Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00295

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00295

 

 

Ц.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/02221 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч БТЁУХ ТБАГ-т холбогдох Ц.Быг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Ц.Б нь хуучнаар Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвд 2015 оны 4 дүгээр сард Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. Тухайн үед тус байгууллагын захирлаар ажиллаж байсан П.Б-э нэхэмжлэгчийг шүүхэд гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад, мөн өөрийн биеэр өргөдөл гаргаагүй, гарын үсэг зураагүй байхад намайг өргөдөл гаргасан гэж ажлаас чөлөөлж, миний эрхийг зөрчсөн байдаг. Энэхүү тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдэж 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг архиваас хуулбар үнэн тэмдэг даруулж авсан бөгөөд өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх хугацаагаар тооцон 50,328,950 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээс шийтгэх тогтоол анх гарснаар мөн өдрөөс цагдан хоригдоод сар гаруй болоод давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор суллагдсан. Дахин 2016 оны зун таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж гурван сар болоод гарсан. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй явж байсан тул ажил албан тушаалыг түдгэлзүүлсэн гэж ойлгож байсан. Тушаалыг гардуулаагүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Ц.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Ц.Б мэдэж байсан буюу түүний эхнэр нь өргөдлийг авчирч өгсөн байдаг. Тухайн үед шүүхээс нэхэмжлэгчийг цагдан хорьсон тул өргөдлөө эхнэрээрээ дамжуулж өгсөн гэдэг. Түүний өргөдөл архивт хадгалагдаагүй ч гэрч П.Б-ийн мэдүүлгээр нотлогдсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан БТЁУХ ТБАГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 50,328,950 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,300 /352,100+70,200/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бы гаргасан "Ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн буюу түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус болохыг тогтоолгох, мөн уг тушаалаас хойш ажилгүй байсан цаг хугацааны нөхөн олговорт нийт 50,328,950 төгрөг гаргуулах. ажилд эгүүлэн томилуулах гэсэн үндэслэлүүдээр гомдлын шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон атал үүнээс хамгийн гол шаардлага болох 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг орхигдуулан дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

4.б. Түүнчлэн, энэхүү нэхэмжлэлийг гаргах болсон гол үндэслэл нь тушаалын үндэслэлээ түүний "бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн" гэж ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэж үзэн энэ тухай хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын дэвтрээ авах үед мэдэж гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг гуйвуулан тайлбарлаж хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнөө 1,489 хоногийн хугацаанд мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Энэ тушаалын хуулбарыг нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сард гардан авч хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасныг анхан шатны шүүхийн хүчингүй болсон шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааг зөв дүгнэсэн. Гагцхүү нэхэмжлэгч талд тушаалыг гардуулж өгсөн мэтээр гэрч П.Б-ийн эргэлзээ бүхий үндэслэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй мэдүүлгийг үнэлсэн нь буруу байсан тул гэрчээр Б.Оюундэлгэр, Т.Болдтөр нарыг оролцуулж мэдүүлэг авсан нь зөв зүйтэй алхам болсон юм. Дээрх 2 нэр бүхий гэрч нар нь гэрч П.Б-ийн мэдүүлгийг эрс няцаасан тул тушаал гардуулан өгсөн, Ц.Б өөрөө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй болох нь тогтоогддог. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч БТЁУХнд холбогдуулан Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг тогтоолгох, хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

3. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрмийн 4.9.14, Авилгатай тэмцэх газрын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05/120 тоот албан бичиг, Ц.Бы өргөдлийг тус тус үндэслэж нэхэмжлэгч Ц.Быг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 174/

 

4. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, гомдлоо шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

5. Хариуцагч талаас Ц.Бы бичгээр өргөдөл гаргасан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагч бүрэн нотлоогүй гэж үзэхээр байна. Иймд уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч уг хууль бус тушаалыг хүчингүй болгоогүй нь буруу.

 

6.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаар захирамж зэргээс үзэхэд Ц.Б нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байна. /хх-ийн 54, 81-84, 175-186/

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан байхад хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн байгаа нь хуульд нийцээгүй тул Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

8. Харин нэхэмжлэгчид ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардах эрх үүсэхгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Б нь цагдан хоригдсон байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхэд хандах хүртэл нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдах, үүнтэй холбоотойгоор ажил олгогчид хандан ажил албан үүргээ гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ажилдаа эргэж орох шаардлага гаргасан, ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй.

 

Дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүйн улмаас нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхлээгүй гэх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Тодруулбал, ажил олгогчийн буруу буюу хууль зөрчсөн тушаал гаргасны улмаас нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах боломжгүй болсон гэж үзэхгүй, харин тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ажилдаа ирээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 онд тушаал гарсныг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн гэх тайлбартаа ажлаас түдгэлзүүлсэн гэж ойлгож байсан гэж дурдсан. Иймд уг тушаалыг гарснаас хойших ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхгүй. Одоогийн нөхцөл байдалд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй тул ажилтныг ажилд эгүүлэн тогтоох, олговор гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын ...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг орхигдуулсан ... гэсэн хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1601.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/02221 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргын 2016 оны 01 сарын 07-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч БТЁУХнд холбогдох Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Ц.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ