| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0165/Э |
| Дугаар | 0061 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 0061
Г.Э, М.Д, Э.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.О
Шүүгдэгч Г.Э, М.Д, Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, Д.О,
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолтой, Г.Э, М.Д, Э.Т нарт холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Э.
Монгол Улсын иргэн, Х овогт М-н Д.
Монгол Улсын иргэн, С овогт Э-н Т.
М.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагч М.А-н гарын үсгийг хуурамчаар үйлдэж Г-н Э-н хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн,
Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн зохион байгуулагчийн ам бүлийн тодорхойлолтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,
Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э-н Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу зөрчлийн холбогдогч Г.Эийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-ыг зөвлөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овог Г-н Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-н Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э-н Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э, М.Д, Э.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эрүүгийн 1925008240010 дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Э, М.Д, Э.Т нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,
Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ц.И эсэргүүцэлдээ:
“ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Яргуйт багийн нийгмийн ажилтан М.Дд хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичиг буюу хүний ам бүлийн болон хаягийн тодорхойлолт хийж өгөх чиг үүрэг, эрх мэдэл байхгүй, тийм ч учраас хүн амын өрхийн мэдээллийн санд нэвтрэх эрх олгогдоогүй байна. Гэтэл М.Д нь Г.Эийн гуйлтийн дагуу түүний ам бүлийн байдлыг нягталж шалгалгүйгээр, ам бүлийн болон хаягийн тодорхойлолтыг Г.Эийн хэлсний дагуу бичиж, гарын үсгийг зуран, тэмдэг дарж хуурамч нотлох баримт үйлдсэн болох нь хэрэгт цугларсан гэрч М.А-н “...гарын үсэг зурж тэмдэг дараагүй хоосон бланк ажил дээр үлдсэн. ..М.Д хийж өгсөн тухайгаа надад хэлсэн гэх мэдүүлэг /хх- ийн 18-р тал/ яллагдагч М.Дын “ ...Э яаралтай хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь ...хэсгийн ахлагч нарын өрөөнд ороод ам бүлийн тодорхойлолтын хоосон бланк байхаар нь өөрөө гарын үсгээ зураад даргын өрөө рүү ороод тэмдгээр нь дараад ам бүлийн тодорхойлолт хийж өгсөн гэх мэдүүлэг / хх-ийн 107 дугаар тал/, Ам бүлийн өрхийн мэдээллийн санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Дын үйлдэж өгсөн Г.Эийн оршин суух хаягийн тодорхойлолтод ам бүл 3 гэснийг Г.Эийн хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт, ам бүлийн тодорхойлолт гэж дүгнэх боломжгүй. ..М.Д нь ..зохион байгуулагч М.А-н гарын үсгийг зориудаар дуурайлган үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэт нэг талыг барьсан явцуу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн Г.Э-ийн хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт гэж дүгнэх боломжгүй хэмээн цагаатгах үндэслэлээ болгон дурдаад байгаа нотлох баримтыг буюу шүүгдэгч М.Дын үйлдэж өгсөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ам бүлийн болон хаягийн тодорхойлолтыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн нотлох баримт гэж үнэлэн Г.Эийг зөрчлийн шийтгэлээс чөлөөлсөн байдаг.
Мөн шүүх М.Д нь ... зохион байгуулагч М.Ан гарын үсгийг зориудаар дуурайлган үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэлт хийхдээ ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж буй үндэслэлээ дурдаж чадаагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, эсхүл хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцсон байх бөгөөд 2 дахь хэсэгт тийм эрхтэй оролцогч буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн зүйлийн 1 дэх хэсэгт томьёологдсон нотлох баримт гэх ойлголтод хэргийн оролцогч нараас гаргаж өгсөн баримт сэлт, мэдээлэл хамаарахаар байгаа бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэлж нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул ийм нөхцөлийг шаардахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байхаар байна. Шүүгдэгч Г.Э нь өрх толгойлсон ганц бие эх биш атлаа өөрийн ам бүлийн тоог буруу бичсэн тодорхойлолтоо хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь түүнийг баривчлах шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болсон.
Үүнээс үзэхэд шүүгдэгчийн гаргаж өгсөн тодорхойлолт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт мөн бөгөөд уг нотлох баримтыг үндэслэн түүнийг шүүх баривчлах шийтгэлээс чөлөөлсөн үйлдэлд хууль зүйн бодитой дүгнэлт өгөх учиртай байсан.
Гэтэл шүүх ... оршин суух хаягийн тодорхойлолт, гэр бүлгүй тухай улсын бүртгэлийн лавлагаа зэргийг хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл багийн хүн амын өрхийн мэдээллийн санд Г.М, Г.Э, М.О, М.О гэсэн 4 ам бүлээр бүртгэлтэй боловч Г.М нь хамт амьдраагүй байгаа, гэрлэлтийн баталгаагүй зэргийг үндэслэн оршин суух хаягийн тодорхойлолтдоо ам бүл 3 гэснийг хуурамч ам бүлийн тодорхойлолт гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэж үзэх боломжгүй байна гэж шүүгдэгч Г.Эийн гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, сэдэлт, хандлагыг өөрийнх нь хуурамчаар үйлдүүлэн авсан нотлох баримтаар хязгаарлан дүгнэж, уг нотлох баримтыг үндэслэн шүүх түүнийг баривчлах шийтгэлээс чөлөөлж буй үр дагавар буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагаанд хууль бусаар нөлөөлж буй гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр үүнийгээ цагаатгах үндэслэлээ болгож байгаа шүүгчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байхын зэрэгцээ дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Үүнд: Гэрч Г.М-н “ ... Э-тэй ... 2014 оноос хойш одоог хүртэл хамтдаа амьдарч байгаа. Эхнэр бид хоёрын хооронд ямар нэгэн байдлаар маргалдсан хоёр тусдаа амьдрах зүйл болоогүй, би ажлаар хөдөө явчихсан байсан ... шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлээ аргалах гэж байгаад асуудалд холбогдсон юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/ гэрч М.С-н “ ... 2019 оны 08 дугаар сард хүн амын орон сууцны тооллогоор орж байсан. Тухайн үед гэрт нь Г.М ганцаараа байсан ба хэн хэн танай гэрт амьдардаг вэ гэж асуухад эхнэр Г.Э, хүү М.О, М.О нарын хамтаар ам бүл 4-лээ амьдардаг гэж надад хэлж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 19-р тал/ зэрэг болно.
Мөн шүүх шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийг нотлон тогтоогдоогүй гэж дүгнэлт хийн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон харилцан зөрүүтэй гэх нотлох баримтуудын алийг нь ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эргэлзээтэй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүйн зэрэгцээ яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг ямар учраас үгүйсгэсэн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдаж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг ноцтой зөрчсөн байна.
Мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э-ийн “ ... Өмгөөлөгч Т намайг хуурамч бичиг баримт бүрдүүлснийг мэдэж байсан. Намайг гэрлэлтийн батлахгүй гэхэд 2 хүүхдийн хамтаар 3-лаа амьдардаг гэж хэлээд багийн Засаг даргын тодорхойлолт авчих гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 98-99-р тал/ ... Надаас нөхөртэй биз дээ гэж асуухаар нь би нөхөртэй гэж хэлсэн ... Т өмгөөлөгч нөгөө хэргийн чинь талаар ярих юм байна гэж хэлсэн ... чиний хэрэг мөнгөн торгуультай юм байна, миний хэрэг бол өмгөөлөх эрхээ хасуулах эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх гээд байна гэсэн. Өмгөөлөгч маань мэдээгүй байсан гэж хэлээрэй гэх /хх-ийн 102-103-р тал/ мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ба хэрхэн няцаан үгүйсгэх болсон үндэслэлээ дурдаж чадаагүй.
Мөн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ ... нотлогдон тогтоогдоогүй гэх дүгнэлт хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн атлаа цагаатгах тогтоолын ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “ гэмт хэргийн шинжгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг тус тус баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй , Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх ойлголт нь харилцан адилгүй өөр өөр шинжийг үндэслэлийг заасан ойлголт юм.
Цагаатгах тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх ба “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/181 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ДЭЭД ШАТНЫ ПРОКУРОРЫН эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа:
“... Эсэргүүцэлд: “ ... шүүгдэгч М.Дын үйлдэж өгсөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ам бүлийн болон хаягийн тодорхойлолтыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн нотлох баримт гэж үзэн Г.Эийг зөрчлийн шийтгэлээс чөлөөлсөн байдаг..." гэжээ. Энэ талаар шүүх хуралдаанд өмгөөлөлийн дүгнэлтэндээ тодорхой ярьсан. Тодруулбал: Хавтаст хэргийн 12-р хуудаст байгаа “Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг 2019 оны 10 дугаар сарын 11-нд ... Толгодын 13-40 тоот хаягт иргэн Г овогтой Э оршин суудаг, ... Ам бүл 3 ...” гэсэн байх ба М.Дын хийж өгсөн хаягийн тодорхойлолт юм. Ам бүлийн тодорхойлолт нь өрхийн ам бүлийн гишүүдийн хувийн байдлыг, харин хаягийн тодорхойлолт нь ам бүлийн тоо, оршин суух хаягийг тодорхойлно. Өөр загвартай байна. Прокурорын эсэргүүцэлд “ ... ам бүлийн болон хаягийн тодорхойлолтыг ...” гэж багийн Засаг даргаас гарах нэг баримт мэтээр томъёолсон нь буруу юм.
Хавтаст хэргийн 64-р хуудас Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “ ... “Энхжих мандариваа” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй гэсэн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4-д заасан баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх гэдэг нь нотлогдож байна.” гэсэн дүгнэлт нь дээр дурьдаад байгаа Ам бүл-3 гэсэн хаягийн тодорхойлолтоор хариуцлагаас чөлөөлсөн гэж үзэхгүй бөгөөд олон баримтууд дурьдсан байхад хаягийн тодорхойлолтод дурьдсан “Ам бүл 3” гэсэн мэдээлэл хариуцлагыг хөнгөрүүлжээ гэж хийсвэр дүгнэлт хийж болохгүй.
Арван дөрөв хүртэл насны хүүхэдтэй ганц бие эх гэдэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гээд гэрч Г.М \Э-н хүүхдүүдийн эцэг, хамтран амьдрагч\, гэрч М.С \Яргуйт багийн хэсгийн ахлагч\, гэрч М.А\Яргуйт багийн зохион байгуулагч\, нарын мэдүүлэг, ам бүлийн өрхийн мэдээллийн санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр нотлогдоно гэж Прокурор үзжээ.
Энэ баримтууд нь Э нь ам бүлийн өрхийн мэдээллийн санд болон хэсгийн ахлагч дээр М \гэрлэлтийн баталгаагүй\-ын өрх, гэж тэмдэглэгдсэн боловч улсын бүртгэлд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хосыг Г.М-н ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа нь үнэн зөв мэдээлэл бөгөөд Г.Эийг буруутгаж, болохгүй. Тэд гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь магадлалын үндэслэлд ач холбогдолтой. Шүүхийн магадлалд хийсэн дүгнэлтээс зөвхөн “Ам бүл 3" гэсэн хаягийн тодорхойлолтыг шийдвэрт нөлөөлсөн гэж хийсвэрээр дүгнэлт хийх нь үндэсгүй байна. Хаягийн тодорхойлолтод “Ам бүл 3” гэсэн мэдээлэл ямар баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа талаар, мөн прокурорын эсэргүүцэлд дурьдсан бусад заалтуудад эсэргүүцэл хэлэлцэх шүүх хуралдаанд Г.Эийн хамт оролцож дэлгэрэнгүй тайлбарлах болно” гэжээ.
Шүүгдэгч Э.Т тайлбартаа:
“... Миний бие иргэн Г-н Э-тэй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, түүнд холбогдох зөрчлийн хэрэгт Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэвэрт Г.Эийн гаргасан гомдлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн дүгнэлт, тайлбараа хэлсэн.
2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах үед миний бие мөрдөгчид хандаж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгчөөр оролцохоор эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, уг өдрөө хэргийн материалтай танилцсан учир 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан тодорхойлолт гэх баримтыг бодит байдал дээр хуурамчаар бүрдүүл гэж зөвлөх боломжгүй, хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэдгээ хэлж, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгийг нотлох баримтаар гаргуулах талаар хэлж анхааруулсан ба маргааш өдөр нь бичгээр тайлбар өгсөн.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн Г.Эийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй бөгөөд гэрч М.М, Г.Д нарын мэдүүлэг болон Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүхийн шийдвэр, захирамж, Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны мэдэгдэх хуудас, зарлан дуудах хуудас зэрэг бичгийн баримтаар үгүйсгэгдсэн төдийгүй Г.Э шүүх хуралдаан дээр хэргийн бодит байдлын талаар өгсөн мэдүүлэг нь дээрх баримтуудтай нийцэж байгаа болно.
Хууль тогтоогч Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан..." гэж тодорхойлсон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн оролцоо нь үйлчлүүлэгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ" гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцож эхэлдэг. Энэ талаар бичгийн нотлох баримтууд нь хэрэгт хангалттай авагдсан, шүүх уг нотлох баримтыг үнэлсэн нь, шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн /бодит үнэнд нийцэхгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, бусад гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн/ мэдүүлгийг үнэлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй төдийгүй, шүүгдэгч Г.Эийн мэдүүлгээр намайг гэм буруу боломжгүй гэж үзэж байна.
Миний бие Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг баримталж хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, зөрчиж байгаагүй. Прокурор оршин суугаа хаягийн тодорхойлолтыг тодорхойлолт ам бүлийн тодорхойлолт хэмээн гуйвуулан тайлбарлаж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Шүүх заавал яллах талын нотлох баримтыг үнэлж, хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох үүрэггүй ба ямар нотлох баримтыг үнэлэхээ прокуророор заалгадаггүй хараат бус, бие даасан байгууллага ба өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргадаг гэж ойлгодог тул шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэхгүй байна.
Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг, яаж үнэлсэн гэдгийг прокурор хэрхэн мэдэж улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, улмаар ялладагч Г.Эийн мэдүүлгийг намайг яллах үндэслэл болно гэж үзэж улмаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь илт гэмт хэргийн шинжгүй байхад яллахаар улайрч байгаа прокурор, дээд шатны прокурорын шийдвэр эсэргүүцэл үндэслэлгүй байна.
Прокурор анхнаасаа үндэслэлгүйгээр хүнийг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаа хүлээн зөвшөөрч, алдаагаа залруулах боломж байсан боловч хэт яллах талыг барьж хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ умартснаас өнөөдрийн энэ үр дагаварт хүрсэн гэж үзэж байна.
Иймд Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.И-н 2020 оны 06 дугаар сарын 16-ны 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 181 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа:
“ ... гэмт хэргийн шинжгүй үйлдэлд ял оногдуулахаар заасан гомдолд дурьдсан ач холбогдолгүй баримтууд нь бусдад баримтаар үгүйсгэгдэж байдаг. Прокурорын эсэргүүцэлд дурьдсан зүйлүүдийг үндэслэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181 тоот дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Дыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагч М.А-н гарын үсгийг хуурамчаар үйлдэж Г-н Э-н хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт,
Г.Эийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн зохион байгуулагчийн ам бүлийн тодорхойлолтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт,
Э.Тыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу зөрчлийн холбогдогч Г.Эийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-ыг зөвлөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Г.Э, М.Д, Э.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг дээд шатны прокурор эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд цагаатгах тогтоол гаргах бөгөөд энэхүү тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаардана.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Тухалбал: Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.М, Г.Д нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдсэн, яллагдаж байгаа хэрэг нь ямар үндэслэлээр няцаагдаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт буюу шүүгдэгч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүх зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлгийг үнэлж, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлээ огт заагаагүй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар оршин суугаа газрын хаягийн бүртгэл нь иргэний улсын бүртгэлд хамаарах бөгөөд иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ.
Шүүгдэгч Г.Э нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2 хүүхдийн эцэг Г.М-тай хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 13-40 тоотод оршин суудаг, энэ хаяганд Г.М, Г.Э, хүү М.О, М.О нар нь байнга оршин суух бүртгэлтэй боловч баривчлах шийтгэлээс чөлөөлүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан М.Даар өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолтонд “Ам бүл 3” гэж бичүүлж шүүхэд гаргаж өгсөн санаатай үйлдэл, М.Д нь ажил үүргийн хувьд эрхгүй атлаа дээрх тодорхойлолтыг багийн зохион байгуулагч М.А-н нэрээр зориуд бичиж Г.Эт өгсөн үйлдлүүдийг ямар үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар тодорхой дүгнэж шийдвэрлээгүй байна.
Мөн шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэх үндэслэл огт дурьдаагүй атлаа цагаатгах тогтоолын тогтоох хэсэгтээ хэргийг хэрэгсэхгүй болгох өөр өөр эрх зүйн үндэслэл болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг давхар баримталсан нь буруу байна.
Иймд энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ