Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Баярмаа |
Хэргийн индекс | 184/2019/02510/И |
Дугаар | 184/ШШ2021/02270 |
Огноо | 2021-09-20 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2021/02270
2020 09 20 |
184/ШШ2020/02270
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: суух Нарт овогт Ц.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Э Х” ХХК/РД-,,,,/-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16.800.000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800.000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э / /, хариуцагчийн төлөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Н.М /ШТЭҮ-,,,/, гэрч Б.Бшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр гарч намайг үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоосон. Миний зүгээс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийгдээгүй хоосон байгаа бөгөөд дээрх хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 дугаар сар хүртэлх цалин маань 17.600.000 төгрөг болж байгаа. Миний бие нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж 3.600.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Үндсэн цалин маань 16,800,000 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр ээлжийн амралтын олговор болох 800,000 төгрөгийг нэмээд 17,600,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн хэвээр байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Тухайн өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл шүүх дээр маргаан өрнөсөн. Тухай үед би ажилгүй байсан бөгөөд энэ хугацааны цалингаа нэмэгдүүлье, шүүхийн шийдвэр гүйцэтгээгүй болохоор би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шуудангаар мэдэгдсэн асуудлын хувьд надад 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус шуудангаар мэдэгдсэн байдаг. Энэ хугацаанд хариуцагч тал нь шүүх дээр надтай маргаад явж байсан. Хаягийн хувьд би нэг хаягтаа байнга байсан. Өөрийнхөө хаяг дээр албан тоотуудыг бүгдийг нь авч байсан бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолуудыг мөн өөрийн хаяг дээрээ л авч байсан гэв.
Хариуцагч “ЭХ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б манай компанид анх 2014 онд ажилд орсон. Компанийн нэр өөрчлөгдсөн буюу “Э Х” ХХК болсон 2018 оноос хойш нэхэмжлэгч манай компанид ажиллаж байгаа. Манай компани нь мод боловсруулах үйлдвэрийг анх Монгол улсдаа байгуулаад Тайланд улсаас инженерүүд авч ирж ажилчдаа сургаад ажиллуулсан. Энэ үүднээс ажилчидтай урт хугацаатай буюу 10 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Ц.Б ажил их тасалдаг байсан. 7 хоногийн 2-3 өдөр тасалдаг, ажилчидтайгаа нийлж архи уудаг байсан. Үнэтэй тоног төхөөрөмж дээр ажилладаг инженер байсан болохоор Ц.Б-ыг ажлаас халдаггүй байсан. Ц.Б нь 2018 оны 08 дугаар сараас ажилдаа ирэхгүй алга болсон. Үүнээс болж манай байгууллагад цахилгааны инженер байхгүй, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа доголдоод нэг хэсэг зогссон байсан. Гэтэл Ц.Бэхбат гэнэт шүүхэд нэхэмжлэл өгчихсөн байсан. Өөрөө ажилдаа ирээгүй байж цалин авна гээд нэхэмжлэл өгчихсөн. Уг нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрээс манай байгууллагад албан тоот ирсэн учир манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг нь тушаагаад, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн залруулга хийгээд шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэж өгөөд 2019 оны 12 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол гарсан юм. Ц.Б нь өөрөө ажлаа хийгээгүй байж дахин нэхэмжлэл гаргаад мөнгө нэхээд байгааг гайхаж байна. 2019 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэр гарангуут 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 08 дугаар сарын 31-ний өдрөөр гэж нөхөж тушаал гаргасан юм. Тэгээд ажилд нь эргүүлэн томил гэсэн шүүхийн шийдвэр гарангуут 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажилд нь эргүүлэн томилсон тушаал гаргасан. Тушаалыг гаргасны дараа нягтлан бодогчоор Ц.Б-тай яриулаад тушаалаа ирж ав гэж хэлэхээр тушаалаа ирж аваагүй. Ц.Б нь шүүхийн шийдвэр гараагүй байхад “Кашмери холдинг” гээд компанид шинээр ажилд ороод, хөдөлмөрийн гэрээ байгуулаад, нийгмийн даатгал төлөөд ажиллаж байсан байж 2019 оны 11 дүгээр сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа би Ц.Бэхбат руу яриад ажилдаа ирж ажиллах юм уу гэж асуухад би юу гэж одоо ажиллах юм бэ гэж хэлсэн. Ингэж хэлснээс нь хойш 7 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Манай зүгээс 2019 оны 05 дугаар сар болон 11 дүгээр сард явуулсан тушаалуудаа Ц.Б рүү шуудангаар явуулж, өөрт нь утсаар хэлсэн. Ц.Б-ын гэрийн хаяг өөрчлөгдсөн байна гээд буцаад ирсэн байсан. Тэгэхээр нь Ц.Б-тай холбоотой байдаг ажилчдаасаа гэрийнх нь хаягийг аваад ажилд орсон тушаалаа ирж аваарай гээд удаа дараа албан тоот явуулсан. Ц.Бэхбат нь тушаалаа ирж ав гэхэд аваагүй, өөрөө огт ажил хийх сонирхолгүй байсан, өөр ажилд орчихсон байж одоо ингээд цалингаа нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Манай байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлчихсөн, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Албан тоотуудыг 2019 оны 06 дугаар сараас хойш явуулсан. Энэхүү бичгийг явуулснаас гадна Ц.Б- руу утсаар олон удаа ярьж, олон удаа зурвас бичсэн. Ажиллаагүй хүнд цалин өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Ү Н Д Э С Л Э Х Н Ь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “ЭХ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16.800.000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800.000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч “ЭХ” ХХК нь Ц.Б-ыг шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны олговорууд, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж 2019 оны 12 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, ажилд буцаан томилсон боловч ажилдаа ирээгүй, өөр “КХ” ХХК-д шинээр ажилд орсон тул ажиллаагүй үеийн цалин олгох нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ,,,,, дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00,,,,, дугаар шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ,,,,, дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Ц.Б-тын нэхэмжлэлтэй “Эмсилог хаус” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Ц.Б-ыг “Эмсилог хаус” ХХК-ийн “Цахилгааны инженер”-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 620.000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 334.867 төгрөг тус тус гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ./ ХХ-ийн 9-11, 5-8 дугаар тал/
Уг үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй юм.
Дээрх шүүхийн шийдвэрүүдийг 2019 оны 08 дугаар сарын ,,,, өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2019/0,,,, дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн огноотой 994 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2-12/
,,,, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгожээ./ХХ-ийн 216-218 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасан.
Хариуцагч дээрх заалтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 33 дугаартай тушаалаар Ц.Б-ыг ажилд нь эгүүлэн томилсон тушаал үйлдсэн байдаг.
Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 64 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.13 дах заалт, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1, 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон боловч ажилдаа эргэн орохоор ирээгүй тул ажил тасалснаар тооцож 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон Цахилгааны инженерийн албан тушаалаас чөлөөлсөн байна./ХХ-ийн 220-221 дугаар тал/.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх ба Ц.Б-ыг ажилд нь эгүүлэн томилсон тушаалыг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нөхөн гаргасан, тушаалаа ирж авахыг Ц.Б-д утсаар удаа дараа мэдэгдсэн боловч ирж аваагүй, түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг ч утсаар мэдэгдсэн мөн ирж аваагүй гэж тайлбар гарган маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь дээрх ажилд эгүүлэн томилсон тухай тушаалыг компанийн оффис дээр ирж авахыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр мэдэгдэн шуудангаар хүргүүлснийг авсан гээд энэ талаар маргаагүй, харин уг огнооноос өмнө албан байдлаар дээрх тушаалуудыг мэдэгдээгүй тул мэдээгүй, түүнчлэн тушаалуудыг нөхөн гаргасан гэж маргажээ. Хариуцагч тал тушаалыг нөхөн гаргасан тухайгаа зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Ц.Б-ын шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ ёс төдий биелүүлж тушаал гаргасан түүнийгээ танилцуулах болон хүргэж гардуулах ажиллагаа явуулсан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг танилцуулж, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрлөх нөхцлүүдийг тохиролцох нь зүйтэй байжээ.
Хариуцагч талын татгалзлаа нотлохоор тушаалын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний нөөцийн ажилтныг гэрчээр асуугдсан мэдүүлэг зэргээс үзвэл хариуцагч тал ажилд томилсон тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаалын хүргэлт буюу гардуулах ажиллагааг хэрхэн гүйцэтгэдэг болон хүний нөөцийн чиглэлээр гаргаж буй тушаалуудыг албан хэрэг хөтлөлтийн заавар болон стандартад нийцүүлэн тусад нь хөтлөх хэрэг болгон хөтөлдөггүй, цаашлаад ажилтны эрх ашиг, хувь заяа үр дагавартай холбоотой тушаалын гардуулалт, мэдэгдэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэсэн талаар нотлох баримтгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймээс тушаалын гардуулалт, хүргэлт, мэдэгдэх ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь ажилд хэзээнээс дахин томилсон, шүүхийн шийдвэрийг хариуцагч хэзээнээс биелүүлж эхлэх, ажилтан ажилдаа хэзээнээс очих, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ёсчлох зэрэг болон цаашлаад ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдэх, танилцах, тушаалын үндэслэлд нь гомдол гаргах эрхээ эдлэх боломжгүй байдал үр дагаварт хүргэсэн байна.
Иймд хариуцагч буюу ажил олгогч “Эмсилог хаус” ХХК-ийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.
Хариуцагч талын нэхэмжлэгч Ц.Б-ыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн “К х” ХХК-д кип автоматикийн инженерээр ажилласан нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл болохгүй төдийгүй ажилгүй байх хугацаандаа өөр ажил хөдөлмөр эрхлэн аж, амьдралаа залгуулах нь түүний журамт үүрэг юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “ЭХ” ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 16.800.000 төгрөгийн болон ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх төрлийн олговор тооцогддог тул ээлжийн амралтын 800.000 төгрөгийн олговорыг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгогдож буй цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийх үүргийг хүлээлгэн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 290.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 290.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэмж 25.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч “ЭХ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 16.800.000 төгрөгийн болон ээлжийн амралтын 800.000 төгрөгийн олговоруудыг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Ц.Б*н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЭХ” ХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 290.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “ЭХ” ХХК-иас 290.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бэхбатад олгож, 25.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА