Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0057

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Б.О

Шүүгдэгч                                                       С.Д

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Д /онлайнаар/

               Хохирогч                                                      Б.П

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар захирамжтай, С.Дд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлтэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн К овогт С-н Д.

 

Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 9 дүгээр сард албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Эй Си И Икс” ХХК-иас 20.249.600 төгрөгийн бараа материал, “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-р дамжуулан түүний эхнэр Ж.Н-н “ТННХ” ХХК-иас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, “ВSВ люкс мебель” ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-р зуучлуулан түүний найз Б.Б-н “Амжилтын нар” ХХК-иас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар захирамжаар:

Шүүгдэгч С.Дд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдаж, Энэ захирамжийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д давж заалдах гомдолдоо:

“ ... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 206/03/325 дугаартай энэхүү захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг ноцтой зөрчжээ. Захирамжинд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч нарын хүсэлт, шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судалсан гэж хэрэгт байхгүй баримтуудыг шинжлэн судалсан мэтээр дурьдсан.

Хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл болон хуралдааны явцтай зөрүүтэйгээр “Прокурорын яллах дүгнэлт”-д дурьдсан 22 баримтыг шууд /Сору/ хуулж бичсэн байх ба шүүх хуралдааны явцыг бодитоор тусгаагүй. Шүүхэд дуудагдаж мэдүүлэг өгсөн гэрчүүдийн талаар, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудыг орхигдуулсан гэх мэт.

Шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон Б.Пы мэдүүлгийг бичихдээ түүний огт хэлээгүй, яриагүй зүйлийг хэлж ярьсан мэтээр зохиож нэмсэн. Тухайлбал: “Худалдан авах ажиллагаанд хамтрагчаар оролцож эхнэрийн компаниар хууль тогтоомжийг зөрчсөн гэж байгаа” гэх мэтээр нилээд зүйлс бичсэн нь хэрэгт огт яригдаагүй. Харин ч хохирогчоор оролцсон Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ тус үйлдвэр ямар ч хохирол учраагүй гэдгийг илэрхийлсэнийг орхигдуулсан байна.

Захирамжинд бичсэнчилэн ийм үйл явдлын талаар ямар нэгэн нотлох баримт ч хэрэгт байхгүй болно. Өмгөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг өөрчилж, утга агуулгыг нь алдагдуулж ямар ч агуулгагүй болгож оруулсан. Мөн захирамжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна. Иймд гэмт хэргийн оролцоо, хэлбэр, зорилго, хувийн ашиг сонирхол болон албаны эрх ашгийн эсрэг санаа сэдэлтийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэжээ.

Авлигатай тэмцэх газар, тус аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар хамтран энэхүү зүйл хэсгээр бүтэн 2 жил орчим хугацаанд шалгаж, хянаж шүүхэд шилжүүлэхдээ /1000 гаруй хуудас материал бүрдсэн/ тус захирамжинд дурьдсан “гэмт хэргийн оролцоо, хэлбэр, зорилго, хувийн ашиг сонирхол болон албаны эрх ашгийн эсрэг санаа сэдэлт”-ийг л шалгаж тогтоосон, өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн шинжгүй гэдэг нь тодорхой болсон.

Захирамжинд “... Гэтэл уг ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй худалдан авах ажил хариуцсан хэлтсийн удирдлага, хариуцсан мэргэжилтнүүд, Технологийн сургуулийн захирал, туслах зэрэг албан тушаалтнууд хамтран хууль зөрчиж, үнийн дүнг олон хэсэгт хуваан баримт бүрдүүлж, шууд худалдан авалт хийсэн байж болзошгүй нөхцөл байдал байна” гэжээ.

Захирамжинд ... албан тушаалтнууд хамтран хууль зөрчиж, ... шууд худалдан авалт хийсэн ... гэж баримтгүй зүйл бичсэн байна. Үйлдвэрийн ажил хариуцсан албан тушаалтнууд болон Сургуулийн захиргааны хүмүүс хоорондоо эсрэг тэсрэг байр суурьтай байгаа билээ.

“Шууд худалдан авалт” гэх ойлголт төрийн өмчийг хариуцаж захиран зарцуулах эрх мэдэлтэнд хамаарах болохоос цехийн статустай, мөнгө захиран зарцуулах эрхгүй С.Дд хамаарахгүй. Мөн ... баримтын бүрдүүлэлтийг олон хэсэгт хувааж бичсэн гэжээ. Аваагүй зүйлийг авсан мэтээр бичээгүй, ингэж бичсэн нь эрүүгийн хэргийн шинжгүй. Ер захирамжинд дурьдсан дээрх агуулга нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж чадахгүй юм.

Мөн захирамжид ... Гэрч А-н мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ “Технологийн сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлыг сайжруулах гэж хичээж ажилласан. Би худалдан авах ажиллагааг явуулаагүй. Сургуулийн хичээл эхэлж тавилга хэрэгсэл яаралтай авахгүй бол үйл ажиллагаа зогсоох байсан. Энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийг би буруутай гэж бодохгүй байна. Ажлаа хийдэггүй, хариуцлагагүй хүмүүсийн өмнөөс би эрүүгийн хариуцлага хүлээхийг зөвшөөрөхгүй” гэж мэдүүлсэн байна гэж дурьдаад

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагаас худалдан авах ажиллагааг хууль зөрчиж үнийн дүнг өөрчлөн явуулах үүрэг өгсөн эсэх, хууль зөрчсөн үүрэг өгсөн бол яагаад хүлээн авч биелүүлсэн болох, худалдан авах ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий албан тушаалтнууд 105.096.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд ямар ашиг сонирхлоор оролцсон болох, оролцоогүй бол яагаад үүрэгт ажлаа хэрэгжүүлэлгүй бусдад давуу байдал олгосон зэргийг шалгаж, хамтран оролцсон үйлдэл, оролцоо байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ.

Эрх бүхий албан тушаалтнууд нь худалдан авах ажиллагааг түргэн шуурхай явуулах тухай ерөнхий захирлын тушаалыг биелүүлэх болон сургууль эхлэх бэлтгэл хангагдсан байлгах гэсэн ашиг сонирхлоор оролцсон болох нь тогтоогдсон шалгах зүйл байхгүй хуульчид, шүүгч хууль зүйн дүгнэлт, шийдвэр гаргахад хангалттай гэж үзэж байна. Гэтэл яг юу хийлгэх нь тодорхойгүй захирамж байх бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх хуралдаанаар яг ямар ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон болохыг зааж дурьдаагүй.

 ... албан тушаалтнууд ажлаа хэрэгжүүлэлгүй бусдад давуу байдал олгосон гэдэг нь хэрэгт шалгагдаж тогтоогдсон байхад тогтоо гэж захирамжилсан нь ойлгомжгүй ... хамтран оролцсон үйлдэл, оролцоо байгаа эсэхийг тогтоох” энэ талаар захирамжийн урдах өгүүлбэрт заагдсан байгаа. Оролцогч бид тайлбар хийсэн байгаа. Болсон үйл явдал нь энэ албан тушаалын гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр байр сууриа дахин илэрхийлж байна.

С.Д нь үйлдвэрийн мөнгийг захиран зарцуулах, тендер зарлах зэрэг эрх мэдэл бүхий албан тушаалтан биш бөгөөд сургуулийн болон Эрдэнэт үйлдвэрийн эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго огт байгаагүй, зөвхөн сургууль эхлэхэд бэлтгэлээ хангасан байх зорилгоор түргэн шуурхай санаачлага гаргасныг албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг үндэслэн ... захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 9 дүгээр сард албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр тус газрын Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Эй Си И Икс” ХХК-иас 20.249.600 төгрөгийн бараа материал, Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-р дамжуулан түүний эхнэр Ж.Н-н “ТННХ” ХХК-иас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, “ВSВ люкс мебель” ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-р зуучлуулан түүний найз Б.Б-н “Амжилтын нар” ХХК-иас 57.213.672 төгрөгийн тавилга эд хогшил тус тус шууд худалдан авч, бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоолгохоор хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

 

Шүүгдэгч С.Дыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад дагаж мөрдөгддөг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой, уг хэрэгт шалгагдвал зохих ажиллагаанууд бүрэн хийгджээ.

 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэдгээрийн өгсөн мэдүүлэг болон нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудад анхан шатны шүүх бодитой үнэлэлт, дүгнэлт өгч М.Д-н гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий байдлаар  дүгнэж, чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгааг тодорхой дурьдаагүйгээс гадна дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй байна.

 

Түүнээс гадна шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч нарын хүсэлт  ... шийтгэх тогтоолын хуулбар” гэж хавтаст хэрэгт авагдаагүй баримтуудыг дурьдсан /4 дүгээр хх - 162/ зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдолд дурьдсан “...гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн хэсгийг шийдвэрлэх боломжгүй байх бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар зохих хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргах нь зүйтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.УРАНЧИМЭГ