Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00137

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 206/МА2023/00008 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б, О нарт холбогдох

Зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 19,064,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ргийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б, О нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 19,064,103 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б зөвшөөрч, хариуцагч О эс зөвшөөрч, маргажээ.

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч  Б, О нараас зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 19,064,103 төгрөгийг гаргуулах тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,271 (Хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б, О нараас 253,271 (Хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун далан нэг) төгрөг гаргуулан Танд олгож шийдвэрлэжээ.

3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 206/МА2023/00008 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч Отэй холбоотой хэсгийг “Т ХХК-ийн хариуцагч Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, 2 дахь заалтын ”Оээс” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Оийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт “Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу ...хамтран зээлдэгч... гэрээний дагуу, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбоотой гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцаж барагдуулна” гэж тусгажээ. Энэ тохиолдолд хамтран зээлдэгч төлбөр төлөх үүрэг хүлээхгүй...” гэж хэрэгсэхгүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу Барьцаат зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, харилцан адил үүрэг хүлээсэн байхад Барьцаат зээлийн гэрээний 3.2.4 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн нь Иргэний хуулийг зөрчсөн байна.

Барьцаат зээлийн гэрээний 3.2.4 дэх заалт нь Иргэний хуулийн 242.13 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцүүлэх байдлаар хэрэглэх зохицуулалт байхад тус гэрээний заалтыг шууд хэрэглэх замаар хамтран хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлсөн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн 2017.02.13-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 3.3 дугаар заалтын “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэсэн байгааг авч үзээгүй.

Б, О нар нь хамтран гэр бүлийн гишүүд ба хамтран амьдарч байхдаа уг зээлийг авч гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байхад зөвхөн Б төлөхөөр шийдвэр гарсан. Б нь шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа нь зээлээ төлөхөд хүндрэл үүсэхээр байна. Б эрүүгийн хэрэгт холбогдоод байх үед нь гэр бүл салах шүүх хурал хийж салсан.

Иймд ИХШХШтХуулийн дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ргийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.06.07-ны өдрийн 001/ШХТ2023/00663 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч Б, О нарт холбогдуулан 19,064,193 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...зээлдэгч Б, О нар нь 2017.02.23-ны өдрийн зээлийн гэрээгээр 11,975,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан боловч гэрээний дагуу зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг зөрчиж, 2020 оны 11 сарын байдлаар 1,235 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, зээлийн хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нийт 19,057,103 төгрөгийг нотариатын зардал 7,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Б: “...зээл авсан нь үнэн, ...2018 оны 3 дугаар сараас 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, одоогоор хорих ангид ял эдэлж байгаа тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна, ...иймд аргагүй байдлыг харгалзан, суллагдаж гарсны дараа төлөх боломж олгож өгнө үү...” гэж,

Хариуцагч О: “...Бтай гэр бүл болж амьдарч байгаад 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан, бид бичиг үсэг мэдэхгүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй, ...тухайн үед гэр бүлийн дарамтанд байсан учир айгаад гарын үсэг зурсан, 4-7 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эх, Баас хүүхдийн тэтгэмж авдаггүй, гэр орон, үр хүүхдээ авч явах чадваргүй тул зээлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг төлж чадахгүй...” гэж тус тус тайлбарлажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, ...зээлдэгч нар банкнаас зээлийн хөрөнгийг авсан нь баримтаар тогтоогдсон тул тэдгээр нь гэрээний үүргийн хариуцлагыг хүлээнэ, ...Б, О нар гэрлэлтээ цуцлуулсан нь Оийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, ...тэдгээр нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул төлбөрийг тэнцүү хэмжээгээр хариуцна, ...зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлж 7,000 төгрөгийг нотариатын хөлсөнд төлсөн байх тул дээрх төлбөрийг хохиролд тооцно...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...Зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, үндсэн зээлдэгч Б зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй, харин хариуцагч О хамтран зээлдэгч тул гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болох зэрэг нөхцөл байдал бий болсон тохиолдолд хамтран зээлдэгч гэрээний дагуу үүрэг хүлээхээр тусгасан байх ба хэрэгт цугларсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдоогүй тул хамтран зээлдэгч О зээлийн гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт “Т” ХХК-ийн Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Хоёр шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагын талаар эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийж зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шаардлагыг хангасан үндэслэлээр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гэрээг тайлбарлах Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйгээс Барьцаат зээлийн гэрээний хамтран зээлдэгчид холбогдох гэрээний заалтыг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Б, О нар нь 2016.11.26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр Т-с 11,400,000 төгрөгийг  жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, мөн 2017.02.23-ны өдөр нэмж 1,000,000 төгрөгийг авснаар нийт 11,975,000 төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрийг хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтрүүлснээр 2020.11.18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, зээлийн хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг нийт 19,057,103 төгрөгийн төлбөртэй болох нь баримтаар нотлогджээ.

11. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд нийцсэн байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,  зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулжээ.

Гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо: “...талууд гэрээний 3.2.4 дэх хэсэгт “Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу ...хамтран зээлдэгч ...энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцаж барагдуулна” гэж тусгасан, ...гэрээний нөхцөлд заасан үйл баримт хэргээс тогтоогдоогүй, ...үндсэн зээлдэгч Б хорих ял эдэлж байгаа нь түүнийг зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх нөхцөл болохгүй, энэ тохиолдолд хамтран зээлдэгч зээлийн гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлд  зээлдэгч, хамтран зээлдэгчийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд гэрээний 3.3-д хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж зааснаар хамтран зээлдэгч О нь зээлийн гэрээний үүргийг үндсэн зээлдэгчийн адил хамтран хариуцахаас гадна 3.2.4-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд ч зээлийн төлбөрийг төлөх гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн агуулгатай тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх гэрээний 3.2.4 дэх заалтыг бусад заалт, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан тодорхойлоогүй байна гэж үзлээ.

Хариуцагч О нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээл авч төлөх хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан тул тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэгч.

Үүрэг гүйцэтгүүлэгч “Т” ХХК хамтран үүрэг гүйцэтгэгчээс хоёулангаас нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан бөгөөд тэдгээр нь гэрээгээр тус бүрийн үүргийг тодорхойлоогүй тул тэнцүү хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Иймд хамтран зээлдэгч Оийг үндсэн зээлдэгчийг үүргээ гүйцэтгээгүй байгаа тохиолдолд зээлийн гэрээний үүргийг нөхөж хариуцах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан /тогтоолын 4-т тусгагдсан/ гомдлыг хангана.

13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаар зээлдэгч Б, О нар зээлийг буцаан төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,836,784 төгрөг, зээлийн хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нийт 19,057,103 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нотлогдсон үндэслэлээр хариуцагч Б, О нараар зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дугаар зүйлийн 451,1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлж, зардалд 7,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон үндэслэлээр дээрх төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

14. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 206/МА2023/00008 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ргийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Т” ХХК-аас 2023.05.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД