Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2021/00340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, ,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Т банк ХХК-ийн,

         Хариуцагч: Б овогт Б-гийн Б,

         Хариуцагч: ИМ овогт Ч-ийн О нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний үүсгэн, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, хариуцагч Б.Б /цахимаар/, хариуцагч Ч.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б, Ч.О нар 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч Б.Б, Ч.О нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй. зээлийн гэрээний 6-рт заасан үүргээ байнга зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1235 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймээс Б.Б, Ч.О нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дутаар зүйлийн заалтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээл хүүгийн төлбөр 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 19.057,103 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.Б, Ч.О нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19.057.103 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан нь үнэн болно. Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж одоогоор 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа тул зээлийн төлбөр төлөх боломжгүй байна. Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж суллагдаж гарсны дараа төлөх боломж олгож өгнө үү. Ч.О тайлбартаа банкнаас зээл авч байгааг мэдээгүй гэсэн байна. Ч.О бид 2 хамт банкин дээр очиж зээл аваад, уг зээлийг өрхийн хэрэгцээнд зарцуулсан гэжээ.

          Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б-тай гэр бүл болж амьдарч байгаад 2018 онд албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б.Б бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй. Б.Б надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа банкин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Тухайн үед би гэр бүлийн дарамтанд байсан учир айгаад гарын үсэг зурсан. Банкны хүн ч гэсэн надад хэлээгүй бөгөөд одоо би ганц бие өрх толгойлсон эх. Би 4-7 насны 2 хүүхэдтэй, Б.Б-аас хүүхдийн тэтгэмж авдаггүй гэр орон үр хүүхдээ авч явах чадваргүй. Иймд уг зээлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

          Хариуцагч Ч.О-ийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т банк ХХК-ийн үндсэн зээлдэгч Д.Б ажлаасаа гарч, шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа учир цалингийн зээлээ төлөх боломжгүй байгаа. Харин хариуцагчийн Ч.О тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Ер нь банк гэдэг байгууллага ард түмнийхээ эрх ашгийг огт боддоггүй, дан ганц ашгийн төлөө ажилладаг байгууллага юм байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар Д.Б, Ч.О нарын зээлийн хүүгийн төлбөр 7.517.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг гэж байгаа боловч энэ дүнг яг ямар аргачлалаар бодож гаргасан нь тодорхойгүй. Асуулт, хариултын шатанд би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ямар аргачлалаар бодсон талаар асуухад Систем бодож гаргадаг гэсэн хариулт хэлж байна. Тэр систем гэдэг бол үнэн зөв зүйл биш. Хариуцагч Д.Б , Ч.О нар 2018 оны 5 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Өөрөөр хэлбэл Д.Б нь ажлаас гарснаас хойш 1 жилийн хугацаанд Увс аймагт байсан. Гэтэл Т банк ХХК нь Д.Б-ыг Увс аймагт байх хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бол 7.000.000 гаруй төгрөгийг хүү гарахгүй байсан. Т банк ХХК бол Монголын татвар төлөгчдийн хөрөнгөөр анх санхүүжиж бий болсон банк. Зээлийн гэрээнээс харахад ард түмнийг үнэхээр хүнд байдалд оруулсан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг огт бодоогүй гэрээ байна. Монгол банкны захирлын А/203 тоот тушаалын 2.3-т зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн бодит өртгийг хүү бодох аргачлалын 3 дугаар хэсэгт заасны тооцно, 2.4-т Зээл судлах болон зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд зээлдэгчийн төлөх дараах шимтгэл хураамжийг зээлийн бодит өртөг тооцоход оруулна гэж тус тус заасан байна. Зээлийн хүүгээс гадна зээлийн бодит өртөг гэж зүйл бас байдаг. Т банк ХХК-ийн сайт руу ороод харахад цалингийн зээлийн хүү 14.4-14.8 хувьтай, зээлийн бодит өртөг 17.6-20.5 хувьтай байна. Түүнчлэн Монгол банкны захирлын А/203 дугаар тушаалын 2.6-д Зээлийн бодит өртгийг 100.000.000 төгрөг ба түүнээс доош дүнтэй тогтмол хүүтэй зээл хүсэгч, зээлдэгч иргэн хуулийн этгээдэд заавал танилцуулна гэж заасан. Гэтэл энэ зээлийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Б, Ч.О нарт зээлийн бодит өртгийг танилцуулаагүй гэдгээ хэлж байна. Банк зээлийн хүүд тухайн үеийн мөнгөний ханшийн зөрүү, банкны ажилчдын цалин, урсгал зардал, банкны ашиг, эрсдэлийн даатгал гэдэг зүйлийг оруулж тооцдог. Тодруулбал зээлдэгч нар анх банкнаас зээл авахдаа эрсдэлийн даатгал гэдэг зүйлд тодорхой хэмжээний мөнгөө төлж байдаг. Төрийн банкны сайтаас харахад цалингийн зээлийн эрсдэлийн даатгалд ажлаас халагдахыг оруулсан байна. Иймд Д.Б, Ч.О нарын зээлийг эрсдэлийн даатгалаас хариуцах үндэслэлтэй. Яг бодит байдал дээр Т банк ХХК-ийн хариуцагч нараас нэхэмжлээд байгаа зээлийг хорих ангид ял эдэлж байгаа Д.Б төлөх юм уу, эсхүл 2 хүүхдээ асарч байгаа өрх толгойлсон ээж Ч.О төлөх юм уу, яг үнэндээ хоёулаа төлөх боломжгүй байгаа. Т банк ХХК нь эдгээр нөхцөл байдлыг огт харгалзан үзэхгүйгээр ямар нэгэн байдлаар зээлийг төлүүлэхийг л эрмэлзэж байна. Ч.О-ийн хувьд тогтсон цалин орлогогүй, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Иймд байхад тэр хүний амьдралаа залгуулж байгаа хүүхдийн мөнгөөр нь зээлээ төлүүлэх юм уу, тэгвэл өрх толгойлсон ээж, хүүхдүүдтэйгээ яаж амьдрах юм бэ. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж байгаа Монгол Улсын Төрийн банк нь хүүгээ зогсоох, эрсдэлийн сангаасаа зээлийг төлөх зэрэг арга хэмжээ авахын оронд тус зээлийг төлөх ямар ч боломжгүй хоёр хүнээс зээлээ төлөхийг шаардаж байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

       Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Б.Б, Ч.О нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажсан байна.

       Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Ч.О Б.Б бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй. Б.Б надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа банкин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Тухайн үед би гэр бүлийн дарамтанд байсан учир айгаад гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Хариуцагч Б.Б, Ч.О нар Т банк ХХК-ийн Увс салбараас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 162200095971 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10.975.000 төгрөг дээр 1.000.000 төгрөг нэмж, нийт 11.975.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдсэн байна.

       Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

          Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

          Хариуцагч Ч.О Б.Б бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй. Б.Б надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа банкин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй гэж маргаж байх боловч дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

         Хариуцагч Ч.О-ийн тайлбартаа дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ч.О, Б.Б нарт зээлийн бодит өртгийг танилцуулаагүй гэх үндэслэл нь хариуцагч нарыг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

         Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2017 оны 5 дугаар сард ажлаас халагдсан. Төрийн банкны сайтаас харахад цалингийн зээлийн эрсдэлийн даатгалд ажлаас халагдахыг оруулсан байна. Иймд Д.Бо, Ч.О нарын зээлийг эрсдэлийн даатгалаас хариуцах үндэслэлтэй гэх боловч Д.Б, Ч.О нар сайн дураар зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулаагүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

       Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Б.Б, Ч.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулж Т банк ХХК-д олгож шийдвэрлэв.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ч.О нараас 253.271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Б.Б, Ч.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулж Т банк ХХК-д олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ч.О нараас 253.271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ