Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/01759

 

2021 оны 08 сарын 17 өдөр                            Дугаар 183/ШШ2021/01759                             Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...............  тоотод оршин суух Б овогт С.Б /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух Х овогт Ч.М /РД:00000000/-д холбогдох,

     2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, гэрч Г.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгч С.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “М” ХХК-тай 400 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр 120.000.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-тай 400 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 00-00 АА улсын дугаартай, 00000000000000000 арлын дугаартай, шар өнгөтэй, H 000000-00 маркийн экскаваторыг барьцаалсан болно. Нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрөөс хоёр сарын төлбөр болох 12.000.000 төгрөгийг төлж байсан боловч зээлийн төлбөр төлөлтөд тодорхой хэмжээний саад учирсан байна. М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г-ын нөхөр Ч.М нь барьцааны хөрөнгийг сольж өгөхийг шаардсан бөгөөд  түүний шаардлагын дагуу нэхэмжлэгч С.Б нь иргэн Г.Г-той 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, М ХХК-ийн барьцаалсан экскаваторыг 368.000.000 төгрөгөөр тооцон, Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр арилжсан байна. Иргэн Г.Г-той  арилжааны гэрээ байгуулсны дараа хариуцагч Ч.М нь тухайн 3 өрөө орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлэх, ингэснээр М ХХК -ийн зээлийг хаахыг хүчээр тулгаж дарамтлах болсон. Орон сууцыг зах зээлийн бодит үнээс  бага буюу орон сууцны зах зээлийн үнэлгээ 368.000.000 төгрөг байхад нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл үнийн дүн болох 170.925.000 төгрөгт тааруулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 170.925.000 төгрөгийг Ч.М-д  төлсөн нөхцөлд буцааж өөрийн нэр дээр шилжүүлэн авч болох тухай амаар ярьж тохирсон. Нэхэмжлэгч нь мөнгөний хэрэг болсон учир өөрийн өмчлөлийн экскаватороо М ХХК-д барьцаалсан болохоос орон сууц болгон хэлбэрийг нь өөрчлөөд Ч.М-д худалдах санаа анхнаасаа байгаагүй. Тэрээр Ч.М-ийн  шахалтаар аргагүйн эрхэнд экскаватороо 3 өрөө орон сууцаар арилжиж, барьцаагаа солих гэсэн боловч өөрийнх нь нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол М ХХК-ийн зээлийн хаахгүй, иргэн Г.Г-ийн нэр дээр экскаваторыг шилжүүлэхгүй гэсэн учир орон сууцаа буцааж авна гэсэн аман тохироогоор  хариуцагч Ч.М-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Дараа нь байраа барьцаанд тавиад мөнгийг чинь төлье гэтэл би худалдаад авчихсан гээд зөвшөөрөөгүй. Уг нь орон сууцыг буцаан худалдан авах гэсэн нөхцөлийг гэрээнд тусгах байсан юм билээ. Нэхэмжлэгчид 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр арилжиж авсан 3 өрөө орон сууцаа Ч.М-д зарах гэсэн санаа зорилго агуулаагүй, М ХХК-ийн зээлийн барьцаагаа солих зорилготой хийгдсэн учир энэхүү гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Б-г тогтоож өгнө үү гэв.

            Хариуцагч Ч.Мийн шүүхэд урьд гаргасан тайлбарыг дэмжиж  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Б нь миний үүсгэн байгуулсан М ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 120.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй авсан байдаг бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 3 сар хэтэрсэн. М ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг иргэн С.Б-гээс удаа дараалан шаардаж байсан ба С.Б-гээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус хүсэлт ирүүлж байсан. Мөн С.Б-гээс М ХХК-д ирүүлсэн хүсэлтийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байршилтай, 115 м.кв талбайтай орон сууцыг миний нэр дээр шилжүүлж, тус компаниас авсан зээлийн үлдэгдэл 170.925.000 төгрөгийг миний бие барагдуулсан болно. Ингээд С.Б-гээс ирүүлсэн хүсэлтийн дагуу авсан зээлийн барьцаанд тавьсан 00-00 УН улсын дугаартай H 000000-00 маркийн экскаваторыг иргэн О.Б-ын нэр дээр шилжүүлж өгсөн болно. Иргэн С.Б-тэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ юм. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээг байгуулахдаа хоёр тал хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцэл учраас Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр юм. Иймд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн зохих заалтын дагуу байгуулсан гэрээ учраас С.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.М-д холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор  шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч С.Б, “М” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч С.Б нь “М” ХХК-аас 120.000.000 төгрөгийг  сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 00-00  АА улсын дугаартай, 0000000000000000000 арлын дугаартай, шар өнгөтэй, H 000000-00 маркийн экскаваторыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх-5-11/

            Дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарыг үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.            

            Нэхэмжлэгч С.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан үүргээ  зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, шаардах хуудас, “М” ХХК-д гаргасан хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-8-11, 42-48/

            Нэхэмжлэгч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Г-той үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, “М” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан 00-00  АА улсын дугаартай, 00000000000000000 арлын дугаартай, шар өнгөтэй, H 000000-00 маркийн экскаваторыг 368.000.000 төгрөгийн үнэ бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж, харилцан өмчлөлдөө шилжүүлэн авчээ. /хх-13-14/

            Нэхэмжлэгч С.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул зээлийн үлдэгдэл 172.135.000 төгрөгт дээрх орон сууцыг өгч зээлийг хаах хүсэлт гаргасныг “М” ХХК хүлээн зөвшөөрч, зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. /хх-7/

            Дээрх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ..................... тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Ч.М бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-12, 76, 90/

            Уг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар  шаардсан нь үндэслэлтэй байна.

            Учир нь нэхэмжлэгч С.Б-гийн зээлдүүлэгч “М” ХХК-д гаргасан хүсэлтэд үл хөдлөх хөрөнгийг худалдах талаар заагаагүй, харин өрөндөө шилжүүлье гэсэн  агуулгатай байна. /хх-49/

            Гэтэл хэлцэл хийж байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зүйлийн бодит үнэ тодорхой бус байхад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан,  зээлийн гэрээний үлдэгдэл 170.925.000  төгрөгт түүний арилжааны гэрээгээр сольж авсан  орон сууцыг шууд тооцож авсан нь хуульд болон талуудын тохиролцоонд нийцээгүй байна.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Б зээлийн үлдэгдэл төлбөр 170.925.000 төгрөгөөр орон сууцыг худалдах гэсэн хүсэл зоригийг хүсэлтдээ шууд илэрхийлээгүй, харин орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах хүсэл зоригтой байжээ.

            Нэхэмжлэгч С.Б-гийн арилжааны гэрээний үндсэн дээр сольж авсан орон сууцыг зээлдүүлэгч “М” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний  үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалж, барьцааны гэрээ байгуулаагүй атлаа уг орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж, улмаар уг орон сууцыг зээлийн үлдэгдэл төлбөр 170.925.000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.М-ийн өмчлөлд шилжүүлэн авсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг зөрчжээ.

            Барьцааны эрх үүсээгүй тохиолдолд  маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангах, төлбөрт тооцож өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхгүй тул   “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч С.Б-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хэлцлийн талаар нэхэмжлэгч төөрөгдсөн гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар нэхэмжлэгч нь төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа мэдэгдсэн боловч түүний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй байх тул зөрчигдсөн эрхээ сэргээхээр шаардах эрхтэй.

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлдэгчийн хүсэлт, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргээс үзвэл нэхэмжлэгч С.Б өөрийн хүссэн хэлцлээс өөр хэлцэл хийж төөрөгдсөн гэх тайлбар үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримталж зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох нь зүйтэй.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул хариуцагч Ч.М нь уг хэлцлээр шилжүүлэн авсан орон сууцыг буцаан өгөх үүрэгтэй.

            Иймд нэхэмжлэгч С.Б-г эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .................... тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.082.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.082.775 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б, Ч.М нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .................. тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Б-г тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.082.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-өөс улсын тэмдэгтийн хураамжид 1.082.775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХБАЯР