Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/00152

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05417 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00536 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б-т холбогдох,

13,052,113 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Б-т холбогдуулан 13,052,113 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05417 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-ээс 10,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,252,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,733 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б-ээс 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00536 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Бт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,052,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн талуудын хооронд Иргэний уулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүхээс “Д, Б нарын хооронд Иргэний Уулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Гэвч Дгээс нэхэмжлэгч “К” ХХК-д шаардах эрх олгосон баримт авагдаагүй байх тул талуудын байгуулсан 2018.06.06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Б, Д нар 2018.06.06-ны өдөр “К” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч нь өөрийн эзэмшдэг нэг бүр нь 10,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Мөн “К” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч Б нь тус компанийн нийт хувьцаа, үүргийн 50 хувийг эрх хүлээн авагч Дд шилжүүлж, тус гэрээний 3.1-д компанийг байгуулсан үеэс 2018.05.18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдаад байгаа улсад төлөх татварын өрийг талууд 50, 50 хувиар хариуцах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. Талууд тус тохиролцоон дээр маргаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс тохиролцоог бол хийсэн гэхдээ гэрээний үүрэг үүсээгүй гэж маргасаар ирсэн.

Анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ уг татварын өрийг төлөхгүй байснаараа компанийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж, мөн 2018.05.18-ны өдрийн 5/5 тоот хувь нийлүүлэгчийн хурлын тогтоол, дээрх байгуулсан гэрээ зэргийг үндэслэн 10,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс иргэд хооронд хэлцэл хийгдсэн тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасантай нийцээгүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу компанийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан татварын өрийг одоо болтол төлөөгүй байгаа нь манай компанийн хувьд алдагдал хүлээх, компанийн эрх ашиг ноцтой хөндөгдөж байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Мөн тус зүйлийн 83.2-т Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ, 83.3-т хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж тус тус заасан.

Мөн Компанийн тухай хуулийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах төлөөллөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу Д нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд учир компанийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн юм.

Учир нь Дгийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй харин энэ татварын өр төлбөрийг гэрээний дагуу төлөхгүй байснаараа компанийн буюу “К” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан байдаг.

Давж заалдах шатны шүүх тус хэргийн шийдвэрлэхдээ хэний эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдөөд байгааг харгалзан үзээгүй шийдвэрлэсэн байна.

Талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч тус гэрээг байгуулж 2018.06.06-ны өдрөөс эхлэн Д компанийн хувьцааг дангаар эзэмшиж, компанийг итгэмжлэлгүйгээр аливаа харилцаанд төлөөлж, тодорхой ашиг олох тохиолдлуудад хуримтлагдсан татварын өр төлбөрөөс тодорхой түвшинд төлж барагдуулж ирсэн.

Хэрвээ давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын дагуу шаардах эрхтэй этгээд нь Д гэж үзэх юм бол тухайн этгээдийн аливаа эрх ашиг хөндөгдөөгүй тул уг маргаан үргэлжлэх боломжгүйд хүрэх юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00690 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. “К” ХХК нь Бт холбогдуулан гэрээний үүрэгт 13,052,113 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Б, Д нар нь 2013.07.18-ны өдөр нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 100ш хувьцаа бүхий 1,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй “К” ХХК-ийг байгуулж, хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг байсан, 2018.06.06-нд “К” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Б нь өөрийн эзэмшдэг 50%-ийн хувьцааг хувьцаа эзэмшигч Дд 500,000 төгрөгөөр худалдахаар, ...компанийг байгуулсан үеэс 2018.05.18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдаад байгаа улсад төлөх татварын өрийг талууд 50, 50 хувиар хариуцахаар харилцан тохиролцсон. 2018.05.18-ны өдрийн байдлаар компанийн татварын өр 26,104,227 төгрөг байх тул тус өрийн 50% болох 13,052,113 төгрөгийг   хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “...2013.07.05-наас 2018.05.18-ны өдрийг хүртэл татварт ямар нэг өр төлбөр байгаагүй, ...эрх шилжүүлэх гэрээнд ямар нэгэн байдлаар татварын өрийн талаар тусгасан зүйл болон хавсралт байхгүй, хэрэгт авагдсан баримтаар татварын мөнгөн дүн тодорхой биш байна, ...түүнчлэн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна, ...талуудын харилцан тохиролцсон 2018.05.14-ний өдрийн 5/5 тоот “К” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтаар компани байгуулагдсанаас хойш 2018.05.18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой, хуримтлагдсан улсад төлөх НӨАТ-ын 10,800,000 төгрөгийг хариуцагч төлөхөө илэрхийлж байсан, энэ хугацаанд  компани 26,104,226 төгрөгийн НӨАТ-ын өр төлбөртэй байсан гэдэг нь эргэлзээтэй байх тул баримтаар нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүхээс: “...“К” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ Д, Б нарын хооронд байгуулагдсан байх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний  үүргийг шаардах эрхтэй, хэрэгт Д-гээс “К” ХХК-д шаардах эрх олгосон баримтгүй байх тул компани гэрээний үүргийг шаардах эрхгүй, анхан шатны шүүх гэрээний оролцогч биш этгээдийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасантай нийцээгүй байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. “К” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхол зөрчигдсөн байгааг харгалзан үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

10. Б, Д нар нь 2013 онд “К” ХХК-ийн үүсгэн байгуулж, компанийн 50, 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан, 2018 онд Б тухайн хуулийн этгээдэд эзэмшиж байсан өөрийн хувьцаанаас татгалзаж, гарах болсонтой холбогдуулан Бийн компанитай холбогдох үүрэг хариуцлагыг тодорхойлж, хувь нийлүүлэгчдийн хурлаас 2018.05.24-ний өдөр 5/5 дугаартай тогтоол гарсан, улмаар 2018.06.06-ны өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.

Гэрээг Б, Д нар байгуулсан үндэслэлээр гэрээний үүргийг гэрээний нэг тал нөгөө талаасаа шаардах эрхтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй боловч дээрх гэрээнүүдэд Д нь “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч төдийгүй гүйцэтгэх захирлын статустай оролцсон, улмаар гэрээнд “К” ХХК-ийн тамга дарагдсан байх бөгөөд гэрээний холбогдох заалт гуравдагч этгээд буюу “К” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд хамаарах, улмаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйгээс гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байгааг анхаарсангүй.

11. Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасан.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч субьектуудын хооронд хийсэн гэрээнээс үүсэн гарах хууль зүйн үр дагавар нь уг гэрээг байгуулсан талуудад бус, гуравдагч этгээдэд хамаарахаар байгуулсан гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэнэ.

2018.06.06-ны өдрийн “К” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-д “Компанийг байгуулсан үеэс 2018.05.18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдаад байгаа улсад төлөх татварын өрийг талууд 50, 50 хувиар хувааж хариуцна” гэх талуудын тохиролцооны үр дагавар компанийн татварын үүрэгт хамааралтай байх тул дээрх гэрээг гуравдагч этгээд болох “К” ХХК-д ашигтай гэрээ гэж үзнэ.

Иймд гуравдагч этгээд буюу “К” ХХК нь үүрэг гүйцэтгэгч Бээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх заалтыг зөрчөөгүй тул “К” ХХК нь гэрээний оролцогч биш тул хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

12. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “К” ХХК-ийг гэрээний улмаас эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд гэж дүгнээгүй боловч нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэн талаар хариуцагч маргаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хариуцагчаас гэрээний үүрэгт 10,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрт нэмж, хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулна.

14. Хариуцагчаас “...Д нэхэмжлэл гаргасныг “К” ХХК нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй, Д компанийн өрийг шаардах эрхгүй,  ...2018 онд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах хугацаа 2021 онд дуусгавар болсон, ...нэхэмжлэгч нь 2022 онд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан...”  гэж маргажээ.

14.1. Д хариуцагч Бт холбогдуулан компанийн татварын өр төлбөрт төлөх 10,800,000 төгрөгийг гаргуулахаар 2020.02.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 183/ШЗ2020/03264 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн 2020.03.25-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 102/ШШ2020/00984 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилсан үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг зөрчөөгүй.

14.2. Түүнчлэн 2018.06.06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-д заасан татварын өр төлөх үүргийн үндэслэл нь компанийн 2018.05.25-ны өдрийн №5/5 дугаартай Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол байх бөгөөд Тогтоолын 1.1-д зааснаар Б компанийн татварын өрд хамаарах 10,800,000 төгрөгийг 2019.12.31-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус тодорхойлжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагчийн төлбөр төлөх хугацаа 2019.12.31-ний өдөр дуусч байх тул шаардах эрхийг энэ үеэс эхлэн тоолоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022.12.31-ний өдөр дуусна. Нэхэмжлэгч нь 2022.06.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

15. Дээр дурдснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Шүүхийн энэ шийдвэр нэхэмжлэгч ба хариуцагч нарын үүргийн харилцаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсад татвар төлөх үүргээ биелүүлэхтэй холбоотой харилцаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00536 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05417 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243.1” гэсний дараа “, 203 дугаар зүйлийн 203.1” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “К” ХХК-аас 2024.05.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД