| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 181/2018/01523/И |
| Дугаар | 2081 |
| Огноо | 2018-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2081
Б.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг , Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01589 дугаар шийдвэртэй Б.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Тк ХХК-д холбогдуулан 17 264 520 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрсөн ах Б.Уртнасан 2014 оны 5 дугаар сард Тк ХХК-ийн Шинэ Налайх хороололд 2 өрөө байр захиалж, 30 хувийн урьдчилгаа буюу 13 308 960 төгрөгийг төлсөн. Тус компани байрыг 1 жилийн дотор барьж, хүлээлгэн өгнө гэсэн боловч өгөөгүй. Ах маань хөдөө ажилладаг болохоор тэр болгон уулзаж, шаардаж шахаж чадаагүй тул би байрны урьдчилгаа төлбөр, байр захиалан авах эрхийг шилжүүлэн авч, урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн 3 955 560 төгрөгийг компанид төлж, 17 264 520 төгрөг болгон 5-р байрны 2-р орц, 1 давхар, 22 тоот 48.36 м.кв 3 өрөө байрыг сонгож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 05/22-1 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг Тк ХХК-тай байгуулсан. Гэрээ байгуулахдаа сайн уншаагүй бөгөөд байрыг банкны зээлээр авна гэдгээ хэлэхэд тус компани нь банкны зээлд найдвартай хамруулж өгнө гэж хэлсэн. Би байрны зээл хөөцөлдөх болоод байраа үзье гэхэд надад үзүүлээгүй, өөр байр үзүүлээд, яг үүн шиг байр байгаа гэж хэлсэн. Миний захиалсан байрыг Төрийн банкны Налайх дүүрэг дэх салбарт хамааралтай гэсэн тул би тус банкны салбарт зээл хүсч, материалаа өгсөн. Гэтэл тус банкнаас Тк ХХК нь үүргээ биелүүлээгүй тул зээл олгохоо больсон гэсэн хариу өгсөн. Бусад банк ч Тк ХХК-ны байранд ипотекийн зээл олгохгүй гэж байхад би авах боломжгүй, иймд урьдчилгаа төлбөрөө буцааж авъя гэхэд манай компанид танд өгөх мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Миний хувьд анхнаасаа байрыг банкны зээлээр авах зорилготой байсан бөгөөд 1 жилийн дотор 40 гаруй сая төгрөг төлөх боломжгүй тул урьдчилгаа төлбөр 17 264 520 төгрөгийг буцаан авах хүсэлтийг тус компанид гаргасан боловч танд өгөх мөнгө байхгүй, өгөх боломжгүй гэж хэлсэн учир шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч Тк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тк ХХК нь Б.Бтай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр № 05/22-1 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т зааснаар захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 40 283 880 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх ёстой боловч төлөөгүй. Гүйцэтгэгч буюу манай компанийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө, банкны зээл бүтэхгүй байна түр хүлээж бай гэх хүсэлтийг тавьж байгаад гэнэт шүүхэд хандсаныг зөвшөөрөхгүй байна. Иймд тус нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Тк ХХК-иас нийт 17 264 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 244 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгон шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э би анхан шатны шүүх хурал болохын өмнөх өдөр тус хуралд өмгөөлөгчтэй оролцож, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг бичгээр өгсөн болно. Ийнхүү анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Тк ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний /хх.4-6/ урьдчилгаа төлбөрт төлсөн 17 264 520 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх.30/
Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. /хх.4-6/ Тус гэрээний урьдчилгаа төлбөрт 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 11А байр-5-15 тоот Б.Уртнасан гэсэн гүйлгээний утгатай төлсөн 13 308 960 төгрөг /хх.7/, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Уртнасан 5А-22 тоот гэсэн бичиглэлтэй 3 955 560 төгрөг /хх.8/ нийт 17 264 920 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үйл баримтын талаар хариуцагч няцааж маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартай холбогдуулан захиалсан байр хэн нэгний өмчлөлд шилжсэн эсэхийг тодруулах зорилгоор хариуцагч компани болон улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулах мөн Төрийн банк ХХК-ийн Налайх дүүрэг дэх салбараас хариуцагч компанийн барьсан барилгатай холбоотой ипотекийн зээл олгохгүй гэсэн хариуг иргэдэд өгч байсан эсэх талаар лавлагаа гаргуулах тухай хүсэлт гаргасныг /хх.35/ шүүх ямар баримтуудыг гаргуулах хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бус, маргааны үйл баримттай хамааралгүй хүсэлт гаргаж байна гэж дүгнэн хангахаас татгалзсан шүүгчийн захирамж /хх.38/ гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт гаргуулах хүсэлтэд дурдагдсан нотлох баримтууд нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримтууд байж болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан /хх.16/ байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариу тайлбар гаргасан нь хэргийн 30 дахь талд авагдсан байна.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл нь нэхэмжлэгчийн төлбөрөө төлөх чадваргүй байсантай эсхүл хариуцагчийн буруугаас болсон эсэх нь талуудын маргааны зүйл байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд иргэд хоорондын гэрээг нэхэмжлэгч талын санаачилгаар цуцлах үндэслэл, журмыг зохицуулсан холбогдох зохицуулалтуудыг хэрэглэх шаардлагатай.
Хэргийн 31 дэх талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож, хууль зүйн туслалцаа авах хүсэлттэй байна. Иймд дээрх хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт /хх.31/ авагдсан. Шүүх уг хүсэлтийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хүсэлтийг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлав гэсэн нь хэргийн 34 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Гэвч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлж шүүгч захирамжийг бичгээр гаргаагүй байгааг анхаарах шаардлагатай.
Тухайн өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байх боловч хариуцагчийн хувьд хэргийн нотлох баримттай танилцах, тайлбар, няцаалт гаргаж мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус хэрэгт Иргэний хэрэг үүсгэж /хх.12/, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх, үүргийг танилцуулсан /хх.16-17/, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж /хх.27/ гаргасан байна. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 болон 67.1.4-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн талаар баримт байхгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ