Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00106

 

“И” ХХК  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03785 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00544 дүгээр магадлалтай,

“И” ХХК  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,074,283 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, барьцааны зүйлийн үнэ 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, түүний өмгөөлөгч Л.О

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК  ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,368,801 төгрөг, алданги 2,705,482 төгрөг, нийт 9,074,283 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-д холбогдуулан барьцааны зүйл болох автомашиныг худалдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 15,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03785 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Т-гээс 8,107,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 967,023 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Т-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00544 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03785 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Т-гээс 9,074,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 3, 4 гэснийг 2, 3 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн  172.2.1-д заасан үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж шаалдах шатны шүүхийн 2024.03.18-ны өдрийн 210/МА2024/00544 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. “И” ХХК  ХХК нь Б.Т-тэй 2019.08.05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж түүнд 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-ний дагуу Toyota prius 20 (Тоёота приус) маркийн автомашиныг “И” ХХК  ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Мөн Б.Т-ний хүсэлтээр 2019.08.19-ний өдөр автомашиныг Г.Б-д шилжүүлсэн. Б.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 9,074,283 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас анхан шатны шүүх 8,107,260 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж шаалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “И” ХХК  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд байх боловч талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх эрх бүхий этгээд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг шилжүүлж авахыг хуулиар хориглоогүй тул буруутгахгүй гэж хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.4 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй. Харин Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлдөө шилжүүлэн авах эрхгүй.

“И” ХХК  ХХК нь Б.Т-тэй Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-г байгуулсан. “И” ХХК  ХХК нь уг фидуцийн гэрээг байгуулах эрхгүй этгээд төдийгүй, фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашиныг Б.Т-ний хүсэлтээр Г.Б-д  шилжүүлсэн. Б.Т нь хугацаа хэтрүүлж 2019.09.30-ны өдөр 300,000 төгрөг, 2020.04.20-ны өдөр 1,494,000 төгрөг төлсөн.

Гэтэл давж заалдах шатны шүүх “И” ХХК  ХХК автомашиныг захиран зарцуулсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ дуусгавар болсон буюу зээлийн гэрээний үүрэгт автомашиныг тооцон авснаар үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлбөр төлсөн үйл баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж шаалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.09-ний өдрийн 001/ШХТ2024/00538 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянаад шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

8. Нэхэмжлэгч “И” ХХК  ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,368,801 төгрөг, алданги 2,705,482 төгрөг, нийт 9,074,283 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “...Б.Т-тэй 2019.08.05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн боловч тэрээр хугацаа хэтрүүлж 2019.09.30-ны өдөр 300,000 төгрөг төлснөөс 15 хоногийн алданги 46,750 төгрөг, зээлийн хүүд 253,250 төгрөг суутгасан. Мөн 2020.04.20-ны өдөр 1,494,000 төгрөг төлснөөс 183 хоногийн алданги 3,534,950 төгрөг болсон уг төлбөрийг алдангид тооцсон... Б.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 9,074,283 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ” гэж тайлбарласан бол,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Г.Б-гийн хүсэлтээр “И” ХХК  ХХК-аас зээл авч түүнд тусалсан. Гэвч тэрээр зээлийн төлбөрийг төлөх амлалтаа биелүүлээгүй.” гэж маргасан,

Хариуцагч Б.Т нэхэмжлэгч “И” ХХК  ХХК-д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... “И” ХХК  ХХК-тай 2019.08.05-ны өдөр Барьцаат зээлийн болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж Toyota prius 20 (Тоёота приус) маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. “И” ХХК  ХХК нь барьцааны зүйл болох автомашиныг Б.Т-ний зөвшөөрөлгүй бусдад худалдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн.” гэж тайлбарласан бол,

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Б.Т-ний хүсэлтээр  Toyota prius 20 (Тоёота приус) маркийн автомашиныг бусдад худалдсан. Б.Т зээлийн төлбөрийг 2 удаа төлсөн нь түүний зөвшөөрлөөр автомашиныг худалдсаныг нотолно.” гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэгч хуульд зааснаар зээл, зээлийн хүүг, алдангийн хамт шаардах эрхтэй боловч хариуцагчийн төлсөн 1,794,000 төгрөгийг зээлдүүлэгч хүү, алдангийн төлбөрт тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй. ... 2019.09.03-ны өдөр төлсөн 300,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, зээл 4,700,000 төгрөг, энэ хугацаанд бодогдсон зээлийн хүү 400,000 төгрөг, 2020.04.20-ны өдөр төлсөн 1,494,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,206,000 төгрөг, бодогдсон зээлийн хүү 1,798,840 төгрөг, нийт 5,404,840 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 2,702,420 төгрөг нийт 8,107,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.... Хариуцагч фидуцийн зүйл болох автомашиныг ашиглаж, эзэмшилдээ байлгаж байсан бөгөөд нэхэмжлэгчид гэрээний зүйлийг үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн, 2019.08.19-ний өдөр эзэмшигч этгээдийн бүртгэл солигдсоноос хойш зээлийн төлөлт хийсэн, автомашиныг шилжүүлсэн гэх гомдол гаргаж байгаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүй фидуцийн зүйлийг бусдад шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.... ” гэсэн дүгнэлт хийсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... “И” ХХК  ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019.08.19-ний өдрийн 190821 дугаартай албан бичгээр тус компанийн нэр дээр бүртгэлтэй “Тоёота приус-20” маркийн автомашиныг Г.Б-ын өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд гаргаж, улмаар фидуцийн зүйл болох автомашин Г.Б-ын нэр дээр шилжин бүртгэгдсэн. Хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, мөн фидуцийн зүйл болох автоамашиныг нэхэмжлэгч “И” ХХК  ХХК захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ дуусгавар болсон ... зээлийн гэрээний үүрэгт автомашиныг тооцон авснаар үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй, хариуцагч нь автомашины үнийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй....” гэж үзжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 235, 286 дугаар зүйлийг хэрэглэж зөрүүтэй шийдэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

12. Хэргийн үйл баримтаар, нэхэмжлэгч “И” ХХК  ХХК нь хариуцагч Б.Т-тэй 2019.08.05-ны өдөр 190802 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд Toyota prius 20 (Тоёота приус) маркийн, 00-00 УНД дугаартай сувдан цагаан өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогджээ.

13. Талууд Барьцаат зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин фидуцийн гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасан эсэх талаар маргасан байна.

14. “И” ХХК  ХХК-аас Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн 2019.08.19-ний өдрийн 190821 тоот “... тус компанийн нэр дээр буй 00-00 УНД улсын дугаартай Toyota prius 20 (Тоёота приус) маркийн автомашиныг Г.Б-ын нэр дээр шилжүүлэх” тухай хүсэлтийн дагуу тус автомашин Г.Б-ын нэр дээр шилжсэн. Энэ нь  зээлийн гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дараа байх бөгөөд ийнхүү автомашины өмчлөл бусдад шилжсэн үндэслэл тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Т фидуцийн зүйл болох автомашинаар зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй болсон, эсхүл нэхэмжлэгч “И” ХХК  ХХК үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар автомашиныг бодитоор шилжүүлэн авч улмаар бусдад худалдсан эсэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ.

15. Нэг үйл баримтын талаар нэхэмжлэгч нь “... Б.Т-ний зөвшөөрлөөр автомашиныг Г.Б-д шилжүүлсэн” гэж, хариуцагч нь “... “И” ХХК  ХХК нь автомашиныг зөвшөөрөлгүй худалдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн....” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан байх боловч шүүх уг нөхцөл байдлыг тодруулахгүй, ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байна.

 Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр “...хариуцагч автомашинаа өөрөө ашиглаж эзэмшилдээ байлгаж байсан бөгөөд нэхэмжлэгчид гэрээний зүйлийг үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн нь тогтоогдоогүй.” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэнгүй. Давж заалдах шатны шүүх “... фидуцийн зүйл болох автомашиныг нэхэмжлэгч “И” ХХК  ХХК захиран зарцуулсан, зээлийн гэрээний үүрэгт автомашиныг тооцон авснаар үүрэг дуусгавар болсон... ” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцээгүй байна

16. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсгийг хэрэглэх, эсхүл гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол  хохирлоо шаардах эрхтэй талаар зохицуулсан мөн хуулийн 235.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх эсэхийг хяналтны шатны шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00544 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “И” ХХК  ХХК нь 2024.04.23-ны өдөр 144,666 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ                        

                       Н.БАТЧИМЭГ

          Д.ЦОЛМОН