Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 156

 

С.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, хохирогчийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дүгээр магадлалтай, С.Дд холбогдох 1825004060489 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, С.Ганзул нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1957 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Коколдаа овогт С.Д нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Дыг нийтийн албан тушаалтан албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 жил 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:...Анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүй орхигдуулан С.Дыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Мөн тогтоолд заасан дүгнэлтүүд нь хоорондоо утга агуулгын зөрчилтэй, ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүхээс засч зөвтгөхийн оронд тогтоолыг хэвээр үлдээж илт үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн 1.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолд “... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь өөртөө ашиг олох санаа сэдэл тогтоогдоогүй...,“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хохирол, хор уршиг учраагүй, худалдан авсан эд хогшил, бараа материал нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа..”. гэж дүгнэсэн атлаа гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд ... гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасныг зөрчсөн.

2.Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэснийг ... албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах... гэж тайлбарлан хуульчилсан ба шүүх хуулийн энэхүү заалтыг буруу хэрэглэсэн.

С.Д Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сургуульд тавилга тоног төхөөрөмж худалдан авах хүсэлтийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д гарган 2017 оны 08 сарын 31-ний өдрийн А/583 дугаартай “Магадлашгүй ажилд тооцох тухай” тушаалаар 105.096.000 төгрөгийн худалдан авах ажиллагааны төсөв шийдвэрлүүлсэн. Тушаал гарах үед сургууль эхлэх хугацаа тулсан байсан тул худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг хүсч, эрх мэдэл бүхий хүмүүст танилцуулж ажлаа хөөцөлдсөнийг албаны эрх ашгийн эсрэг эрх мэдлээ ашигласан гэж дүгнэх үндэслэлгүй, харин ч сургуулийн эрх ашгийн төлөө санаачлага гарган ажилласан гэж дүгнэхээр байна. Шийтгэх тогтоолоор ямар үйлдэл нь албаны эрх ашгийн эсрэг эрх мэдлээ ашигласан болох нь тодорхойгүй. Нөгөө талаар уг гэмт хэргийн шинж болох “Хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилго” байгаагүй болохыг анхан шатны шүүх тогтоолдоо дүгнэсэн. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн шинжгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал нь тус үйлдвэрийн цехийн даргын эрх хэмжээтэй. Өөрөөр хэлбэл Ерөнхий захирлын тушаалаар шийдэж өгсөн мөнгийг өөрөө дур мэдэн захиран зарцуулах эрхгүй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мэдэлд байж үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнууд захиран зарцуулсан. С.Д нь тус сургуульд бараа материал нийлүүлсэн 3 аж ахуйн нэгжтэй огт харьцаагүй, мөнгийг шийдэж өгөөгүй. Бараа материал нийлүүлсэн 3 аж ахуйн нэгжийн төлбөрийн нэхэмжлэхүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хангамжийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, санхүү эрхэлсэн дэд захирал гэх мэт албан тушаалтнууд хянаж зөвшөөрснөөр тэдний гарын үсгээр 3 аж ахуйн нэгжид мөнгө шилжсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Уг худалдан авах ажиллагаа хууль зөрчсөн гэж үзвэл мөнгийг шилжүүлэхгүй байх эрх тэдэнд байсан ба эдгээр албан тушаалтнууд анхнаасаа энэ аргаар худалдан авалт хийхийг зөвшөөрсөн /шийтгэх тогтоолд ингэж дүгнэсэн тул/ мөнгийг шилжүүлсэн байна. С.Д дээрх албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр өөрөө дур мэдэн худалдан авалт хийж мөнгийг нь шилжүүлсэн бол өөр хэрэг билээ.

С.Д нь нарийн бичгийн дарга Б.Ад “Үйлдвэрийн дэд захирал Ж.Э 10, 10 саяар хэсэгчлэн худалдан авалт хийх чиглэл өгсөн” талаар хэлж, “Хангамжийн хэлтэс зохион байгуулах юм байна, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлсэн барааны чанарт анхаарч хяналт тавиарай” гэж үүрэг өгсний дагуу Б.А шалган авч байсан. С.Д бараа материал нийлүүлсэн 3 аж ахуйн нэгжээс 2 аж ахуйн нэгжийн хэн нэгэнтэй уулзаагүй, таньдаггүй, тэднийг сонгоогүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар 2 аж ахуй нэгжийг сонгосон эзэд нь тодорхой болсон билээ.

Харин холбоо технологийн чиглэлийн барааг авахад мэргэжлийн хүний хувьд чанартай зүйл нийлүүлэхэд туслаач гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн инженер Г.Гт хандсан байдаг. Учир нь урьд хангамжийн хэлтсээс нийлүүлсэн энэ чиглэлийн аппарат нь ажлын шаардлага хангахгүй, түүнийг ажил авахад агуулахад хадгалагдаж байснаас ингэж мэргэжлийн хүнд ханджээ. Энэ нь албаны эрх ашгийн төлөө, удаан хугацаагаар ашиглагдах, ажиллагаатай сайн чанарын зүйл авчих юмсан гэснээс өөр зорилго байгаагүй.

Энэ нөхцөл байдлыг шүүх “...албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглах” гэмт хэргийн шинжтэй гэж буруутгасны зэрэгцээ бусад 2 аж ахуйн нэгжийг хэн, хэрхэн сонгож худалдан авалт хийлгүүлсэн нь нотлох баримтаар тодорхой тогтоогдсоор байтал С.Дыг өөрөө олж сонгон худалдан авалтыг зохион байгуулсан гэж огт хийгээгүй үйлдэлд гүтгэсэн шинжтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй болно.

3. Шийтгэх тогтоолд “...Гэрч нарын мэдүүлэг болон 105.096.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаатай холбоотой санхүүгийн баримтууд зэргээр Ж.Э нь дээрх худалдан авах ажиллагаанд үүрэг чиглэл өгч ажилласан, худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэн явуулсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа С.Д нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх ямар ч эрх үүрэггүй тул эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж худалдан авах ажиллагааг ямар аргаар хэрэгжүүлэхийг танилцуулж дээрх байдлаар шийдүүлсний төлөө түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүй худалдан авалт хийсэн гэж буруутгасан нь ойлгомжгүй.

Бодит үйл явдлыг дурдвал С.Д нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын А/583 дугаартай тушаалын хавсралтын 12 дахь хэсэгт туссан үндсэн хөрөнгө худалдан авах, засвар хийхэд худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхэлсэн дэд захирал Ж.Эийн албан өрөөнд /түүний хариуцах чиглэлийн ажил үүргийн дагуу/ Ерөнхий захирлын тушаалыг барьж орсныг дээр дурьдсан. Захирал Ж.Э тэр даруйд тус ажил хариуцах Хангамжийн хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдийг дуудан худалдан авах ажиллагааг богино хугацаанд шуурхай зохион байгуулах үүрэг өгөөд гаргасан. Мөн сургууль эхлэх цаг нь тулчихсан байгаа тул худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэн шуурхай явуулах боломж байгаа гэж С.Дд хэлж ойлгуулсан. Тус сургууль дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байхдаа ч худалдан авалтыг 10, 10 саяд багтаан явуулах талаар үүрэг өгсөн гэж Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн гэрч Р.О болон бусад гэрчүүд мэдүүлдэг юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бгийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/437 дугаар тушаалын хавсралт “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ын “6.8.2. Шууд худалдан авч болох бараа, ажил үйлчилгээний хэрэгцээ нь тухайн цаг үед нэн чухал шаардлагатай буюу өөр арга хэлбэрээр оруулах боломжгүй, худалдан авсан даруйд шууд хэрэглэгдэх гарцаагүй нөхцөл байдал үүссэн, харьцуулалтын болон нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах хугацааг мөрдөх боломжгүй, цаг хугацаа алдвал үйлдвэрлэлд хор уршиг учирч болзошгүй үйлдвэрлэлийн үндсэн болон бусад бараа, ажил, үйлчилгээ байх” гэж журамласантай энэхүү худалдан авалт зөрчилдөөгүй гэж дүгнэж болохоор байна.

Иймээс С.Дыг сонгон шалгаруулалт зарлалгүй, шууд худалдан авалт хийсэн гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

4.Шийтгэх тогтоолд “...С.Д нь Эрдэнэт үйлдвэр компаний санхүү эрхэлсэн захирал Ж.Эт нөлөөлж, худалдан авах ажиллагааны хэлтэс, түүний ажил хариуцсан менежерүүдэд үүрэг чиглэл өгүүлэх замаар худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар зохион байгуулахаар шийдвэрлүүлсэн гэх үйл баримтаар шүүгдэгч санаатайгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль Монгол улсын хууль тогтоомж, аж ахуй нэгжид дагаж мөрдвөл зохих дүрэм журамд заасан ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаа нээлттэй, шударга байх үндсэн зарчим болон тодорхой худалдан авах ажиллагааг зохицуулсан заалтуудыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

С.Дыг Ж.Эт нөлөөлсөн гэж дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүрэг өгүүлэхийг шаардсан зүйл байхгүй. Ж.Э тус үйлдвэрийн дэд захирлын хувьд эрх үүргийн дагуу асуудлыг шийдсэн хэрэг. Шүүх Ж.Эийг /гомдлын 3-т дурдсан/ буруутгахдаа нөлөөлөлд хэрхэн автсан талаар огт дурьдаагүй. Энэ хоёр дүгнэлт хоорондоо авцалдаагүй. Ж.Эт нөлөөлсөн, үүрэг өгүүлсэн гэх мэтээр баримтгүйгээр төсөөлсөн хийсвэр дүгнэлт хийж С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

5.Анхан шатны шүүхээс Ж.Эийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу шууд худалдан авалт хийх аргыг Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсээс сонгожээ. Хангамжийн хэлтсээс хуульд заасан үүргийн дагуу уг худалдан авалт дээр сонгон шалгаруулалт зарлаагүй, тийм баримт байхгүй. Тиймээс ч бараа материал нийлүүлэх аж ахуйн нэгжийг шууд сонгож сургууль руу явуулсан байдаг. Энэ аргыг сонгосноор аль ч байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг шууд авч болохоор байгаа тул бусдад давуу байдал олгох гэдэг ойлголт байхгүй тул ... аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон гэж буруутгасан дүгнэлт нь нотлогдоогүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Ж.Э зөрчсөн үүрэг өгсөн бол эрх бүхий албан тушаалтан өөрөө хариуцлагаа хүлээхээс үүргийг хэрэгжүүлсэн хүмүүст эрүүгийн гэм буруу байхгүй гэж дүгнэлт хийхээр байхад Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан тул С.Дын үйлдэл энэ гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгон С.Д нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл хийгээгүй гэдгийг дээр дурьдсанаар тайлбарлаж байгаа билээ. Хэдийгээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хууль тогтоогч тогтоосон ч гэсэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үүний улмаас бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нотлогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх ...Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүрэг эрх хэмжээгээ хэрэгжүүлж чадаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийг нягтлан, нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж, хууль хэрэглээний талаар анхаарч дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Мөн магадлалд “Шүүгдэгч С.Дын хувьд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 105.096.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар өөрөө удирдан зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бараа ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журмыг зөрчин тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Эй Си И Икс” ХХК, “ТННХ” ХХК, “Амжилтын нар” ХХК-д давуу байдал бий болгосон албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэж анхан шатны шүүхийн үндэслэлгүй тогтоолыг хуулж бичсэн болохоос бодитой дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл: Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг Захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бөгөөд ...хуулиар болон тус үйлдвэрийн мөрдөж байгаа журмаар бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулалт зарлах эрх үүрэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д байхад С.Дын эрх үүрэг мэтээр сонгон шалгаруулалт зарлаагүй, хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн хангамжийн хэлтсийн албан тушаалтнууд гэрчийн мэдүүлэг өгөхдөө ийм үүрэгтэй, энэхүү худалдан авалт дээр сонгон шалгаруулалт зарлаагүй гэдгийг мэдүүлсэн. Гэтэл шүүх ...С.Дыг санаатайгаар хууль тогтоомж зөрчиж худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг өөрчлүүлж эрх мэдлээ хэтрүүлэн, хийх ёсгүй үйлдлийг хийж нэр бүхий 3 аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн албан тушаалтнаас тогтоосон гэж дүгнэсэнтэй нь зөрчилдөж байна.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууламжийн үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг ... гэмт хэрэг учраас” гэж эрх зүйн ерөнхий ойлголтыг дурьдсан байх бөгөөд С.Д бусдыг хэрхэн хохироосон талаар дүгнээгүй, ямар нэгэн нотлох баримт дурьдаагүй нь ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байвал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн заалттай нийцэж байна.

Иймд ЭХХШТХ-ийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон С.Дыг цагаатгаж шийдвэрлэнэ үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Ганзул гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх С.Дыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай хууль, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журмыг зөрчин тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр буюу 105.096.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар өөрөө удирдан зохион байгуулж хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдэлж, хийх ёсгүй үйлдлийг хийж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн шинжийг хангасан хэмээн дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. С.Дын бүрэн эрх, чиг үүрэгт буюу ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэгт худалдан авах ажиллагааг зохион байгуулах, оролцох эрх хэмжээ байхгүй, харин ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар “батлагдсан төсвийг зориулалтаар захиран зарцуулах” үүрэгтэй. С.Дын хувьд өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын дагуу 105.069.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг Технологийн сургуульд худалдан авах төсвийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бгээр батлуулсан. Энэ үйлдэл нь хуульд нийцсэн өөрийн бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу ажпын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн дагуу ажилласан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Харин түүний батлуулсан 105.096.000 төгрөгийг худалдан авалтыг зохион байгуулах үүрэг бүхий этгээд нь захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК, түүнийг төлөөлж хангамжийн хэлтэс, мэргэжилтнүүд юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэж хуульчилсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар бол 10.000.000 төгрөгөөс давсан үнийн дүнтэй барааг худалдан авах бол тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан

  • нээлттэй тендер сонгон шалгаруулах,
  • Тендер шалгаруулалтын онцгой журам
  • зөвлөх үйлчилгээний зөвлөх сонгох,
  • олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа

Тендер шалгаруулалтын онцгой журам, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалтыг журмыг мөрдөнө. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1,2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй барааг... тус хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно.

Дээрх хууль тогтоомжоос дүгнэлт хийвэл худалдан авах ажиллагааны аль хэлбэрийг сонгон хэрэглэх эрх хэмжээ Захиалагчид буюу хангамжийн хэлтэст байсан. Хэрэгт авагдсан гэрч Р.О, Б.А болон С.Д нарын мэдүүлгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ж.Э 105.096.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг зохицуулах ажиллагааг 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар” хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг хангамжийн хэлтсийн мэргэжилтэн нарт өгсөн байдаг. Харин С.Дын хувьд худалдан авах ажиллагаанд оролцоогүй бөгөөд худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Р.О, Ц.Э нарт болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ж.Эт нөлөөлсөн зүйл огт байхгүй. Үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх С.Д нь хийх ёсгүй үйлдэл хийж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн буюу 105.096.000 төгрөгийн барааг худалдан авах ажиллагааг тэрээр зохион байгуулах эрх хэмжээ байхгүй байхад өөрт олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлж худалдан авах ажиллагааг зохион байгуулж буюу 10 сая төгрөгт багтаан хэсэгчлэх аргаар өөрөө удирдан зохион байгуулсан гэж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй бодит байдлаас илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009.06.24-ний өдрийн 23 дугаартай тогтоолд “Мөн зүйл, хэсэгт заасан “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэдгийг албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно. Монгол Улсын Дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 16 дугаартай тогтоолын 5-т “Энэ хэсэгт заасан “эрх мэдлээ хэтрүүлж” гэж хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдлэхийг хэлнэ.” гэжээ.

Тодруулж хэлбэл, С.Д нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шууд хэрэгжүүлдэг субъект биш бөгөөд тэрээр шууд худалдан авах ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, шууд худалдан авах ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулах хуулиараа боломжгүй этгээд. Хэрэв тэрээр худалдан авах ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулахдаа хүрвэл хэн нэгэнд буюу хангамжийн хэлтсийн мэргэжилтэн нарт нөлөөлж байж л тэрээр хийх ёсгүй үйлдэл хийж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болох байсан. Гэтэл С.Д нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө худалдан авах ажиллагааг дуусгах санаа, зорилго байснаас Ж.Э болон хангамжийн хэлтсийн мэргэжилтэн нарт нөлөөлж худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг өөрчлүүлж шууд худалдан авалт буюу 10 сая төгрөгт багтаалгасан гэм буруутай үйлдэл хийгээгүй. Хэрэв түүнийг бусдад нөлөөлсөн гэж үзэж байгаа бол энэ байдал нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй гэдгийг анхаарч үзнэ үү.

Хоёр шатны шүүх С.Дыг Технологийн сургуулийн захирал байсан учраас, мөн 105.096.000 төгрөгийн төсвийг батлуулсан учраас, Ж.Этэй орж уулзсан учраас гэсэн сэтгэхүйн хандлагаар хандаж, С.Дыг 10 сая төгрөгт багтаан шууд худалдан авах ажиллагааг хийлгэж хийх ёсгүй үйлдэл хийж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үндэслэл, нотолгоогүйгээр түүнийг буруутгаж байна хэмээн үзэж байна. Нөгөөтэйгээр, хэрэгт авагдсан баримтаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ж.Э 10 сая төгрөгт багтаан шууд худалдан авалт хийх аргыг хэрэглэхийг хангамжийн хэлтсийн мэргэжилтэн нарт өгсөн ба мэргэжилтэнгүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар Шууд худалдан авалтын аргыг сонгосон тул ямар ч аж ахуй нэгж байгууллагаас шаардлагатай тоног төхөөрөмжөө сонгон авах боломжтой тул ... “Эй Си И Икс” ХХК, “ТННХ” ХХК, “Амжилтын нар” ХХК-дад давуу байдал бий болгон сүлжээний тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авсан гэж дүгнэж байгаа нь мөн л буруу. Энэ тохиолдолд буюу шууд худалдан авах аргыг сонгосон учир бусдад давуу байдал олгох гэх ойлголт яригдахгүй.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т шууд худалдан авах ажиллагааг хэрэглэж болохоор хуульчилсан байгаагаас, мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бгийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/437 дугаар тушаалын хавсралт “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ын “6.8.2. Шууд худалдан авч болох бараа, ажил үйлчилгээний хэрэгцээ нь тухайн цаг үед нэн чухал шаардлагатай буюу өөр арга, хэлбэрээр оруулах боломжгүй, худалдан авсан даруйд шууд хэрэглэгдэх гарцаагүй нөхцөл байдал үүссэн, харьцуулалтын болон нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах хугацааг мөрдөх боломжгүй, цаг хугацаа алдвал үйлдвэрлэлд хор уршиг учирч болзошгүй үйлдвэрлэлийн үндсэн болон бусад бараа, ажил, үйлчилгээ байх” гэж журамласан зэргээс дүгнэлт хийж үзвэл шууд худалдан авалтаар 3 компаниас сүлжээний тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авсан үйлдэл нь гэмт хэрэг биш хэмээн үзэж байна. Тухайн цаг хугацаанд бол хичээлийн шинэ жил эхлэх гээд тоног төхөөрөмжийг нэн яаралтай авах шаардлага үүсчихсэн үе байсан учраас шууд худалдан авах аргыг сонгосон нь цаг үеэ олсон зөв шийдвэр байсныг мөн үгүйсгэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, шууд худалдан авалтын аргыг хэрэглэж болохыг хууль болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-д тусгачихсан байгаа учраас тус аргыг сонгож худалдан авалт хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцлага хүлээлгэж болно. Түүнчлэн шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болдог.

Тодруулж хэлбэл, С.Д нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчихөд хэн нэгэнд нөлөөлөөгүй, тус хуулийг зөрчөөгүй тул тэрээр хийх ёсгүй үйлдэл хийгээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлээгүй, Ж.Эийн үүрэг чиглэлийн дагуу шууд худалдан авах аргаар нэр бүхий 3 компаниас худалдан авах ажиллагаа хийгдсэн тул бусдад давуу байдал олгосон гэх ойлголт яригдахгүй. С.Д нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй.

Хэрэгт С.Дыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчихөд хэн нэгэнд нөлөөлж, худалдан авах ажиллагааны төрөл хэлбэрийг өөрчлүүлсэн гэдгийг нотлох баримтгүйгээр хийсвэрээр дүгнэж буюу С.Д 105.096.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг зохицуулах ажиллагааг 10 саяд: багтаан хэсэгчлэх аргаар өөрөө удирдан зохион байгуулсан гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн 6айгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг учраас шүүгдэгч С.Дын үйлдэл, гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасантай нийцэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй юм.

Дээр дурьдаж тайлбарлан дүгнэсэн хууль зүйн дүгнэлтийг минь болгоон үзэж хяналтын шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, С.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч Б.П хэлсэн саналдаа: Шүүхийн шийдвэртэй холбогдуулж хэлэх саналгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Д нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга авах нөхцөл байдал үүссэний улмаас үйлдвэрийн захирлаар 105.096.000 төгрөгийн төсвийг батлуулсан. Улмаар тоног төхөөрөмж, тавилгыг худалдан авах үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хангамжийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, маркетенгийн хэлтсүүдээр гүйцэтгүүлэх ёстой байтал С.Д гардан зохион байгуулж, өөрийн танил компаниудаас бараа худалдан авах ажиллагаа явуулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Бараа худалдан авсан гурван компанийн төлөөлөл гэрчийн мэдүүлэгтээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, барааг шууд нийлүүлсэн талаар хэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, ямар нэгэн хор уршиг шаардахгүй бөгөөд нийтийн албан тушаалтан төрийн үйл ажиллагааг шударга, хууль ёсны дагуу явуулах ёстой. Нийтийн албан тушаалтан өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, С.Ганзул нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Дд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Дыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сард албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехын холбооны инженер Г.Гээр дамжуулан түүний төрсөн дүү Н.Уын “Эй Си И Инк” ХХК-иас 20.249.000 төгрөгийн бараа материал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Баар дамжуулан түүний эхнэр Ж.Н “ТННХ” ХХК-иас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, “ВSВ люкс мебель” ХХК-ийн худалдааны зөвлөх Э.Таар зуучлуулан түүний найз Б.Бы “Амжилтын нар” ХХК-иас 57.213.672 төгрөгийн тавилга эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал олгосон” гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн бодитой сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоох боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын /тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК/ дэргэдэх Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Д нь тус сургуульд шаардлагатай үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 31/345 тоот албан бичгээр /3хх-1/  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бд, мөн агуулга бүхий 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 31/351 тоот албан бичгийг /2хх-192/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эт тус тус гаргасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/583 тоот тушаалаар /2хх-188/ Технологийн сургуулийн дотуур байранд үндсэн хөрөнгө худалдан авахыг магадлашгүй ажилд тооцон, нийт 105.096.000 төгрөгийн санхүүжилтийг баталж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлогын газар /Д.Н/, Их барилгын хэлтэс /Д.Б/, холбогдох бүтцийн нэгжүүдэд үүрэг болгосноос гадна энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эт даалгаж шийдвэрлэжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хууль, эрх зүйн газраас Технологийн сургуулийн дотуур байранд 105.096.000 төгрөгийн эд зүйлс худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам зөрчигдсөн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт хүсэлт гаргажээ.

Гэвч мөрдөн байцаалтын шатанд Технологийн сургуулийн захирал С.Дд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг ажил үүргийн хувьд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудын үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй баримтат мэдээллийг шалгахгүй орхигдуулж, гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий зарим албан тушаалтны өгсөн харилцан зөрүүтэй гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бэхжүүлж, тэдгээрийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй зэргээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүхийн тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С.Дыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мэдүүлэг авахад тэрээр “Би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуульд захирлаар ажиллах хугацаандаа сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах талаар ерөнхий захирал Х.Бд уламжилж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг ерөнхий захирлын зүгээс Санхүү эрхэлсэн дэд захирал Ж.Э, Хангамжийн хэлтсийн дарга Ц.Э нарт үүрэг өгсөн байсан. Тэгээд би Ж.Э захиралтай өрөөнд нь орж уулзахад Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эыг өрөөндөө дуудаад худалдан авах зүйл нь жижиг эд зүйлүүд байна, үүнийг 10.000.000 төгрөгт багтаан гэрээ байгуулан, шууд худалдан авалт хийх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Ж.Э захирлын өрөөнөөс гараад би Ц.Э даргатай хамт өрөөнд нь очиход мэргэжилтэн Р.Оийг дуудаж, 10.000.000 төгрөгт нь багтаан худалдан авалтуудыг зохион байгуул гэсэн үүрэг өгсөн” /3хх-232/,  

Гэрч Б.А 2019 оны 05 дугаар сарын 07-нд өгсөн мэдүүлэгтээ “2017 оны 8 дугаар сард С.Д багш надад хэлэхдээ “Би Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ж.Этэй уулзаад ирлээ. Ж.Э захирал Э дарга бид хоёрыг дуудаад Технологийн сургуулийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг НӨАТ багтсан үнийн дүн 10.000.000 төгрөгт багтаан шийдвэрлэ гэсэн чиглэл өглөө гэж хэлсэн” /3хх-208/,

Мөн Ж.Э, Р.О нарыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нүүрэлдүүлэн байцаахад Р.О “Миний хувьд ажил үүргийн хуваарийн дагуу тавилга, ахуйн хэрэглээний цахилгаан барааны худалдан авалтыг зохион байгуулдаг. Тухайн үед хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор цаг тулсан тул яаралтай худалдан авалт хийх, тавилга хэрэгслийг шууд худалдан авалт хийх аргаар 10.000.000 төгрөгт багтаан зохион байгуул гэж Ж.Э захирал үүрэг өгсөн.” /3хх-221/ гэж тус тус мэдүүлсэн байхад шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагад нийцээгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

Иймд Технологийн сургуульд тавилга, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу зохион явуулах, хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүйгээс гадна холбогдох аж ахуйн нэгжүүдээс нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээг хүлээн зөвшөөрч, өөрсдийн хууль зөрчсөн үйл ажиллагааг нуун далдлах зорилгоор 10.000.000 төгрөгийн үнийн дүнгээс илүүгүй хэмжээгээр төлбөрийг хэсэгчлэн шилжүүлсэн, энэ талаар чиглэл өгсөн албан тушаалтнуудын үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг нарийвчлан шалгах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй бөгөөд энэхүү тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Дд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан С.Дын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар өмгөөлөгч М.Дэлгэрнасан, С.Ганзул нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Дд холбогдох 1825004060489 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцаасугай.

2.Хэрэг прокурорт очтол С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                               ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                        

                                                                                                             Б.ЦОГТ