Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00140

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00837 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/00638 дугаар магадлалтай,

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

М.Б-д холбогдох

Амины орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн орлого 200,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, хувьцааны үнэ 575,569,987 төгрөг гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээд Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.Н нь М.Б-д холбогдуулан амины орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн орлого 200,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, М.Б нь амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, хувьцааны үнэ 575,569,987 төгрөг гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00837 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох Б дүүрэг ** хороо, ** хороолол ** тоот амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн 200,000,000 төгрөг, хариуцагчийн амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/00638 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22***** дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг ** хороо, ** хороолол **тоот хаягт байршилтай 272 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн орлого 200,000,000 төгрөг гаргуулах хэсгийг болон нэхэмжлэгч Б.Н-т холбогдох, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч М.Б-ийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-т холбогдох, амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч М.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 607,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байна. ...2023.02.01-ний өдөр нэхэмжлэгч солих хүсэлт гаргаж Б.Н гэх хүн нэхэмжлэгч болсон Б.Н нь 2022.08.22-ны өдөр Д.М-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл үйлдэж өгсөн байх ба үүнийг нь нэхэмжлэгч Ч.Г нь мэдсээр байж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байсан. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А нь Ч.Г-ийн нэхэмжлэлтэй, М.Б-д холбогдох иргэний хэргийг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй М.Б-ийн нэхэмжлэлтэй, Ч.Г-т холбогдох иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх захирамж гаргасан боловч нэхэмжлэгч талаас гомдол гаргаж хэргийг нэгтгэн шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байгаа болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “... тоот хаягт бүртгэлтэй амины орон сууцны зориулалттай, 272 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж ...” гэж шийдвэрлэхэд тухайн орон сууцанд хариуцагч М.Б нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа болон нэхэмжлэгч Б.Н (Ч.Г) тухайн орон сууцыг М.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үнэн зөв мэдүүлэг өгөх, хариуцагчийг хууль бусаар оршин сууж байгааг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. ... хариуцагч М.Б нь тухайн амины орон сууцанд хууль бусаар оршин суугаагүй тодорхой хэлцлийн үндсэн дээр оршин сууж байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн талаараа ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” мөн хуулийн 492 дугаар зүйлд заасан “Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” гэж заасан асуудлаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00656 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Б-д холбогдуулан Б дүүрэг ** хороо ** хороолол ** тоот, 272 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22***** дугаартай амины орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн орлого 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Би гадаад улсад амьдардаг бөгөөд амины орон сууцаа түрээслүүлэх, худалдах зорилгоор өмчлөх эрхээ хүүхдийн аав Ч.Г-ийн нэр дээр түр шилжүүлсэн байсан бөгөөд дараа нь буцааж өөрийн нэр дээр шилжүүлж авсан, уг сууцанд хариуцагч Ч.Г-ийн үеэл дүү хариуцагч М.Б нь амьдарч байгаа ба худалдах, худалдан авах талаар түүнтэй бидний хэн аль нь тохироогүй, ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй..., гэтэл хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй, ...өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй байгаа тул орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан” гэж тайлбарлажээ.

Уг нэхэмжлэлийг анх Ч.Г гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.08.02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг Б.Н-ийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023.02.02-ны өдрийн 102/ШЗ2023/02834 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, нэхэмжлэгчээр Б.Н-ийг оролцуулсан байна. Харин Ч.Г нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгчийг дэмжиж оролцжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх амины орон сууцыг нэхэмжлэгч нь 350,000,000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохирч 2016 оны 12 дугаар сард орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж маргаж, амины орон сууц болон 688 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, нэхэмжлэгч нь “С” ХХК-ийн хувьцааг бусдад худалдсан тул хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах, Ч.Г болон Б.Н нарын хооронд байгуулагдсан амины орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан амины орон сууцыг албадан чөлөөлөхийг хариуцагч М.Б-д даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  хариуцагч М.Б хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Б.Н нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх нь үүсэж, өмнөх өмчлөгч Ч.Г-ийн өмчлөх эрх дуусгавар болсон, Б.Н болон М.Б нарын хооронд орон сууцыг 350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч хэлцэл хийгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гуравдагч этгээд Ч.Г амины орон сууцны өмчлөгч байхдаа хариуцагчтай садан төрлийн холбоотой, хамтран ажиллаж байсан мөн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан төлбөр авахгүйгээр түр хугацаанд байрандаа амьдруулсан гэх тайлбараар тухайн байрыг үнэ төлбөргүй ашиглах, эзэмших эрхийг хариуцагчид олгосон тул нэхэмжлэгч нь орон сууцны хөлс шаардах эрхгүй, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй байх тул амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин “....амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тусдаа иргэний хэрэг үүсгэгдэн хянагдаж байгаа, уг шаардлага нь нэхэмжлэгч Б.Н-т бус Ч.Г-т холбогдож байх тул эдгээр шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өөр өөр дүгнэлт хийж хууль хэрэглэсэн нь хэргийг хяналтын шатын шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болсон байх ба энэ агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг сольсноор өмнөх нэхэмжлэгч Ч.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Б.Н тодруулж, “...орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх, түрээсийн орлого 200,000,000 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд дүгнэлт өгнө. (1хх 1-2, 2хх 205, 3хх 191, 240)

10.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Өмчлөлийн зүйлээ бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох буюу хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус эсэх асуудал тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтад хамаарах эсэхийг тодорхойлох урьдчилсан нөхцөл болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, зохигчийн тайлбараар маргаан бүхий Б дүүрэг ** хороо ** хороолол ** тоот, 272 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү-22*****, гэрчилгээний 00** дугаартай амины орон сууцны  өмчлөгч Б.Н болох нь тогтоогджээ.

Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль ёсоор эзэмшиг байгаа болохоо баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч хариу төлбөр төлөх харилцан үүрэг үүсдэг бөгөөд Б.Н болон М.Б нарын хооронд төдийгүй Ч.Г, М.Б нарын хооронд ийм хүсэл зориг илэрхийлэгдэж, харилцан тохиролцсон, орон сууцны үнийг 350,000,000 төгрөгөөр тохирсон гэх үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй байх ба зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэж, орон сууцнаас чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцсэн.

11.Хариуцагч М.Б нь “...маргаж буй амины орон сууц, 688 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, нэхэмжлэгч нь “С” ХХК-ийн хувьцааг бусдад худалдсан тул хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах, Ч.Г болон Б.Н нарын хооронд байгуулагдсан амины орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр хариуцагч нь хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. (1хх 53-54, 2хх 242, 3хх 43, 220-221)

Б.Н, Ч.Г нарын хооронд 2022.08.02-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

Сөрөг нэхэмжлэлийн “....амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай” шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдоогүй, хамтатган шийдвэрлэх нь зохистой бус, учир нь энэ хэргийн нэхэмжлэгч нь Б.Н бөгөөд сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлага нь өөр этгээд буюу Ч.Г-т холбогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчөөгүй, “хэргийг нэгтгэн шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/00638 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.01-ний өдөр төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД