Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00114

 

“Ю ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/00068 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00458 дугаар магадлалтай     

“Ю ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Г ” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 541,152,140 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Стандарт гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хохиролд 50,887,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 541,152,140 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, стандарт гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хохиролд 50,887,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/00068 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “Г” ХХК-аас 541,152,140 төгрөгийг гаргуулж “Ю” ХХК-д олгож, Байгалийн шахсан хий худалдах-худалдан авах гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, тухайн гэрээний 3.1 дэх заалтын “худалдагч тал нь байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид мэдэгдэнэ” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,863,711 төгрөг, хариуцагчийн төлсөн 552,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,863,711 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00458 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 541,152,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, “2. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар “Ю” ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 50,887,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэх заалт нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны         шүүх хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. “Г ” ХХК нь 4:45 (Г-З) чиглэлд Нийтийн тээврийн газартай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр тухайн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй 18 автобусны 11 автобус нь хийн хөдөлгүүртэй. Хийн хөдөлгүүрт автобусны түлшийг 2017.12 дугаар сараас эхлэн “Ю” ХХК-аас нэгжийн үнийг 1,650 төгрөгөөр тооцож зээлээр авч эхэлсэн. “Ю” ХХК нь автобусанд зориулагдсан хийн түлшийг импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг ганц компани бөгөөд тус компанитай 2022.08.01-ний өдөр нэг жилийн хугацаанд байгалийн шахсан хийг тасралтгүй, худалдан авагчийн хүссэн хэмжээгээр нийлүүлэхээр харилцан тохиролцож UBM-03/101 дугаар Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч гэрээ байгуулагдсанаас хойш байгалийн хийн тасалдал удаа дараа үүсгэсэн. Түүнчлэн хийн түлшний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн. “Ю” ХХК-тай гэрээ байгуулахад буюу 2022.08.01-ний өдрийн байдлаар нэгжийн үнэ 2,150 төгрөгийн үнэтэй байсан боловч нэгжийн үнэ 2022.09.01-ний өдөр 2,730 төгрөг, 2022.11.16-ны өдөр 2,950 төгрөг, 2023.01.13-ны өдөр 3,100 төгрөг болгон нэмсэн. Үнэ нэмсэн үндэслэлээ тайлбарлахдаа талуудын хооронд байгуулагдсан Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээний 3.1-д “Худалдагч тал нь Байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид албан бичгээр мэдэгдэнэ.” гэж заасны дагуу гэрээний үнийг манай байгууллага дангаар тогтоох эрхтэй гэж тайлбарладаг. “Ю” ХХК нь автобусанд зориулагдсан байгалийн шахсан хийн түлш болох CNG-ийг Монгол Улсад импортлох, жижиглэнгээр худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг бөгөөд энэ нөхцөл байдлаа өөрт давуу байдал болгон ашиглаж гэрээний үнийг дангаар тогтоох эрхийг өөрт олгосон нь худалдан авагчид хохиролтой, хуульд харшилсан. Түүнчлэн гэрээний үнийг дураараа нэмж хариуцагч талыг 541,152,140 төгрөгийг төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуцагчаас гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын газрын 2023.10.18-ны өдрийн 9/4916 тоот албан бичигт “Ю” ХХК-ийг байгалийн хий импортлох, худалдах тусгай зөвшөөрөлтэй болохыг тодорхойлсон байх бөгөөд зах зээлд давамгай аж ахуйн нэгж болохыг тодруулаагүй, нотлох баримтын хуваарилалтын энэ үүрэг хариуцагчид ногдоно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэтэл “Ю” ХХК нь Монгол Улсад автобусны зориулалттай хийн түлш импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг дангаараа эзэмшдэг талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Ашигт малтмал, газрын тосны газраас “Г” ХХК-д хүргүүлсэн 2023.10.18-ны өдрийн 9/4916 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт шахсан байгалийн хийн (CNG) зөвшөөрлийг “Ю” ХХК-д 3 жилийн хугацаатайгаар олгосон гэжээ. Энэхүү албан бичгийн агуулга нь ... “Ю ” ХХК байгалийн шахсан хийн (CNG) худалдаа эрхлэх зөвшөөрлийг олгосон талаар дурдсан байх бөгөөд зөвхөн тухайн хуулийн этгээд дангаар энэхүү тусгай зөвшөөрлийн эрхийг эдэлдэг гэж дүгнэх боломжгүй...”. Түүнчлэн “Ю” ХХК нь байгалийн шахсан хий нийлүүлэх эрхийг дангаар эзэмшдэг, давуу байдлаа ашиглан дураар үнэ тогтоосон, байгалийн шахсан хий нийлүүлээгүйгээс торгууль төлж хохирсон гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй...” гэж үзэн, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ. Хариуцагч “Г” ХХК-ийн зүгээс татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газраас холбогдох лавлагаа, “Ю ” ХХК-аас хийн түлш нийлүүлж эхэлснээс хойш байнгын хийн түлшний тасалдал үүсгэж Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс торгууль алданги төлсөн баримт болон бусад холбогдох баримтыг шүүхэд өгсөн боловч шүүх тухайн нотлох баримтуудын хүрээнд (CNG) байгалийн хийн түлш импортлох, худалдан борлуулах эрхийг “Ю” ХХК дангаараа эзэмшдэг гэж дүгнэх боломжгүй гэж шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь шүүх хуралдааны өмнөх шат болон хүсэлт хэлэлцэх шатуудад нэхэмжлэгч “Ю” ХХК нь (CNG) байгалийн шахсан хий импортлох, худалдан борлуулах эрхийг дангаар эзэмшдэг гэдгээ хүлээн зөвшөөрч байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад энэ нөхцөл байдлыг үгүйсгэж хариуцагчтай маргасныг шүүх анхаараагүй. Түүнчлэн, анхан шатны шүүх тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан, үнэ нэмсэнтэй холбогдуулж маргаж байгаагүй үйл баримт тогтоогдсон гэж дурдсан байх боловч хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас үүнтэй холбогдуулж зохих тайлбараа гаргасан, “Ю” ХХК нь байгалийн шахсан хий худалдан борлуулах эрхийг дангаараа эзэмшдэг тул хариуцагч “Г” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд тухайн заасан үнээр нь авахаас өөр аргагүй байдалд байсан бөгөөд үнэ нэмсэнтэй нь маргах боломжгүй байсан. Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.4, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “Г” болон “Ю” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.08.01-ний өдрийн UBM-03/101 дугаар Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ мөн бөгөөд, тус гэрээний 3.1-т “Худалдагч тал нь байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид мэдэгдэнэ” гэсэн хэсэг нь худалдан борлуулах эрх буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаа өөрт давуу байдал болгон ашиглаж гэрээний үнийг дангаар тогтоох эрхийг гэрээгээр өөрт олгосон нь худалдан авагч талд хохироотой, хуульд харшилсан тул стандарт нөхцөл бүхий гэрээний тухайн заалт хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хариуцагч “Г” ХХК нь “Ю” ХХК-аас хүлээж авсан байгалийн шахсан хийн тоо, хэмжээний талаар маргаагүй бөгөөд үндэслэлгүйгээр үнэ нэмж их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Манай компанийн үйл ажиллагаа байгалийн шахсан хийн тасалдалгүй, тасралтгүй нийлүүлэлттэй салшгүй холбоотой тул “Ю” ХХК-аас хийн түлшний тасалдал үүсгэхгүй байх, хязгаар тогтоохгүй байхыг хүсэж  удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч “Ю” ХХК нь тасалдал маш ихээр үүсгэж, өдөрт хийн түлш авах автобусанд хязгаар тогтоон олгох газаа багасгасан нь манай компанийн үйл ажиллагааг доголдуулж, санхүүгийн хүндрэлд оруулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас анхан болон давж заалдах шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 541,152,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.05.09-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00564 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “Ю” ХХК хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан “Байгалийн шахсан хий худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт нийт 541,152,140 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...2020 оноос байгалийн шахсан хий нийлүүлж байсан, ... 2022 оноос төлбөрийн хуримтлал үүссэн тул гэрээний дагуу тооцоо нийлсэн ба үлдэгдэл төлбөр 491,956,491 төгрөгийг алдангийн хамт гаргуулна” гэж тайлбарласан.

Хариуцагч нь “... том оврын автобусанд хэрэглэгдэх хийг дангаар оруулж ирдэг монополь байдлаа ашиглан үнэ дураараа нэмж шаардаж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, үнэ нэмээгүй хэмжээгээр хариуцах боломжтой” гэж маргаад “...гэрээг стандарт гэрээ мөн болохыг, мөн 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох, хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “ ... гэрээний энэ заалт худалдан авагчид харилцан үнэ тогтоох боломжийг олгоогүй, үнийг дангаараа тогтоох боломжийг зөвхөн өөртөө олгосон, худалдан авагчийн эрхийг хязгаарласан заалт тул хүчин төгөлдөр бус, ...нэхэмжлэгчийн зүгээс шахдаг хийг цаг хугацаандаа нийлүүлээгүй, чанарын  доголдолтойн улмаас автобус явах боломжгүй сул зогсож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр торгууль төлж хохирсон” гэсэн агуулгаар үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...үнийн өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэж байсан, ...хүлээн зөвшөөрөөд бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөр төлөөд явж байсан, ... стандарт гэрээ гэж үзэхгүй, ...ямар нэг монополь зүйл байхгүй, нөгөө талын эрх ашгийг хохироосон гэрээний зүйл заалт байхгүй” гэж маргажээ.

7.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд 2020.08.01-ний өдөр UBM-03/101 дугаартай Байгалийн шахсан хий худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хавсралтууд нь салшгүй хэсэг болохоор заасан, ... хийн нэгж үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид албан бичгээр мэдэгдэх бөгөөд талууд энэхүү гэрээний дагуу нийлүүлэх 1 м.куб ... хийн нэгж үнийг тооцоо нийлсэн актад тусгана гэж тохиролцсоныг хүчин төгөлдөр хэлцэл” гэж дүгнээд, “...Худалдагч буюу нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу байгалийн шахсан хийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч буюу хариуцагч тал тухайн хийн үнийг төлж барагдуулж байсан, улмаар төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрдөг, ... талууд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн байх тул нэхэмжлэгч нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг, гэрээнд заасан алдангийн хамт шаардах эрхтэй” гэсэн үндэслэл заасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... хэрэгт авагдсан баримтаар Шингэрүүлсэн байгалийн хийн /CNG/ жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Ю” ХХК дангаар эзэмшдэг гэж дүгнэх боломжгүй, ... үнэ өссөн, нэмэгдсэн талаар гомдол, санал, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл зоригийг хариуцагч талаас илэрхийлсэн үйл баримт тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийг ... хий нийлүүлэх эрхийг дангаар эзэмшдэг, давуу байдлаа ашиглан дураар үнэ тогтоосон, ...цаг хугацаандаа хийг нийлүүлээгүйгээс торгууль төлж хохирсон гэх тайлбараа хариуцагч тал нь баримтаар нотлоогүй, ...сөрөг  шаардлагад заасан гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, ... гэрээний 3.1 дэх заалт  нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарахгүй” гэсэн агуулгатай дүгнэсэн байна.

8.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон ба “...хариуцагч нь нэхэмжлэгчийг байгалийн шахсан хийг Монгол Улсад дангаар нийлүүлдэг, мөн гэрээний үнийг үндэслэлгүй нэмсэн гэх мэтгэлцээний байр сууриа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв, ...талуудын байгуулсан гэрээг стандарт нөхцөлийг агуулсан гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй тул гэрээг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэж үзэх бөгөөд хариуцагчаас байгалийн шахсан хийн үнэд 491,956,491.60 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт, 50,887,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт нийцсэн” гэж дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гарсныг залруулахын зэрэгцээ сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хууль хэрэглээний нэмэлт оруулжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг байгалийн шахсан хийг дангаар нийлүүлдэг, мөн гэрээний үнийг үндэслэлгүй нэмсэн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн. Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2023.10.18-ны өдрийн 9/4916 тоот албан бичигт “Ю” ХХК-ийг байгалийн хий импортлох, худалдах тусгай зөвшөөрөлтэй болохыг тодорхойлсон бөгөөд зах зээлд давамгай аж ахуйн нэгж болох талаар тодорхойлоогүй, түүнчлэн хариуцагч тал нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул  “... “Ю” ХХК нь Монгол Улсад автобусны зориулалттай хийн түлш импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг дангаараа эзэмшдэг талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх анхаарч үзээгүй” гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Харин “... манай компанийн үйл ажиллагаа байгалийн шахсан хийн тасалдалгүй, тасралтгүй нийлүүлэлттэй салшгүй холбоотой тул “Ю” ХХК-аас хийн түлшний тасалдал үүсгэхгүй байх, хязгаар тогтоохгүй байхыг хүсэж удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч “Ю” ХХК нь тасалдал маш ихээр үүсгэж, өдөрт хийн түлш авах автобусанд хязгаар тогтоон олгох газаа багасгасан нь манай компанийн үйл ажиллагааг доголдуулж, санхүүгийн хүндрэлд оруулсан. Иймд 541,152,140 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

11.Хэргийн баримтаас үзэхэд зохигч талууд 2023.01.01-2023.03.31-ний өдрийг дуустал хугацааны тооцоог нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нийлж, “Г” ХХК нь 491,956,491.60 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд энэ талаар маргаагүй. ...худалдах-худалдан авах гэрээний 3.3-т худалдан авагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг худалдагч талд төлнө, алдангийн хэмжээ нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь алдангийг үлдэгдэл төлбөр 491,956,491 төгрөгийн 10 хувиар хязгаарлаж 49,195,649 төгрөгөөр тодорхойлсныг хоёр шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

12.Нэхэмжлэгч буюу худалдагч тал болох “Ю” ХХК нь гэрээний дагуу байгалийн шахсан хийг тасалдалгүй нийлүүлэх үүргээ зарим үед зөрчиж байсан, нийлүүлэлтийн хэмжээнд хязгаарлалт хийж байсан болох нь 1-р хавтаст хэргийн 28,34,35,39,14-54 талд авагдсан талуудын харилцан илгээсэн албан бичгүүдээр тогтоогдож байхад нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги шаардсан хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасантай нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

13.Худалдагч тал байгалийн шахмал хийг тохирсон хугацаандаа, тасралтгүй нийлүүлэх үүргээ зөрчсөн байх тул гэрээгээр тохирсон анз буюу алданги авах эрхээ алдсан гэж дүгнэж, хяналтын шатны шүүхээс алданги 49,195,649 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00458 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 491,956,491 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,195,649 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугайгэж, шийдвэрийн 2 дахь заалтын ”хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,863,711 төгрөг гаргуулж” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,617,733 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Г” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1,633,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА  

                        ШҮҮГЧИД                                              Н.БАТЗОРИГ    

                                                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН