Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2017/00903

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2017/00903

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/0765/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ......, .................... ХХК-ийн байр, ........... банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ......, .............................. тоотод оршин суух ......... овгийн С-ийн Д- /РД:ТД74111361/-д холбогдох 59.142.481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С- овогтой Д- нь ...... банкнаас 2007 оны 11 сарын 28-ны өдөр ..............тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй зээл авсан байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ..............тоот барьцааны гэрээ байгуулж, ......, ..................................... тоот 28,0 мкв талбайтай ... өрөө орон сууцыг тус барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2009.11.28-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...... банкнаас шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээн авснаас хойш тус зээлийн үндсэн зээлээс огт төлөөгүй, зээлийн хүүнд 2,500,000 төгрөг төлсөн байна. ...... банк нь С.Д-д холбогдуулан 2012.09.27 өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдлээр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч иргэн С.Д- нь бүртгэлтэй оршин суух хаягтаа амьдардаггүй гэх тул эрэн сурвалжилах хүсэлт гаргасан. 2011 оны 10 сарын 20 өдрийн ...... банк болон .............. банк нарын хооронд байгуулсан гэрээгээр С.Д-гийн зээл нь ....... банкинд шилжиж ирсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 17,486,600 төгрөг, хүү 12,465,488 төгрөг, 6500 нотариатын зардал нийт 29,958,548 төгрөгийн зээлтэй хүлээн авсан. Гэтэл зээлдэгч болох С.Д- нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ор сураггүй алга болон банкыг хохироож байсан бөгөөд банкны зүгээс зээлдэгчийн оршин суугаа хаягийг олж тогтоосны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд өмнө нь зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, олдохгүй байсан тул нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Иймд С.Д-гээс үндсэн зээл 17,486,600 төгрөг, зээлийн хүү 36,374,142.50 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5,281,481 төгрөг 40 мөнгө, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 59,142,481.40 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос зээлийн төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Д- ...... банкнаас 20017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалан 17.500.000 төгрөгийн зээл 2 жилийн хугацаатай 2.20%-ийн хүүтэйгээр авсан. Үүнээс 2014 онд 2.500.000 төгрөг үндсэн зээл төлсөн. Мөн ...... банканд хүү болон хүүгийн авлага нэмэгдүүлсэн хүү зэргээр нийт 5.109.329 төгрөг тушаасан 2010 онд ...... банк дампуурсан ба зээлтэй холбоотой бичиг баримт хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар хугацаа их алдсан. Зээл төлөх талаар надад албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. ...... банкны нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт төлсөн 7.609.329 төгрөгийг авсан. Үндсэн зээлээс хасаж 9.890.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............. банк нь хариуцагч С.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 17.486.600 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 36.374.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5.281.481 төгрөг, нийт 59.142.481 төгрөг гаргуулах, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч С.Д- нь ...... банктай 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13070702 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, 17.500.000 төгрөгийг, сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйл ажиллагааны зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд С.Д-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн .................... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн ......ын ...дүгээр хороолол ... дугаар байр ... тоот 28 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, уг гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдөр дуусах байжээ.

...... банк ХК нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр .............. банк ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, С.Д-гийн зээлийн үүргийг 2011 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар үндсэн зээл 17.486.600 төгрөг, 6.500 төгрөгийн нотариатын зардал, 12.465.488 төгрөгийн балансын гадуурх авлага гэж тодорхойлжээ \хх 6\.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.2.-т шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж зааснаас үзвэл шаардах эрх шилжүүлэх тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардагдахгүй ч ийнхүү эрх шилжиж буй талаар түүнд зайлшгүй мэдэгдэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ийнхүү шаардах эрх шилжүүлж авсан талаар .............. банк ХХК хариуцагч С.Д-д Шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.7.-д заасны дагуу мэдэгдэх ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна. Учир нь ........... банкны Дархан-Уул салбараас С.Д-д холбогдуулан дээрх гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр ........... банкны Дархан-Уул салбарын хүсэлтийн дагуу хариуцагч С.Д-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн газарт даалгасан байна. /хх 15-16/ Түүнчлэн хариуцагч С.Д- нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны уг зээлийн хүүнд 2.500.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 55/

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар хариуцагчийн хүү төлсөн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч С.Д-нь 17.500.000 төгрөгийг 24 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хуваарь, эргэн төлөх дүнгийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээж, хэрэв үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч зээлдэгч Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэд үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул тэднийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлдэгч С.Д- үндсэн зээлээс 5.200.000 төгрөг төлсөн хэмээн кассын орлогын ордер /хх 44-54/ -ыг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтаас үзэхэд Капитал банканд шаардах эрх шилжихээс өмнө зээлдэгч зээлийн хүү төлсөн баримтууд болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна

 

Иймд хариуцагч С.Д-гээс үндсэн зээлийн төлбөр 17.486,600 төгрөг, зээлийн хүүний төлбөр 36.374.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5.281.481 төгрөг, нийт 59.142.481 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Зохигч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч .............. банк нь хариуцагч С.Д-гийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна

 

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагчаас үндсэн зээлд 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.281.481 төгрөг, нийт 59.142.481 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....... банкинд олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нотариатын зардалд 20.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч нийт нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн сангийн 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны төлсөн улсын тэмдэгтийн хураамж 453.663 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан аваагүй хэмээн Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолтыг нэхэмжлэлд хавсаргажээ. /хх 10/ Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 21ний өдрийн ..... дугаартай захирамжаар энэхүү улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453.663 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 453.662 төгрөг нөхөн төлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Д-гээс 59.142.481 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... банкинд олгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох С.Д-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн .................... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн ......ын ...дүгээр хороолол ... дугаар байр ... тоот 28 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 453.662 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч С.Д-гээс 453.662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....... банкинд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ