХК нь чөлөөлөхөөр тохирч, үлдэх 50 хувь 17,847,000 төгрөгийг “С ББСБ” ХХК-аас зээлийн гэрээний дагуу авч “П” ХХК-д төлсөн, үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу энэ байраа 2008 оноос эзэмшиж байгаа, төгөлдөр хуурыг 4,000,000 төгрөгөөр бус 800,000 төгрөгөөр худалдан авсан, цалингаасаа 150,000 төгрөгөөр төлж байсан, одоо 350,000 төгрөгийн үлдэгдэлтэй, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд одоо эзэмшиж буй Ч дүүргийн ** хороо *** тоот хаягт байрлах 49,645 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

8.Анхан шатны шүүх хариуцагч Н.О-с төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон үндсэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч О.Э-д даалгах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч Н.О-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулж, хариуцагчаас төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 350,000 төгрөгийг гаргуулж “П” ХХК-д олгож, үлдэх нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч нар нь орон сууц эзэмшүүлсний төлбөрт 5,600,000 төгрөгийг гаргуулах, төгөлдөр хуурын үлдэгдэл үнийн зарим хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

9.Хоёр шатны шүүх маргаж буй орон сууцыг хариуцагч Н.О өмчлөх эрхтэй эсэх талаар нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс хууль хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэр гаргасан талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хүрээнд хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.Н.О нь “П” ХХК-д 2001 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажилласан, “П” ХХК, Н.О нарын хэлцэлд 2008.01.02-ны өдөр үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээнд заасан Ч дүүргийн ** хороо *** тоот 83,45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2008 оноос хойш эзэмшиж байгаа, 2021.09.22-ны өдөр өөрийн хүсэлтээр ерөнхий инженерийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

10.1.“П” ХХК нь ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, байр орон сууцаар хангаж нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгохоор 2008.01.02-ны өдөр Н.О-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг хариуцагчид эзэмшүүлсэн Н.О нь “С ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 17,847,000 төгрөгийг авсан боловч “П” ХХК-д уг урьдчилгаа төлбөрийг шилжүүлээгүй, орон сууцны үнийг төлөөгүй тул 2 өрөө орон сууцыг өгөх боломжгүй гэсэн бол хариуцагч нь “С ББСБ” ХХК нь нэхэмжлэгчтэй ашиг сонирхолтой нэг компани бөгөөд энэ компаниас зээл авахаар гэрээнд заасны дагуу 17,847,000 төгрөгийг зээлж, уг мөнгийг “П” ХХК-д шилжүүлж, орон сууцны үнийг төлсөн, харин зээлийг цалингаасаа сар бүр суутгуулж байсан тодорхой хэмжээний зээл дутуу байгаа гэж маргаснаас үзвэл зохигчийн хоорондох маргааны зүйл нь “С ББСБ” ХХК болон “П” ХХК хоорондоо хамааралтай эсэх, “С ББСБ” ХХК-аас зээлийг хэнд шилжүүлсэн, хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэх асуудал болжээ.

10.2.“П” ХХК нь өөрийн ажилтан Н.О, Б.Г нартай 2008.01.02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, Ч дүүргийн ** хороо ***  тоот 83,45 м.кв талбай бүхий орон сууцны 49,645 м.кв талбай бүхий орон сууцыг Н.О-д, 33,805 м.кв талбай бүхий хэсгийг Б.Г-т худалдахаар тохирсон, орон сууцны нийт үнийг 60,000,000 төгрөгөөр тооцож, худалдан авагч тал нь тасралтгүй арван жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах шаардлагыг хангасан тохиолдолд “П” ХХК орон сууцны үнийн 50 хувь буюу 30,000,000 төгрөгийн төлбөрөөс худалдан авагч талыг чөлөөлж, худалдан авагч талууд 30,000,000 төгрөгийг өөрсдийн эзэмшиж буй талбайд оногдох хэмжээгээр төлөх бөгөөд Н.О нь 17,847,000 төгрөгийг төлөх, Б.Г нь 12,153,000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн, уг төлбөрийг “С ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу эргэн төлөх нөхцөлийг тусгаж, уг зээлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохыг гэрээний гурвын 1.2-т заажээ. Энэ гэрээний Н.О-тай холбоотой хэсэг нь маргааны зүйлд хамааралтай ба худалдан авагч Н.О, Б.Г нарт худалдсан 4 өрөө байрыг 2 өрөө болгон салгаж, тус тусад нь эзэмшүүлсэн байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт оновчтой болоогүй, талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан шинж байхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болох худалдах-худалдан авах гэрээнд орон сууцны үнийг төлөхөөс гадна “...10 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах...” тухай буюу хэлцэл хэрэгжих нөхцөлийг тохирсноос үзвэл худалдах-худалдан авах гэрээ нь болзол тавьж хийсэн шинжийг давхар агуулжээ.

10.3.“П” ХХК болон Н.О нар худалдах-худалдан авах гэрээ байгуулсны дараа Н.О нь “С ББСБ” ХХК-тай 2008.05.13-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар 17,847,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж /1-хх-163-165/, 2018.05.13 хүртэл сар бүр 266,474 төгрөгийг төлж зээлийг буцааж төлөхөөр тохирчээ. “С ББСБ” ХХК-ийн 2008.05.13-ны өдрийн “...хариуцагчийн овог нэр Н.О, мөнгөн дүн 17,847,000 төгрөг, гүйлгээний утга нь зээл /орон сууц худалдан авах/ гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” /1хх-56/, 2009-2011 онд зээл, зээлийн хүү төлөв гэх агуулгатай орлогын мэдүүлгүүд /1хх 56-70/, хариуцагчийн харилцах дансны хуулгууд /1хх-86-148/, 2023.10.02-ны өдрийн “Төлөлт хийсэн тооцоолол” /2хх 168-169/ гэх баримтаас үзвэл “С ББСБ” ХХК орон сууцны үнэд 17,847,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь уг зээлийг цалингаасаа төлж байсан болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Тус банк бус санхүүгийн байгууллагаас 17,847,000 төгрөгийг “П” ХХК-д шилжүүлсэн учраас хариуцагч нь зээлийн төлөлтийг хийж байсан тул орон сууцны үнийг төлөөгүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй, дээрх баримтуудаар үгүйсгэгдсэн байна.

Мөн хариуцагч Н.О нь “С ББСБ” ХХК-аас 2010.03.09-ны өдөр 799,900 төгрөгийн, 2011.08.26-ны өдөр 2,550,000 төгрөгийн, 2014.07.21-ны өдөр 10,500,000 төгрөгийн зээл авсан байх ба 2018.02.23-ны өдрийн байдлаар сүүлийн зээлийг төлж дуусгасан /2хх-134,135/ баримт хэрэгт авагдсан, хариуцагчийн цалингийн дансны хуулгаас үзвэл зөвхөн эдгээр зээлийн төлөлт бус мөн орон сууцны зээл төлөгдөж байсан гэж үзэхээр байна.

10.4.“П” ХХК, “С ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гишүүний нэг нь С.О болохыг зохигч маргаагүй бөгөөд ашиг сонирхол нэг, түүнчлэн “С ББСБ” ХХК зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хэн нэгэнд шилжүүлээгүй, 17,847,000 төгрөгийг Н.О-д олгоогүй гэснээс гадна 2023.10.02-ны өдрийн байдлаар төлбөл зохих мөнгө бүрэн гүйцэд төлөгдөөгүй гэсэн агуулгатай албан бичиг шүүхэд ирүүлсэн нь хоёрдмол утгатай, ач холбогдол бүхий баримт болоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч нь 2001 оноос хойш сарын 900,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан байх ба орон сууцны зээлийн төлөлтийг цалингаас нь суутгаж байсан гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч “П” ХХК няцааж, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон “цалинг бүрэн олгосон” болохыг нотлоогүй байв.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Н.О нь “...С ББСБ” ХХК-тай 2008.05.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 17,847,000 төгрөгийг авч, “П” ХХК-д орон сууцны үнийг төлснөөс гадна 10 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж...” гэрээнд заасан болзол биелэгдсэн учир орон сууцны өмчлөгчөөр тогтоож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээл бүрэн төлөгдөөгүй, тодорхой хэмжээний үүрэг байгаа гэсэн тайлбар гаргасан байх боловч зээлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээнд хамаарахгүй, тусдаа бие даасан өөр гэрээ учир энэ талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

10.5.Маргаж буй орон сууцны өмчлөх эрх 2021.02.23-ны өдөр С.О-ийн өмчлөлөөс түүний хүүхэд О.Э-ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжсэн, О.Э нь 2021.03.01-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байх ба О.Э нь хариуцагчийн эзэмшил, худалдах-худалдан авах гэрээг мэдээгүй гэж үзэх боломжгүй учир Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.”, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан ба аав С.О-с орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа О.Э нь улсын бүртгэлийг үнэн зөв болохыг мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх орон сууцыг “П” ХХК-ийн өмчлөлийн зүйл биш, анхнаасаа гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байсан, С.О болон О.Э нарын байгуулсан 2021.02.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, О.Э-ийг шударга өмчлөгч гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэрэгт байгаа баримтад нийцээгүй, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00370 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/03367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1...” гэснийг хасаж, “106” гэснийг “106.1” гэж, 2 дахь заалтын “...262 дугаар зүйлийн 262.1...” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Н.О-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.09-ний өдөр төлсөн 247,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

          ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД