Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/02718

 

2021 09 16 101/ШШ2021/02718

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.М ХХК

 

Хариуцагч: Э.М холбогдох

 

4,678,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх хоёр үүсгэн байгуулагчтай байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Л.Оюунбилэгээс 10,000,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн ба тухайн үед хариуцагч Э.Мөнхцэцэгийг компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллуулсан.

Гэвч хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сард өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаа өгч, компанийн хувь эзэмшигчээс татгалзаж, бүх хувьцаагаа нэхэмжлэгчийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн боловч өөрийн ажил үүргийг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, хуулийн этгээдийн татвар болон нийгмийн даатгалын код, вэб сайт, пэйж хуудас, мэйл хаяг, тухайн үед ашиглаж байсан эд хөрөнгө зэргийг хүлээлгэн өгөөгүйгээс компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэлх хугацаанд зогсонги байдалд орж, ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдал үүсгэн бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна.

Тухайн үед компанийн үндсэн хөрөнгийг Голомт банк ХХК-ийн дансанд байршуулсан байснаас хариуцагч Э.Мөнхцэцэг нь чекээр данснаас гүйлгээ хийж тодорхой эд хөрөнгүүдийг худалдан авсан гэж тайлбарладаг боловч 8 төрлийн эд хөрөнгийг л компанид үлдээсэн. Үүнээс хариуцагчийн хэлсэн үнийн дүнгээр худалдан авсан эд хөрөнгийг тооцоход 5,500,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байдаг.

Бид, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхэд 10,000,000 төгрөгөөс 8,655,000 төгрөгөөр хариуцагчийн хэлсэн зарим зүйл нотлогдохгүй байгаа хэдий ч зөвшөөрсөн боловч хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эд зүйлүүдийг худалдан авахдаа 2,878,180 төгрөгийг юунд зарцуулсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зарим нэг тайлбарыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,621,820 төгрөгөөс татгалзаж байна.

Харин түрээсийн төлбөрт төлсөн гэх 1,400,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаагаа дэмжиж байна. Учир нь, бид хоёр энэ талаар зээлийн гэрээ байгуулсан боловч тус дүүргийн шүүхээс надад 40,000 төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Гэвч хариуцагч нь компанийн үйл ажиллагаа явуулах оффис түрээслэхдээ өөрөө амьдран суухаар 2 өрөө байр түрээслээд нэг өрөөнд нь амьдарсан тул үүнийг компанид зориулсан гэж хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие энэ үед гадаадад байсан тул энэ талаар Монгол Улсад ирээд мэдсэн.

Ийм учраас 1,400,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зүй зохистой зарцуулсан гэж үзэхгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагч нь цахим орчинд хөгжүүлсэн өөрийн вэб сайт, пэйж хуудсаар хөрөнгө оруулалт хийж компанийн өмч болгосон байдаг. Гэвч хариуцагч нь өөрийн ажлыг хүлээлгэн өгөлгүй хаяж явснаас манай компанийн Резорт Монголиа.мн, Резорт Монголиа.сом сайтын домайн хаягийн хандах эрхийн хугацаа дуусч хаагдсан байсан. Үүнээс улбаалан компанийн веб сайтын үйл ажиллагааг дахин явуулах зорилгоор 19001700.сом, 19001700.мн гэсэн нэрийг өөрчлөн нийт 1,800,000 төгрөгийн зардлаар шинээр веб хуудас хийлгэсэн.

Иймд, хариуцагч Э.Мөнхцэцэгээс баримтгүй зарцуулсан зардал 2,878,180 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс компанид учруулсан хохиролд 1,800,000 төгрөг, нийт 4,678,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Мөнхцэцэг домайн эрхийн мөнгийг төлөхгүй байсан учраас хаагдсан байсан гэж хэлсэн. Та сайт руу нэвтрэх нэр, нууц үгээ өгөөгүй зугтаж явснаас болж сайт хаагдсан байгаа. Э.Мөнхцэцэг веб сайт, домайн нэр эзэмшдэг тул Л.Оюунбилэг хамтарч ажиллахаар гэрээ хийсэн. Компанид хөрөнгө оруулсан 10,000,000 төгрөг болон домайн эрх бүгд компанийн өмч болсон. Та гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа домайн эрхийн мөнгийг төлж байгаагүй. Мөн веб сайт болон домайн нэрийг хүлээлгэж өгөөгүй учраас веб сайт хаагдчихсан, өөр хүнд зарчихсан байсан. Та хариуцлагагүй хандсан учраас 1,800,000 төгрөгийг гаргуулъя гэж байгаа. Та нэвтрэх эрхийг өгчихсөн байсан бол бид 2,000,000 төгрөгөөр шинээр веб сайт хийлгэхгүй байх байсан. Хариуцагч компаниас 7,767,000 төгрөг гарсан гэж хэлсэн. Өөрийнх нь хэлснээр компанийн дансанд 1,320,000 төгрөг үлдсэн гэж хэлж байгаа ч 1,000,000 гаруй төгрөг хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч Э.Мөнхцэцэгээс 4,680,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Оюунбилэгтэй 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум дээр танилцсан. Л.Оюунбилэг нь өөрийгөө Төв аймгийн аялал жуулчлалын холбооны дарга гэж танилцуулсан бөгөөд тухайн үед би ResortsMongolia.mn, Resortsmongolia.com нэртэй монголын аялал жуулчлал амралт сувиллын нэгдсэн мэдээллийн лавлах веб сайтыг 2013 оноос үүсгэж ажиллуулдаг байсан юм. Ингээд Л.Оюунбилэг надад хамтарч ажиллах санал тавьж, бид хоёр 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Резортс Магнолиа ХХК нэртэй компани байгуулсан юм.

Энэ үед Л.Оюунбилэг нь 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьсан хэдий ч 10,000,000 төгрөг болж өөрчлөгдсөн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг Голомт банк ХХК дахь 1405119395 тоот дансанд шилжүүлсэн. Би, компанийн дансыг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй ч 1,000,000 төгрөгөөс доош мөнгө авах боломжтой байсан. Ингээд би, 5,000,000 төгрөгийг данснаасаа авч Л.Оюунбилэг бид хоёр хамт явж байгаад 2012 оны 27 инч, i7, imac компьютер 1 ширхгийг 1,800,000 төгрөгөөр, 21.2 инч, i5 imac компьютерыг 2,500,000 төгрөгөөр, бусад хэрэглэгдэх залгуур, зай гэх мэт зүйлсийг худалдаж авсан. Намайг, ямар нэгэн зүйл худалдаж авах санал тавихад Л.Оюунбилэг Үнэгүй.мн сайт руу орж хямдралтай зүйл худалдаж авч байх санал гаргасны дагуу хуучин эд зүйлсийг худалдаж авсан.

Шинээр худалдаж авсан зүйлс нь суурин утас болон оператор чихэвчийг баруун 4 замд байрлах itzone гэх компьютерын дэлгүүрээс худалдан авсан. Би, Л.Оюунбилэгтэй ярилцаж оффис түрээслэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд оффис байр маш үнэтэй байна хэмнэлт хийх хэрэгтэй тийм болохоор байр түрээслэх нь илүү ашигтай гэсэн тул Баянзүрх дүүрэгт байрлах Баянмонгол хороолол, 407 дугаар байр, 20 тоот хаягт 2 өрөө байрыг 1 сарын 550,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай, 1 сарын барьцааны мөнгөний хамт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр түрээсэлж эхэлсэн ба урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлж, үлдэх төлбөрийг мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг төлж, нийт 2,200,000 төгрөгийг байрны эзэн болох Б.Шинэцэцэгийн Хаан банк ХХК дахь дансанд шилжүүлсэн.

Мөн миний бие ганцаараа энэ компанийг ажиллуулах боломжгүй байсан тул хүний нөөцийн асуудал маш чухал байна гэж учирлан хэлэхэд Л.Оюунбилэг нь Н.Ууганцэцэг гэж хүнийг надад санал болгон хамт ажиллуулсан. Гэвч тун удалгүй надад Н.Ууганцэцэг нь ажиллах хүсэлгүй байгаагаа хэлж ажлаас гарсан бөгөөд хүний нөөцийн асуудлаас болж компани ажиллах боломжгүй болсон. Би, өөрөө цалингүй 5 cap гаруй ажилласан ба сүүлдээ цалин мөнгөгүй хэцүү байна, хоол унд унааны мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд Л.Оюунбилэг надад цалин өгөөгүй учир цаашид ажиллахгүй гэдгээ хэлсэн. Би, хувьдаа мөнгө ашигласан зүйл байхгүй, өдий болтол хичээнгүйлэн ажиллаж маш их зүйл хийсэн.

Иймээс, байрны эзэнтэй ярилцаж үнэн байдлыг хэлж гэрээгээ цуцлах талаар гуйсан юм. Гэтэл надад байрны эзэн дараагийн түрээслэгчийн олсны дараа үлдэгдэл мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн ба 7 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл мөнгө авна гэж хэлсэн. Үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөгийг буцаан төлөхөд нь би Л.Оюунбилэгт өгсөн. Үүнээс гадна би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байрны мөнгө гэж 42,000 төгрөгийг байрны эзэнд шилжүүлж, үлдсэн 2,158,000 төгрөгийг байрны мөнгө гэж авсан.

2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Л.Оюунбилэгийн өөрийн оффисоо Сүхбаатар дүүрэг, 8 хороонд байрлах Астра Буйлдинг 1-102 тоотод нүүж очсон боловч намайг байрны түрээсийг буцааж төл гэж хэлсэн. Гэтэл тухайн компанийг би ганцаараа ажиллуулж, ямар их хичээж байгаа гэдгийг ойлголгүй над руу удаа дараа хашхирч мөнгө төл гэж дарамталж байсан тул аргагүй байдлын улмаас зээлийн гэрээ байгуулсан.

Тус 5,500,000 төгрөгийг зарцуулсан баримтыг 2019 онд Л.Оюунбилэгт нэг бүрчлэн шалгаж хүлээлгэж өгсөн. Компани байгуулсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, намайг компанийн захирал гэх албан тушаалд томилсон ч ямар ч эрх мэдэлгүй байсан. Миний чекээр гүйлгээ хийх мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 1,000,000 төгрөг байсан бол сүүлд Л.Оюунбилэг чекээр мөнгө авах эрхийг 500,000 төгрөг болгож, давхар өөрийнхөө гарын үсэг зурж зөвшөөрөл өгснөөр гүйлгээ хийх эрх нээгддэг болсон. Дансанд үлдсэн 1,000,000 төгрөгийг мөн Л.Оюунбилэг авсан ба би өөр компанид домайн нэрний мөнгө гэж 113,000 төгрөгийг өгсөн. Хамтран ажиллах гэрээнд заасан веб сайт, твиттер хуудсыг компанид хүлээлгэн өгсөн.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Резортс магнолиа ХХК нь хариуцагч Э.Мөнхцэцэгт холбогдуулан 4,678,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Э.Мөнхцэцэг компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэлгүй учруулсан хохирол хэмээн 5,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 1,800,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 7,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,678,180 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оруулсан мөнгийг буцаан шаардаагүй буюу Резортс магнолиа ХХК-д учирсан хохирлыг тухайн үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан Э.Мөнхцэцэгээс гаргуулахаар шаардсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас үзэхэд, Л.Оюунбилэг, Э.Мөнхцэцэг нар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хамтран компани байгуулахаар тохиролцож Резортс магнолиа ХХК-ийг үүсгэн байгуулж, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр уг компанийн 50:50 хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж, мөн 30 дугаар зүйлийн 30.1-д Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй гэж тус тус зааснаар Л.Оюунбилэг, Э.Мөнхцэцэг нар нэг бүрийн үнийг 200 төгрөгөөр нэрлэсэн 100 ширхэг хувьцаатай буюу 20,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй компанийн тус бүр нь 50 ширхэг хувьцааны эзэмшигч нар ажээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ мөн, 33 дугаар зүйлийн 33.1-д Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна гэж тус тус заасан.

Резортс магнолиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар хариуцагч Э.Мөнхцэцэгийг сонгосон байх бөгөөд хариуцагч Э.Мөнхцэцэг нь тус компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаар тухайн компанийг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх эрхтэй, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан бүрэн эрхтэй байжээ.

Л.Оюунбилэг болон Э.Мөнхцэцэг нар 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Л.Оюунбилэг нь 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанид оруулж, түүгээр 3 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, 2 ширхэг шкаф, 2 ширхэг ширээ, 6 ширхэг оффис сандал, 1 ширхэг том залгуур, 4 ширхэг жижиг залгуур, 1 ширхэг хөлтэй самбар худалдан авах бол, харин Э.Мөнхцэцэг нь resortsmongolia.mn, resortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудас зэрэг нийгмийн цахим сүлжээг тус компанид шилжүүлэхээр болжээ.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Л.Оюунбилэг 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бол хариуцагч Э.Мөнхцэцэгийн хүлээлгэн өгсөн гэх цахим хаягийн домайн нэрний хугацаа дууссан байсан тул ашиглах боломжгүй байснаас шинээр бусад этгээдээр веб хуудас хийлгэсэн гэж маргасан.

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Резортс магнолиа ХХК-ийг 20,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан боловч уг компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь мөнгөн хөрөнгөөр 10,000,000 төгрөг, биет бусаар resortsmongolia.mnresortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудсыг тус тус мөн гэж үзэх хэдий ч зохигчид биет бус хөрөнгийг тухайлан үнэлээгүй байна.

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Л.Оюунбилэг, Э.Мөнхцэцэг нар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн оны 04 дүгээр сарын 23-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Э.Мөнхцэцэг нь өөрийн эзэмшлийн 50 ширхэг хувьцааг Л.Оюубилэгт худалдаж, улмаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Оюунбилэгийг 2020 оны 4 дүгээр 27-ны өдөр бүртгэжээ.

Энэ тохиолдолд Л.Оюунбилэг нь гүйцэтгэх захирал болохын хувьд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, мөн компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд 86 дугаар зүйлийн 86.1-д Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус зааснаар тухайн нэхэмжлэлийг гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Э.Мөнхцэцэгийг Резортс магнолиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцаа эзэмшигч надтай тохирч 10,000,000 төгрөгөөс 8,655,000 төгрөгөөр хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эд зүйлүүдийг худалдан авахдаа 2,878,180 төгрөгийг чухам юунд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байгаа тул үүнийг компанид веб сайт шинээр хийлгэхэд төлсөн 1,800,000 төгрөгийн зардлын хамт нийт 4,678,180 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хариуцагч Э.Мөнхцэцэгийн Резортс магнолиа ХХК-д худалдан авсан эд хөрөнгөд хийсэн үзлэгээр тогтоосон нийт 5,776,820 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийн талаар зохигчид маргаагүй буюу уг хөрөнгийн үнэ цэнийг зохигчид хүлээн зөвшөөрчээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь компанийн үйл ажиллагаанд 8,655,000 төгрөгийн худалдан авалт хийснээс 5,776,820 төгрөгийн эд хөрөнгө тодорхой буюу 2,878,180 төгрөгийн зарцуулалт тодорхойгүй хэмээн нэхэмжлэгч шаардаж байна.

Зарцуулалт тодорхойгүй гэх 2,878,180 төгрөгийн дүнд нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн зардал буюу 1,400,000 төгрөг багтаж байгаа бөгөөд уг шаардлагын тухайд, Э.Мөнхцэцэг нь компанийн үйл ажиллагааг явуулахдаа, хувьцаа эзэмшигч Л.Оюунбилэгийн өмнө тухайлан үүрэг хүлээж, түрээслэх байрны байршил, талбайн хэмжээ, өнгө үзэмж гэх зэргийн талаар тогтсон зүйлгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюунбилэг нь түрээслэгдсэн гэх орон сууцны зориулалттай байрны талаар тухайлан дурьдсан боловч хариуцагч Э.Мөнхцэцэг тухайн байрыг хувьдаа ашигласан гэх үндэслэлээ нотлоогүй тул компанийн үйл ажиллагаанд зарцуулсан түрээсийн зардлыг компанид учруулсан хохирол гэж дүгнэхгүй боломжгүй юм.

Дээрх 2,878,180 төгрөгөөс түрээсийн гэх зардалд 1,400,000 төгрөг зарцуулсан үйл баримт тогтоогдсон, 113,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр домайн нэрний мөнгө хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюунбилэгт өгсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт /хх-37/ болон шүүх хуралдааны үед Л.Оюунбилэгийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдов.

Хэрэгт авагдсан, ...Э.Мөнхцэцэгээс 40,000 төгрөгийг гаргуулж Л.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,360,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02523 дугаар шийдвэрийн тухайд, хуулийн этгээд болон иргэний хооронд бус иргэд хоорондын харилцааг шийдвэрлэсэн байх тул дээрх 40,000 төгрөгийг шийдвэрлэсэн эсэх нь Резортс магнолиа ХХК болон хариуцагч Э.Мөнхцэцэг нарын маргаанд хамааралтай гэж дүгнэх боломжгүй гэж үзэв.

Хариуцагч Э.Мөнхцэцэг нь тус компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг гэж, мөн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо хэлнэ, 3.1.4-т журнал гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг хэлнэ гэж тус тус зааснаар, орлого зарлагын бүртгэлийн анхан шатны баримт үйлдэж бүртгэх үүрэгтэй байжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж, мөн 13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна тус тус заасан бөгөөд хариуцагч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангасан баримтаар татгалзлаа нотлоогүй тул зарцуулалт тодорхойгүй зардлыг компанийн өмнө хариуцна.

Иймд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,365,180 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу компанийн вэб хуудас руу нэвтрэх эрхээ хүлээлгэж өгөөгүй, эрх сунгуулаагүйгээс дахин вэб хуудас хийлгэж 1,800,000 төгрөгийн хохирол компанид учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюунбилэг нь 113,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр домайн нэрний мөнгө хэмээн Э.Мөнхцэцэгээс хүлээн авснаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, вэб хуудсыг дахин хийлгэсэн, эрх бүхий этгээдээс домайн эрх дахин авсан эсэхээ баримтаар нотлоогүй.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт болох Грийнсофт ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт дурдсанаар resortsmongolia.mn веб хуудасны домайн нэрийг ашиглах хугацаа 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дууссан буюу Резортс магнолиа ХХК-ийг үүсгэн байгуулахаас өмнө энэхүү домайн нэрийг ашиглах хугацаа дууссан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгч компанид resortsmongolia.mnresortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудсыг ашиглах эрхийг шилжүүлсэн байхад Л.Оюунбилэг, Э.Мөнхцэцэг нар тус компанийг үүсгэн байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш домайн нэрийг ашиглах хугацааг сунгуулаагүйд дан ганц Э.Мөнхцэцэгийг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Резортс магнолиа ХХК-ийн нэхэмжлэлд resortsmongolia.mnresortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудсыг ашиглах боломжгүй болсон байсан, үүнээс зайлшгүй шалтгаалан 19001700.com, 19001700.mn гэсэн веб хуудсыг бусдаар хийлгэх шаардлага үүссэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1-д тус тус заасныг үндэслэн

ТОГТООХ нь

1.               Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасныг баримтлан, хариуцагч Э.Мээс 1,365,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч РМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,313,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36,792.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА