Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Л.Э

Шүүгдэгч                                                          О.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Р.Ц

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолтой, О.От холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч О.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-н О.

Шүүгдэгч О.О нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт О-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлий 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цаас 2 ширхэг, улаан өнгийн тагтай, саарал өнгийн савны хамт 20.85 грамм өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч нь анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд тухайн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээс хойш буюу 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш дахин ийм төрлийн болон ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт багтах бөгөөд ял ногдуулахад тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад учирсан шууд хохирол байхгүй тул шүүгдэгчид ногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Орхон аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч О.О давж заалдах гомдолдоо:

... Миний бие О-н О нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр саваагүйтэж нэг удаа өвс хэрэглэж үзсэн нь үнэн. Би ээжийгээ түшиж тулах ганц хүүхэд нь байж ийм болчимгүй алдаа гаргасандаа туйлын их харамсаж гэшиж байгаа билээ. Тухайн үед би үүнийг нийгмийн аюулын шинж чанартай зүйл гэдгийг мэдээгүй, мэдлэг хомс байсан. Өөрийн бурууг ухамсарлаж дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Намайг анх удаа ийм хэрэгт холбогдож байгааг минь харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүгдэгч О.О болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн О.От холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад О.О нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс 20,85 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхийг эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

             Анхан шатны шүүх тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Оын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээнийй үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5110 дугаар дүгнэлт /хх-21-22/, мөн өдрийн 5108 дугаартай дүгнэлтүүд /хх-27-28/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн О.Оыг сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

             Шүүхээс О.Оын гэм буруу, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны” зарчимд нийцсэн байна гэж үзэж байна.

 

             Иймд шүүгдэгч О.О болон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ... тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        М.ХҮРЭЛБААТАР

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР