Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 50

 

 

                             “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн Захирагчийн

                                       ажлын албаны нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

                                                                             Хэргийн индекс: 148/2018/00232/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч ерөнхий шүүгч     Б.Батзориг

                             Шүүгчид                                  Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөшийг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 353 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй “Ган Норд” ХХК-д холбогдох “Газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 08 дугаар  сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өлзийбаатар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ган Норд” ХХК нь газрын төлбөрт 2009 онд 1.680.000 төгрөг, 2010 онд 1.680.000 төгрөг, 2011 онд 1.680.000 төгрөг, 2012 онд 1.680.000 төгрөг, 2013 онд 932.000 төгрөг нийт 7.652.200 төгрөгийг тус гэрээнд заагдсаны дагуу төлөх ёстой байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй учир 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгох Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамж гаргасан. Иймд “Ган Норд” ХХК-иас газрын төлбөрт нийт 7.652.2.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ганболд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албанаас гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчтай байгуулан үсэглэсэн боловч энэхүү гэрээг хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Учир нь: гэрээний салшгүй хэсэг болох газрын байршил, хэм хэмжээ, хил хязгаар, заагыг тодорхойлсон кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид газрыг хүлээлгэн өгсөн акт зэрэг гол бүрдэл хэсгүүд хийгдээгүй. Эдгээр зүйлүүд дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно гэсэн Газар эзэмшүүлэх гэрээ-ний 1-д заасан байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.1-д Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах ёстой гэж заасан байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.4.-т Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх гэж заасан боловч гэрээг дүгнэсэн тухай ямар ч акт, баримт бичиг байхгүй. Нэхэмжлэлийн үнийн дүн ч зөрүүтэй байна. Түүнээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл уг 3 жилийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Bottom of Form

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 353 дугаартай шийдвэрээр:

-Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Ганнорд” ХХК-иас газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн төрийн сангийн төсвийн орлогод оруулж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар Алтанбулаг чөлөөт бүсийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар, хариуцагчаас 137.385 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж,

-Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай Газар эзэмших гэрээ, 98 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус цуцалж, Бүртгэлийн болон газар эзэмших /ашиглах/, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсоныг дурьдаж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхүлэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Манай “Ган Норд” ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 17-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба манай компани хоёрын хооронд хийсэн 2009 оны 6 сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай газар эзэмших гэрээг анхан шатны шүүх тус гэрээний 1 дэх хэсэг болон 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасанчлан кадастрын зураг, нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт, хүлээлгэн өгсөн актгүй байж энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасныг, мөн 2009 оны 6 сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт төр эхний ээлжинд дэд бүтцээр хангана гэж заасныг тус тус нэхэмжлэгч тал зөрчсөөр байтал гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнд гомдолтой байна.

2. Манай компани нь газар эзэмших үндсэн гэрээг хийхдээ 2009 оны 6 сарын 17-ны өдөр хийсэн байтал өөрсдөө газраа хүлээлгэж өгөөгүй мөртлөө газрын төлбөрийг нэхэмжлэхдээ 2009 оны төлбөрийг бүтнээр нь буюу 1,680,000 /нэг сая зургаан зуун наян мянган/ төгрөгөөр нэхэмжилснийг шүүх харгалзаж үзсэнгүй.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргийг хангуулахаар гаргасан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 3 жил байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг дууссан байхад үл хөдлөхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж үзэн шийдвэр гаргасан нь гэрээний үндсэн шаардлагыг ойлгохгүй ноцтой алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь газар эзэмших, ашиглахтай холбоо эрхийн талаар маргаагүй. Харин газрын төлбөрийн талаар маргаж байгаа бөгөөд хоорондоо хоёр өөр шаардлага байна. Мөн шүүх үл хөдлөхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж үзсэн мөртлөө 2009 оны газрын төлбөрийг 2010 оны 1 сарын 1-ний өдрөөс шаардах эрх үүсэх ёстой. Шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2016 оны 1 сарын 1-нд дууссан байна. Энэ жишээгээр бодоход 2010 оны газрын төлбөр 2017 оны 1 сарын 1, 2011 оны газрын төлбөр 2018 оны 1 сарын 1-нд дууссан нь тодорхой байна. Үүнийг хүртэл ялгаж салгалгүй хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг үндэслэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь “Ган Норд” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг буюу газрын төлбөр 7.652.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ  нэхэмжлэгч гэрээнд заасан  эзэмшүүлэх газрыг хүлээлгэн өгөөгүй атлаа газрын төлбөр шаардсан, шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан  шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захиргаа 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  “Ган Норд” ХХК-д “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 1га газрыг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ агуулахын барилга байгууламж барих зориулалтаар эзэмших эрх олгож, улмаар 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 09/70 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 98 дугаартай “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан байна.

Тус гэрээгээр талууд  газар эзэмших гэрээний хугацааг 15 жил, газрын төлбөрийн хэмжээг Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай”, “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай” хуульд заасан хөнгөлөлтийг оруулан тооцож  нэг жилд 1.680.000 төгрөг  газрын төлбөрт  төлөхөөр харилцан  тохиролцжээ.

Газар эзэмших тухай гэрээ байгуулсанаас хойш хариуцагч “Ган Норд” ХХК нь эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө  хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь  2014 оны 07 сарын 10-ны өдрийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн  А/78 дугаартай захирамжаар Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг тус тус өөрийн санаачилгаар цуцалсан байна.

Гэрээ байгуулсанаас хойш талууд гэрээний үүргийн талаар шаардлага гаргасан болон нэхэмжлэгчээс хариуцагч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардсан  талаар  хэрэгт холбогдох нотлох баримт ирүүлээгүй байна.

Хариуцагч “Ган Норд” ХХК нь нэхэмжлэгч байгууллага шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрснөөр нэхэмжлэгчийн гэрээний харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрх нь хязгаарлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь газрын төлбөр буюу  үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан  тул нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь газар эзэмших гэрээ байгуулсан боловч газрыг хүлээн аваагүй,   “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захиргаа дэд бүтцээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул эзэмшсэн газраа  ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Талуудын хооронд байгуулсан газар эзэмших гэрээний 3.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”-өөр тохирсон, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т  “газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба  гэрээ  болон хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч “Ган Норд” ХХК нь биелүүлээгүй  байх тул хариуцагчийн дээрхи  татгалзал үндэслэлгүй.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор заасан тул хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэгчийн шаардлагаас 2009, 2010, 2011 оны газрын төлбөр 5.040.000 төгрөгийг хасаж, хариуцагчаас газрын төлбөрт 2012 оны 1.680.000 төгрөг, 2013 оны 932.200 төгрөг нийт 2.612.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд зөвхөн газар эзэмшүүлэх гэрээний дагуу төлөх газрын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүх  шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаараа зохигчдын хооронд 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09/70 дугаартай Газар эзэмших гэрээ, 98 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус цуцалж, Бүртгэлийн болон газар эзэмших /ашиглах/, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ. 

 Учир нь гэрээний нэг тал болох  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн алба нь хариуцагч “Ган Норд” ХХК тай байгуулсан  Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг тус тус 2014 оны 07 сарын 10-ны өдрийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн  А/78 дугаартай захирамжаар   өөрийн санаачилгаар цуцалсан, зохигчид гэрээ цуцалсан талаар  маргаагүй байхад шүүх ийнхүү  дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон боловч хууль хэрэглээний  алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтыг

“1. Газрын тухай хуулийн 35 дүгээр зүйлийн 35.3.3-д зааснаар хариуцагч “Ган Норд” ХХК-аас газрын төлбөрт 2.612.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.040.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56.742 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.” гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтыг хүчингүй болгон  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137.385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

   

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                        Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН