Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Замбалын Баярмаа |
Хэргийн индекс | 101/2021/01450/И |
Дугаар | 101/ШШ2021/02293 |
Огноо | 2021-08-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/02293
2021 08 03 | 101/ШШ2021/02293
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 018-10 тоот хаягт оршин суух, Уулын боржигон овогт Чадраабалын ******* /ЧК73102309/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 10 байр 79 тоот хаягт оршин суух Шилүүст боржигон овогт Мөнхжаргалын******* /РД:ХД84051737/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт оршин суух Тодно овогт Мягмаржавын******* /РД:ЦБ70090612/-т холбогдох,
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот орон сууцыг М.Дарамбазарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.******* миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хоёр өрөөг 2010 оны 1 сарын 10-ны өдөр тухай байр эзэмших гэрчилгээтэй иргэн Л.Эрдэнэбатаас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг барагдуулан авсан. Уг байрны бичиг баримт ямар ч зөрчилгүй байсан болох өмчлөх эрхийн гэрчилгээг нь хууль журмын дагуу эзэмшиж байсан. Гэтэл иргэн М.Дарамбазар нь орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэж шүүхийн журмаар энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.
Энэ асуудал шийдэгдэхгүй их олон жил явсан учир миний бие эдийн засгийн хувьд маш их хохирсон. Авсан байраа эзэмших нь байтугай худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Энэ хугацаанд би алга болоогүй. Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан бөгөөд байнга ирж очдог байсан. М.Дарамбазар шүүх дээр нэхэмжлэл гаргах үед таарч байсан. Байрны учир зүйгээ огт ярилцаагүй. Би Л.Эрдэнэбат гэж хүнтэй хувийн харилцаа байхгүй. Намайг Солонгос улсад ажиллаж байхад энэ хүн хүнд өвчтэй гээд туслалцаа хүссэн тул би энэ хүнтэй гэрлэлтээ батлуулж байж Солонгос улсад очиж эрүүл мэндийн даатгалд нь хамрагдаж байсан. Нэг ч гэсэн Монгол хүнд туслах юмсан гэсэн үүднээс би Л.Эрдэнэбат гэж хүнд тусалсан. Тэр хүн байр зарна гэхээр нь байрыг нь итгээд худалдаж авсан. Одоо энэ хүнтэй ямар ч холбоогүй байгаа. Энэ хугацаанд байраа авах гэж олон удаа цагдаатай очиж байсан боловч хаалгаа тайлдаггүй. Шүүх цагдаагаар явж байгаа гээд олон жил намайг чирэгдүүлсэн.
Гэтэл намайг энэ хүнтэй нийлж бусдыг хуурч залилан алга болсон мэтээр ярьж байна. Би сүүлийн хэдэн жил Монголд байж л байсан. Энэ хүмүүсийн асуудлыг би мэдэхгүй. Одоо би байраа захиран зарцуулмаар байна. Тийм ч учраас М.Энхболор гэж хүнд худалдсан. Одоо******* гэж хүнийг байрнаас албадан гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ч.Энхболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие үйлчлүүлэгч Ч.Энхболорыг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Энэ талаараа шүүхэд тодруулж бичиж өгсөн байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Ч.Энхболороос авсан итгэмжлэл нь нэхэмжлэл гаргах эрхийг олгосон эсэх нь эргэлзээтэй байсан тул Ч.Энхболортой холбогдож дахиж итгэмжлэл авч шүүхэд өгсөн. Ч.Энхболорын хувьд БНСАУ-д ажиллаж амьдардаг. Ч.*******гоос эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдаж авсан.
Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад Ч.*******гийн өмчлөлд гэрээгээр шилжиж ирсэн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Ч.*******гийн өмчлөлд гарсан байр байсан тул энэ байрыг Ч.*******гоос худалдаж авсан. Энэ байр анх М.Дарамбазар гэж хүнээс Д.Эрдэнэбат гэж хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байсан ба дараа нь Л.Эрдэнэбатаас Ч.*******д худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээгээр бид эрхийн зөрчлийг нь шалгах боломжтой. Ингээд ямар ч асуудалгүй байр байсан. Харин өөр хүн амьдраад байгаа тул энэ талаар Ч.*******той ярилцаж бид нэхэмжлэл гаргасан байгаа.
Иймд өмчлөгчийн эрхийг хангаж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 263 тоот байрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлагдаж буй хүнийг олох хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө нь эрхийн зөрчилтэй гэдэг маргаан үүсээд явж байсныг Ч.******* мэдэж байсан. Энэ үл хөдлөх хөрөнгө нь яг хэний өмчлөлийнх гэдэг нь тодорхойгүй. Бүртгэлийн байгууллагад бүртгэл хийсэн ч төлбөр төлсөн зүйл байхгүй. Ч.*******, Л.Эрдэнэбат нарын хооронд хийгдсэн гэрээ байдаг. Зах зээлийн үнэлгээгээр 80, 90 саяын үнэлгээтэй татвар төлсөн гэдэг. Гэтэл бид хоёрын хооронд 33,000,000 төгрөгийн тооцоо байсан гэж ярьдаг. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ бид хоёр гэр бүлийн харилцаагүй байсан гэж ярьдаг боловч 2013 онд гэрлэлтээ батлуулсан байдаг. Гэрлэлтээ батлуулсан шалтгаанаа тайлбарладаг. Солонгос улсад эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр авах шаардлагатай байсан тул гэрлэлтээ батлуулаад дараа нь цуцласан байсан. Гэрээ Монгол улсад хийгдсэн. Байраа худалдах, худалдан авах гэрээ хийчихээд байраа очиж үздэггүй. Хүн амьдарч байгааг нь 2015 онд олж мэдсэн байх боломжгүй. 2019 онд дараагийн худалдан авах ажиллагаа болсон. 2002 оноос хойш М.Дарамбазар би энэ байрны эзэн гэж ойлгоод амьдраад яваад байдаг. Гэтэл цаагуур нь хүмүүс бусдад худалдаад гэрээ хийгээд яваад байдаг. Авсан хүмүүс нь байраа огт үзэж хардаггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулаад хоёр итгэмжлэлийн асуудал ярьж байна. Эхний итгэмжлэл худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой итгэмжлэл байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн нь нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэл биш байсан бөгөөд тэрхүү итгэмжлэлээ сая сүүлд шүүх хурал болохоос өмнө гаргаж өгч байна. Ингэхээр шүүхэд нэхэмжлэл гаргачихсны дараа нэхэмжлэл гаргах итгэмжлэлээ гаргаж өгч байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байна гэж үзэж байна. Ч.*******, Л.Эрдэнэбат,******* нар нь хариуцагч М.Дарамбазарын хөрөнгийг хууль бусаар аваад байгаа юм шиг харагдаад байна. Иймд М.Дарамбазар, Г.Эрдэнэбат нарын асуудлыг шийдвэрлэх хүртэл энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*******, М.Энхболор нар нь хариуцагч М.Дарамбазарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 263 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч талаас энэ орон сууцны шудрага эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Эрдэнэбат гэж хүнтэй нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн талаар маргаантай байгаа тул тухайн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй хэргийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт байршилтай, 30 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Энхболор бүртгэлтэй байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хууль ёсны өмчлөгч болсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000756772 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Энхболор нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч болохын хувьд өмчлөлийн эд хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. /хх-ийн 11, 52 дугаар тал/
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шудрагаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болно...” гэж заасан.
Тодруулбал, тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүснэ. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Энхболорын хувьд Ч.*******той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр /үүсмэл аргаар/ өмчлөх эрхийг олж авсан байх тул бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Харин Ч.******* нь өмчлөх эрхээ худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн тул хариуцагчаас орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч М.Энхболорын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хууль бусаар орон сууц эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагчаас уг орон сууцны шудрага эзэмшигч гэж үзэж, орон сууцыг чөлөөлж өгөхгүй гэж маргаж байгаа ч энэ тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагар тус орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч М.Дарамбазар нь Л.Эрдэнэбатад бэлэглэлийн гэрээгээр 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, Л.Эрдэнэбатаас Ч.*******д худалдах худалдан авах гэрээгээр 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 60 дугаар тал/
Хариуцагчаас Л.Эрдэнэбаттай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэргийг шийдвэрлэх боломжгүй, түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж маргасан.
Иргэн М.Дарамбазар нь Л.Эрдэнэбат, Ч.Цэрэнхоролоо нарт холбогдуулан гаргасан “Орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх...” тухай нэхэмжлэлийг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаснаар 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/12159 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 28 дугаар тал/
Мөн М.Дарамбазар нь Л.Эрдэнэбатад холбогдуулан “орон сууцны бэлэглэлийн гэрээ болох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-263 тоот, Ү-2204009535 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/20364 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 62-64/
Иргэн М.Дарамбазар нь Л.Эрдэнэбат, Ч.Цэрэнхоролоо нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03086 дугаар шийдвэрээр Л.Эрдэнэбат, Ч.******* нарыг эрэн сурвалжилахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар энэ маргааны зүйл үндэслэлийн талаар өөр хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч М.Дарамбазар нь иргэн Л.Эрдэнэбат, Ч.******* нартай орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэж байсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч энэ үйл баримт нь нэхэмжлэгч М.Энхболорын өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн №2201009535 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Энхболорын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.*******гийн М.Дарамбазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Энхболороос Ч.Ганболдод олгосон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байх хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр М.Энхболороос Ч.Ганболдод шүүхэд төлөөлөх эрхийг олгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М.Энхболорын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн №2201009535 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот орон сууцыг хариуцагч М.Дарамбазарын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй,
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Дарамбазараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Энхболорт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА