Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00821

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00821

 

 

 

Ц.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00532 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлтэй хариуцагчБТСГ холбогдуулан гаргасан БТСХГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг, Ц.Бг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, тус газрын ххххх албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 54 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38 825 190 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцайз, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:Ц.Б нь хуучин нэрээр ЭМСЯ 2015 оны 4 дүгээр сард Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн.Тухайн үед тус байгууллагын захирлаар ажиллаж байсан П.Б нь нэхэмжлэгчийг шүүхэд гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад Авилгатай тэмцэх газрын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05/120 тоот албан бичгийг үндэслэсэн нь илт хууль бусаар ажлаас чөлөөлж эрхийг зөрчсөн.

П.Б нь надад дээрх Б/07 тоот тушаалыг огт танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас газар ч юм уу, ямар нэгэн өргөдөл өөрийн биеэр гаргаагүй цагдан хоригдсон байх хугацаанд ажлаас үндэслэлгүй халсан. Энэхүү тушаалыг шалгагдаж байх хугацаандаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэж, уг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг өөрийн биеэр архиваас хуулбар үнэн даруулж авсан бөгөөд өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд ажлаас хууль бусаар, үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу тухайн үеийн 01 дүгээр сарын үндсэн цалин 718 985 төгрөг байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах боломжит хугацаагаар 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 54 сарын үндсэн цалин болох нийт 38 825 190 төгрөгийг гаргуулан авах, Биеийн тамир спортын улсын хорооны Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ЭМСЯ захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07 өдрийн Б/07 тоот тушаалаар Ц.Бг ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч мэдэж байсан буюу гэр бүлийн гишүүн /эхнэр/ нь өргөдлийг нь авчирч өгсөн нь гэрч П.Б-н мэдүүлгээр нотлогдсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, мөн 129.2 дах хэсэгт засан ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмлэгч Ц.Б Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргын 2016 оны 01 сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг, Ц.Бг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 54 сарын хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 38 825 190 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352100 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн зүгээс дуудан оролцуулан П.Бэс гэрчийн мэдүүлэг авахад тэрбээр маш их эргэлзээ бүхий байдалтай мэдүүлэг өгсөн. Түүний мэдүүлгийг гарцаагүй үнэн зөв хэлсэн гэж хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн шүүх Ц.Бг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн гэх тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь илэрхий алдаатай болсон гэж үзэхээр байна.

Ц.Б нь хэдийгээр тухайн үедээ буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэгт ял шийтгүүлэн цагдан хоригдсон байх хэдий ч өнөөдрийг хүртэл шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байгаа. Энэ тохиолдолд ажил олгогчийн зүгээс холбогдох байгууллагаас тодруулан Ц.Бг ажил албан тушаалаас нь түдгэлзүүлэн шийдвэрлэх боломж байсан. Нөгөөтэйгүүр ажил олгогч нь хууль зөрчиж тушаал гаргахгүйн үүднээс өөрөөр хэлбэл Ц.Б хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс нэгэнт Б/07 тоот тушаалд өргөдөл-д үндэслэсэн гэсэн бол тухайн байгууллагын хүний нөөцийн болон бичиг хэргийн архивт тушаалын хавсралт байдлаар заавал хадгалагдсан байх ёстой. Түүнчлэн Ц.Б өргөдөл байсан гэх асуудлыг анхнаасаа хууль бус тушаал гаргасан байх магадлалтай хариуцагч байгууллагын захирал албан тушаалтай ажиллаж байсан П.Б-г гэрчээр дуудсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байх өндөр магадлалтай юм. Учир нь П.Б нь хууль бус тушаал гаргасан болох нь шүүхээр нотлогдсон тохиолдолд тус хариуцагч байгууллага нь гэм буруутай албан тушаалтнаар өөрт учирсан хохирол, гэм хорыг нөхөн төлүүлэх бүрэн үндэслэлтэй байгаа тул өөрийнхөө алдаа дутагдлыг нуун дарагдуулж шүүхэд үнэн зөв мэдүүлсэн эсэх нь ч эргэлзээтэй. Өргөдөл байсан бол ямарч тохиолдолд тухайн байгууллагад хадгалагдаж байх ёстой. Үүнийг хэн нэгэн гэрч П.Б гэх мэт хүмүүс байсан байгаагүй гэж гэрчлэх нь анхнаасаа үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

НэхэмжлэгчЦ.Б нь хариуцагч БТСГ холбогдуулан Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн /хуучин нэршлээр/ даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг, Ц.Бг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгох, тус газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 54 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38 825 190 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж маргажээ. /хх 1-2, 15, 103/

 

Талууд ажилтан өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн эсэх, ажилтны өргөдөл ажил олгогчийн архивт байгаа эсэх үйл баримт, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар маргажээ. Талууд маргаантай байгаа тохиолдолд тухайн маргаантай асуудалд холбогдох нотлох баримтад дүгнэлт өгөх шаардлагатай юм.

 

Ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй буюу хэргийн оролцогчийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байдлаар авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцээгүй. Учир нь уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах заалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх юм. Хэргийн 24-26 дугаар талд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Ц.Бг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалыг гаргуулахаар анхан шатны шүүхээс захирамж гарсан. Гэтэл хариуцагч тал ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг мөн л хэргийн оролцогчийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулж нотлох баримтаар бэхжүүлэх боломжтой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан. Ажлаас халсан тухай шийдвэр бичгээр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол ажлаас чөлөөлсөнтэй адил үр дагавартай юм. Ажил олгогч нь тушаал буюу эрх зүйн актыг гаргах үүрэгтэй, талууд маргаж байгаа нөхцөлд хэрэгт авагдсан тушаалын хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүхээс үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хэрэгт Ц.Б нь хариуцагч байгууллагын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад эрүүгийн хэрэгт мөрдөгдөн шалгагдсан үйл баримт тогтоогдсон./хх81-84/ Эрүүгийн хэрэгтЦ.Б нь 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол авагдсан боловч хариуцагч тал уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж чадаагүй дээд шатны шүүхүүдээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. НэхэмжлэгчЦ.Бд ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх үйл баримт тухайн хэрэгт ач холбогдолтой бөгөөд уг үйл баримт тогтоогдоогүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор байна.

Ажилтан буюу нэхэмжлэгчЦ.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэж архиваас хуулбар үнэн даруулж авсан талаар тайлбарлажээ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх юм. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дах хэсэгт тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

 

Иймд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчЦ.Б эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан эсэх, тухайн хугацаанд ажлаа хийгээгүй шалтгаан, цагдан хоригдсон хугацаа, албан байгууллагадаа хандаж гаргаж байсан тайлбар, хүсэлт, өргөдөл байгаа эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай. Маргааны зүйлд хамааруулан шүүхийн мэтгэлцээн явагдсан гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч нь 2016-2020 онуудад шийтгэх тогтоолын дагуу цагдан хоригдож байсан эсэх, тушаалыг мэдэх боломжтой басйан эсэх үндэслэлийг тодруулах шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлэх бөгөөд уг өргөдөл байгаа эсэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан нотлох баримт гаргуулах ажиллагааг дутуу хийсэн, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД