Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

 

 

2022         3          11                                       2022/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй,    

улсын яллагч Л.Оюунтуяа,

шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч М.Д, өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Э.Т, өмгөөлөгч Б.Батдорж /цахим/, Б.Булгантамир нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т нарт холбогдох эрүүгийн 1925008240010 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Э

Монгол Улсын иргэн, М.Д

Монгол Улсын иргэн, Э.Т

 

шүүгдэгч М.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт ажиллаж байхдаа иргэн Г.Эийн хувийн байдлыг тодруулсан, бичиг баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн зохион байгуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт хуурамч болохыг нь мэдсээр байж гаргаж өгсөн,

шүүгдэгч Э.Т нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Г.Э Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэврээр 7 хоног баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд түүнд давуу байдал бий болгох зорилгоор “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт авахыг зөвлөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ “...2019 оны 10 сарын үед согтуугаар машин барьж яваад шүүхээс 7 хоногийн баривчилгаа өгсөн, би тухайн үед 1 нас 2 сартай хүүхэдтэй байсан учраас баривчилгааг 7 хоногоор хойшлуулсан боловч хүүхдээ харуулах хүн олдоогүй, тэгээд хууль зүйн туслалцаа авахаар шүүхийн баруун талд очиход М.Мэндбаяр өмгөөлөгч байсан. Тэгээд М.Мэндбаяр өмгөөлөгч “юмнуудаа бүрдүүлээд ир, 400.000 төгрөгөөр өмгөөлье” гэхэд надад мөнгө байгаагүй. Намайг Яргуйт багт очиход М.Д байсан, “ам бүлийн тодорхойлолт гаргаад өгөөч” гээд гуйгаад тодорхойлолт авсан, найзаасаа “өмгөөлөгч олоод өгөөч” гэхэд Э.Т өмгөөлөгчийг санал болгосон, Э.Т өмгөөлөгчтэй ярихад “би хотод байна, очиод холбоо баръя” гэж байсан. Тэгээд би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, заалдах шатны хурал дээр “өмгөөлөгч авна” гээд шүүх хурлыг хойшлуулсан. Э.Т өмгөөлөгчид “баримтаа бүрдүүлсэн” гэхэд “наад баримтуудаа шүүх хурал дээр аваад ороорой” гэсэн, би баримтуудаа шүүхэд гаргаж, баривчилгааг мөнгөн торгуулиар сольж байсан. Тухайн үед би хэнд, юу ярьж байгаагаа мэдэхгүй байсан, Э.Т өмгөөлөгч намайг “чи тийм юм аваад ир” гэсэн зүйлгүй. Э.Т өмгөөлөгчтэй шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө уулзаад шүүх хуралд орж байсан.” гэв.

шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ “...Миний бие 2019 оны 9 сард шилжиж ирсэн, бага насны хоёр хүүхэдтэй болохоор хотын утаанаас хол гээд Орхон аймагт ирээд өмгөөллийн ажил хийж эхэлсэн. Улаанбаатар хотруу ажлаар явдаг байсан, Г.Э гэдэг хүнтэй ярихдаа “намайг авах гэж байгаа бол өмгөөлөгч авна гэдэг хүсэлтээ өг, тэгээд би хэрэгтэй танилцана, гэрээгээ байгуулна.” гэсэн, “өмгөөлөгч авна” гэдэг хүсэлтийг би бичиж өгсөн, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээ байгуулаад зөрчлийн материалтай танилцсан, 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд хууль хэрэглээний хувьд санал дүгнэлтээ хэлж оролцсон, анх надтай уулзахдаа ой гарантай хүүхэдтэй ирж байсан, шүүх хурал дээр  бас хүүхдээ авч ирээд шүүгчийн туслахад хүүхдээ үлдээж байсан. Би яагаад өмгөөлөх болсон гэхээр бага насны хүүхэдтэй, төлбөрийн чадваргүй байсан байдлыг харгалзсан. Прокурор хэрэг үүсгэхдээ “нотлох баримтыг гаргаж өгсөн байна” гэж байсан, шүүх хуралдааны бичлэгийг харах юм бол ойлгомжтой байгаа, гэтэл нарийн бичгийн дарга алдаж бичээд тэгж дүгнэсэн байсан, бичлэг дээр миний хэлсэн үг бол “оногдуулсан шийтгэлтэй гомдол гаргаж байгаа гэж ойлгож байгаа” гэсэн байдаг. Анхнаасаа нотлох баримтаа бүрдүүлсэн байсан, би “бүрдүүл” гэж хэлээгүй. Энэ асуудалд логикийн хувьд хэд, хэдэн зөрчилтэй асуудал байгаа. Хуульч зөвлөгөө өгөх гэж байгаа бол ядаж анхан шатны шийдвэрийг харж байж зөвлөгөө өгөх ёстой. Г.Э 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрээ аваад тэр өдрөө гомдлоо гаргасан байгаа, урьдаас мэдээд “Засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар үйлдүүлээд ав” гэж байгаа юм шиг боломжгүй зүйлийг тулгаж байгаа. 2020 оны 1 дүгээр сарын 14-нд би Г.Эт “худлаа хэлснээ очиж хэл” гэж хэлсэн, мөрдөгч болохоор “худлаа хэл” гэснийг бичсэн байсан, тэгэхдээ өөр байдлаар бичсэн байсан. Миний бие энэ хүний нөхцөл байдлыг урьдаас мэдэх боломжгүй, “анхан шатны шүүх дээр нөхөртэйгээ байдаг гэсэн байна, яагаад ингэж хэлсэн юм бэ” гэхэд “тухайн үед унаж явсан машин нөхрийн машин байсан, тэгээд тэр өдрөөс хойш хаяад явсан” гэж надад хэлдэг. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уулзаад 31-нд хэрэгтэй танилцсан, 11 дүгээр сарын 06-нд шүүх хуралдаанд орсон. Г.Эийн мэдүүлгүүд дээр хүмүүсийн нэрийг ялгахгүй байгаа хирнээ анхны мэдүүлгэндээ миний овгийн эхний үсгийг бичсэн байдаг, тэгэхээр зорилготой байсан юм бишүү, нэг бол өөр хүн бичсэн байж болно, “ганц бие эхэд торгууль оногдуулж болно” гэдэг мэдээллийг хаанаас ч олоод авах боломжтой, Мэндбаяраас зөвлөгөө аваад хөлсний хувьд тохироогүй учраас надруу ярьсан байдаг, тухайн үед зөвлөгөө өгсөн талаар Дагва-Очир гэрчилсэн байгаа.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

гэрч М.А-н “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үдээс өмнө ажлын байран дээрээ байсан, үдээс хойш 17 цагийн үед аймаг руу Цэргийн хэлтэс рүү цэргийн анкет шинэчлэх ажлаар явсан, би тэмдэг үлдээсэн, өөрийн гарын үсэгтэй Засаг даргын тэмдэг дарсан бланкаа “цэрэг татлага дээр хэрэг болно” гэж бодоод бүгдийг нь өөрөө аваад явсан. Харин гарын үсэг зурж тэмдэг дараагүй хоосон бланк ажил дээр үлдсэн. ...уг тодорхойлолт бичсэн бичгийн хэвийг харахад нийгмийн ажилтан М.Д хийж өгсөн тухайгаа надад хэлсэн, М.Д нь Хүн ам, өрхийн мэдээллийн санд нэвтрэх эрх байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч М.С-н “...Яргуйт баг Толгодын 1-23 тоотыг хариуцан ажилладаг, уг тоотод Ганбаатарын Мөнхбаяр нь эхнэр Г.Э, хүү М.Одбаяр, М.Одхүү гэсэн хоёр хүүхдийн хамтаар амьдардаг нь бүртгэл дээрээс харагдаж байна. 2019 оны 8 сард хүн амын орон сууцны тооллогоор орж байсан, Г.Мөнхбаяр ганцаараа байсан ба “хэн, хэн танай гэрт амьдардаг вэ” гэж асуухад эхнэр Г.Э, хүү М.Одбаяр, М.Одхүү нарын хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч Г.М-н “...Энхчимэгтэй 2013 онд анх танилцаад 2014 оноос хойш одоог хүртэл хамтдаа амьдарч байгаа. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Биеийн тамир спортын газрын жижүүрийн ажлаас 3 сарын чөлөө аваад, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халагдах тушаал гарсан. Тухайн үед би ажлаасаа чөлөө аваад Дархан-Уул аймаг руу том машин барих ажлаар явсан, гэртээ байхгүй байсан. Эхнэр бид хоёрын хооронд ямар нэгэн байдлаар маргалдсан тусдаа амьдрах зүйл болоогүй, би ажлаар л хөдөө явчихсан байсан. Эхнэрээс асуухад тухайн үед “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаа нарт баригдсан, эрхийн үнэмлэхгүй болохоор баривчлах шийтгэл шүүхээс оногдуулахаар нь баривчлах шийтгэлээ аргалах гэж байгаад энэ асуудалд холбогдсон юм байна лээ.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч Э.Г-н “...Холбогдогчийн хувийн байдалтай холбоотой бичиг баримтуудыг холбогдогч Г.Э өөрөө гаргаж өгсөн, өмгөөлөгч нь гаргаж өгөөгүй. Гаргаж өгсөн бүх бичиг баримтыг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолтыг лав гаргаж өгч байсан. ...шүүх хуралдаан даргалагчаас “зөрчлийн холбогдогч болон түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу” гэж асуухад өмгөөлөгч Түмэнбаяр нь “Зөрчил гаргагчаас хувийн байдалтай холбоотой баримтууд өгч байгаа юм байна лээ” гэснийг нь би бичвэрийн алдаа гаргаж Түмэнбаяр өмгөөлөгчийг “зөрчилд холбогдогчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг өгье гэв” гэж буруу бичсэн байна. Холбогдогч Г.Э нь хувийн байдалтай холбоотой бичиг баримтуудаа өөрөө гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/,

гэрч М.М-н “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай ажлын байран дээр “зөвлөгөө авъя” гээд /Г.Э/ орж ирсэн, тухайн үед Түмэнбаяр өмгөөлөгч хот руу явчихсан байсан, ямар асуудлаар явж байгаа талаар Г.Эээс асуухад “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдсон, хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг, нөхөр маань хаяад явчихсан, сая шүүх хурал болоод хойшилсон, одоо яах вэ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь ганц бие эцэг, эхийг баривчлах шийтгэлээс чөлөөлдөг талаар хэлэхэд Энхчимэг өөрөө мэдэж байсан. ...Үүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 30 билүү 31-ний өдөр ажил дээр орж ирсэн, ...Түмэнбаяр Энхчимэгтэй гэрээгээ хийгээд өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр болсон. ...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай ажил дээр Түмэнбаяртай миний хажууд уулзаад Түмэнбаяр “хувийн байдалтай холбоотой баримтаа бүрдүүлж ирсэн үү” гэж асуухад Энхчимэг шүүх хурлаас өмнө өгөх ёстой юу” гэж асуухад “шүүх хурлын үеэр гаргаад өгчихгүй юу” гэж хэлж байсан. ...Энхчимэг өөрөө тухайн үед “хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, нөхөр хаяад явчихсан” гэж ярьж байсан, өмнө надад энэ талаараа хэлж байсан, дараа нь Түмэнбаяр өмгөөлөгчид бас хэлж байсан. Түмэнбаяр “өөрийнхөө ярьж байгаа хувийн байдалтай холбоотой бичиг баримтаа өөрөө шүүхэд бүрдүүлж өгөөрэй” гэж Энхчимэгт хэлж байсан, харин “хуурамч бичиг баримт бүрдүүлж өг” гэж Түмэнбаяр өмгөөлөгч зааж зааварласан зүйл байхгүй. ...2019 оны өдөр надаас зөвлөгөө авах үед би “ганц бие эх гэдэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгмөөр юм байна шүү” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/,

гэрч Г.Давга--н “...2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Түмэнбаяр өмгөөлөгчийн өрөөнд орчихсон ус уух гээд байж байхад Энхчимэг гэх эмэгтэй орж ирж Түмэнбаяр өмгөөлөгчтэй уулзсан. ...Түмэнбаяр өмгөөлөгч Энхчимэгт хандаж “чиний худлаа ярьснаас болж над дээр хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсээд байна, чи яагаад худлаа хэлсэн юм бэ” гэхэд Энхчимэг “тухайн үед би сандарсандаа мөрдөгчдөө худлаа хэлчихжээ” гэж хэлж байсан. Тэгээд Түмэнбаяр өмгөөлөгч “чи худлаа хэлсэн юм бол мөрдөгчдөө очиж худлаа хэлсэн зүйлээ үнэнээр нь хэл” гэж хэлсэн. Энхчимэг Түмэнбаяр өмгөөлөгчийн ажлын байрнаас “мөрдөгчдөө очиж үнэнээ хэлнэ” гэж хэлээд гарсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,

яллагдагч Г.Э-ийн “...Миний бие Энхчимэг нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Г.Мөнхбаярын 5394УНУ Тоёото аллион маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт явж байгаад замын цагдаа нарт баригдсан ба цагдаа нар намайг согтуурал шалгадаг багажаар үлээлгэж шалгахад би 1.25% хувийн согтолттой гараад машиныг журамласан. Миний гаргасан асуудлыг ЗЦТ-т шалгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр асуудлыг шүүх рүү шилжүүлсэн, 2019 оны 10 дугаар сарын 07-ны Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлаар надад 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан, би шүүхэд хүсэлт гаргаад, баривчлах шийтгэлийг 7 хоногоор хойшлуулсан. ...Орхон аймгийн шүүхийн хажууд байдаг Э.Т гэх өмгөөлөгчид учир байдлаа хэлээд “баривчлах шийтгэл авахгүй байх ямар гарц гаргалгаа байна” гэж асуухад “...“0-14 насны ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн заалт байдаг юм, харин чи нөхөртэй юм байна, гэрлэлтийн батлахтай юу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн, тэгсэн чинь Түмэнбаяр өмгөөлөгч “өрхийн эмнэлгээс хоёр хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа” гэсэн бичиг, багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг” гэж хэлээд тодорхойлолт авчих, тэгээд шүүхээр ороод үзье дээ” гэсэн. Тухайн үед өмгөөлөгч Түмэнбаяр “баривчлах шийтгэлээс чөлөөлүүлнэ гэдэгт надад битгий баттай найдаарай” гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хурлаар өмгөөлөгч Э.Тын хамтаар ороод хуурамчаар гаргаж өгсөн бичиг баримтыг үндэслэн шүүх 7 хоног баривчлах шийтгэлийг 105.000 төгрөгөөр сольж, мөнгөн торгуулийн шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгч Э.Т хуурамч бичиг баримт бүрдүүлснийг мэдэж байсан, намайг “гэрлэлтийн батлахгүй” гэхэд “хоёр хүүхдийн хамтаар гурвуулаа амьдардаг” гэж хэлээд багийн Засаг даргын тодорхойлолт авчих гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 98-99 дэх тал/,

“...Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралд орчихоод...2 билүү 3 хоногийн дараа Түмэнбаяр өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад шаардлагатай бичиг баримт, Яргуйт багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, өрхийн эмнэлгээс хоёр хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа бичиг, гэрлэлтийн лавлагааг авсан. Түмэнбаяр өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авчихаад Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмнэлгээс хоёр хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа бичиг, гэрлэлтийн лавлагаагаа гаргуулан материалаа бүрдүүлчихээд дараа нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээ байгуулсан. Түмэнбаяр өмгөөлөгч зөрчлийн тухай хуулийн ном гаргаж ирээд 0-14 настай хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд баривчлах шийтгэл өгдөггүй гэсэн хуулийн зүйл, заалтыг надад хэлсэн. Надаас “нөхөртэй биз дээ” гэж асуухаар нь би “нөхөртэй” гэж хэлсэн, “чи ганц бие эх биш юм байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би “одоо хоёр хүүхэдтэйгээ байгаа, нөхөр хөдөө ажлаар явчихсан, гэрлэлтийн баталгаагүй” гэж хэлсэн. Гэтэл Түмэнбаяр өмгөөлөгч “чи яалт ч үгүй ам бүлийн тодорхойлолт авахаар Яргуйт баг дээр дөрвүүлээ амьдардаг гэж гарч ирнэ” гэхээр нь би “болж өгвөл хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэж хэлээд авчихъя” гэж хэлсэн, тухайн үед өмгөөлөгч “чи шүүхээр ороод баривчлах шийтгэлээс чөлөөлөгдлөө гэхэд прокуророос багаас лавлагаа аваад мэднэ шүү дээ, тэгвэл чи өөрөө асуудалд орно” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

“...Өнөөдөр өглөө /2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр/ 9 цагийн үед байх ...миний гар утас руу Түмэнбаяр өмгөөлөгч хоёр удаа өөрийнхөө 88060598 дугаараас залгасан байсан. ...дахиад над руу залгаад “хаана байна” гэхээр нь би “гэртээ байна” гэсэн чинь Түмэнбаяр өмгөөлөгч “нөгөө хэргийн чинь талаар ярих юм байна” гэж хэлсэн. Би Түмэнбаяр өмгөөлөгчийн ажлын байран дээр очиход “чи мэдүүлгээ өгөхдөө миний эсрэг мэдүүлэг өгсөн байна, чиний өгсөн мэдүүлгээс болоод би яллагдагчаар цагдаа дээр дуудагдаад байна, ...чиний хэрэг мөнгөн торгуультай юм байна, миний хэрэг бол өмгөөлөх эрхээ хасуулах эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх гээд байна” гэсэн. Би Түмэнбаяр өмгөөлөгчид “байцаагч намайг дуудаад дахин мэдүүлэг авна” гэсэн гэж хэлэхэд “бичиг баримтаа бүрдүүлэхдээ өмгөөлөгч маань мэдээгүй байсан гэж хэлээрэй, нөхөр хаяад явсан гэж худлаа хэлснээ хэлээрэй, өмгөөлөгч маань мэдээгүй байхад би өөрөө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэж хэлээрэй, шүүхэд өгөхдөө хүртэл өөрөө өгсөн гэж хэлээрэй, анхнаасаа л өмгөөлөгч маань мэдээгүй байсан гэж хэлээрэй” гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

“...Анх хууль зүйн зөвлөгөө авсан өдрөө сайн санахгүй байна, ...2019 оны 10 дугаар сард зөвлөгөө авсан. Тухайн үед зөвлөгөө авч байхад нүдний шилтэй Мэндбаяр өмгөөлөгч, Түмэнбаяр өмгөөлөгч өөр бас нэг залуу өрөөний үүдний хажуу талын хэсэгт компьютер дээр сууж байсан. Ямар ч байсан намайг Мэндбаяр болон Түмэнбаяр өмгөөлөгч нараас зөвлөгөө авч байхад өрөөний хаалга нь онгорхой байсан учраас миний ярьсан яриаг сонссон байх. Г.Дагвадоржийн /Г.Дагва-Очир/ гэрэл зургийг харлаа, энэ залуу Мэндбаяр болон Түмэнбаяр өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байхад үүдний компьютер дээр сууж байсан залуу мөн байна. Мэндбаяр өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авсан, тухайн үед би “нөхөр маань хаяад явчихсан, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэж хэлсэн, тэгэхэд “ганц бие эцэг, эхийг шийтгэлээс чөлөөлдөг” гэж надад хэлж байсан. ...нөхөр байхгүй хөдөө явчихсан, би хүүхэдтэйгээ очоод гуйж байгаад Түмэнбаяр өмгөөлөгчөөр хямд хөлсөөр өмгөөлүүлсэн, Түмэнбаяр өмгөөлөгч энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй, анхнаасаа энэ хэргийг хийсэн миний буруу.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

яллагдагч М.Д-ын “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Яргуйт багийн даргын ажлын албан дээрээ байж байтал орой ажлын цаг дуусч байхад гаднаас Энхчимэг гэх эмэгтэй орж ирээд “ам бүлийн тодорхойлолт авъя” гэхээр нь “одоогоор өгөх хүн алга” гэхэд Энхчимэг “надад яаралтай хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь Энхчимэгийн иргэний үнэмлэхийг шалгаад, “ам бүл хэдүүлээ амьдардаг вэ” гэхэд “хоёр хүүхдийн хамтаар гурвуулаа амьдардаг” гэж хэлэхээр нь хэсгийн ахлагч нарын өрөөнд ороод ам бүлийн тодорхойлолтын хоосон бланк байхаар нь өөрөө гарын үсгээ зураад даргын өрөө рүү ороод тэмдгээр нь дараад ам бүлийн тодорхойлолт хийж өгсөн. Надад Засаг даргын тодорхойлолт хийж өгөх эрх байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 107-108 дахь тал/,

яллагдагч Э.Т-ын “...Би өөрт холбогдсон хэрэгт өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгөхгүй. Учир нь; Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33.2, Өмгөөллийн тухай хуулийн 26.3-т зааснаар өмгөөлөгчийг мөрдөн мөшгих, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан мэдүүлэг авахыг хориглосон. Шаардлагатай тохиолдолд холбогдох хүсэлт, гомдол, тайлбарыг дээд шатны прокурор болон Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд гаргах болно. Прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын 3/700 дугаартай “...Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/700 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 4, 5 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 875 дугаартай шийтгэврийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагч М.Амгалан гэсэн гарын үсэг бүхий, “...Тус багийн Толгод 13-40 тоот хаягт иргэн Гантөмөр овогтой Энхчимэг оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. РД; ГЕ92092100, ам бүл 3” гэсэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагч М.Амгалан гэсэн гарын үсэг бүхий, “...Тус багийн Толгод 13-40 тоот хаягт иргэн Ганбаатар овогтой Мөнхбаяр оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. РД; ГЕ86071111, ам бүл 4” гэсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагч М.Амгалан гэсэн гарын үсэг бүхий, Орхон аймаг Прокурорын газарт хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хүн ам, өрхийн мэдээллийн санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас хэргийн 14-15 дахь тал/,

Цагдаагийн газрын 2 байрны мэдүүлэг авах 6 дугаартай өрөөний хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтас хэргийн 16 дахь тал/,

“Хэсгийн ахлагчийн судалгааны бүртгэлийн дэвтэр”-ийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 29 дэх тал/,

Г.Эт холбогдох 1925001045 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 32-66 дахь тал/,

Г.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний хувийн бичиг баримтууд /1 дэх хавтас хэргийн 70, 71, 72-80 дахь  тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагч М.Амгалан гэсэн гарын үсэг бүхий, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолтууд /1 дэх хавтаст хэргийн 76, 77 дахь тал/,

М.Д иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний хувийн бичиг баримтууд /1 дэх хавтаст хэргийн 84, 85 86-88 дахь тал/,

Э.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал/, түүний хувийн бичиг баримтууд /1 дэх хавтаст хэргийн 94-95, 159, 177-182 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 875 дугаартай, шүүх хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 134-136 дахь тал/,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 137-138/,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 139-143/,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Эт холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэг бүхий хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтас хэргийн 153/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 173-174 дэх тал/,

88060598 дугаар эзэмшигчийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл орсон, гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй лавлагаа /1 дэх хавтас хэргийн 184-185 дахь тал/,

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ТМ2019/3040 дугаартай, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл  /1 дэх хавтас хэргийн 246-247 дахь тал/,

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэл /1 дэх хавтас хэргийн 248, 249 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрч нараас болон М.Д, Г.Э, Э.Т нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч М.Д, Г.Э, Э.Т нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч М.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт ажиллаж байхдаа иргэн Г.Эийн хувийн байдлыг тодруулсан, бичиг баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, гэрч М.Амгалангийн “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр...үдээс хойш 17 цагийн үед аймаг руу Цэргийн хэлтэс рүү цэргийн анкет шинэчлэх ажлаар явсан, ...гарын үсэг зурж тэмдэг дараагүй хоосон бланк ажил дээр үлдсэн. ... тодорхойлолт...нийгмийн ажилтан М.Д хийж өгсөн тухайгаа надад хэлсэн.” гэх,

гэрч М.Сансармаагийн “...Яргуйт баг Толгодын 1-23 тоотод Ганбаатарын Мөнхбаяр нь эхнэр Г.Э, хүү М.Одбаяр, М.Одхүү гэсэн хоёр хүүхдийн хамтаар амьдардаг нь бүртгэл дээрээс харагдаж байна.” гэх,

М.Д-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Яргуйт багийн даргын ажлын албан дээрээ байж байтал орой ажлын цаг дуусч байхад гаднаас Энхчимэг гэх эмэгтэй орж ирээд “ам бүлийн тодорхойлолт авъя” гэхээр нь ...ам бүлийн тодорхойлолтын хоосон бланк байхаар нь өөрөө гарын үсгээ зураад даргын өрөө рүү ороод тэмдгээр нь дараад ам бүлийн тодорхойлолт хийж өгсөн. Надад Засаг даргын тодорхойлолт хийж өгөх эрх байхгүй.” гэх мэдүүлгүүдээр болон,

Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/700 дугаартай албан бичиг,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагч М.Амгалан гэсэн гарын үсэг бүхий, “...Тус багийн Толгод 13-40 тоот хаягт иргэн Ганбаатар овогтой Мөнхбаяр оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. РД; ГЕ86071111, ам бүл 4” гэсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт,

Хүн ам, өрхийн мэдээллийн санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Хэсгийн ахлагчийн судалгааны бүртгэлийн дэвтэр”-ийн хуулбар зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн зохион байгуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт хуурамч болохыг нь мэдсээр байж гаргаж өгсөн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, гэрч Г.Мөнхбаярын “...Энхчимэгтэй 2013 онд анх танилцаад 2014 оноос хойш одоог хүртэл хамтдаа амьдарч байгаа. ...Эхнэр бид хоёрын хооронд ямар нэгэн байдлаар маргалдсан тусдаа амьдрах зүйл болоогүй би ажлаар хөдөө явчихсан байсан. Эхнэрээс асуухад тухайн үед “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаа нарт баригдсан, эрхийн үнэмлэхгүй болохоор баривчлах шийтгэл шүүхээс оногдуулахаар нь баривчлах шийтгэлээ аргалах гэж байгаад энэ асуудалд холбогдсон юм байна лээ.” гэх,

гэрч Э.Гэрэлмаагийн “...Холбогдогчийн хувийн байдалтай холбоотой бичиг баримтуудыг холбогдогч Г.Э өөрөө гаргаж өгсөн, ... Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолтыг лав гаргаж өгч байсан.” гэх,

          яллагдагч М.Д-ын “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр...хэсгийн ахлагч нарын өрөөнд ороод ам бүлийн тодорхойлолтын хоосон бланк байхаар нь өөрөө гарын үсгээ зураад даргын өрөө рүү ороод тэмдгээр нь дараад ам бүлийн тодорхойлолт хийж өгсөн.” гэх,

          Г.Э-ийн яллагдагчаар өгсөн “...шүүх хурлаар надад 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан, би шүүхэд хүсэлт гаргаад, баривчлах шийтгэлийг 7 хоногоор хойшлуулсан. ...Орхон аймгийн шүүхийн хажууд байдаг Э.Т өмгөөлөгчид учир байдлаа хэлээд “баривчлах шийтгэл авахгүй байх ямар гарц гаргалгаа байна” гэж асуухад “...“0-14 насны ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн заалт байдаг юм, харин чи нөхөртэй юм байна, гэрлэлтийн батлахтай юу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн, тэгсэн чинь Түмэнбаяр өмгөөлөгч “өрхийн эмнэлгээс хоёр хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа” гэсэн бичиг, багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг” гэж хэлээд тодорхойлолт авчих, тэгээд шүүхээр ороод үзье дээ” гэсэн. ...Өмгөөлөгч Э.Т хуурамч бичиг баримт бүрдүүлснийг мэдэж байсан, намайг “гэрлэлтийн батлахгүй” гэхэд “хоёр хүүхдийн хамтаар гурвуулаа амьдардаг” гэж хэлээд багийн Засаг даргын тодорхойлолт авчих гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр болон,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 875 дугаартай шийтгэврийн хуулбар,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагч М.Амгалан гэсэн гарын үсэг бүхий, Орхон аймаг Прокурорын газарт хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт,

Г.Эт холбогдох 1925001045 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар баримтууд, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 875 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Эт холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэг бүхий хуурцаг зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Э.Т нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Г.Э Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэврээр 7 хоног баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд түүнд давуу байдал бий болгох зорилгоор “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт авахыг зөвлөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,   яллагдагч Г.Э-ийн “...Э.Т өмгөөлөгчид учир байдлаа хэлээд “баривчлах шийтгэл авахгүй байх ямар гарц гаргалгаа байна” гэж асуухад “...“0-14 насны ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн заалт байдаг юм, харин чи нөхөртэй юм байна, гэрлэлтийн батлахтай юу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн, тэгсэн чинь Түмэнбаяр өмгөөлөгч “өрхийн эмнэлгээс хоёр хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа” гэсэн бичиг, багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг” гэж хэлээд тодорхойлолт авчих, тэгээд шүүхээр ороод үзье дээ” гэсэн. ...Өмгөөлөгч Э.Т хуурамч бичиг баримт бүрдүүлснийг мэдэж байсан, ...Түмэнбаяр өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад шаардлагатай бичиг баримт, Яргуйт багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, өрхийн эмнэлгээс хоёр хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа бичиг, гэрлэлтийн лавлагааг авсан. ...Надаас “нөхөртэй биз дээ” гэж асуухаар нь би “нөхөртэй” гэж хэлсэн, ...тухайн үед өмгөөлөгч “чи шүүхээр ороод баривчлах шийтгэлээс чөлөөлөгдлөө гэхэд прокуророос багаас лавлагаа аваад мэднэ шүү дээ, тэгвэл чи өөрөө асуудалд орно” гэж хэлж байсан.  ...нөхөр байхгүй хөдөө явчихсан, би хүүхэдтэйгээ очоод гуйж байгаад Түмэнбаяр өмгөөлөгчөөр хямд хөлсөөр өмгөөлүүлсэн.” гэх,

          яллагдагч М.Д-ын “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр...Энхчимэг гэх эмэгтэй орж ирээд “ам бүлийн тодорхойлолт авъя” гэхээр нь “одоогоор өгөх хүн алга” гэхэд “надад яаралтай хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь ...хэсгийн ахлагч нарын өрөөнд ороод ам бүлийн тодорхойлолтын хоосон бланк байхаар нь өөрөө гарын үсгээ зураад даргын өрөө рүү ороод тэмдгээр нь дараад ам бүлийн тодорхойлолт хийж өгсөн.” гэх мэдүүлгүүдээр болон,  

Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/700 дугаартай албан бичиг,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг зохион байгуулагч М.Амгалан гэсэн гарын үсэг бүхий, “...Тус багийн Толгод 13-40 тоот хаягт иргэн Гантөмөр овогтой Энхчимэг оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. РД; ГЕ92092100, ам бүл 3” гэсэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт,

Цагдаагийн газрын 2 байрны мэдүүлэг авах өрөөний хяналтын камерын бичлэг бүхий хуурцаг,

Г.Э-т холбогдох 1925001045 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай, мөн 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлүүд,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Эт холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэг бүхий хуурцаг, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэр цаг хугацаанд төгсдөг, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг бөгөөд шүүгдэгч М.Д-ын хувьд Хүн ам, өрхийн мэдээллийн санд нэвтрэх эрхгүй атлаа Г.Э-ийн гуйлтаар, ам бүлийн байдлыг нь нягталж шалгалгүйгээр, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагчийн хэвлэмэл маягт, Засаг даргын тэмдэг ашиглаж түүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн “...Тус багийн Толгод 13-40 тоот хаягт иргэн Гантөмөр овогтой Энхчимэг оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. РД;, ам бүл 3” гэсэн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Э-ийн хувьд  Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгод 13-40 тоот хаягт оршин суудаг нь үнэн боловч хоёр хүүхдийнх нь төрсөн эцэг мөн гэрлэлтээ батлуулаагүй ч байнга хамт амьдардаг, тухайн цаг үед хөдөө ажлаар явсан байсан нөхөр Г.Мөнхбаярыг ам бүлийн тооноос хасч, өөрийгөө бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг мэтээр бусдад ойлгуулж, “ам бүл 3” гэж худал хэлж М.Даар хуурамч тодорхойлолт хийлгэж, улмаар дээрх хуурамч нотлох баримтыг Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны үед гаргаж өгч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй үндэслэлээр баривчлах шийтгэлээс чөлөөлөгдсөн нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “... өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан” байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Э.Т-ын хувьд зөрчилд холбогдсон Г.Э-ийн нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулаагүйг далимдуулан, ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй” гэсэн хуулийг заалтыг ашиглах давуу байдлыг бий болгох зорилгоор Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргаас “хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт авахыг зөвлөж, хуульчийн хувьд үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх гэмт хэрэг үйлдэж, нотлох баримтыг тухайлбал Г.Э-ийг нөхөртэй гэдгийг нь нууж, мөн түүний “ам бүл 3” гэж бичүүлж ирсэн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа ашигласан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаагаас гадна тэдний үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Э.Т шүүх хуралдааны үед “...Г.Э-тэй 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх удаа уулзсан, 31-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, Г.Э нь надтай гэрээ байгуулахаас өмнө буюу 10 дугаар сарын 11-ний өдөр Яргуйт багаас тодорхойлолтоо авсан, мөн энэ өдөр давж заалдах гомдлоо өөрөө бичиж өгсөн байсан” гэж,

“2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд, 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт давж заалдах шатны шүүх хуралтай, 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт шүүх хуралтай байсан, Энхчимэгтэй уулзаагүй.” гэж тайлбарлаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэсэн болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Э.Т, Г.Э нар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, шүүгдэгч Г.Э нь 10 дугаар сарын 11-ний өдөр Яргуйт багаас тодорхойлолт авсан нь, мөн энэ өдрөө өөрийн гараар давж заалдах гомдлоо бичиж өгсөн нь,

мөн өмгөөлөгч Э.Т 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсоноос гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой асуудлаар Улаанбаатар хотод байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Э.Т “...2019  оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт шүүх хуралтай байсан” гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 1 дэх хавтаст хэргийн 242 дахь талд авагдсан Булган аймгийн Цагдаагийн газарт гаргасан О.Батсайханы, “...өмгөөлөгчөөр Э.Т-ыг сонгон авсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлт нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр огноологдсон байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хамаарахгүй баримт байна.

Шүүгдэгч Э.Т “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон талаараа мэдүүлсэн бөгөөд түүнийг энэ өдөр Орхон аймагт байсан гэж үзэх боломжтой, мөн мөрдөн байцаалтын шатанд Г.Э-ийн яллагдагчаар өгсөн 1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх талд авагдсан “...Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралд орчихоод...2 билүү 3 хоногийн дараа Түмэнбаяр өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад шаардлагатай бичиг баримт, Яргуйт багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, өрхийн эмнэлгээс хоёр хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа бичиг, гэрлэлтийн лавлагааг авсан.” гэх,

1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх талд авагдсан “...2019 оны 10 дугаар сард зөвлөгөө авсан. Тухайн үед зөвлөгөө авч байхад нүдний шилтэй Мэндбаяр өмгөөлөгч, Түмэнбаяр өмгөөлөгч өөр бас нэг залуу өрөөний үүдний хажуу талын хэсэгт нь компьютер дээр сууж байсан.” гэх,

мөн 2 дахь хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Г.Э-ийн “...би өрхийн эмнэлэг орж хоёр хүүхдийнхээ бичгийг авсан. Баг дээр очиход нийгмийн ажилтан нэг залуу байсан. Зохион байгуулагч байхгүй гэж хэлэхэд нь би тодорхойлолт бичээд өгөөч гэж гуйсан. Тэгэхэд надад оршин суух хаягийн тодорхойлолт гаргаж өгсөн. Тэгээд би Э.Т өмгөөлөгчтэй утсаар ярихад Улаанбаатар хотод байна, очсон үедээ холбоо барина хэлж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Т, Г.Э нар нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас 2-3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, шүүгдэгч Э.Т нь Г.Эт Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргаас “хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт авахыг зөвлөн хуульчийн хувьд үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан гэж дүгнэв.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу “хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх”-ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулсан гэж үзэх тул хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь гэрээ байгуулснаар эхлэх бус хууль зүйн зөвлөгөө өгснөөр эхэлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс “...миний үйлчлүүлэгч гэрлээгүй, Г.Мөнхбаяртай хамтын амьдралтай байсан, гэрлэлтээ батлуулаагүй тул хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн багийн тодорхойлолт авч ирсэнд буруутгах үндэслэл байхгүй. Гэр бүлийн тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд заасныг харж үзнэ үү. Г.Эийг ганц бие эх гэж үзэх боломжтой. Ам бүлийн тодорхойлолт нь тухайн иргэний ам бүлийг тодруулсан бичиг, харин хаягийн тодорхойлолт нь тухайн иргэний оршин суух байдлыг тодорхойлсон баримт бичиг. Хаягийн тодорхойлолт буюу өрх нь 3 ам бүлтэй гэж бичсэн тодорхойлолтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл ойлголт. ...иргэний үнэмлэхээ авч очиход багийн тодорхойлолт авсан үйлдэл нь хэлбэрийн төдий байгаа боловч гэмт хэрэг хийсэн үйлдэлтэй ямар нэг шалтгаант холбоо байхгүй.” гэсэн болно.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ.” гэж,

18.2-д “Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.” гэж заажээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Мөнхбаяр нь шүүгдэгч Г.Э-тэй нэг ам бүлд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн, Г.Э-ийн төрүүлсэн хоёр хүүхдийнх нь төрсөн эцэг бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод 13-40 тоот хаягт байнга оршин суудаг болох нь гэрч М.Сансармаагийн “...2019 оны 8 сард хүн амын орон сууцны тооллогоор орж байсан, Г.Мөнхбаяр ганцаараа байсан ба “хэн, хэн танай гэрт амьдардаг вэ” гэж асуухад эхнэр Г.Э, хүү М.Одбаяр, М.Одхүү нарын хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг” гэж хэлж байсан.” гэх, гэрч Г.Мөнхбаярын “...Энхчимэгтэй 2013 онд анх танилцаад 2014 оноос хойш одоог хүртэл хамтдаа амьдарч байгаа.” гэх мэдүүлгүүдээр болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

“Хамтран амьдрагч” гэж гэрлэлтийг хуулийн дагуу албан ёсоор бүртгүүлээгүй хэдий ч гэр бүл болох зорилгоор хайр сэтгэлийн үндсэн дээр хамтын амьдрал үүсгэн хамтдаа амьдарч байгаа хосууд бөгөөд тэд үр хүүхэд төрүүлэн өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ дэмжин туслах гэх мэт гэр бүлд байдаг бүхий л шинжийг агуулсан байдаг бөгөөд тэдний хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсдэггүй хэдий эцэг, эх болохынхоо хувьд үр хүүхдийнхээ өмнө, бие биеийнхээ өмнө гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхийнхтэй нэгэн адил харилцан үүрэг хүлээж байдаг болохыг дурьдах нь зүйтэй.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд; шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь хоорондоо уялдаа холбоотойгоос гадна тэд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдлийн улмаас Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа алдагдсан шалтгаант холбоотой байна.

          Иймд шүүх шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;

          Шүүх шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас “...шүүгдэгч М.Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой,

шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Б.Булгантамир, Б.Батдорж нараас “...шүүгдэгч Э.Тт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар саналгүй” гэсэн,

шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс “...шүүгдэгч Г.Э хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, өөрөө цэцэрлэгт туслах багшаар ажилладаг тул торгох ял оногдуулсан тохиолдолд биелэгдэхгүй байх боломжтой тул оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгээс “...шүүгдэгч М.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.”  гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлэхээр хуульчилж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан тул шүүгдэгч М.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

Шүүх, шүүгдэгч М.Д-ын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Харин шүүгдэгч Г.Э. Э.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Э.Тт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Т, Г.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Бусад асуудал;

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөний хяналтын камерын бичлэгтэй,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Эт холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгтэй 2ш хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч М.Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т, Г.Э, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч Г.Э хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын өрөөний хяналтын камерын бичлэгтэй,

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Э-т холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгтэй 2 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ