Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1043

 

С.Б-, Д.Б- нарт холбогдох

                                                                     эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

яллагдагч С.Б-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1487 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай эсэргүүцлээр С.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 1808010420330 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. С.Б-, 1979 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 514 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Д.Б-, 1979 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Жавхлант Орд” ХХК-д операторч ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            С.Б- нь дангаараа 1 удаагийн үйлдлээр:

            1. 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/Б байрны 8-320 тоотод оршин суух иргэн Д.Алтансүхийн гэрт хууль бусаар нэвтэрч, 3 үе дамжсан улаан шүрэн толгойтой хөөрөг, алтан нуухтай, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг, 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг монетон гинж, 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг нэг нүдний дуран, цагаан мөнгө, бэлэн 200.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 13.250.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатик төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, иргэн Б.Жаргалбаярын эзэмшлийн “Toyota Axio” загварын, 50-57 УНҮ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,

            С.Б-, Д.Б- нар бүлэглэн 5 удаагийн үйлдлээр:

            1. 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 52/Б байрны 10 тоотод оршин суух иргэн Л.Дондогийн гэрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 55.900 ам.доллар, 10.000.000 төгрөг, 17 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгж зэргийг хулгайлан авч, нийт 153.606.780 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатик төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, иргэн Б.Отгонбаярын эзэмшлийн “Toyota Prius-30 загварын, 73-27 УНК улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,

            2. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 90 тоотод оршин суух иргэн Д.Адарсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, 9 ширхэг мөнгөн аяга, хос монетон бөгж зэргийг хулгайлан авч, нийт 4.133.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатик төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, иргэн Б.Жаргалбаярын эзэмшлийн “Toyota Axio” загварын, 50-57 УНҮ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,

            3. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байрны 13 тоотод оршин суух иргэн Э.Янжиндуламын гэрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 630.000 төгрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой алтан бүрмэл нуухтай, ясан халбагатай хөөрөгний толгой зэргийг хулгайлан авч, нийт 1.430.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

              4. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байрны 9 тоотод оршин суух иргэн Б.Одонмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг монетон гинж, 2 хос монетон ээмэг, 1 хос алмазан шигтгээтэй монетон ээмэг, 1 ширхэг алмазан шигтгээтэй монетон бөгж, 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг “Swarovski” шигтгээтэй том бөгж, 5 өнгийн “Swarovski” шигтгээтэй цагаан алтан хос ээмэг гинж, кулон хосоороо, бэлэн 60.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 6.959.150 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

             5. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байрны 12 тоотод оршин суух иргэн Д.Дуламын гэрт хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг нийт 5 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 666.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Б.Отгонбаярын эзэмшлийн “Toyota Prius” загварын, 73-28 УНК улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн ба дээрх гэмт хэргүүдийг үйлдэж С.Б- нь бусдад нийт 180.045.630 төгрөгийн, Д.Б- нь бусдад нийт 166.795.130 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;” гэж заасны дагуу үйл баримтыг тал бүрээс нь шалгаж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох учиртай. Хохирогч Л.Дондогийг Худалдаа хөгжлийн банканд хадгаламжтай байсан эсэхийг шалгаагүй байх бөгөөд зөвхөн төрийн банкны дансны хуулгыг хэрэгт тусгасан нь үнийн дүн багатай, хохирогчийн мэдүүлэгт дурдсан хэмжээнээс илтэд зөрүүтэй байна. Мөн 43.900 ам.долларыг хэн хэнтэй хамт явж, хаанаас худалдан асан талаар хохирогч мэдүүлсэн байх тул түүний мэдүүлгийн эх сурвалжийг магадлах зорилгоор Сайханчулуун, Баттулга нараас тодруулах, их хэмжээний валют авсан байх учир валют арилжааны төвд бүртгэгдэж үлдсэн эсэхийг шалгах шаардлагатай. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Д.Отгонбаяр тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан байхад шүүх “Яллагдагч Д.Б-, С.Б- нар хохирогч Л.Дондогийн гэрээс 40.000 ам.доллар, 8.000.000 төгрөгийг бэлнээр хулгайлсан бөгөөд 20.000 ам.доллар, 4.000.000 төгрөгөөр хувааж авсан хэмээн анхнаасаа тогтвортой мэдүүлцгээж иржээ.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, худал мэдүүлэг өгсөн бол Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хохирогч Л.Дондогт хууль сануулж удаа дараа мэдүүлгийг авсан бөгөөд хохирогчийн мэдүүлэг анхнаасаа тогтвортой, 55.900 ам.доллар, 10.000.000 төгрөг алдагдсан болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордер, зээлийн гэрээ, бэлэн мөнгөний орлогын ордерууд зэрэг баримтуудаар эх сурвалж тогтоогдож байна. Шүүх хохирогч Л.Дондогийн мэдүүлгийг үгүйсгэж, яллагдагч С.Б-, Д.Б- нарын мэдүүлгийг үнэлж хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд захирамждаа хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй, үндэслэлгүй буцаасан. Шүүх хуралдаанд хохирогч Л.Дондогийг оролцуулах саналыг гаргасан бөгөөд хэрэв шүүх эргэлзээтэй гэж үзвэл, хохирогч Л.Дондог, гэрч Н.Баттулга нараас дээрх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад давхар тодруулах боломжтой гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хяналтын прокурор М.Сансарсайхан томилолтоор оролцсон байхад хяналтын прокурор Д.Ганчимэг оролцсон гэж захирамждаа дурдсан нь хууль зөрчжээ. Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаартай тогтоолоор зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан ба хохирогч Л.Дондогт учирсан хохирлын талаар огт дүгнэлт хийгээгүй болно. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч нарын гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

            Яллагдагч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

            Яллагдагч Д.Б-ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

            Яллагдагч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

            Яллагдагч С.Б-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос С.Б-ыг дангаараа 1 удаагийн үйлдлээр, мөн Д.Б-той бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас иргэн Д.Алтансүх, Л.Дондог, Д.Адарсүрэн, Э.Янжиндулам, Б.Одонмаа, Д.Дулам нарт нийт 193.296.130 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж,

Д.Б-ийг С.Б-тай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас иргэн Л.Дондог, Д.Адарсүрэн, Э.Янжиндулам, Б.Одонмаа, Д.Дулам нарт нийт 166.795.130 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, тухайлбал хохирогч Л.Дондогоос алдагдсан бэлэн мөнгөний тоо хэмжээ тодорхой бус, эх сурвалжийг бүрэн шалгаагүй ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд өмнө нь хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаартай тогтоолыг хэрэгжүүлжээ.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүнтэй холбогдсон бусад асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл С.Б-, Д.Б- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал болон хохирлын хэмжээг тогтоох боломжтой гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, С.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1487 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэх хүртэл С.Б-, Д.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3.    Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ

                             ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН