Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 108

 

Капитал банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00765/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 752 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Д-д холбогдох

          “59.142.481 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч С.Д-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвнасан нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсаэн төлөөлөгч Д.Пүрэвнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайванаас:

            Хариуцагч С.Д- нь “Анод” банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №13070702 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Анод” банкнаас шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээн авснаас зээлдэгч нь тус зээлийн үндсэн зээлээс огт төлөөгүй, зээлийн хүүд 2.500.000 төгрөг төлсөн байна. “Анод” банк болон Капитал банкны хооронд байгуулсан эрх шилжих гэрээгээр С.Д-гийн зээл нь Капитал банканд шилжиж ирсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 17.486.600 төгрөг, хүү 12.465.488 төгрөг, нотариатын зардал 6.500 нийт 29.958.548 төгрөгийн зээлийг хүлээн авсан. Гэтэл зээлдэгч С.Д- нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ор сураггүй алга болон банкийг хохироосон. Иймд хариуцагч С.Д-гээс үндсэн зээл 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.281.481,40 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 59.142.481,40 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос зээлийн төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

            2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Д- 17.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 2,20 хувийн хүүтэйгээр “Анод” банкнаас зээлж авсан. Ингээд 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2008 оны 12 дугаар сарыг дуустал нийт 2.560.000 төгрөгийн зээл төлсөн. Тухайн үед “Анод” банк дампуурч иргэн С.Д-д дампуурсан талаар ямар ч мэдэгдэх хуудас хүргүүлээгүй. 2014 онд Капитал банканд эрх шилжсэн гэдгийг мэдсэн. С.Д- Капитал банкнаас дуудсаны дагуу очиж уулзахдаа зээлийн төлбөрт 2.500.000 төгрөгийг төлсөн. Нийт зээлийн төлбөрт 5.060.000 төгрөг төлсөн. Уг төлсөн мөнгө үндсэн зээл болох 17.500.000 төгрөгөөс хасагдаж, үлдэгдэл зээлийн төлбөр 12.440.000 төгрөг болох ёстой. 12.440.000 төгрөгийн 2 жилийн хүүд 6.568.320 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэхээр 6.220.000 төгрөг, нийт 25.288.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 752 дугаар шийдвэрээр:

             Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Д-гээс 27.458.548 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож, 31.683.933 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох С.Д-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2003008105 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 6 дугаар байр 43 тоот 28 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 453.662 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч С.Д-гээс 295.243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банканд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Д- давж заалдсан гомдолдоо:

Би нийт 17.500.000 төгрөгөөс, 5.060.000 төгрөг, хүүд зээлийн гэрээний эрх Капитал банканд шилжсэний дараа 2.500.000 төгрөг, “Анод” банк дампуурахаас өмнө 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн тул 17.500.000 төгрөгийн 2 жилийн хугацааны хүү 9.240.000 төгрөг, үүнээс хүүд 5.060.000 төгрөг төлж, үлдэгдэл хүү 4.480.000 төгрөг үлдсэн ба үндсэн зээлээс 7.500.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4.180.000 төгрөг, нийт 14.180.000 төлөх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацаа 2 жил бөгөөд энэ хугацаа нь 2009 онд дууссан тул үүнээс хойших хүү, алданги тооцох үндэслэлгүй юм. Мөн “Анод” банк нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.Д-гийн зээлийн үүргийг балансын гадуурх авлага гэж тодорхойлон Капитал банк шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар “Анод” банк С.Д- нарын хооронд үүссэн гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсон тул Капитал банк зээлийн гэрээний дагуу хүү нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвнасан давж заалдсан гомдолдоо:

Капитал банк нь “Анод” банктай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан С.Д-гийн зээлийг худалдан авсан бөгөөд зээлдэгч С.Д- нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүүг Капитал банканд төлөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс “Анод” банк шаардах эрхээ Капитал банканд шилжүүлснээр С.Д-гийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэтээр дүгнэж 31.683.933 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хасаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбар нь хариуцагч С.Д-д холбогдуулан 59.142.481,40 төгрөгийг нэхэмжлэхдээ зээлийн гэрээний төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилжээ.

Хариуцагч үндсэн зээл болох 17.500.000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 5.060.000 төгрөг хасагдаж, үлдэгдэл зээлийн төлбөр 12.440.000 төгрөгийн 2 жилийн хүүд 6.568.320 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэхээр 6.220.000 төгрөг, нийт 25.288.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх хариуцагч С.Д-гээс 27.458.548 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож, 31.683.933 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Капитал банк шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар “Анод” банк С.Д- нарын хооронд үүссэн гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсон тул Капитал банк зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж гомдол гаргажээ.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хүүд 2.500.000 төгрөг төлсөн болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хариуцагч С.Д- нь “Анод” банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №13070702 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна.

 “Анод” банк болон Капитал банкны хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эрх шилжих гэрээгээр С.Д-гээс авах балансын гадуурх  авлага 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 29.958.548 төгрөгийн өр Капитал банканд шилжжээ.

Иймээс дээрх гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн байна гэж үзнэ.

Зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээүй үүрэг зөрчигдсөн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153, 156-д заасантай нийцсэн байна.

Харин хавтаст хэргийн 45-55 хуудсанд авагдсан хариуцагч С.Д-гээс Анод банканд зээлийн хүү төлсөн тухай баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж, 2.630.843 төгрөгийг хасч тооцохоор анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295.450 төгрөгийг түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 316.368 төгрөгийг төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 752 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

            “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Д-гээс 24.827.705 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож, 34.314.776 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж,

            3 дахь заалтын:

“...хариуцагч С.Д-гээс 295.243 төгрөгийг гаргуулж” гэснийг “...хариуцагч С.Д-гээс 282.089 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 316.368 төгрөгийг төрийн сангийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                    ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА                             

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ