Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/00532

 

 

      

 

 

 

 

 

              2021      03          12

               181/ШШ2021/00532

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БТСГ холбогдох,

 

БТСГ 2016 оны 01 сарын 07-ны өдрийн тушаал хууль бус үндэслэлгүй болохыг, Ц.Б-ыг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 54 сарын хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 38 825 190 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Б миний бие хуучин нэрээр ЭМСЯамны харъяа БТСХТөвд 2015 оны 04-р сард Захиргаа, Санхүүгийн хэлтэсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01-р сарын 07-ны өдрийн тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. Тухайн үед тус байгууллагын захирлаар ажиллаж байсан П. Б нь нэхэмжлэгч миний биеийг шүүхэд гэм буруутай нь эцэслэн тогтоогдохгүй байхад, мөн өөрийн биеэр өргөдөл гаргаагүй, гарын үсэг зураагүй байхад намайг өргөдөл гаргасан, мөн Авлигатай тэмцэх газрын 2015 оны тоот албан бичиг (энэ нь Ц. Б-д огт хамааралгүй, өөр хүнд буюу манайд ажиллаж байсан өөр хүний нэр дээр холбогдуулан ирсэн албан бичиг байсан)-т үндэслэсэн нь илт хууль бус байдлаар миний эрхийг зөрчсөн байдаг.

Тус байгууллагын хуучин захирал (тухайн үед буюу 2016 оны 01-р сарын 07-ны байсан) П. Б нь надад дээрх тушаалыг огт танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас газар ч юм уу, ямар нэгэн өргөдөл өөрийн биеэр гаргаагүй, эрүүгийн хэрэгт дуулан шалгаж байхад Авлигатай тэмцэх газарт огт шалгагдаагүй, АТГ-аас Ц.Б-д холбогдуулан ямар нэгэн албан тоот огт явуулаагүй байхад шүүхээс хоригдсон байх хугацаанд ажлаас үндэслэлгүй халжээ. Би энэхүү тушаалыг шалгагдаж байх хугацаандаа буюу 2020 оны 04-р сарын 29-ны өдөр мэдэж, уг 2016 оны 01-р сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалыг өөрийн биеэр архиваас хуулбар үнэнг даруулж авсан бөгөөд өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас хууль бусаар, үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу тухайн үеийн 01-р сарын үндсэн цалин 718,985 төгрөг байсан бөгөөд 2016 оны 01-р сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах боломжит хугацаагаар 2020 оны 07-р сарын 07-ны өдрийг хүртэл 54 сарын үндсэн цалин болох нийт 38 825 190 төгрөгийг одоогийн БСШУСЯамны харъяа БТСГазраас гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр дараах нэхэмжлийн шаардлага гаргаж байна.

Эрүүл Мэнд, Спортын Яамны харъяа “БТСХТ”-ийн даргын 2016 оны 01-р сарын 07-ны өдрийн дугаартай тушаал нь хууль бус, үндэслэлгүй болохыг, мөн Ц.Б-г хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөний дараах ажилгүй байсан 54 сарын хуагцааны нөхөн олговор болох 38,825,190 (гучин найман сая найман зуун хорин таван мянга нэг зуун ер) төгрөгийг одоогийн БСШУСЯамны харъяа БТСГазраас гаргуулан Ц.Б-д олгуулах,  У.Б-ы ажилгүй байсан 54 сарын хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай шийдвэрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч БТСГ-т шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүл мэнд, спортын яамны БТСХТ-ийн төвийн захирлын 2016 оны 01 сарын 07 өдрийн тоот тушаалаар Ц.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай Ц.Б нь тушаалыг мэдэж байсан буюу гэр бүлийн гишүүн /эхнэр/ нь өргөдлийг нь авчирч өгсөн тухай гэрч П.Б-ийн мэдүүлгээр нотлогдсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл.Маргааны талаар гомдол гаргах хугацаа 129.1, хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2.Ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана заасан. Иймд гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын 2016 оны 01 сарын 07-ны өдрийн дугаартай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг, Ц.Б-ыг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 54 сарын хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 38 825 190 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСХ нь нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад  буюу Монгол улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор засгийн газрын тохируулагч агентлаг-БТСУХ болон өөрчлөн байгуулагдсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан тогтоол, тус хорооноос дахин олгосон итгэмжлэл зэргээр нотлогдож, маргаангүй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигч тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Эрүүл мэнд, Спортын яамны БТСХТ захирлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус төвийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна./хх-ийн 4, 32, 73-р тал/

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ...эрүүгийн хэрэгт шалгагдан цагдан хоригдож байсан... үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагаасаа ажлаас буруу халсан тушаалыг өөрийн биеэр очиж авсан, мөн өдрөөс мэдсэн гэж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан байхыг шаарддаг ба нэхэмжлэгчийн талын тайлбарласнаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч цагдан хоригдсон болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож, хариуцагч тал уг тушаалыг гардуулсан талаар баримт шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж мөн өдрөөс гомдол гаргах хугацааг тоолж, хэргийг хянаж хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ./хх-ийн 4, 81-84-р тал/

Эрүүл мэнд, Спортын яамны БТСХТ захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол, 2014 оны 332 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 67 дугаар тушаалаар батлагдсан “дүрэм”-ийн 4.9.1.4 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05/120 тоот албан бичиг, Ц.Б-ы өргөдлийг тус тус үндэслэн, тушаалын 1 дэх заалтаар ” Ц.Б-г 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан “...ажилтан санаачилсан...” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, Ц.Б-ыг 2016 оны 01 дүгээ сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлжээ.

Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 67 дугаар тушаалаар батлагдсан “дүрэм”-ийн 4.9.1.4 дэх заалтад захирлын эрх, үүргийг зохицуулсан, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тоот албан бичигт Ж.У-ийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоотыг ирүүлсэн байна./хх-ийн 32, 45-р тал/

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, харин хариуцагчийн хүсэлтээр асуусан гэрч П.Б-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ...2016 оны Эрүүл мэнд яамны харьяа Спортын төвийн захирлын ажил хийж байсан...Ц.Б нь манайд Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэмт хэрэгт холбогдон 461-р хорих ангид 1-2 сар цагдан хоригдсон гэж эхнэр нь над руу утсаар залгаж хэлсэн...өргөдлөө авчирч манай нарийн бичигт өгсөн тэгээд би өөрийнх нь хүсэлтээр халсан. Ар гэрийн асуудалтай байгаа тул өөрийн хүсэлтээр халагдах хүсэлтэй гэсэн утгатай байсан..яг гардуулсан гэдгээ санахгүй байна...гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдож байна. /хх-ийн 90-92-р тал/

Иймд шүүх нэхэмжлэгч буюу ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөнд үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан ажилтан санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрэлэв.

Нэхэмжлэгчийн гаргасан ажлаас буруу халсан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн холбогдох шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан гаргуулж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352100 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б “БТСХТ даргын 2016 оны 01 сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг, Ц.Б-ыг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 54 сарын хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 38 825 190 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352100 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн хугацаанд шийдвэрийн хувийг гардуулах буюу хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н. ГАНТУЯА