Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00307

 

К Б ХХК-ийн Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 752 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар магадлалтай,

К Б ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй

С.Д-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 59.142.481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Э.Г, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн Дархан салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хариуцагч С.Д- нь Анод банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №13070702 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Анод банкнаас шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээн авснаас зээлдэгч нь тус зээлийн үндсэн зээлээс огт төлөөгүй, зээлийн хүүд 2.500.000 төгрөг төлсөн байна. Анод банк болон К Бны хооронд байгуулсан эрх шилжих гэрээгээр С.Д-гийн зээл нь К Банд шилжиж ирсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 17.486.600 төгрөг, хүү 12.465.488 төгрөг, нотариатын зардал 6.500 нийт 29.958.548 төгрөгийн зээлийг хүлээн авсан. Гэтэл зээлдэгч С.Д- нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ор сураггүй алга болон банкийг хохироосон. Иймд хариуцагч С.Д-гээс үндсэн зээл 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.281.481,40 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 59.142.481,40 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос зээлийн төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Д- 17.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 2,20 хувийн хүүтэйгээр Анод банкнаас зээлж авсан. Ингээд 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2008 оны 12 дугаар сарыг дуустал нийт 2.560.000 төгрөгийн зээл төлсөн. Тухайн үед Анод банк дампуурч иргэн С.Д-д дампуурсан талаар ямар ч мэдэгдэх хуудас хүргүүлээгүй. 2014 онд К Банд эрх шилжсэн гэдгийг мэдсэн. С.Д- К Бнаас дуудсаны дагуу очиж уулзахдаа зээлийн төлбөрт 2.500.000 төгрөгийг төлсөн. Нийт зээлийн төлбөрт 5.060.000 төгрөг төлсөн. Уг төлсөн мөнгө үндсэн зээл болох 17.500.000 төгрөгөөс хасагдаж, үлдэгдэл зээлийн төлбөр 12.440.000 төгрөг болох ёстой. 12.440.000 төгрөгийн 2 жилийн хүүд 6.568.320 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэхээр 6.220.000 төгрөг, нийт 25.288.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 752 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Д-гээс 27.458.548 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К Бны Дархан салбарт олгож, 31.683.933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох С.Д-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2003008105 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 6 дугаар байр 43 тоот 28 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 453.662 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч С.Д-гээс 295.243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Банд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Д-гээс 24.827.705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К Бны Дархан салбарт олгож, 34.314.776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж, 3 дахь заалтын ...хариуцагч С.Д-гээс 295.243 төгрөгийг гаргуулж гэснийг ...хариуцагч С.Д-гээс 282.089 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 316.368 төгрөгийг төрийн сангийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу гэрээ хийсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн мөртлөө Анод банк ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Д-гийн 17.486.600 төгрөг, 6500 төгрөгийн нотариатын зардап, 12.465.488 төгрөгийн балансын гадуурх авлага гэж тодорхойлон К Б ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар Анод банк, зээлдэгч С.Д- нарын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон тул К Бинд зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5.281.481 төгрөг, эрх хүлээн авагчаас шилжүүлэн авснаас хойшхи хүү 26.408.694 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэнг давж заалдах шатны шүүхээс хуульд нийцүүлэн шийдвэрт өөрчлөлт оруулалгүй Иргэний хуулийн 451, 453-д заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь тухайн гэрээг байгуулагдсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчид шаардах эрх хэвээр хадгалагдаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болох юм. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дүнгээс хасч шаардлага гаргасан 2.500.000 төгрөгийг дахин хасч шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг хохироож байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болохоор заасан байдаг. К Б нь Анод банктай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан С.Д-гийн зээлийг худалдан авсан бөгөөд зээлдэгч С.Д- нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүүг К Бинд төлөх үүрэгтэй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Анод банк шаардах эрхээ К Бинд шилжүүлснээр С.Д-гийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэтээр дүгнэж 31.683.933 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд ээс Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хасч шийдвэрлэсэнг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар хариуцагч С.Д-гээс зээл 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.281.481 төгрөг, нотариатын зардалд 20.000 төгрөг, нийт 59.142.481 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч 25.288.000 төгрөг төлөхийг  зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаж, нэхэмжлэлийн хангасан хэмжээг багасгаснаас гадна хууль хэрэглэх асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

1. К Б ХХК болон  Анод банк ХХК-ийн хооронд  байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр тус банк нь Анод банк ХХК,  С.Д- нарын хоорондох 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13070702 тоот зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ, зээлийн үүргийг хангуулахаар мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Анод банк ХХК нь зээлэхээр хэлэлцэн тохирсон 17.500.000 төгрөгийг С.Д-д шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу, үндсэн зээл 17.500.000 төгрөг, сар бүр 2.2 хувийн зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлжээ. Иймд нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй.

2. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

Зээлийн гэрээ 24 сарын хугацаатай байгуулагдсан тул хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна. Хуульд зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг  3 жилийн буюу 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор шаардах эрхтэй хэдий ч шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлээ гаргажээ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн  бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин шинээр тоолох нөхцөл бүрдэхийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан байна.

Шаардлага гаргах хуульд заасан хугацаа дуусахаас өмнө буюу 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр К Б ХХК хариуцагч С.Д-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан, тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах ажиллагааг хийх үүргийг Цагдаагийн байгууллагад даалгасан, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Нөгөө талаар хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн төлбөрт 2.500.000 төгрөг төлснийг зохигч маргаагүй байна. Эдгээр нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх хуульд заасан үндэслэл болсныг хоёр шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

3. Хэргийн баримтаас үзвэл К Б ХХК нь Анод банк ХХК-с үндсэн зээл 17.486.600 төгрөг, хүү 12.465.488 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 29.958.548 төгрөгийн шаардах эрх шилжүүлэн авсан боловч нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд  29.190.135 төгрөг нэмж нэхэмжилсэн байна. 

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо К Б ХХК шаардах эрх шилжүүлэн авснаар Анод банк ХХК болон С.Д- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилждэг ба  мөн хуулийн  453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шаардах эрх шилжүүлэн авсан К Б ХХК нь эрх шилжүүлэгч Анод банк ХХК-ийн хариуцагч С.Д-д гаргаж болох бүх шаардлагыг гаргах эрхтэй болно.

Харин хэргийн баримтаар Анод банк ХХК-ийн зээлийн гэрээний хавсралт буюу зээлийг хэрхэн буцаан төлөх хуваарь авагдаагүй, шаардах эрх шилжүүлэн авахаас өмнөх тооцоолол болоод уг эрхийг шилжүүлснээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо тодорхой болоогүй байх хэдий ч хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд дээрхи байдлыг харгалзан нэхэмжлэлээс нийт 24.827.705 төгрөг гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 329.524 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ