Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0058

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.Э

Шүүгдэгч                                                       И.И

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Х.О

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолтой И.Иэд холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Л.Э эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт И-н И.

 

Шүүгдэгч И.И нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, насанд хүрээгүй Б.Ш, Х.Э нарт өгсөн,

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.Б, Б.Э, Б.П нарт өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт И-н И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Иэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.И нь тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч И.Иэд оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар И.Иээс хураан авсан 1.55 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, Б.Ш-н цүнхнээс хураан авсан 39.69 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, яллагдагч, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан бичлэгтэй цэнхэр өнгийн 2 ширхэг СД зэргийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Л.Э эсэргүүцэлдээ:

“... Шүүхээс И.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “И.И-ийн ... үйлдэл нь ... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл мөн бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна ...” гэж зөрүүтэй дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн

Мөн шүүгдэгч И.И нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн  түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн бусдад буюу нийт 5 хүнд өгсөн, үүний дотор 2 насанд хүрээгүй хүнд өгсөн нь нийгмийн аюулын шинж их, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа уг гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээг шүүх бодитой дүгнэлгүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...” заасан байхад анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн гэж дүгнэсэн нь шүүгдэгч И.И-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага, хор уршиг зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй.

Шүүх шүүгдэгч И.И-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан түүний төрөлхийн хоёр түнхний мултралтайн улмаас олон удаа давтан хунд хэлбэрийн хагалгаанд орсон байдал, ял шалгуурын хуудас зэргийг судалж, одоогийн биеийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүгдэгч И.И нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн санаатай гэмт хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 09-нмй өдрүүдэд 2 удаа үйлдсэн, уг гэмт хэргүүд тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ... удаа үйлдсэн ...” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасныг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан 2 түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн шүүгдэгч И.И-д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “ ... эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна ... ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Иэд холбогдох эрүүгийн хэргийг прокурор Л.Эы эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Иийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т “ ... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн ... арга ... гэм буруугийн хэлбэр ... хэргийн талаарх нөхцөл байдал”, 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэргийг тусгахаар хуульчилсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч И.Иийг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг “ ... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл мөн ...” гэж тогтоох хэсэгт дурьдсанаасаа зөрүүтэй дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарна.

 

Мөн Эрүүгийн хуулийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ тухайн  хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэх бөгөөд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байхыг шаардана.

 

Шүүгдэгч И.И нь сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хадгалсан, бусдад өгснөө зөвшөөрсөн боловч тэрээр дээрх ургамлыг хэзээ, хэнээс авсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа худал мэдүүлэг өгч байсан нь гэрч Э.Ш, Б.О нарын мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлээгүй, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар илчлээгүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл И.Иийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч шүүгдэгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... би цүнхэнд нь ургамал хийгээгүй ...” гэж мэдүүлсэн, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар өөр өөрөөр мэдүүлсэн зэрэг дээр дурьдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд түүнийг өөрийн гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх И.Иийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүйгээр  “... шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн” гэж дүгнэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нь эрүүл мэндийн байдлын хувьд F60-3 /Бие хүний сэтгэлийн тогтворгүй эмгэг/ өвчний улмаас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувиар тогтоогдсон, удаа дараа мэс заслын эмчилгээ хийлгэж байсан боловч тэрээр хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болох нь тогтоогджээ.

 

Мөн тэрээр үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт  төрлийн бодист донтох донтолтын шинжгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнээс гадна сэтгэхүйн болон мэс засал эмчилгээний улмаас тайвшруулах, өвчин намжаах үйлчилгээтэй эм тариа, бодисыг зайлшгүй байнга хэрэглэх шаардлагатай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцэлд дурьдсан “... шийтгэх тогтоолд зөрүүтэй дүгнэсэн..., ...шүүх бодитой дүгнэлгүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин Эрүүгийн хуулийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан бөгөөд энэ заалтад үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн нэг төрлийн гэмт хэрэг бус, харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг хамааруулан ойлгоно.

Мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан “ ... шүүх хүндрүүлэх нөхцөлд тооцоогүй ... Эрүүгийн хуулийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн ...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч И.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцэлд дурьдсан “... шийтгэх тогтоолд зөрүүтэй дүгнэсэн ..., шүүх бодитой дүгнэлгүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу ...” гэсэн хэсгийг хүлээн авч, “... шүүх хүндрүүлэх нөхцөлд тооцоогүй ... Эрүүгийн хуулийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч И.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.УРАНЧИМЭГ