Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 Ховдын тулга ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00448 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багт байрлах Ховдын тулга ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ЭСБА 1 дүгээр 80 айлын орон сууцны 1-1 тоотод байрлах, ЭСБА Интернэйшнл ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мягмардорж түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх /онлайнаар/, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45077844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22538922 төгрөг нийт 67616766 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховдын тулга ХХК болон Эсба интернейшнл ХХК-ийн хооронд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор Ховдын тулга ХХК нь М200 маркийн бетон зуурмагийг 50м3-ийг м3-ийн үнийг 150682 төгрөгөөр тохиролцож, 7534100 төгрөг, М250 маркийн бетон зуурмагийг 2500 м3-ийг м3 үнийг 168045 төгрөгөөр тохиролцож, 420112500 төгрөг, м300 маркийн бетон зуурмагийг 500м3-ийг м3 үнийг 176715 төгрөгөөр тохиролцож, 88357500 төгрөг нийт 516004100 төгрөгөөр тохирч Эсба интернейшнл ХХК-нд нийлүүлэхээр тохиролцсон.

2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Эсба интернейшнл ХХК-аас 80663006 төгрөгийн бараа материал авсан бөгөөд Ховдын тулга ХХК-аас Эсба интернейшнл ХХК-д 125740850 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Гэвч Эсба интернейшнл ХХК нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн төлбөрийг тухайн давхарын цутгалт дууссаны дараа ажлын 7 хоногт багтааж хийж барагдуулах байтал төлбөрөө хийлгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний 4.6-д Эсба интернейшнл ХХК нь бетон зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон боловч Эсба интернейшнл ХХК нь үлдэгдэл төлбөр болох 45077844 төгрөгийг төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 22538922 төгрөгийг мөн нэхэмжилж байгаа болно. Эсба интернейшнл ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрх нь Ховдын тулга ХХК-д Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нээлттэй байгаа билээ.

Иймд Эсба интернейшнл ХХК-иас Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45077844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22538922 төгрөг нийт 67616766 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Ховдын тулга ХХК нь 2013 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын барилгыг барих тендерт оролцож, ялалт байгуулан уг барилгыг барихаар болсон. Ховдын тулга ХХК-ийн захирал Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдорж нь уг барилгыг барихад санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн үндэслэлээр манай компаниас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг түүнчлэн манай компаниас нийт 10,629,000 төгрөгийн бараа материалыг зээлж авсан байдаг. Уг зээлсэн мөнгө болон бараа материалыг бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлд өгөхөөр тохирсон байсан боловч одоо ямар үндэслэлээр уг төлбөрийн нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөрийн асуудлаар Ховдын тулга ХХК-ийн захирал Ц.Мягмардорж, түүний төрсөн дүү Ц.Пүрэвдорж нартай ойлголцож, зөвшилцөлд хүрч, манай компаниас авсан бэлэн мөнгө, бараа материалд оруулан тооцохоор болсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-ийн нэхэмжлэлтэй  ЭСБА Интернэшнл ХХК-д холбогдох Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45077844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22538922 төгрөг нийт 67616766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд төлсөн 496034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ. 

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хариуцагч Эсба интернэйшнл ХХК-ны гаргаж өгсөн нотлох баримыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ховдын тулга-ХХК-нь “Эсба интернэйшнл” ХХК-д холбогдуулан “Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг  хангуулж 45077844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22538922 төгрөг нийт 67616766 төгрөг гаргуулах тухай”шаардлагыг    гаргажээ.

             “Ховдын тулга” ХХК-нь гэрээ ёсоор М200 маркын бетон зуурмагийг 50м3-ыг м3-ыг нь 150682 төгрөгөөр тохиролцож 7534100 төгрөг, М250 маркын бетон зуурмагийг 2500м3-ыг  м3-ын үнэ 168045 төгрөгөөр тохиролцож 42011500 төгрөг, М300 маркын бетон зуурмагийг 500м3-ыг м3 үнийг 176715 төгрөгөөр тохиролцож 88357500 төгрөг нийт 516004100 төгрөгөөр  тохирч  “Эсба интернэйшнл” ХХК-д нийлүүлэхээр тохиролцсон гэжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  үндэслэлээ Ховдын тулга” ХХК-ны захирал Ц.Мягмардоржийн дүү Ц.Пүрэвдорж нь барилга барих санхүүжилт орж ирээгүй байна гэсэн үндэслэлээр манай компаниас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарыг 25-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг түүнчлэн манай компаниас нийт 10 629 000 төгрөгийн бараа материалыг зээлж авсан бөгөөд уг зээлсэн мөнгө болон бараа материалыг бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлд өгөхөөр тохирсон байсан тул одоо ямар үндэслэлээр уг төлбөрийг нэхэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч  давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээгээр М200 маркын бетон зуурмаг, М250 маркын бетон зуурмаг, М300 маркын бетон зуурмаг тус бүрийг “Эсба интернэйшнл” ХХК-д нийлүүлэхээр тохиролцсон байна.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчжээ.

             Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагын үндэслэл тус бүрийг шүүхээс тодруулаагүй байна. Тодруулбал түүний шаардлагын Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг  хангуулж 45077844 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тодруулаагүй атлаа   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заалттай нийцээгүй байна.

             Өөрөөр хэлбэл шаардлагын М200 маркын бетон зуурмаг, М250 маркын бетон зуурмаг,   М300 маркын бетон зуурмагны үлдэгдэл үнэ хэдэн төгрөг   тус бүрийг нэг бүрчлэн шүүхээс тодруулах байжээ.

            Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэр шүүх хуралдаанд гаргасан шийдвэрээсээ өөр агуулгатай гаргасан гэж тайлбарлаж шүүх хуралдааны CD-г судлуулах хүсэлт гаргасан боловч уг CD архивлагдсан тул судлагдаагүй болно. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанаас өмнө CD-г судлуулах талаар хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. 

            Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул маргааны үйл баримтын талаар   давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх  боломжгүй гэж үзлээ.

             Хуульд зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцааж олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 153/ШШ2018/00448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мягмардоржийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

          

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                  

                                                                                   Н.ТУЯА