Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 603

 

Г.Э, М.Д, Э.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч М.Г, Б.Б, шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.О-Э, шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр магадлалтай, Г.Э, М.Д, Э.Т нарт холбогдох 1925008240010 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн удирдлага мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Э.

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт М-ын Д.

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Э-ын Т.

М.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагч М.А-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж иргэн Г-ийн Э-ийн хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн,

Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагчийн ам бүлийн тодорхойлолтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э-ын Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу зөрчлийн холбогдогч Г.Эийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Э-т “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-ыг зөвлөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ын Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Эын Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э, М.Д, Э.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эрүүгийн 1925008240010 дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Э, М.Д, Э.Т нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Т  гаргасан гомдолдоо  “... Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 2020/ДШМ/61 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ гэж дүгнэсэн дүгнэлтийн тухайд:

Э.Т ыг намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж буй баримт болох яллагдагч Г.Эийн мэдүүлэг нь бодит байдалд нийцээгүй, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй бөгөөд гэрч М.Мэндбаяр /хх-147-148/, Г.Дагва-Очир /хх-150-151/ нарын мэдүүлэг болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүхийн шийдвэр, захирамж, Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны мэдэгдэх хуудас, зарлан дуудах хуудас зэрэг бичгийн баримтаар үгүйсгэгдсэн ба анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт энэ бүх баримтууд дурьдагдсан.

Мөн яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр /хх-170-171/ болон анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн бодит байдлын талаар өгсөн мэдүүлдэг ба уг мэдүүлгүүд нь дээрх баримтуудтай нийцэж байгаа болно.

Дээрх баримтуудын талаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Хоёр. Хууль тогтоогч “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” гэж тодорхойлсон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн оролцоо нь үйлчлүүлэгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн                    5 дахь хэсэгт “Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлдэг. Гэтэл Э.Т  миний бие Г.Этэй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, түүнд холбогдох зөрчлийн хэрэгт Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэвэрт Г.Эийн гаргасан гомдлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн дүгнэлт, тайлбараа хэлсэн. Г.Эт холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч миний явуулсан мэргэжлийн үйл ажиллагаа нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийн материалтай танилцаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, Г.Эийн гаргасан гомдлыг дэмжиж, хууль зүйн дүгнэлт, тайлбар хэлж прокурортой мэтгэлцсэн ба үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй байна.

Гэтэл Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй. Прокурор анхнаасаа нотлох баримтын эх сурвалжийг нягтлалгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн ямар заалтыг хэзээ, хэрхэн яаж зөрчсөнөө огт ойлгохгүй байна. Миний бие Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчөөгүй, урьд нь зөрчиж байгаагүй.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн Г.Э-ийн өгсөн харилцан зөрүүтэй, бодит үнэнд нийцэхгүй, эх сурвалжаа заагаагүй мэдүүлэг нь прокурорын, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Орхон аймгийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1925008240010 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол нь үндэслэлгүй ба прокурор ч энэхүү тогтоолыг үндэслэлгүй болохыг өөрийн шийдвэр, үйлдлээрээ тухай бүр хүлээн зөвшөөрч байсан хэдий ч хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр шүүхээр шийдвэрлүүлэх байр суурийг илэрхийлж ирсэн. Энэ нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай “Хүсэлтийг хангах тухай” /хх-124/, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” 13 дугаартай тогтоол /хх-131/, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Мөрдөн байцаалтын 1-1-р хугацаа сунгах тухай 09 дугаартай тогтоол /хх-145/, 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 14 дугаартай “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” тогтоол /хх-169/, Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2020 оны 03 сарын 23-ны өдрийн “Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гэх мэтээр тогтоогдож байгаа болно.

Прокурорын үндэслэлгүй шийдвэрээс болж миний бие нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг заваараа хохирч байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шуурхай байх зорилтын хүрээнд хэргийг хуулийн хугацаанд хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Д гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020-07-22 ны өдрийн 2020\ДШМ\61 дугаартай магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн төдийгүй шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, удирдлага болгох 181 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь хэтэрхий нэг талыг буюу Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Идэрмөнхийн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Цагаатгагдсан этгээд Г.Э-ийн өмгөөлөгчийн зүгээс 181 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлтэй шийдвэр гэж үздэг.

Эсэргүүцэлд “... шүүгдэгч М.Дын үйлдэж өгсөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ам бүлийн болон хаягийн тодорхойлолтыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн нотлох баримт гэж үзэн Г.Э-ийг зөрчлийн шийтгэлээс чөлөөлсөн байдаг...” гэжээ.

Энэ талаар 2 шатны шүүх хуралдаанд өмгөөллийн дүгнэлтэндээ тодорхой ярьсан.

Тодруулбал: ХХ-ийн 12-р хуудаст байгаа “Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг 2019 оны 10 сарын 11-нд ... Толгодын 13-40 тоот хаягт иргэн Гантөмөр овогтой Энхчимэг оршин суудаг, ... Ам бүл 3 ...” гэсэн байх ба М.Дын хийж өгсөн хаягийн тодорхойлолт юм. Ам бүлийн тодорхойлолт нь өрхийн ам бүлийн гишүүдийн хувийн байдлыг, харин хаягийн тодорхойлолт нь ам бүлийн тоо, оршин суух хаягийг тодорхойлно. Өөр засвартай байна. Прокурорын эсэргүүцэлд “... ам бүлийн болон хаягийн тодорхойлолтыг ...” гэж багийн Засаг даргаас гарах нэг баримт мэтээр томъёолсон нь буруу юм.

ХХ-ийн 64-р хуудас магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “... “Энхжих мандариваа” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй гэсэн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4-д заасан баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх гэдэг нь нотлогдож байна” гэсэн дүгнэлт нь дээр дурьдаад байгаа ам бүл-3 гэсэн хаягийн тодорхойлолтоор хариуцлагаас чөлөөлсөн гэж үзэхгүй бөгөөд олон баримтууд дурьдсан байхад хаягийн тодорхойлолтод дурьдсан “Ам бүл 3” гэсэн энэхүү мэдээллийг давж заалдах шатны шүүх хянаад “Хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт буюу шүүгдэгч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүх зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлгийг үнэлж, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад гэрчүүдийн мэдүүлгийн үгүйсгэсэн тухай үндэслэлээ огт заагаагүй байна...” гэж дүгнэсэн ойлгомжгүй болжээ.

Тухайлбал: 2020-04-01-ний өдрийн 128 дугаартай Яллах дүгнэлтэд яллагдагч М.Д, Г.Э нарын мэдүүлгийг үндэслэл болгоод Арван дөрөв хүртэл насны хүүхэдтэй ганц бие эх гэдэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гээд гэрч Г.Мөнхбаяр \Энхчимэгийн хүүхдүүдийн эцэг, хамтран амьдрагч\, гэрч М.Сансармаа \Яргуйт багийн хэсгийн ахлагч\, гэрч М.Амгалан \Яргуйт багийн зохион байгуулагч\, нарын мэдүүлэг, ам бүлийн өрхийн мэдээллийн санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр нотлогдоно гэж прокурор үзжээ. Энэ баримтууд нь Энхчимэг нь ам бүлийн өрхийн мэдээллийн санд болон хэсгийн ахлагч дээр Мөнхбаяр \гэрлэлтийн баталгаагүй\-ийн өрх, гэж тэмдэглэгдсэн боловч Улсын бүртгэлд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хосыг Г.Мөнхбаярын ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа нь үнэн зөв мэдээлэл бөгөөд Г.Эийг дээрх баримтуудаар буруутгаж, болохгүй. Тэд гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй болон нотлох баримтаар өгсөн бүх баримтуудыг үнэлээд баривчлах ялыг өөрчилж, торгох ялаар сольсон бүрэлдэхүүн нь “Ам бүл 3” гэсэн хаягийн тодорхойлолтыг шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, 181 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь харин хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

“... Шүүгдэгч Г.Э нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2 хүүхдийн хамт эцэг Г.Мөнхбаяртай хамт ... Толгодын 13-40 тоотод оршин суудаг, энэ хаяганд Г.Мөнхбаяр, Г.Э, М.Одбаяр, М.Одхүү нар нь байнга оршин суух бүртгэлтэй боловч баривчлах шийтгэлээс чөлөөлүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан М.Даар өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолтод “Ам бүл-3” гэж бичүүлж, шүүхэд гаргаж өгсөн санаатай үйлдэл, М.Д нь ажил үүргийн хувьд эрхгүй атлаа дээрх тодорхойлолтыг багийн зохион байгуулагч М.Амгалангийн нэрээр зориуд бичиж, Г.Эт өгсөн үйлдлүүдийг ямар үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй...” гэж дүгнэсэн нь дээр дурьдсан хаягийн тодорхойлолт бичигдсэн “Ам бүл-3” гэсэн мэдээлэл онцгой ач холбогдолтой, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “... оршин суугаа хаягийн бүртгэл нь иргэний улсын бүртгэлд хамаарах бөгөөд ... мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар шилжин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ...” гэснийг иргэн бүр биелүүлдэггүй, анхан шатны бүртгэл хийх нэгж болох баг энэ бүртгэлийг шинэчилдэггүй. Тодруулбал, хаягийн тодорхойлолт авсан 2019-10-11-ний өдрөөс хойш Г.Э нь 2 хүүгийн хамт амьдарч байгаа, хамтран амьдрагч Г.Мөнхбаяр мэдүүлэг өгөх зорилгоор 1-2 удаа ирсэн байдаг. Тэгвэл хөдөө 2019 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байгаа гэх сураггүй болсон Г.Мөнхбаярыг түр оршин суугчаар бүртгэсэн зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл Г.Э 2 хүүгийн хамт амьдарч байгааг Яргуйт баг болон иргэний бүртгэлийн байгууллага шинэчлээгүй л байна. Тэгэхээр “АМ-3” гэсэн мэдээлэл онцгой ач холбогдолтой гэж үзэх боломжгүй юм.

Хаягийн тодорхойлолт хийж өгсөн М.Д-ын хувьд багийн ажлыг чирэгдэлгүй явуулж, иргэдэд ойр үйлчлэх зорилго тавьснаас санаатай үйлдэл гэж үзэхгүй. Хуулиас гадуур гэхээсээ илүү иргэдэд чиглэсэн үйлчилгээг Иргэний бүртгэлийн санд нэвтрэхгүйгээр Г.Эийн иргэний үнэмлэхийг үзээд хайнга хийгээд өгсөн. Дээрхи хаягийн тодорхойлолтод онцгой холбогдол өгсөн нь давж заалдах шатны шүүх хийсвэр дүгнэлт хийж байна.

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, магадлалын үндэслэх хэсэгт заасан ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчсөн нь дээрх баримтуудаар няцаагдаж байх тул Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020-07-22 ны өдрийн 2020\ДШМ\61 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 181 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд эсэргүүцлийг хүлээн авсан нь үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн 12 дугаар талд Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн засаг даргын тодорхойлолт байдаг бөгөөд давж заалдах шатны шүүх өмнө нь миний үйлчлүүлэгчийн гаргасан ам бүлийн тодорхойлолт болон бусад баримтуудыг үнэлээд баривчлах ял оногдуулсан. Уг хэргийг хэлэлцэхэд ам бүлийн тодорхойлолт буюу хэрэгт авагдсан баримт нь үндэслэлтэй эсэхийг тодруулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ам бүлийн тодорхойлолт нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан. Ам бүлийн тодорхойлолт нь тухайн иргэнийг, ам бүлийг тодруулсан бичиг юм. Хаягийн тодорхойлолт нь тухайн иргэний оршин суух байдлыг тодорхойлсон баримт бичиг. Хаягийн тодорхойлолт буюу өрх нь 3 ам бүлтэй гэж бичсэн тодорхойлолтыг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гаргасан гомдолдоо “... магадлал нь ЭХХШТХуулийн ноцтой зөрчсөн дараах үндэслэл байна. Үүнд:

1. Магадлалын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлага хангаагүй гэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан магадласан байх ба шүүгдэгч М.Д, Г.Э нарын үйлдэлд дүгнэлт хийгээд шүүгдэгч Э.Т ын үйлдэлд анхан шатны шүүхээс цагаатгасан үндэслэлийн талаар огт магадлаагүй байна. Энэ нь ЭХХШТХуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой...” гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүгдэгч Э.Т ын үйлдлийн талаар тодорхой магадлаагүй шийдвэрлэсэн болно.

2. Яллах дүгнэлтэд хэд хэдэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч Э.Т ын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг эрүүлжүүлэхдээ ганц яллагдагч, шүүгдэгч Г.Эийн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэдэг бөгөөд дээрх мэдүүлэг нь ЭХХШТХуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх сурвалжаар нотлогдоогүй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан дангаараа шүүгдэгч Э.Т ыг яллах үндэслэл болохгүй байсаар атал 2020\ДШМ\61 дугаартай магадлалд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцооны талаар дүгнэлт хийгээгүй нь ЭХХШТХуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Э.Т ын “2019.10.31-ний өдөр Г.Этэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг нь шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн “2019.10.31-ний өдөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан” гэх мэдүүлгээр эх сурвалжаараа нотлогддог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Т  нь 2019.10.31-ний өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдож байхад магадлалд энэ талаар дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.Э нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэгдсэн гэгдэх цаг хугацаанд өөр өмгөөлөгчтэй уулзсан зөвлөгөө авсан байх ба шүүгдэгч Э.Т  нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Орхон аймгаас өөр газарт албан ажилтай байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтаар тогтоогдсон байхад магадлалд мөн энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

3. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Г.Эийн өгсөн “2019.11.06-нд шүүх хуралд орохоосоо өмнө бичиг баримтаа өмгөөлөгчдөө үзүүлсэн, өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөөрэй л гэсэн, харин өмгөөлөгч надад хуурамч бичиг баримт цуглуул гэж хэлээгүй, би Түмэнбаяр өмгөөлөгчөөс өмнө бичиг баримтаа бүрдүүлсэн байсан” гэх мэдүүлгийг ЭХХШТХуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хянаад анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай шийдвэрлэхдээ дээрх мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар магадлалдаа заагаагүй нь ЭХХШТХуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна

4. Эрүүгийн 1925008240010 дугаартай хэрэгт зарим шүүгдэгч өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ба шүүгдэгч Э.Т ын тухайд түүнд холбогдох үйлдэл хангалттай нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад шүүгдэгч М.Д, Г.Э нарын үйлдэлтэй хамтатган шийдвэрлэж байгаа нь шүүгдэгч Э.Т ын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.

Иймд МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Э.Т т холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.14-ний өдрийн 181 дугаартай цагаатгах тогтоолын шүүгдэгч Э.Т т холбогдох хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.

Магадлалын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлага хангаагүй гэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан магадласан байх ба шүүгдэгч М.Д, Г.Э нарын үйлдэлд дүгнэлт хийгээд шүүгдэгч Э.Т ын үйлдэлд анхан шатны шүүхээс цагаатгасан үндэслэлийн талаар огт магадлаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой” гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүгдэгч Э.Т ын үйлдлийн талаар тодорхой магадлаагүй шийдвэрлэсэн болно. Яллах дүгнэлтэд хэд хэдэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч Э.Т ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг эрүүлжүүлэхдээ ганц яллагдагч, шүүгдэгч Г.Эийн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэдэг бөгөөд дээрх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх сурвалжаар нотлогдоогүй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан дангаараа шүүгдэгч Э.Т ыг яллах үндэслэл болохгүй байсаар атал магадлалд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцооны талаар дүгнэлт хийгээгүй ньЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Э.Т ын “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г.Этэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг нь шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан” гэх мэдүүлгээр эх сурвалжаараа нотлогддог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Т  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдож байхад магадлалд энэ талаар дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.Э нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэгдсэн гэгдэх цаг хугацаанд өөр өмгөөлөгчтэй уулзсан зөвлөгөө авсан байх ба шүүгдэгч Э.Т  нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Орхон аймгаас өөр газарт албан ажилтай байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтаар тогтоогдсон байхад магадлалд мөн энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-нд шүүх хуралд орохоосоо өмнө бичиг баримтаа өмгөөлөгчдөө үзүүлсэн, өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөөрэй л гэсэн, харин өмгөөлөгч надад хуурамч бичиг баримт цуглуул гэж хэлээгүй, би Түмэнбаяр өмгөөлөгчөөс өмнө бичиг баримтаа бүрдүүлсэн байсан” гэх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хянаад анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай шийдвэрлэхдээ дээрх мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар магадлалдаа заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэгт зарим шүүгдэгч өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ба шүүгдэгч Э.Т ын тухайд түүнд холбогдох үйлдэл хангалттай нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад шүүгдэгч М.Д, Г.Э нарын үйлдэлтэй хамтатган шийдвэрлэж байгаа нь шүүгдэгч Э.Т ын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Э.Т т холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын шүүгдэгч Э.Т т холбогдох хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Т ын өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Э.Т т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Уг тогтоолд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулахдаа энэ хэрэгт авагдсан н.Энхчимэгийн мэдүүлгийг үндэслэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн н.Энхчимэгийн мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үзвэл, яллах дүгнэлтийн  үндэслэл болсон 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэг нь Э.Т ын талаарх үйлдлийг хоёр янзаар мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэх ойлголтыг хууль ёсны байлгах тухай асуудлыг зөвхөн энэ хуулиар тодорхойлно гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “энэ хуульд заасан нэр томьёог тайлбарлахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэж тайлбарлана гэж заасан. Оршин суух хаягийн лавлагааг авч өгснөөр энэ хүний хувийн байдлыг тодруулсан ямар эрх зүйн байдлыг илтгэсэн бэ гэхээр н.Энхчимэг нь ам бүл 3-лаа тухайн хаяг дээр оршин суудаг тодорхойлолт байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүл гэдэг ойлголт бол гэрлэлтийн үндсэн дээр бий болдог” тухай, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэрлэгчид нь гэрлэлтийн үндсэн дээр бий болсон” эхнэр нөхрийн харилцааны тухай асуудал байгаа. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний бүртгэлийн тухай ойлголтыг заадаг юм байна. Иргэний бүртгэлийн тухай ойлголт нь тухайн хүний эрх зүйн байдалтай холбоотой мэдээлэл мөн. 3.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт хаягийн мэдээллийн санд үзлэг хийх замаар тус эрх зүйн байдлыг тодруулсан баримтыг хуурамчаар үйлдсэн гэх Доржбат, Энхчимэг, Түмэнбаяр нарын үйлдэл нь гэмт хэрэг биш болох нь харагдаж байгаа юм. Шүүгдэгч нарын үйлдэлд нийгмийн аюулын шинж тэмдэг байдаггүй. Сэдэл нь санаатай, тухайн нөхцөл байдлыг мэдэж байх ёстой. Гэтэл шүүгдэгч нарын үйлдэлд дээрх нөхцөл байдал харагдахгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-Э шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч М.Дын хувьд уг хэрэгт хуурамч нотлох баримт гаргасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус суманд эрх зүйчээр ажиллаж байхдаа оршин суугаа газрын тодорхойлолтыг н.Энхчимэгийн хүсэлтээр бичиж өгсөн байдаг. Энэ үйлдэл нь “хуурамч бичиг баримт бүрдүүлэх” гэмт хэргийн шинжид нийцэхгүй гэж үзэж байна. Оршин суудаггүй хүний хаягийг оршин суудаг мэтээр гаргаж өгсөн буюу хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй байсан учир анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар, бусад хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1-д хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл, хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа авах, зөвлөгөө өгөх гэж тодорхойлсон. Мөн 25 дугаар зүйлд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн талаар зааж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч зөвлөгөө өгч эхэлснээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзнэ” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Б, шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Д нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Э, М.Д, Э.Т  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, М.Д, Э.Т  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... анхан шатны шүүх яллах талын нотлох баримтыг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарын үйлдлийг ямар үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар тодорхой дүгнэж шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад ямар үндэслэлээр үгүйсгэгдэж буюу няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн дүгнэлт тодорхойгүй болсон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгдэгч Г.Э нь нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 13-40 тоотод хүү М.Одбаяр, М.Одхүү, хүүхдийн эцэг Г.Мөнхбаяр нартай байнга оршин суудаг бүртгэлтэй бөгөөд баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор тус багийн нийгмийн ажилтан М.Даас “Ам бүл 3” гэх тодорхойлолт хийлгэж шүүхэд гаргаж өгсөн, М.Д нь тодорхойлолт гаргаж өгөх эрхгүй атлаа багийн зохион байгуулагч М.Амгалангийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Г.Эт өгсөн үйлдлүүд нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “... оршин суух хаягийн тодорхойлолод ам бүл 3 гэснийг Г.Э-ийн хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт, ам бүлийн тодорхойлолт гэж дүгнэх боломжгүй, ... М.Дыг зохион байгуулагч М.Амгалангийн гарын үсгийг зориудаар дуурайлган үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх”, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хуульч нь хууль зүйн зөвлөгөө өгөхдөө хараат бус байж, үнэн зөв, бүрэн дүүрэн, ойлгомжтой байдлаар зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь гэрээ байгуулснаар эхлэх бус тухайн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгснөөр эхэлдэг онцлогтойг шүүх анхаарч үзээгүй байна.

Шүүхээс цагаатгах тогтоол гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй нь ноцтой зөрчилд тооцогдож шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Б, шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Д нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Б, шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН