Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00107

 

М.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04581 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00411 дүгээр магадлалтай,

 

М.М-ын нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М

Хариуцагчийн өмгөөлөгч О

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.М хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04581 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай (2021 оны) хулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож “С” эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,697,674 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулан М.М-д олгож, нэхэмжлэгч М.М-ын болон хариуцагчийн төлбөл зохих 2023.01.09-ний өдрөөс 2023.10.23-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч “С” ХХК-аас 218,112 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00411 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.23-ны өдрийн 101/ШШ2023/04581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн төлөөлөгч С-ийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 210/МА2024/00411 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх “.. хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, ажилтантай тохиролцсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, мөн ажилтны ажлын цаг ашиглалт муу, мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч М.М-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож “С” ХХК-ийн эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт, үйл баримтын талаар хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Мөн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж болох маргаанд хамаарч байна" гэж хууль буруу тайлбарлах замаар дүгнэлт хийсэн байна.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хөдөлмөрийн эрхийн  маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж. байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд тус тус хандах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эхлээд компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор маргааныг шийдвэрлэж чадаагүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор маргааныг шийдвэрлэж чадаагүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхээр хуульд заасан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах үндсэн зарчим бол талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэхийн тулд талууд бүхий л хүчин чармайлт гаргах бөгөөд талуудыг эвлэрэн хэлэлцэх, зөвшилцлийн аргаар шийдвэрлэх нь ач холбогдолтой. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 210/МА2024/00411 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч С-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.09-ний өдрийн 001/ШХТ2024/00534 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн төлөөлөгч С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж дүгнэв.

 

7. Нэхэмжлэгч М.М хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... “С” эмнэлгийн мэдрэлийн эмчийн албан тушаалд 2023.01.09-ний өдрөөс ажиллаж байсан ба тус эмнэлгийн захирал “... 2023.02.13-ны өдөр туршилтын хугацааг дуусгавар болгох” талаар мэдэгдсэн. Ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаагүй, ажлаа сэтгэлээсээ гүйцэтгэж байсан. Харин ажил олгогчийн хууль бус эмчилгээ хийх, илүү цагаар ажиллуулах шаардлагыг зөвшөөрөөгүйгээс ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарласан,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... М.М нь ажлын цаг баримталдаггүй, үйлчлүүлэгч болон бусад албан хаагчидтай зан харилцааны хувьд таарамжгүй... тэрээр сарын 3,000,000 төгрөгийн цалин авахыг хүссэн, манай байгууллага үндсэн цалин 1,500,000 төгрөг дээр гүйцэтгэлийн нэмэгдэл цалин олгох боломжтой байсан боловч гүйцэтгэл нь маш бага байсан. Эдгээр байдлыг харгалзан туршилтын хугацааг дуусгавар болгосон.” гэж маргасан.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М.М-ыг “С” эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,697,674 төгрөгийг хариуцагчаас гаргуулан М.М-д олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ: “...хариуцагч “С” ХХК нь ажилтан М.М-тэй 1 сарын хугацаагаар туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг 1 сар хэмээн заагаагүй, энэ байдал тогтоогдсонгүй. Мөн ажилтан М.М-ын ажлын цаг ашиглалт муу, мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй гэж хариуцагч тал тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, ажилтантай тохиролцсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзжээ.

 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ адил дүгнэлт хийсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтын агуулгыг зөрүүтэй хэрэглэсэн эсэх гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан  үндэслэлээр хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцүүлэв.

 

10. Зохигчийн хооронд 2023.01.09-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч “С” ХХК нь ажилтан М.М-ыг мэдрэлийн эмчийн албан тушаалд туршилтаар ажиллуулахаар тохиролцож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2023.01.09-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар дээрх албан тушаалд томилсон, ажил олгогч туршилтын хугацааг дуусгавар болгох талаар цахим хэлбэрээр 2023.02.13-нд мэдэгдсэн, нэхэмжлэгч 2023.03.13-нд Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талд хороонд гомдол гаргасан, тус хороо хариуцагч тал оролцоогүй тул шүүхэд шилжүүлэхээр тэмдэглэл үйлдсэнээр маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон, ажил олгогчийн 2023.02.10-ны өдрийн А/12 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ажил олгогч 2023.01.09-ний өдрөөс 2023.02.13-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг олгосон үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогджээ.

 

11. Талууд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан болон ажил олгогч ажилласан хугацааны цалин хөлсийг ажилтанд олгосон эсэх талаар маргаагүй, харин туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж уг гэрээнд туршилтын хугацааг тохиролцсон эсэх, улмаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ. 

 

12. Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.” гэж, мөн хуулийн 64.2 дахь хэсэгт “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.” гэж тус тус заасан.

 

13. Хөдөлмөрийн гэрээг хугацааны байдлаар нь хугацаатай ба хугацаагүй гэсэн төрөлд авч үздэг бөгөөд туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай гэрээний төрөлд хамаардаг.

 

13.1. Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилготой учраас Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлээр хугацааг нь хуулиар шууд зохицуулсан болохыг анхан шатны шүүх анхаараагүй, давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаж, анхан шатны шүүхийн алдааг залруулах үүргээ биелүүлээгүй байна. 

Хариуцагч нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан байхад анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт, үйл баримтын талаар гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

13.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэгчтэй 1 сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулахаар тохиролцсон гэх тайлбараа хариуцагч нотлоогүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах гол нөхцөл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт маргааны үйл баримтад нийцсэнгүй.

 

13.3 Түүнчлэн, гэрээг сунгах, сунгагдсанд тооцох эсэх асуудал нь зохигчийн хүсэл, зоригоос хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 3.1-д тус тус зааснаар хэрэгжихээр байхад шүүхийн шийдвэрээр гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болжээ.

 

14. Талууд “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” гэж тухайлан нэрлээгүй боловч хөдөлмөрийн гэрээнийн 3.1-д “Энэхүү гэрээний туршилтын хугацаа нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш /...../ сар байна. Хэрэв туршилтын хугацаа дуусахаас өмнө талууд гэрээг цуцлах санал тавиагүй бол, эсхүл ажил олгогч тухайн ажилтныг туршилтын хугацаанд хангалттай ажилласан хэмээн үзэж гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавиагүй бол нэг жилийн хугацаагаар цааш үргэлжлэх болно” гэж заасантай нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан, туршилтын журмаар ажиллах нөхцөлийг талууд харилцан ойлголцсон гэж үзэх үндэслэлтэй, ажил олгогч туршилтын хугацааг дуусгавар болгох талаар цахим хэлбэрээр 2023.02.13-нд мэдэгдсэн, гэрч С.А “...манайх 1-3 сарын хугацаатай туршилтын хугацаанд ажиллуулдаг...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд зохигчийн хооронд туршилтаар ажиллуулах гэрээ байгуулагдсан  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчийн хооронд туршилтаар ажиллуулах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тохиолдолд тухайн гэрээг нэг талын буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалж буй явдал хуульд нийцсэн эсэхийг шүүхээс дүгнэхээс гадна ийнхүү цуцалснаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэх учиртай.

 

15. Ажил олгогч “С” ХХК нь ажилтан М.М-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч М.М-д 2023.02.13-ны өдөр туршилтаар ажиллуулах гэрээг дуусгавар болгох талаар цахим (facebook messenger)-аар мэдэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй байна.

 

16. Харин ажил олгогч “С” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байхаар зохицуулсан байхад уг гурван сарын хугацаа дуусахаас өмнө ажилтан М.М-тэй байгуулсан туршилтаар ажиллуулах гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэгт заасныг баримталж цуцалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.  

Ажил олгогч нь хууль болон гэрээнд заасан хугацаа дууссанаар ажилтантай байгуулсан туршилтаар ажиллуулах гэрээг цуцлах эрхтэй боловч уг хугацаанаас өмнө гэрээг цуцлах болсон үндэслэлээ нотлоогүй, ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт бичгээр гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тул туршилтаар ажиллуулах гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

17. Иймд хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч М.М-ыг 1 сарын туршилтын хугацаагаар ажилуулсан гэж 2023.02.13-ны өдөр гэрээг цуцалсан тул 2023.02.13-ны өдрөөс хойш 2023.04.13-ны өдрийг хүртэл 41 хоногийн цалин хөлс 2,860,447 (41*69767) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

18. Нэхэмжлэгч М.М нь хуульд заасан хугацаанд Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талд хороонд гомдол гаргасан, тус хороо хариуцагч тал оролцоогүй тул шүүхэд шилжүүлэхээр тэмдэглэл үйлдсэнээр маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хоёр шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна. Мөн хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаг талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, хариуцагч анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцэж байгаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй болно.

 

19. Хугацаатай байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа хуульд заасан гурван сарын хугацаа болсноор дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговорт 9,837,227 төгрөг гаргуулах, 2023.04.13-ны өдрөөс хойш нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т нийцэх юм. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00411 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04581 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас 2,860,447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 9,837,227 төгрөг гаргуулах, 2023.04.13-ны өдрөөс хойш нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “218,122” гэснийг “60,717” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК нь 2024.04.15-ны өдөр 288,313 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ЗОЛЗАЯА

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

 

                                  ШҮҮГЧИД                                 Н.БАТЗОРИГ

                       

                     Н.БАТЧИМЭГ

 

        Д.ЦОЛМОН