Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

  2022         4          22                                     2022/ШЦТ/154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,  

улсын яллагч Г.Э, Л.О,

хохирогчийн төлөөлөгч Д.,  

гэрч Б.А,

шүүгдэгч С.Д, өмгөөлөгч М.Д,

шүүгдэгч Ж.Э, түүний  өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э, Л.О нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 1825004060489 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.Д

Монгол Улсын иргэн, Ж.Э

Шүүгдэгч С.Д нь ЭҮ-ын дэргэдэх Т сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 9 дүгээр сард албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “ЭҮ” ХХК-ийн Холбоо мэдээллийн Т автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Гүнбилэгээр дамжуулан түүний төрсөн дүү Г.Уламбадрахын “Э” ХХК-аас 20.249.600 төгрөгийн бараа материал,

ЭҮ-ын дэргэдэх Т сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Булганбаатараар дамжуулан түүний эхнэр Ж.Нандин-Эрдэнийн “Т” ХХК-аас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж,

“В” ХХК-ийн худалдааны зөвлөх Э.Тогтохбаяраар зуучлуулан түүний найз Б.Батсайханы “А” ХХК-аас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч, бусдад давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.Энь “ЭҮ” ХХК-ийн /хуучнаар/ Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа 2017 онд ЭҮ-ын Т сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Дын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “ЭҮ” ХХК-ийн Холбоо мэдээллийн Т автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Гүнбилэгээр дамжуулан түүний төрсөн дүү Г.Уламбадрахын “Э” ХХК-аас 20.249.600 төгрөгийн бараа материал,

“ЭҮ” ХХК-ийн дэргэдэх Т сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Булганбаатараар дамжуулан түүний эхнэр Ж.Нандин-Эрдэнийн “Т” ХХК-аас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж,

“В” ХХК-ийн худалдааны зөвлөх Э.Тогтохбаяраар зуучлуулан түүний найз Б.Батсайханы “А” ХХК-аас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, худалдан авалтыг хэсэгчлэх байдлаар буюу үнийн дүнг 10.000.000 төгрөгт багтааж худалдан авалт хийх үүрэг даалгаварыг амаар өгч, дэмжлэг үзүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ “...Энэ хэрэг 2018 оноос хойш 3 шатны шүүхээр явж дээд шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Худалдан авалттай холбоотой ярьж байгаа асуудлын тухайд, би өөрийн эрхэлж байсан ажлын хүрээнд худалдан авалтыг зохион байгуулаагүй, санал бэлдэж өгсөн гэж ойлгож байгаа. Худалдан авалт гэдгийг гэрээ байгуулж бараа материалыг хүлээн авч, төлбөр тооцоо шилжүүлэхийг ойлгож байна. Миний хийсэн үйлдэлд худалдан авсан үйлдэл байхгүй.” гэв.

шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ “...Надад хамаатуулж байгаа үйл явдлыг, хамаарч байгаа цаг хугацаагаар нь 4 хэсэг үйл баримтаар хэлнэ.

Нэгдүгээрт; Ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаар тушаал гарахаас өмнөх үйл явдал /2017 оны 8 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэл/,

Хоёрдугаарт; Тушаал гарсан өдөр өгсөн үүргийн талаар,

Гуравдугаарт; Т сургуулийн хөрөнгийг худалдан авсан талаар,

Дөрөвдүгээрт; Худалдан авсан хөрөнгийн төлбөрийг төлсөн талаарх тайлбарыг тус тус хэлье.

1.Т сургуулийн захирал С.Д нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 31/345 тоот албан бичгээр тус сургуульд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх хүсэлтийг “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гаргасан. Ерөнхий захирал 8 дугаар сарын 01-ний өдөр ирсэн бичгийг хүлээж аваад хяналтын картаар над руу 2017 оны 8 дугаар сарын 07-нд “2017 оны төсөвт төлөвлөгөөг Т сургуулийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэ” гэсэн үүргийг өгсөн /2-р хавтаст хэргийн 129 дэх тал/, үүнтэй ижил агуулгатай 31/351 тоот албан бичгийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр надад ирүүлсэн /2-р хавтаст хэргийн 130-131 дэх тал/ үүний хавсралтад 43.790 ам.долларын дүнтэй үндсэн хөрөнгийн жагсаалт баримт ирсэн. Т сургуульд ирсэн 83.600 ам.долларын захиалгыг Ерөнхий захирлын өгсөн үүргийн дагуу нягталж үзээд санхүүжүүлэх боломжийг “43.700 ам.долларын хэмжээнд худалдан авах зөвшөөрөл олгов” гэж тус бичиг дээр 2017 оны 8 дугаар сарын 07-нд би цохолт хийсэн. Ерөнхий захирлын тушаал гарахаас өмнө нь олон нэгж, хэлтсийн дарга, захирлууд тушаалд саналаа өгдөг, тэр саналыг үндэслэн Ерөнхий захирлын тушаал гардаг бөгөөд ганц хүний саналыг үндэслэдэг юм биш. 2017 оны 8 дугаар сарын дунд үеэр Т сургуулийн оюутны байр төсөвт батлагдсан засварын ажлаа Хангамжийнханд үзүүлж байхад С.Д захирал намайг дуудаж уулзсан, тус сургуулийн асуултад ямар нэгэн шийдвэр өгөөгүй, тэнд байсан бусад хүмүүсийн мэдүүлэг үүнийг баталдаг. Харин гэрч Р.Оюун-Эрдэнийн хэлсэн миний талаарх мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй таардаггүй. Тэр үед тушаал гараагүй үе байсан, Р.Оюун-Эрдэнэ энэ ажлыг хариуцдаг эсэхийг нь мэдээгүй, үүрэг өгөх үндэслэл ч байхгүй. Үйлдвэрийн ерөнхий удирдлагаас нэгжийн дотоод асуудлаар хэлтсийн удирдлагад үүрэг өгдөг болохоос, шууд хэлтсийн ажилчдад үүрэг өгдөггүй. Яг тэр үед гэрч Б.Ариумаа тэнд байсан, надаас хөрөнгө оруулалтын талаар асуухад нь би “мэдэж байгаа, шийдэж өгнө өө” гэж хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тушаал гарахаас өмнө сургуулийн уулзалт дээр Хангамжийн хэлтсийн худалдан авах болон худалдан авалтыг 10.000.000 төгрөгт багтаан ажиллах талаар үүрэг өгөөгүй, тушаал гараагүй байсан учраас эцэслэн ярих эрх надад байхгүй. 

2.2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тушаал гарч С.Д захирал өрөөнд орж ирээд гарсан, тушаалдаа ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлогын газар, Их барилгын хэлтэс,  холбогдох бүтцийн нэгжүүдэд үүрэг болгосон, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг надад даалгасан байсан. Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр, Т сургуулийн захирал С.Д нарыг тушаалын дагуу зохих журмын дагуу шуурхай ажиллаарай гэж хэлээд гаргасан. Эдгээр хүмүүс өөрийн ажилчиддаа ямар үүрэг даалгавар өгснийг би мэдэхгүй байхад миний хэлээгүйг хэлсэн болгож, ял зэмд оруулж гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.Хөрөнгө худалдан авалт, төлбөр тооцооны тухайд,

“ЭҮ” Хөрөнгө худалдан авах ажиллагааг хийж төлбөр шилжүүлэхдээ 8 үе шатыг баримталдагаас сүүлийн 2 үе шат нь төлбөр шилжүүлэх,

Худалдан авч байгаа нэгж буюу Т сургууль нь санхүү эрхэлсэн дэд захирлын нэр дээр худалдан авах зөвшөөрлийн бичгийг ирүүлсэн байх ёстой. Тухайн албан бичгийг би зөвшөөрлийн цохолт хийж, Хангамжийн хэлтэст өгдөг. Зарим зүйлийг шууд худалдан авч байгаа бол санхүүгийн захирлын бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэж Зах зээл судалгааны хэлтсээс шууд худалдан авалтын үнийн судалгаа хийж бичгээр дүгнэлт гаргадаг. Дүгнэлтийг захиалагч болох Т сургууль аваад Хангамжийн хэлтэст хүргүүлж өгнө. Хангамжийн хэлтэс худалдан авах ажиллагааг зохион байгуулсныхаа дараа агуулахаас болон шууд хоёр янзаар барааг хүлээж авдаг. Тухайн сургууль шууд авсан байдаг.

4.Хангамжийн хэлтэс бараа хүлээн авсан актыг үндэслэж нягтлан бодох бүртгэлийн программд оруулан “приходный ордер” гарган авч гарын үсгүүдээ зурдаг. Барааг өгч буй аж ахуйн нэгж нь тус барааг хүлээлцсэн актыг үндэслээд тээвэр ложистикийн агуулахын няраваар гарын үсэг зуруулдаг. Хүлээж авч байгаа барааны мэргэжилтэн тус барааны чанар байдалд шалгалт хийж, орлогын баримт дээр гарын үсэг зурдаг. Санхүүгийн программд өглөг, авлагын мэдээллийг үүсгэдэг. Санхүүгийн хэлтэс төлбөрийн жагсаалт баталдаг, 8 дугаар үе шатанд санхүүгийн хэлтсийн мөнгөн гүйлгээний мэргэжилтэн үүний дагуу мөнгөн шилжүүлгийг хийнэ. Тэр мэргэжилтэн нь Хангамжийн хэлтэст 10 хоног дотроо төлбөрийн жагсаалт гаргаад удирдлагаар батлуулж гарын үсэг зуруулснаар мөнгө шилжинэ. Би гурван компанийн үнийг ч мэдэхгүй, намайг үүнд хамаатуулж байгааг би ойлгохгүй байна. Худалдан авах ажиллагаа дуусаад төлбөрийг шилжүүлэх үед С.Д захирал ерөнхий нягтлан бодогч Сүхбатад удаа дараа бичгийг өгсөн байдаг, төлбөрүүд ч хуваарийн дагуу шилжсэн байсан. Би нэгдүгээр гарын үсэг зурж, төлбөрийг шилжүүлсэн байсан. “А” ХХК-д зургаан үйлдлээр 57.000.000 төгрөг, “Эй Си И Экс” ХХК-д гурван үйлдлээр 22.000.000 төгрөг, “Т” ХХК-д гурван үйлдлээр 25.000.000 төгрөг шилжсэн байсан. Бараа бүтээгдэхүүнийг орлогод авсны дараа төлбөрийг шилжүүлсэн байна гэж нягтлан бодогч Пүрэвсүрэн мэдүүлэгтээ дурьдсан байна. Ерөнхий захирлын тушаалын дагуу төлбөрийн гүйлгээ хийгдэж хариуцсан ажлаа өөрсдөө хариуцдаг тул бүлэглэж албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолж байна. Тиймээс цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

хохирогчийн төлөөлөгч Д.П мэдүүлэхдээ “...Аливаа аж ахуйн нэгж тухайн оны бизнес төлөвлөгөөгөө баталдаг, цалин хөлс, төсөв хөрөнгө, бараа бүтээгдэхүүн худалдаж авах багтана. Энэ худалдан авах төлөвлөгөөнд ороогүй боловч зайлшгүй гарч ирсэн ажил үйлчилгээг магадалшгүй ажил гэдэг, үүний дагуу “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А508/83 тушаалаар 13 ажлын жагсаалт болон төсвийг баталсан. Үүний 12-р зүйлд Т сургууль түүний дотуур байрны засвар, түүнд үндсэн хөрөнгө худалдан авах тухай 105.96.000 төгрөгийн төсөвт ажил байдаг, 2017 онд “ЭҮ” ХХК-ийн 51% төрийн өмчийн оролцоотой, 49%-г Монголиан Корпорейшн компани эзэмшдэг, төрийн өмчийн оролцоотой компани байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт 50% буюу түүнээс дээш төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол энэ хуулиар бараа ажил үйлчилгээний захиалагч байна гэж заасан. Энэ хуулийн 8.1-д босго үнийг заасан байгаа, бараа 10.000.000 төгрөгөөс доош бол шууд худалдан авалт хийнэ, түүнээс дээш бол онцгой журам, нээлттэй сонгон шалгаруулалт хэрэглэнэ, онцгой журамд харьцуулалтын арга хамаарна. 10.000.000-50.000.000 төгрөг дотор харьцуулалтын аргыг нээлттэй зарлана, 50.000.000 төгрөгөөс дээш төсөвтэй бол нээлттэй тендер зарлана. Мөн хуулийн 5.1.3 дахь хэсэгт босго үнэ гэж үнийн дээд болон доод үнийг зааж өгсөн. Гол асуудал нь Т сургуулийн худалдан авах ажиллагаанд эрх бүхий албан тушаалтнууд энэ хууль тогтоомжийг зөрчсөн, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтах эсхүл нээлттэй шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд, хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл энэ 105.096.000 төгрөгийн худалдан авалтыг 10.000.000 төгрөгөөр хэд, хэд хуваасан байгаа. Өнөөдрийн байдлаар өмч хөрөнгөтэй холбоотой хохирол үүсээгүй ч хууль тогтоомжийг зөрчсөн гэж гомдол гаргасан. Журмын дагуу бол худалдан авах ажиллагааг Худалдан авах ажиллагааны хэлтэс зохион байгуулна. Т сургууль бол захиалагч цех бөгөөд шаардлагатай бараа үйлчилгээг эрх бүхий албан тушаалтанд санал болгоно. Худалдан авах ажиллагааны хэлтсийн Ц.Эрдэнэбаяр, Р.Оюун-Эрдэнэ гэх хүмүүс нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, Ерөнхий захирлын тушаалаар үнэлгээний хороо байгуулагдах ёстой байсан, тус хороог А3 сертификаттай мэргэшсэн хүмүүс бүрдүүлнэ. Ж.Энь энэ худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны дарга биш. “ЭҮ” ХХК, Т сургууль хохирсон хохиролгүй. Хангамжийн хэлтсийн хууль бус үйл ажиллагаа байгаа.” гэв.

гэрч Б.А мэдүүлэхдээ “...Удирдах зөвлөлийн тогтоол гарч, тухайн жил оюутны байранд гэлтгүй сургуулийн хэмжээнд тодорхой засвар хийгдэж байсан учраас анги, танхимууд ч хоосон байсан, Удирдах зөвлөлийн хурал болж түүгээр хичээлийн жил эхлэх гэж байгаа тул анги, танхимуудыг яаралтай тохижуулах шаардлагатай гэсэн тогтоол гарч авах зүйлсийн жагсаалтыг гаргасан, Удирдах зөвлөлийн тогтоол гарсны дараа С.Д захирал “Ж.Эзахирал Ц.Эрдэнэбаяр дарга бид хоёрыг дуудаж, Ерөнхий захирлын тушаалыг нийт худалдан авалтыг 10.000.000 төгрөгт багтаан шийдвэрлэхээр үүрэг өгсөн, худалдан авалтыг Хангамжийн хэлтсийн Р.Оюун-Эрдэнэд даалгасан” гэсэн, үүний дараа нийт худалдах авах шаардлагатай зүйлийг бичиж харуулж явсан, Р.Оюун-Эрдэнэ менежер над руу яриад “жагсаалтаа явуул” гэхэд нь би мэйлээр явуулсан, дараа нь хэдэн хүмүүс ирээд “Р.Оюун-Эрдэнэ менежер явууллаа” гэсэн, би худалдан авах шаардлагатай байгаа ширээ гэх мэт зүйлсийг харуулсан, Р.Оюун-Эрдэнэ менежер “нэхэмжлэх, зарлагын баримт, хүлээн авсан актыг ирүүл” гэсний дагуу аваачиж өгсөн, “Синамикс” ХХК-аас явж байна гээд нэг эмэгтэй ирээд “танай дээр нийлүүлэх шаардлагатай тавилга байгаа гэсэн” гэхэд нь Р.Оюун-Эрдэнэ менежер хүн явуулж түүний дагуу нөгөө компаниуд нь ирж уулзаж нэхэмжлэх авч ирээд, би Р.Оюун-Эрдэнэ менежерт өгсөн гэж хэлсэн, дараа нь би ээлжийн амралтаа авч намайг эргээд ажилдаа ирэхэд тавилгууд аль хэдийн ирчихсэн, С.Д захирал намайг “чанарыг нь үзээрэй” гэсэн зүйл болсон. Худалдан авалтыг зохион байгуулах үүрэг өгөөгүй, худалдан авалтыг Хангамжийн менежер Р.Оюун-Эрдэнэ хариуцсан, миний үүрэг бол ирж байгаа бараа бүтээгдэхүүний чанарт анхаарах байсан.” гэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

гэрч Д.Т-н “...2017 онд “ЭҮ” ХХК-ийн Т сургуулийн лекцийн танхимд 105.096.000 төгрөгийн эд хөрөнгө худалдан авах зорилгоор Ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Магадалшгүй ажилд тооцох тухай” тушаалаар хөрөнгийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ тушаалын дагуу Хангамжийн хэлтэс, Т сургуулийн ажилтан нар хамтран тус хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах байсан. Тэгтэл тус хууль тогтоомжийг зөрчиж сонгон шалгаруулалт зарлалгүй босго үнэд багтаах, эсвэл нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмаас зайлсхийх зорилгоор нийт өртгийг хэд, хэд хуваан бараа материал, тоног төхөөрөмж авсан нь тухайн хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулахгүй барааг хүлээн авч барааны үнийг 10.0000.000 төгрөгт багтааж шилжүүлсэн үйлдэл гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь/,

гэрч Б.А-н “...2017 оны 8 сард шиг санаж байна, С.Д багш надад хэлэхдээ “...би “ЭҮ” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ж.Эрдэнэбилэгтэй уулзаад ирлээ, Ж.Эзахирал Ц.Эрдэнэбаяр дарга бид хоёрыг дуудаад Т сургуулийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг НӨАТ багтсан үнийн дүнг 10.000.000 төгрөгт багтаан шийдвэрлэ гэсэн чиглэл өглөө, ингэснээр сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх ажил түргэн шийдэгдэх юм байна.” гэсэн. Т сургуулийн удирдах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор сургуульд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт гарсан байдаг. ..жагсаалтыг би “ЭҮ” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн менежер Р.Оюун-Эрдэнэд өгсөн. ...тоног төхөөрөмжийн жагсаалт өгснөөс хойш “А” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК-ийн төлөөлөлүүдээс хүмүүс ирж надтай уулзаж байсан. “А” ХХК-аас Тогтохбаяр, “Э” ХХК-аас Г.Гүнбилэг, “Т” ХХК-аас Булганбаатар гэх хүмүүс ирж уулзаж байсан. “А” ХХК-аас ирсэн хүн нь “Хангамжийн хэлтсээс явууллаа” гэж хэлж байсан. “Э” ХХК-аас Г.Гүнбилэг нь “ЭҮ” ХХК-ийн Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цехэд ажилладаг, “Т” ХХК-ийн Б.Булганбаатар нь Т сургуулийн сүлжээний инженерээр ажилладаг. Би Ж.Эзахирлаас худалдан авалтыг 10.000.000 төгрөгт багтаах шийдвэр гарсны дараа Б.Булганбаатартай уулзаж “сургуульд шаардлагатай тоног төхөөрөмжийг чи өөрөө худалдаж авбал дээргүй юу” гэж хэлсэн. Б.Булганбаатартай ярилцсан тухайгаа С.Д захиралд хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь/,

“...Ж.Э захирал Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр болон менежерүүдэд хандаж “худалдан авах ажиллагааг зохион байгуулаарай” гэж хэлээгүй, “би мэдэж байгаа, шийдэж өгнө” гэж хэлсэн, мөн 10.000.000 төгрөгт багтаан зохион байгуулж ажиллах талаар хэн нэгэнд үүрэг өгөөгүй. ...Тэгж хэлснээс хойш удаагүй Хангамжийн хэлтсийн менежер Р.Оюун-Эрдэнэ над руу утсаар яриад “худалдан авах тоног төхөөрөмжийнхөө жагсаалтыг явуул” гэсэн, би жагсаалтыг өгсөн. Түүнээс хойш удаагүй “ВSВ электроникс” гэсэн бичигтэй хувцастай хоёр хүн ирээд “Р.Оюун-Эрдэнэ менежер явууллаа, ямархуу ширээ сандал, тоног төхөөрөмж авах юм бэ” гэсэн, би эдгээр хүмүүст худалдан авах ширээ сандалын загвар, засвар хийсэн хичээлийн танхим зэргийг харуулаад явуулсан, хэд хоногийн дараа ирэхдээ “А” ХХК болоод ороод ирсэн. С.Д захирал “ЭҮ” ХХК-ийн Холбоо мэдээлэл техник автоматжуулалтын цехийн инженер Г.Гүнбилэгтэй хамт гаднаас орж ирээд “лекцийн заалны тоног төхөөрөмжийг Г.Гүнбилэг хариуцна” гэж хэлсэн, сүлжээний тоног төхөөрөмжийн ажлыг би Т сургуулийн сүлжээний инженер Б.Булганбаатартай уулзаад санал тавьсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 208-209 дэх/,

гэрч Ц.Э-н “...хурлын үеэр Ж.Э захирал “тус ажлыг шуурхай зохион байгуул” гэдэг үүргийг Хангамжийн хэлтэст өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө нээлтэй тендер сонгон шалгаруулах журмаар зохион байгуулах хугацаа байгаагүй. Тиймээс харьцуулалтын аргаар зохион байгуулах зорилгоор “ВSВ электроникс” ХХК, “В” ХХК, “” ХХК-г манай менежер С.Д захиралд санал болгосон гэсэн. 10.000.000 төгрөгт багтаан худалдан авалт хийх талаар мэдэхгүй байна. Хэрвээ шууд худалдан авалт хийх гэж байгаа бол “ЭҮ” ХХК-ийн “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам батлах тухай” тушаалын хавсралт 6.8.3-т заасны дагуу худалдан авах барааны үнийн судалгааны дүгнэлтийг Зах зээл судалгааны хэлтсээс гаргуулан авч, Хангамжийн хэлтэс зохион байгуулах ёстой. Дээрх ажиллагааг Хангамжийн хэлтсийн Ш.Мэндбаяр болон Р.Оюун-Эрдэнэ нар хийх ёстой. Хангамжийн хэлтэс нь бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслээр хангах ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулах үүрэгтэй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116 дахь/,

“...Ж.Э захирал намайг өрөөндөө дуудаж үүрэг өгсөн талаар санахгүй байна, ...сургууль дээр очиход Ж.Эзахирал мөн ирсэн байсан. ...Ж.Э захирал “Хангамжийн хэлтэс тоног төхөөрөмжийн асуудлыг нь яаралтай зохион байгуулаарай” гэсэн үүрэг өгсөн. Ж.Э захирлаас “худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллаарай” гэсний дагуу би өөрийн хэлтсийн мэргэжилтэн Р.О, Ш.М нарт зохион байгуулах үүргийг өгсөн. Р.О, Ш.М нар худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг нь аваад харьцуулалтын аргаар зохион байгуулахаар томоохон техник хэрэгсэл худалдаалдаг байгууллагуудыг С.Д захиралд санал болгосон байсан. Гэтэл С.Д захирал “та нар үнэтэй юм худалдаж авч өгөх гээд байна, бид нар шийдэж өгсөн хөрөнгийг нь олон зүйлд хүргэнэ” гэж хэлсэн байсан. ...С.Д нь худалдан авалтаа өөрөө зохион байгуулаад шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авсан байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 212-213 дахь тал/,

“...Ж.Э захирал намайг байх үед хэн нэгэнд “худалдан авалтыг 10.000.000 төгрөгт багтаан зохион байгуул” гэсэн үүрэг өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 253-257 дахь тал/,

гэрч Р.О “...2017 оны 8 дугаар сарын дундуур Т сургууль дээр “ЭҮ” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр, мөн мэргэжилтнүүд болон Т сургуулийн захирал С.Д зарим ажилчид хамтарсан хурал хийсэн. ...Ж.Эзахирал Т сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж барааг яаралтай худалдаж авах талаар Хангамжийн хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдэд амаар үүрэг өгсөн. ...Худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй, ажил үүргийн хуваарийн дагуу Хангамжийн хэлтэс худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

“...Би Эрдэнэт хотод байгаа томоохон тавилга төхөөрөмжийн “ВSВ электроникс” ХХК, “В” ХХК, “С” ХХК-тай утсаар холбогдож “Т сургууль дээр яаралтай худалдан авалт хийгдэх гэж байгаа тул захирал С.Дтай очиж уулзаад, бараа тоног төхөөрөмжийг нь судлаадах” гэж хэлсэн. Миний хэлснээр “В” ХХК-аас хүмүүс очиж С.Д захиралтай уулзсан байх, удалгүй тавилгын үйлдвэрлэгч “С” ХХК-аас хүмүүс очиж уулзсан байсан. Тэгэхэд С.Д захирал “бид нар өөр компани судлаж авахаар болсон” гэж буцаасан байсан, үүнийг “С” ХХК-аас очсон хүмүүс надтай утсаар эргэж холбогдоод хэлсэн. Мөн С.Д захирал над руу өөрөө утсаар яриад “дахин өөр компани битгий явуулаад бай, бид нар компаниа сонгочихсон, цаашдаа худалдан авалттай холбоотой асуудлаа Б.А-тай холбогдоорой, би Б.А-д үүрэг өгсөн байгаа гэсэн”. Ж.Эзахирал Т сургууль дээр уулзсан уулзалт дээр “худалдан авалтыг яаралтай 10.000.000 төгрөгт яаралтай зохион байгуул” гэсэн үүргийг Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаярт болон тэнд очсон менежерүүдэд хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 210-211 дэх тал/,   

“...тухайн үед хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор цаг тулсан, яаралтай худалдан авалт хийх, тавилга хэрэгслийг шууд худалдан авалт хийх аргаар 10.000.000 төгрөгт багтаан зохион байгуул гэж Ж.Эзахирал үүрэг өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 221-224 дэх тал/,  

“...Би Э.Т-г “В” ХХК-ийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан гэдгийг нь мэдэж байна. Ямар ч байсан Э.Тогтохбаяртай утсаар холбогдож Т сургууль дээр очиж С.Д захиралтай уулзаад худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг нь аваад судлаадахаач гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

          гэрч Ш.М-н “...ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 тоот тушаалаар Т сургуулийн дотуур байранд үндсэн хөрөнгө худалдан авахыг магадалшгүй ажилд тооцон, нийт 105.096.000 төгрөг хуваарилагдсан байсан. Тэр мөнгөөр тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд хэрэгсэл худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой байсан. Худалдан авах ажиллагааг Хангамжийн хэлтэс зохион байгуулах чиг үүрэгтэй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/,

гэрч Г.Г-н “...2017 оны 8 сарын эхээр шиг санагдаж байна, Т сургуулийн захирал С.Д над руу утсаар яриад “манай сургууль лекцийн заалныхаа тоног төхөөмжийг шинэчлэх гэж байгаа, өмнө нь захиалгаар ирсэн төхөөрөмжүүд нь хоорондоо таарахгүй ажиллахгүй байна, ажиллуулахад ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ, мэргэжлийн зөвлөгөө өгөөч” гэж хүссэн. Тэгэхээр нь би байсан төхөөрөмжүүд дээр шаардлагатай төхөөрөмжүүдийг нэмж бичиж өгөхөд “манай эдийн засагчтай уулзаадахаач жагсаалт гаргачихсан байгаа, тэр дээр нэмэх юм байна уу хараад өгөөч” гэсэн. Тэр дор нь эдийн засагч Баярсайхан гэх залуутай уулзаад нэмж бичиж өгсөн. Тэр өдрөөс хойш удаагүй С.Д захирал над руу утсаар яриад “чи өөрөө компани олоод энэ төхөөрөмжүүдийг нийлүүлэх боломжтой юу” гэж асуусан, би “болно, болно” гэхэд “за, за тэгвэл чи нийлүүлнэ шүү, дараагийн асуудлуудыг нарийн бичиг Ариумаатай яриарай” гэсэн. Ингээд Ариумаатай уулзахад “нэхэмжлэхээ өг, нэхэмжлэх дээрх үнийн дүнгээ 10.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй бичээрэй гэсэн. С.Д захирлын гуйлтаар л тоног төхөөрөмж нийлүүлсэн. ...С.Д захирал “би Эрдэнэбилэг даргатай ярьсан, Эрдэнэбилэг дарга зөвшөөрсөн, тиймээс асуудал байхгүй, чи тоног төхөөрөмжөө нийлүүлэхээ л бод” гэсэн. ...Надтай үйлдвэрийн Хангамжийн хэлтсээс нэг ч хүн холбогдоогүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

“...“ЭҮ” ХХК-д С.Дыг мэдэхгүй хүн гэж байхгүй. ...Би өөрөө Хангамжийн хэлтсийн менежерүүдийн нэгэнтэй нь ч холбогдоогүй, тус ажлыг С.Д захирлын гуйлтаар хийж гүйцэтгэсэн.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

гэрч Г.У-н “...Т сургуулийн захирал С.Д Г.Гүнбилэг ахыг 2017 оны 9 сарын эхээр дуудаж уулзаад “сургуульд сүлжээний тоног төхөөрөмж яаралтай хэрэгтэй байна, чамд нийлүүлэх боломж байна уу, хамгийн гол нь эргээд эвдрэл гэмтэл гарвал чи өөрөө хариуцна шүү” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Гүнбилэг ах над руу холбогдоод худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалт дээр дурьдагдсан тоног төхөөрөмж нь үзүүлэлтүүдийнхээ хамт байсан бөгөөд тус жагсаалтыг би БНХАУ-ын Эрээн хотод байх хамтрагч Өвөрмонгол Өлзий гэх залуу руу цахимаар явуулсан. Өлзий Хятаддаа судлаад тэндээсээ худалдан авалт хийж Монгол руу илгээсэн. ...Манай компани тендер сонгон шалгаруулалтад ороогүй, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулаагүй, ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Г.Гүнбилэг ах “нэхэмжлэх хуудсаа бичихдээ мөнгөн дүнг нь 10.000.000 төгрөгөөс доош дүнгээр бичээрэй” гэсэн, тиймээс 10.000.000 төгрөгт багтааж гурван удаа нэхэмжлэх хуудсаа бичсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/,

гэрч Б.Б-н “...2017 оны 9 сарын дундуур нарийн бичиг Б.Ариумаа надтай уулзаад “сүлжээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх компани байхгүй байна, чи нийлүүлэх үү” гэсэн санал тавьсан, би “нийлүүлж болох юм уу, миний хувьд бол болохгүй юм бол байхгүй” гэхэд “тэгвэл чи нийлүүлчих” гэсэн. Тэгэхэд Ариумаа “компани олоод нэхэмжлэхээ бичээд өгчих, харин нэхэмжлэхээ бичихдээ 10.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй, хуваагаад бичиж өгөөрэй” гэсэн. Түүнийх нь дагуу би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 9.735.000 төгрөгөөр, 5.940.000 төгрөгөөр, 9.922.000 төгрөгөөр хуваагаад нэхэмжлэх бичээд Б.Ариумаагийн гарт өгсөн. ...нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй, шууд худалдан авалт хийх гэрээ байгуулаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

“...Тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг Б.Ариумаа хариуцан ажиллаж байсан, “10.000.000 төгрөгт багтаан үнийн дүнг бичээрэй” гэдгийг Ариумаа хэлж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу миний хариуцсан ажилд шинээр тоног төхөөрөмж худалдан авах байсан учраас ямар төрлийн, ямар маркийн ямар хүчин чадалтай сүлээний тоног төхөөрөмж шаардлагатай талаар би өөрөө жагсаалтыг нь гаргаж өгч байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/,  

гэрч Ж.Н “...Манай нөхөр Б.Б 2017 оны 9 сарын эхээр байх нэг хүнээс “Т сургууль тендерээр сүлжээний тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа” гэж сонссон, би бодохдоо “манай нөхрийн хийж байгаа ажилтай ойролцоо юм байна” гэж бодоод нөхөртэйгөө ярилцаад “танайх сүлжээний тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа юм байна, би материал бүрдүүлж өгвөл болох уу” гэсэн. Түүний дараа нөхөр Т сургуулийн нарийн бичиг Б.Ариумаагаас асуухад “Т” ХХК-иар нийлүүлчих гэж байна гэсэн. Тус тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

гэрч Э.Т-н “...“ЭҮ” ХХК-ийн Хангамжийн хэлтсээс Р.Оюун-Эрдэнэ менежер над руу утсаар яриад “Т сургууль дээр худалдан авалт хийх гэж байна, танайх очоод үзэж судлаадахаач” гэж хэлсэн юм байна. ...Б.Ариумаатай уулзаад “Хангамжийн хэлтсээс Р.Оюун-Эрдэнэ явууллаа, ямар тавилга хэрэгсэл авах гэж байгаа юм бэ, харъя” гэсэн. Б.Ариумаа надад худалдан авах барааны жагсаалтыг хувилж өгөөд явуулсан. Б.Ариумаатай уулзаад “манай компанид бол жагсаалтад дурьдагдсан бараанууд зарагдахгүй байна, харин танай шаардлагад нийцсэн барааг чинь “А” ХХК нийлүүлэх боломжтой юм байна, хэрвээ та нар болно гэвэл хариугаа өгөөрэй, би холбоод өгье” гэж хэлээд гарсан. Удаагүй Б.Ариумаа над руу утсаар яриад “жагсаалтад дурьдагдсан барааг заасан хугацаанд чанартай нийлүүлж чадах уу, тэгвэл “А” ХХК-аас авахад татгалзах зүйл байхгүй” гэсэн. Ингээд би “А” ХХК-ийн үнийн саналыг Б.Ариумаад өгөхөд “болох юм байна” гэсэн учраас “А” ХХК бараагаа захиалсан. Би Б.Ариумаагаас асуусан чинь “нэхэмжлэх хуудсаа 10.000.000 төгрөгт багтаан бичээд ир” гэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 214-215/,

гэрч Б.Б “...“ВSВ сервис” ХХК-нд цуг ажиллаж байсан Э.Тогтохбаяр над руу утсаар яриад, “манайд байхгүй ширээ хүмүүс асуугаад байна, танайд байна уу” гэсэн, “ямархуу загварын ширээ сонирхож байгаа юм бэ, тэрийг нь мэдье” гээд тэр үедээ би Э.Тогтохбаярын хамт Т сургууль дээр очиж, ширээний загварыг нь үзчихээд явсан. Дараа нь Хятад улс руу ширээ болон бусад зүйлсийн загвар болон үнийг судлаад нийлүүлэх үнийн саналаа загварын хамт Э.Тогтохбаярт өгсөн, Э.Тогтохбаяр цаашаа Т сургуульд аваачиж өгсөн. Ингээд миний явуулсан үнийн саналыг Т сургуулиас “болж байна” гээд Э.Тогтохбаярт “нэхэмжлэхээ явуулчих” гэж хэлүүлсэн байсан. Э.Тогтохбаяр “10.000.000 төгрөгт багтаан нэхэмжлэхээ бичээд ир гэж байна, тэгэх юм бол хурдан мөнгө гарна гэж байна” гэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129-131 дэх тал/,

гэрч О.М “...Хангамжийн хэлтэс нь худалдан авалтыг зохион байгуулах үндсэн үүрэгтэй. ...сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандалын худалдан авалтыг манай хэлтсээс мэргэжилтэн Р.Оюун-Эрдэнэ, Ш.Мэндбаяр нар хариуцаж ажилладаг.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/, 

гэрч Д.П-н “...хэрэгт авагдсан баримтуудыг харахад бараа, бүтээгдэхүүнийг орлогод авсны дараа төлбөрүүдийг шилжүүлсэн байна. Бараа материалын орлогыг тээвэр ложистикийн төв агуулах, няравууд авдаг.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 121-124 дэх тал/,

С.Д-ын яллагдагчаар өгсөн “...би Ж.Эзахиралтай өрөөнд нь орж уулзахад Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаярын өрөөндөө дуудаад “худалдан авах зүйл нь жижиг эд зүйлүүд байна, үүнийг 10.000.000 төгрөгт багтаан гэрээ байгуулан, шууд худалдан авалт хийх нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 235-239 дэх тал/,

“...Ц.Э дарга үүдэндээ сууж байсан мэргэжилтэн Р.Оюун-Эрдэнийг дуудаад “тушаалын дагуу худалдан авалтыг зохион байгуул” гэсэн үүрэг өгсөн. ...Хурдан зохион байгуулахын тулд худалдан авалтыг 10.000.000 төгрөгт багтааж хийх нь зөв гэсэн байдлаар чиглүүлж ярьж байсан, би үүрэг гэж ойлгоогүй, асуудлыг хурдан шийдэх гарцыг л хэлсэн гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

“...Би Ж.Э захирал тус худалдан авалтыг хурдан шуурхай зохион байгуулах арга нь 10.000.000 төгрөгт багтаан худалдан авалт хийх арга байдаг талаар чиглэл өгсөн гэж ойлгосон. Худалдан авалтыг хариуцсан хэлтэс нь  Хангамжийн хэлтэс байсан. Хангамжийн хэлтсийн менежер Р.Оюун-Эрдэнэ тус худалдан авалтыг зохион байгуулах юм байна гэж ойлгосон. Би Б.Ариумаад 10.000.000 төгрөгт багтаан нэхэмжлэх хуудасны дүнг бичүүл гэдэг үүрэг, чиглэл өгөөгүй. ...Би Г.Гүнбилэг рүү өөрөө утсаар залгаж ярьсан, “лекцийн танхимын аппарат хэрэгсэл худалдаж авах шаардлагатай байна, урьд нь авсан тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй юм байсан юм байна лээ, чи хаанаас чанартай сайн зүйл авдаг талаар зөвлөгөө өгөөрэй, чанар талд нь мэргэжлийн хүний хувьд зөвлөж туслаарай” гэдэг асуудлыг ярьсан. Тэрнээс “чи худалдаад аваад ир” гэдэг хүсэлтийг тавиагүй.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 160-163 дахь тал/,

Ж.Э-н яллагдагчаар өгсөн “...Би “10.000.000 төгрөгт багтаан худалдан авалтыг хий” гэдэг үүрэг өгөөгүй. Худалдан авалтыг зохион байгуулдаг газар нь Хангамжийн хэлтэс, би “хуулийн дагуу худалдан авалтыг зохион байгуул” гэж хэлсэн болохоос биш, өөрөөр ямар нэгэн арга зам зааж өгөөгүй. ...тушаалыг бариад С.Д гуай ороод ирсэн. Тэгэхээр тус ажиллагааг зохион байгуулах нэгж нь Хангамжийн хэлтэс, тушаал дээр холбогдох хэлтэст нь үүрэг болгочихсон учраас, Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаярыг дуудаад “хуулийн дагуу зохион байгуул” гэдэг үүргийг өгөөд гаргасан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 189-193 дахь тал/,

“ЭҮ” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/389 дугаартай, “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, хавсаргасан баримт бичгүүд /1 дэх хавтаст хэргийн 2, 4-77 дахь тал/,

дээрх бичгийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

С.Д-ын ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 51, 52-56, 57-60 дахь тал/,

Ж.Э-г ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 39, 40-43/,

Б.Б-г ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 64, 77-78, 79-83 дахь тал/,

Г.Г-н ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ ажилд томилсон тушаал /2 дахь хавтаст хэргийн 66-70, 71-74, 76 дахь тал/,

Ш.М-н ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал /2 дахь хавтаст хэргийн 91-94, 112-113 дахь тал/,

Р.Оюун-Эрдэнийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал /2 дахь хавтаст хэргийн 95-99, 117 дахь тал/,

Б.Ариумаагийн ажилд томилсон тушаал /2 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/,

“ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай “Магадалшгүй ажилд тооцох тухай”  тушаал, тушаалын хавсралт, хяналтын карт /2 дахь хавтаст хэргийн 188, 189-190, 191 дэх тал/,

Ш.О-йн нэрэмжит Т сургуулийн захирал С.Дын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 31/351 дугаартай “Үндсэн хөрөнгө худалдан авах тухай” албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/,

“Т сургуулийн дотуур байрны засвар түүнд үндсэн хөрөнгө худалдан авсан акт /2 дахь хавтаст хэргийн 195-196 дахь тал/,

“ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/437 дугаартай “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам батлах тухай” тушаал, тушаалын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 213, 214-226 дахь тал/,

“ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлсэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Т сургуулийн захирал С.Дын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 31/345 дугаартай “Үндсэн хөрөнгө худалдан авах тухай” албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 1 дэх тал/,

Т сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 1, 2-7, 8-13 дахь тал/,

Т сургуулийн дүрэм /3 дахь хавтаст хэргийн 14-22 дахь тал/,

“ЭҮ” ХХК-ийн дүрэм /3 дахь хавтаст хэргийн 23-35 дахь тал/,

“ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/371 дугаартай “Худалдаа, хангамжийн хэлтсийн үйл ажиллагааны журмыг батлах тухай” тушаал /3 дахь хавтаст хэргийн 44-55 дахь тал/,

“Т” XXК-ийн Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 74-75, 78 дахь тал/,

“А” ХХК-ийн Голомт банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 79-80, 83-89 дэх тал/,

“ЭЙ С И ИКС” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 90-91, 94 дэх тал/,

Р.Оюун-Эрдэнэ, Ж.Энарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 221-224 дэх тал/,

яллагдагч С.Д, гэрч Ж.Энарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

Ц.Э, яллагдагч С.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

Р.Оюун-Эрдэнэ, яллагдагч С.Дтай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч н.Мөнхцэнгэлд гаргасан;

гэрч Э.Т-н “Б.Батсайханы “А” ХХК бараа нийлүүлэхэд ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй” гэсэн /4 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

гэрч Б.Батсайханы “А” ХХК нь Эрдэнэт ШУТИС-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд зуучилж өгсөн Э.Тогтохбаярт ямар нэгэн зуучлалын хөлс өгөөгүй болно.” гэсэн тайлбарууд /4 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,

Ж.Э-г ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /5 дугаар хавтаст хэргийн 208, 210-213 дахь тал/,

Ц.Э-г ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 221, 222, 223, 225-229 дэх тал/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн төлөөлөгч, гэрч нараас болон Ж.Эрдэнэбилэг, С.Д нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч С.Д, Ж.Э нарын гэм буруугийн талаар;

          Хавтаст хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл;

2017 онд “ЭҮ” ХХК-ийн /хуучин нэрээр/ 51 хувь нь төрийн өмчийн оролцоотой, 49 хувийг нь “Монголиан коппер корпорейшн” ХХК эзэмшдэг компани байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай тогтоолоор ЭҮ /Төрийн өмчит үйлдвэрийн газар/ болон өөрчлөн байгуулагдсан байна.

“ЭҮ” ХХК-ийн /хуучин нэрээр/ Ш.О-н нэрэмжит Т сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Д ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил, үүргээ гүйцэтгэж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Удирдах зөвлөлийг хуралдуулж 3 дугаартай тогтоолоор сургуульд шаардлагатай үндсэн хөрөнгийн жагсаалтыг гаргаж, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг шийдвэрлүүлэх тухай 31/345 дугаартай албан бичгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд,

мөн дээрх агуулга бүхий 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 31/351 дугаартай албан бичгийг “ЭҮ” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэгт тус тус хүргүүлж байжээ.   

“ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр А/583 дугаартай “Магадалшгүй ажилд тооцох тухай” тушаал гаргаж, уг тушаалын хавсралтын 12 дахь хэсэгт Т их сургуулийн дотуур байрны засвар түүнд үндсэн хөрөнгө худалдан авах ажилд 105.096.000 төгрөгийн санхүүжилтыг баталсан байна.

Дээрх санхүүжилт батлагдсаны дараа “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Д-н 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/371 дугаартай “Худалдаа, хангамжийн хэлтсийн үйл ажиллагааны журмыг батлах тухай” тушаал, “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-н 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/437 дугаартай тушаалаар батлагдсан “ЭҮ” ХХК-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журам” болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмаар худалдан авах ажиллагааг “ЭҮ” ХХК-ийн Хангамжийн хэлтэс зохион байгуулах үүрэгтэй байсан.

“ЭҮ” ХХК нь төрийн өмчийн оролцоотой компани болохын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд захиалагч байна.” гэж заасны дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалагч нь бөгөөд, захиалагч нь бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа тендер сонгон шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулахаар,

мөн 10.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээ худалдан авах бол дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нээлттэй тендер шалгаруулалтын аргаар захиалагч буюу “ЭҮ” ХХК-ийн Хангамжийн хэлтэс нь худалдан авалт зохион байгуулах байсан.

Гэтэл “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-н 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай “Магадалшгүй ажилд тооцох тухай” тушаал гарч, Т их сургуулийн дотуур байрны засвар түүнд үндсэн хөрөнгө худалдан авах ажилд 105.096.000 төгрөгийн санхүүжилт батлагдсаны дараа Хангамжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд худалдан авах ажиллагааг хууль, журмуудад заасны дагуу зохион байгуулж ажиллагаагүй, хийх ёстой ажлаа хийгээгүй болох нь тэдний ажлын байрны тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгүүдээр, мөн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч Д.П “...Нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, Ерөнхий захирлын тушаалаар үнэлгээний хороо байгуулагдаж, ...худалдан авах ажиллагааг Хангамжийн хэлтэс зохион байгуулах байсан, ...Ц.Эрдэнэбаяр, Р.Оюун-Эрдэнэ нарын буруутай, хууль бус үйл ажиллагаа байгаа.” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдсон болно.

Орхон аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05, 06 дугаартай тогтоолуудаар Р.Оюун-Эрдэнэ, Ц.Эрдэнэбаяр нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөх хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн нөхцөл байдлыг гэм буруутай үйлдэлд тооцохоор гэмт хэргийн шинж болгон заасан.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь энэ бүлэгт заасан гэмт хэргийн шинж юм.

Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байдаг.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” нь нийтийн албан тушаалтанд хамаарахаар заасан, шүүгдэгч нар эрхэлж байсан ажил, албан тушаалын хувьд нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа хэдий ч ажил үүргийн хувьд худалдан авах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээгээгүй этгээдүүд юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг.”,

3.1.4-т “давуу байдал албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг.” гэж тодорхойлсноос гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна.”, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж тус тус заажээ. 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд, шүүгдэгч С.Дыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “ЭҮ” ХХК-ийн Холбоо мэдээллийн Т автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Гүнбилэгээр дамжуулан түүний төрсөн дүү Г.Уламбадрахын “Э” ХХК-аас 20.249.600 төгрөгийн бараа материал,

ЭҮ-ын дэргэдэх Т сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б дамжуулан түүний эхнэр Ж.Н “Т” ХХК-аас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж,

“В” ХХК-ийн худалдааны зөвлөх Э.Тогтохбаяраар зуучлуулан түүний найз Б.Батсайханы “А” ХХК-аас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч, бусдад давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж,

шүүгдэгч Ж.Э-г Т сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Дын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “ЭҮ” ХХК-ийн Холбоо мэдээллийн Т автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Гүнбилэгээр дамжуулан түүний төрсөн дүү Г.Уламбадрахын “Э” ХХК-аас 20.249.600 төгрөгийн бараа материал,

“ЭҮ” ХХК-ийн дэргэдэх Т сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Булганбаатараар дамжуулан түүний эхнэр Ж.Н “Т” ХХК-аас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж,

“В” ХХК-ийн худалдааны зөвлөх Э.Тогтохбаяраар зуучлуулан түүний найз Б.Батсайханы “А” ХХК-аас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, худалдан авалтыг хэсэгчлэх байдлаар буюу үнийн дүнг 10.000.000 төгрөгт багтааж худалдан авалт хийх үүрэг даалгаварыг амаар өгч, дэмжлэг үзүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж буруутгажээ.

Дээр дурьдсан үйл баримтуудын ямар үйлдэлд шүүгдэгч нарыг буруутгасныг буюу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгыг нотлоогүйгээс гадна тэдний ямар гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байгааг тодорхой заагаагүй, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа яаж урвуулан ашиглаж, “Э” ХХК, “Т” ХХК, “А” ХХКомпаниудад ямар давуу байдалд бий болгосон.” гэх гэмт хэргийн шинжийг агуулж буй хэргийн үйл баримтыг дурьдаагүй, хуулиар олгогдсон ямар бүрэн эрхийг хэрхэн яаж урвуулан ашигласан гэдгийг, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрхэн зөрчсөн болохыг тодорхой заагаагүй, зөвхөн хуулийг бичсэнээс биш шүүгдэгч нарын ямар үйлдэл нь хуулийн энэ заалтуудыг зөрчсөн талаар тогтоогоогүй,

өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа албан үүргийнхээ хувиар, хуульд заасан бүрэн эрхийнхээ хувиар, эсхүл албан тушаалын байдлын хувиар урвуулан ашигласан гэдгийг аль нөхцөлөөр ашигласан гэдгийг тодорхойлоогүй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад давуу байдлыг бий болгосон гэдгээ яллах дүгнэлтэд дурьдаагүй, тэднийг үйлдлийг гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

          Прокурорын шүүгдэгч нарыг буруутгаж байгаа гол үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлаагүй гэж байгаа боловч шүүгдэгч нар нь тендер зарлах, бараа ажил үйлчилгээ худалдан авах эрхтэй этгээд биш бөгөөд тэдний ямар үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байгааг тодорхой заагаагүй, албан тушаалаа урвуулан ашигласан, давуу байдал бий болгосон нь аль үйлдэл болохыг тогтоогоогүй гэж үзэв.

Шүүгдэгч С.Д нь тухайн сургуульд “Э” ХХК-аас 20.249.600 төгрөгийн бараа материал, “Т” ХХК-аас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж, “А” ХХК-аас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил авсан гэх үйлдэл нь Хангамжийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны албаны эрх ашгийн эсрэг үйлдэл болон хувийн ашиг сонирхолтой холбоотойгоор тухайн эрхийг олж авсан нь тогтоогдсон нөхцөлд энэхүү гэмт хэргийн шинж болох юм. 

          “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/583 дугаартай “Магадалшгүй ажилд тооцох тухай” тушаал гарсны дараа, “ЭҮ” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн менежер Р.О худалдан авах ажиллагааг харьцуулалтын аргаар зохион байгуулах зорилгоор “В” ХХК-г Т сургуульд санал болгосон нь гэрч Ц.Эр, Б.А, Э.То нарын болон Р.О өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаагаас гадна гэрч Э.То дамжуулан “А” ХХК нь 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшилыг Т сургуульд нийлүүлсэн байхад шүүгдэгч С.Дыг “В” ХХК-ийн худалдааны зөвлөх Э.Тогтохбаяраар зуучлуулан түүний найз Б.Б “А” ХХК-аас тавилга, эд хогшил шууд худалдан авч, бусдад давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дүгнэж буруутгах боломжгүй, энэ үйлдлийг шүүгдэгч хийгээгүй гэж үзлээ.

          Харин түүний “ЭҮ” ХХК-ийн Холбоо мэдээллийн Т автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Гүнбилэгээр дамжуулан түүний төрсөн дүү Г.Уламбадрахын “Э” ХХК-аас 20.249.600 төгрөгийн бараа материал,

ЭҮ-ын дэргэдэх Т сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Булганбаатараар дамжуулан түүний эхнэр Ж.Нандин-Эрдэнийн “Т” ХХК-аас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж шууд худалдан авсан үйлдэл нь тус сургуульд чанартай тоног төхөөрөмж авах гэсэн хүсэл байсан болохоос гэмт хэрэг хэрэг үйлдэх, ашиг хонжоо олох гэсэн сэдэлт, зорилго агуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан тул энэ үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ж.Э-н хувьд, прокуророос С.Дыг тавилга, эд хогшил шууд худалдан авч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, худалдан авалтыг хэсэгчлэх байдлаар буюу үнийн дүнг 10.000.000 төгрөгт багтааж худалдан авалт хийх үүрэг даалгаварыг амаар өгч, дэмжлэг үзүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасныг, мөн гэрчээр удаа дараа мэдүүлэг өгсөн Р.Оюун-Эрдэнийн “...тухайн үед хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор цаг тулсан, яаралтай худалдан авалт хийх, тавилга хэрэгслийг шууд худалдан авалт хийх аргаар 10.000.000 төгрөгт багтаан зохион байгуул гэж Ж.Эзахирал үүрэг өгсөн.” гэсэн мэдүүлэг нь,

гэрч Б.А-н “...10.000.000 төгрөгт багтаан зохион байгуулж ажиллах талаар хэн нэгэнд үүрэг өгөөгүй.” гэх,

гэрч Ц.Э-н “...10.000.000 төгрөгт багтаан худалдан авалт хийх талаар мэдэхгүй байна. ...Ж.Эзахирал “Хангамжийн хэлтэс тоног төхөөрөмжийн асуудлыг нь яаралтай зохион байгуулаарай” гэсэн үүрэг өгсөн. Ж.Эзахирлаас “худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллаарай” гэсний дагуу би өөрийн хэлтсийн мэргэжилтэн Р.Оюун-Эрдэнэ, Ш.Мэндбаяр нарт зохион байгуулах үүргийг өгсөн. ...Ж.Эзахирал намайг байх үед хэн нэгэнд “худалдан авалтыг 10.000.000 төгрөгт багтаан зохион байгуул” гэсэн үүрэг өгөөгүй.” гэх,

С.Д-ын яллагдагчаар өгсөн “...би Ж.Эзахирал тус худалдан авалтыг хурдан шуурхай зохион байгуулах арга нь 10.000.000 төгрөгт багтаан худалдан авалт хийх арга байдаг талаар чиглэл өгсөн гэж ойлгосон.” гэх мэдүүлгүүдээр няцаагдах бөгөөд “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-н тушаал гараагүй, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад 10.000.000 төгрөгт багтаан худалдан авалт хийх үүрэг өгөх, өгсөн байх боломжгүй, энэ хэрэгт сонирхол бүхий гэрч Р.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал гэж үзнэ.

Прокурорууд нь яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарыг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, санаатай нэгдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримталж яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэрэгт хамтран оролцох шинжид нийцээгүй.

Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Эрдэнэбилэг, С.Д нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлтэй гэж үзэв.

Бусад асуудал;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчээр дүгнэлт гаргуулахад зарцуулагдсан 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй, .

шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э, Л.О нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д, Ж.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Шүүгдэгч С.Д, Ж.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          4.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогчийн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ