Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/00163

 

Ч.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00876 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00779 дүгээр магадлалтай

Ч.Э-гийн нэхэмжлэлтэй,

М-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, А.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Э  хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00876 дугаар шийдвэрээр: Хариуцагч М-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 49,927,196.64 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдол гаргагч Ч.Э-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00779 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-г хариуцагч М-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 51,877,638 төгрөгийг М-ээс гаргуулан Ч.Э-д олгож, Ч.Э-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч М-д даалгаж, 2 дахь заалтын “... дурдсугай.” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 417,338 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Э-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, А.Ц нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00779 дүгээр магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн зүйлийн 172.2.4-д “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүний талаар:

М нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2022.08.16-ны өдрийн хурлын 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралтаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагчийн 1 орон тоог хассан. Дотоод аудит хяналт шалгалтын албанаас ажилтнуудын хувийн хэргийг харьцуулан судалж бага насны хүүхэдгүй, цэргийн тэтгэвэр нь цалин хөлснөөс өндөр, өрхийн орлого алдагдахгүй зэргийг харгалзан нэхэмжлэгчийг орон тооны цомхотголд оруулах санал ирүүлсэн дагуу тушаал гарсан.

Анхан шатны шүүх Ч.Э анкетын хэлбэрээр явуулсан гэсэн нь баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нотлоогүй, хурлын шийдвэр хуурамч болох нь нотлогдохгүй, шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхсан, цэргийн тэтгэвэр авдаг үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь хууль зөрчсөн гэж дүгнэж шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн, хууль хэрэглээний зөрүүтэй байдал бий болсон.

Мөн давж заалдах шатны шүүх А-474 тушаалаар батлагдсан Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журмын ...2.3.1-д заасан “анкет, материалын шалгаруулалтын арга”-аар явуулсан гэж үзэхээргүй байна гэж тус журмын 6.3.1-д заасныг иш татан дүгнэлт хийсэн. Энэ журмын 2.З-д заасан зарчим, арга хэлбэр нь бол 6.3.1-д заасан үйл явцыг зохицуулсан хэм хэмжээ болохыг давж заалдах шүүх анхаараагүй. Мөн нэхэмжлэгч сонгон шалгаруулалтын арга хэлбэр үйл явцын талаар тайлбар болон мэтгэлцээгүйг давж заалдах шатны шүүх анхаарсангүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй бөгөөд ардчилсан, хүмүүнлэг ёсны зарчимтай зөрчилдсөн байна.

Хоёр. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар:

Ажил олгогч 6 ажилтнаас 1 орон тоогоор хасах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван долоодугаар зүйл, мөн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5 ба 11 дэх заалтыг харгалзан бага насны хүүхэдгүй, цэргийн тэтгэвэр нь цалин хөлснөөс өндөр, өрхийн орлого алдагдахгүй зэргийг харгалзан шийдвэр гаргаж байгааг шүүх буруу гэж дүгнэж байгаа нь хуульд нийцсэн эсэх нь асуулт үүсгэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаагаа дуусгавар болгож хуульд заасан нөхцөл болзлыг хангаж мөн зүйлийн 5 заасан харилцааг сонгосон гэж үзнэ. Энэ нөхцөлд ажил олгогч харгалзан бага насны хүүхэдгүй, цэргийн тэтгэвэр нь цалин хөлснөөс өндөр, өрхийн орлого алдагдахгүй зэргийг харгалзан шийдвэрийг буруутгаж байгааг ойлгох боломжгүй байна.

Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5 заасан эрхээ эдэлсэн хүн бусад хүнтэй адил тэгш эрхтэй гэж үзэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж зөв жишиг тогтоох нь ач холбогдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, А.Ц  нарын  хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00745 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, А.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Ч.Э хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... тус замын Ерөнхий хорооны 2022.08.16-ны өдрийн 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралт, “Алба, бие даасан хэлтсийн түвшний орон тооны хуваарь”-ийн 20-д “Дотоод аудит, хяналт шалгалтын алба”-ны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо 6 байсныг 5 болгон цөөрүүлснийг үндэслэн Ч.Э  тэтгэвэр авч байгаа гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт “Ахмад настан тэтгэвэр авч хөдөлмөр эрхэлж болно.” гэж, мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт “Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн.” гэж тайлбарласан,

Хариуцагч эс зөвшөөрч “... Дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоог цөөрүүлсэнтэй холбоотой 9 ажилтнуудад анкетын аргаар судалгаа хийхэд тус албанд ажиллаж буй ажилтны дундаж наслалт 22-55 насны хооронд, тэдгээр нь дунджаар 0-15 насны хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлтэй ажилтан байсан ба ажил үүргийн гүйцэтгэл, ур чадварын хувьд зөрүү байхгүй. Харин Ч.Э нь 2018.09.01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан тэтгэвэр авдаг, сар бүр 2,375,000 төгрөгийн орлоготой байсан учраас Ч.Э-гээс бусад 5 байцаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар саналаа Хүний нөөцийн албанд хүргүүлсэн. Иймд Ч.Э-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Ч.Э-гийн ажиллаж байсан Дотоод аудит хяналт шалгалтын алба 2022.10.12-ны өдөр дотооддоо тухайн албаны орон тоо нэгээр хасагдсантай холбогдуулан хуралдаж, анкетын аргаар сонгон шалгаруулалт судалгаа хийснийг хэлэлцэж цэргийн тэтгэвэрт гарсан, цэргийн тэтгэвэр авч байгаа Ч.Э-ийг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөх, нэр бүхий 5 ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ хүний нөөцийн албанд хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ч.Э нь дээрх судалгаа болон хурлын шийдвэрийн талаар мэдэгдээгүй, шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны дараа мэдсэн, нөхөж гүйцэтгэсэн хуурамч баримт гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараар нотлохоор шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй байна. 2022.09.01-ний өдөр дугаар А/166 тоот М-ын даргын Бүтэц зохион байгуулалт, орон тоог батлах тушаал, хавсралт, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2022.08.16-ны өдрийн хурлын 4 дүгээр тогтоолын 13 дугаар хавсралт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны хурлын тэмдэглэл шийдвэр, талуудын тайлбараар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо хасагдаж цөөрсөн болох нь тогтоогдож байх тул 2022.10.13-ны өдрийн дугаар Б/1/ 523 тоот М-ын даргын Ч.Э-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал хуульд заасан журмын дагуу гарсан хуулийн үндэслэлтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай Ч.Э-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэжээ.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас тус журмын 2.3.1-д заасан “Анкет, материалын шалгаруулалтын арга”-аар албаны хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг явуулсан гэж үзэхээргүй байна. Учир нь: журмын 6.3.1 дэх заалт нь сонгон шалгаруулалтад оролцож буй ажилтнуудын бичиг баримтын боловсруулалт, хувийн хэрэгт байвал зохих баримтын үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлсэн эсэхийг нь харьцуулан сонгон шалгаруулах арга байхад, ажилтны хувийн байдал буюу нэхэмжлэгч цэргийн тэтгэвэр авдаг, бага насны хүүхэдгүй зэргийг харьцуулсан нь уг сонгон шалгаруулалтын аргад хамаарахгүй байна. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд тэтгэвэр авагч хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн бөгөөд ажилтан тэтгэвэр авч байгаа нь түүний Хөдөлмөрийн тухай хуульд заасан аливаа эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг хуульчилсан. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч цэргийн тэтгэвэр авдаг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болгосныг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг нас.. ”-аар нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлахыг хориглох зохицуулалтыг ажил олгогч зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэхээр байна.” гэж үзжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр  зүйлийн 80.1.1, 145 дугаар зүйлд заасныг зөрүүтэй хэрэглэж, ялгаатай шийдэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

11. Хэргийн баримтаас үзэхэд, Ч.Э нь М-тэй 2020.10.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Дотоод аудит, хяналт шалгалтын албанд дотоод хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаад тус замын даргын 2022.10.13-ны өдрийн Б/I/523 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан цуцалж ажлаас чөлөөлөгдсөн байна. (1хх-ийн 42, 54-59)

12. Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд М-ийн даргын 2022.09.01-ний өдрийн А/688 дугаар бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах тухай тушаалаар дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн орон тоо 6 байсныг 5 болгон нэгээр цөөрүүлсэн болох нь тогтоогдсон.

“Орон тоо цөөрүүлэх" гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгодог ба орон тоо цөөрүүлсэн хэрэгцээ шаардлага, бодит үндэслэл байсан эсэх талаар буюу А/688 дугаар тушаалын талаар зохигч маргаагүй байна. Харин цэргийн тэтгэвэр авдаг нэхэмжлэгчийг орон тоо цөөрсөнд хамааруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан ялгаварлан гадуурхалт болох эсэх талаар маргажээ.

13. Ажил олгогч 2022.10.13-ны өдрийн 24/120 дугаар албан бичгээр дотоод хяналт шалгалтын байцаагч нарт М-ийн даргын 2022.09.01-ний өдрийн А/688 дугаар бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах тухай тушаалаар дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн орон тоо хасагдсан талаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

14. Дотоод аудит хяналт шалгалтын алба 2022.10.12-ны өдөр тус албаны орон тоо нэгээр хасагдсантай холбогдуулан хуралдаж, анкетын аргаар сонгон шалгаруулалт судалгаа хийснийг хэлэлцэж нэхэмжлэгч Ч.Э  нь цэргийн тэтгэвэрт гарсан, цэргийн тэтгэвэр авч байгаа, бага насны хүүхэдгүй, бусад байцаагч нар нь бага насны хүүхдүүдтэй, шууд ажилгүй болох нь аж амьдралд нь хүнд тусах зэрэг шалгуураар харьцуулан түүнийг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Э  нь 2,375,722 төгрөгийн тэтгэвэр авдаг талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл хэрэгт авагдсан байна.

Иймд ажил олгогч М-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо цөөрсөн үндэслэлээр замын даргын 2022.10.13-ны өдрийн Б/I/523 дугаар тушаалаар ажилтан Ч.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.

15. Ажил олгогч зөвхөн цэргийн тэтгэврээс гадна бусад нөхцөл байдлыг харгалзаж үзсэн байхад давж заалдах шатны шүүх “... хариуцагч нь нэхэмжлэгчийг цэргийн тэтгэвэр авдаг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан ялгаварлан гадуурхахыг хориглоно гэснийг зөрчсөн. Мөн хуулийн 145 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрлөх эрхтэй байхад нэхэмжлэгчийг зөвхөн насаар нь хязгаарлаж ажлаас чөлөөлсөн.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00779 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М нь 2024.05.24-ний өдөр 417,338 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ЭРДЭНЭСУВД

                                                       ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

                                                                                    Н.БАЯРМАА  

                                                                                    П.ЗОЛЗАЯА 

                                                                                    Д.ЦОЛМОН