Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 136/2018/00266/и |
Дугаар | 202/МА2018/00031 |
Огноо | 2018-10-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 202/МА2018/00031
2018 10 03 202/МА2018/00031
Н.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2018/00305 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-5 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 38 настай, Д овогт Н-ын Ц /РД:ЛБ80011.../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуульд холбогдох,
Ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оноос хойш тус сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байсан юм. Гэтэл захирал Н.Оюунбуд нь албан тушаалаа ашиглан ажлын байран дээр удаа дараа дарамтлан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б10 тушаалаар ялгаварлан гадуурхан ажлаас халсан юм. Иймд ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Сахилгын шийтгэл оногдуулсан 2018 оны 03 сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг сахилгын шийтгэл хүлээсэн ажилтан болох Н.Ц-д огт танилцуулаагүй, мэдэгдээгүй, Н.Ц нь энэ талаар одоо ч мэдэхгүй байх ба уг тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг аваад мэдсэн. 2018.03.19-ний өдөр сахилгын арга хэмжээ авахдаа сонсох ажиллагаа зохион байгуулаагүй, өөрөөр хэлбэл ажилтан Н.Ц нь сахилгын ямар зөрчил гаргасны улмаас түүнд захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан талаар хуульд заасны дагуу ажилтанд мэдэгдэж, танилцуулаагүй хууль зөрчсөн байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018.03.19-ний өдрийн Б/04 тушаал үндэслэлгүй юм.
2018.05.24-ний өдрийн түвшин тогтоох шалгалтын материалыг дуу хөгжмийн багш Б, Ц нар өөр өөрсдийн хичээл заадаг ангийн шалгалтын материалаа өөрсдөө зассанаа хүлээн зөвшөөрдөг ба Н.Ц-гийн хувьд ЕБ-ын ... дугаар сургуулийн бүхий л арга хэмжээ, тэмцээн уралдаанд урдаа барьдаг, юм юманд сургуулиа төлөөлж оролцдог сурагч болох О-ын ээжийн зүгээс О-ыг тэмцээн уралдаанд оруулж хичээлд суулгахгүй байж хүүхэд муу гаргалаа гэж загнадаг учраас багш хүний хувьд сурагчаа бодоод ганцхан О-ын материалыг зассаны төлөө буруутгаж, дуу хөгжмийн багш Б би анх өөр өөрийн хичээл заадаг ангиа засчихъя гэхэд нь зөвшөөрөөд хичээл ордог ангиа зассан....би анх санаачилсан...материалаа үзэхэд муу байхаар нь хүүхдүүдээр нөхөж бичүүлсэн... гэж үнэнээ хэлсээр байтал Ц ч адил ийм зүйл хийсэн гэсэн байр сууринаас хандаж, Н.Ц багшид хийгээгүй, гаргаагүй үйлдлийнх нь төлөө дарамт шахалт үзүүлж, ялгавартай хандаж хууль бус, үндэслэлгүй арга хэмжээ авч ажлаас халсан байдаг. Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн захирлын гаргасан дуу хөгжмийн багш Н.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаал үндэслэлгүй тул түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын ... дугаар сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтаар ажил олгогч санаачлан цуцлах болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлууд, сургуулийн ёс зүйн хорооны дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн сургуулийн захирлын Б/28 тоот тушаалаар авсан сахилгын шийтгэл, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн сургуулийн Б/4 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан нь эдгээр нотлох баримтуудаар нотлогдоно. Сургуулийн захиргаанаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн сургуулийн хөндлөнгийн түвшин тогтоох шалгалтаар багшийн стандарт хангалтын түвшинг тогтоохоор 6 дугаар ангийн 2 бүлгийн хүүхдүүдээс дуу хөгжмийн хичээлээр шалгалт авсан. Уг шалгалтын материалыг 2 багшаар өөр өөрийн хичээл ордоггүй ангийг сольж засуулахаар сургалтын менежерээс үүрэг өгсөн. Гэтэл Н.Ц, Б нар өөр өөрийн ангийн материалыг засч, шалгалтаа хангалтгүй өгсөн сурагчдын дүнг засахын тулд нөхөж бичүүлсэн нь багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн. Н.Ц-гийн гаргасан энэ зөрчил болох өмнөх шийтгэл оноосон зөрчлүүд нь тус сургуульд мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн гэрээний 3.2.с, 3.2.j, 3.2.k, 3.2.g, 4.4, 4.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар бүлгийн 8.2, 8.3.2, 8.5.8, 8.6 дахь заалтуудыг зөрчсөн байх тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 2-рт заасан “Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдах шалгуур, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангаагүй тохиолдолд байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн хөдөлмөрийн хууль болон хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлагыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай Н.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Учир нь:
Нэг. Нэхэмжлэгч Н.Ц-г Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын …. дугаар сургуулийн захирлын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.С, 3.2.j, 3.2.к, 3.2.д, 4.4, 4.5.в, Дотоод журмын 8 дугаар бүлгийн 8.2, 8.3.2, 8.5.8, 8.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 2017 оны 10 сарын 25-ны өдөр, 2018 оны 03 сарын 19-ний өдөр, 2018 оны 06 сарын 15 өдөр тус тус сахилгын зөрчил гаргасан гэж үзэж сахилгын арга хэмжээ авсан ба 2018 оны 03 сарын 19-ний өдөр сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг ажил олгогч танилцуулсан болон нэхэмжлэгчийн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, улмаар сахилгын арга хэмжээ авсан талаар нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хурлын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.
Харин шүүхээс Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн Б/15 тушаалд дурдсан үндэслэлүүдээс Хөдөлмөрийн гэрээний 3.2.с-д заасан "Суралцагчдын нийгэм соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг, эх асран хамгаалагчийнх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийнх нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлан гадуурхаж сурлагын амжилтыг бодитой үнэлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь гэрч Д.Б-ийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын .....дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2018.05.30-ны өдрийн 07 дугаарт хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Н.Ц-гийн хэлсэн тайлбараар шалгалтаа хангалтгүй хийсэн сурагчдын дүнг засахын тулд нөхөн бичүүлж, засварласнаа хүлээн зөвшөөрсөн тул сахилгын зөрчил гаргасан нь нотлогдож байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гэрч Б-ийн мэдүүлэгт ... сурагч О, О, бас нэг эмэгтэй сурагч, үзэгний өнгө таарахгүй байсан гээд бас нэг сурагч нийт 4 сурагчийн талаар мэдүүлсэн байдаг мөн ... тэр шалгалтын материал нь засагдаагүй материал байсан учир хэдэн хүүхдийн, хэдэн материал засагдсаныг мэдэхгүй, хоосон байсан материалууд бөглөгдсөн байсан хэн хэний материал хоосон байгаад нөхөн бичсэнийг тухайн үед хараагүй гэж гэсэн ба гэрч Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүйн дээр гэрч болох сурагч О-ын мэдүүлэгт ... би шалгалтын дараа Ц багштай уулзаагүй, багш намайг дуудаагүй, шалгалын материалыг нөхөж бичүүлээгүй ... гэсэн мэдүүлгээр гэрч Б-ийн мэдүүлэг үгүйсгэгддэг ба нөхөж бичсэн гэх сурагчдыг нэрээр нь заагаагүй нэг эмэгтэй сурагч, үзэгний өнгө таараагүй гэсэн бас нэг сурагч гэх зэргээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заалгүй мэдүүлсэн байхад шүүх үүнийг багш Н.Ц нь шалгалтаа хангалтгүй хийсэн сурагчдын дүнг засахын тулд нөхөн бичүүлсэн гэж буюу олон тоон дээр авч үзэж сурагчдын материалыг зассан болох нь тогтоогдсон талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж гэрч Б, О нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, түүнд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгсөн болох хариуцагч талын нөхөн бичүүлсэн гэж үзээд байгаа сурагч О-ын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийсэнгүй. Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-т зааснаар суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх нь багшийн үүрэг юм.
Хоёр. Ерөнхий боловсролын ....... дугаар сургуулийн 2018.05.30-ны өдрийн 07 дугаарт хурлын тэмдэглэлээс харахад багш Н.Ц нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн ба 2018.05.30-ны өдрийн хурал бол сахилгын зөрчлийг шийдсэн хурал байгаагүй ба хурлаас багш Н.Ц-г багшийн ёс зүй зөрчсөн үү, үгүй юу гэдгийг “Багш, ажилчдын ёс зүйн хороо"-гоор шийдвэрлүүлэхээр шийдсэн хурал байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2007 оны А/41 тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ийг мөн уг сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар хүчингүй болгож, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, уг ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталсан. Энэ БСШУС сайдын баталсан 2007 оны А/41 хүчингүй болсон тушаал болон шинээр батлагдсан 2018 оны А/243 тушаалуудад багш нь нөгөө багшийнхаа “багшийн ёс зүй" зөрчсөн асуудлыг хэлэлцэхийг хязгаарлаад зогсохгүй тусдаа багшийн ёс зүй зөрчсөн асуудлыг шийдвэрлэж дүгнэлт гаргах эрх бүхий аймагт Боловсрол соёл урлагийн газрын дэргэд багш, эцэг эх, төрийн захирааны төлөөлөл оролцсон 9-11 хүний бүрэлдэхүүнтэй “Ес зүйн зөвлөл” ажиллаж шийдвэрлэж байхаар заасан.
Гэтэл Ерөнхий боловсролын ..... дугаар сургууль болон сургууль доторх ёс зүйн хорооны дарга нь энэ тушаал болон багшийн ёс зүйн дүрмийг шинэчлэгдсэн талаар огт мэдэхгүй байсан ба 2007 оны А/41 тушаалаар сургууль дотроо ёс зүйн хороо байгуулж, багш нь нөгөө багшийнхаа ёс зүй зөрчсөн асуудлыг хэлэлцсэн. 2018 оны 06 сарын 12-ны өдөр 3 дугаар сургуулийн ёс зүйн хороо хуралдаад Н.Цг БСШУССайдын 2018 оны 05 сарын 01-ний өдөр хүчингүй болсон Багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байна гээд дүгнэлт гаргаж сургуулийн удирдлагад хүргүүлсэн байдаг. Энэ хууль бус хорооны, хууль бус хэдхэн хүн ярилцаад л гараар бичсэн дүгнэлтийг үндэслээд Н.Ц багшийг ёс зүй зөрчсөн байна гээд 2018 оны 06 сарын 15-ны өдөр сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзээд ажлаас халсан байдаг.
Хэдий төрийн байгууллага нь албан хаагчийн тооноос хамаараад дотроо ёс зүйн хороо байгуулж болох боловч ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тухайд тухайн салбарын сайдаас тусдаа нарийвчлан зохицуулаад хаана, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллах, ямар журмаар хэрхэн яаж ажиллаж, багшийн ёс зүйтэй холбоотой асуудлаар шалгалт явуулах зэргээр нотлон тогтоох ажиллагааг хийх талаар зохицуулсан ба хамгийн гол нь хөндлөнгийн хяналт шалгалт гэдэг үүднээс багш нь багшаа ёс зүй зөрчсөн гэдгийг тогтоох, хувийн амбиц нөлөө үүсэхээс сэргийлэх байдлаар хөндлөнгийн 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар зохицуулсан байдаг.
Анхан шатны шүүхээс 3 дугаар сургуулийн доторхи ёс зүйн хорооны 2018.06.12-ны өдрийн нэхэмжлэгч Н.Ц-гийн багшийн ёс зүй зөрчсөн талаарх дүгнэлтийг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх" гэж зааснаар хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2018/00305 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд урьд нь Ц багшийн сургалтын менежерээр олон жил ажиллахдаа түүнтэй ойлголцож, урам дэм өгч ажиллуулдаг байсан. Захирал болсноос хойш Ц багш үүрэг даалгавар биелүүлэхгүй, сахилгын зөрчил гаргаад байсан. Эгчийн хувиар ганцаарчлан уулзаад, чи ингээд байна шүү гэж хэлээд, сануулаад явсаар болохгүй болохоор нь 2017.10.25-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийг хуралдуулсан, Ц багш ийм ийм 16 зөрчил гаргасан байна гэж энэ тэмдэглэл дээр тодорхой байгаа. Тэр хуралдаанаар сахилгын шийтгэл оногдуулъя гээд 3 сар хүртэл цалинг 19%-иар бууруулахаар сахилгын шийтгэл авагдсан. Үүнийг Ц өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2018.03.19-ний өдрийн Б/04 тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цаг ордог багш нарыг О дарга манай өрөөнд дуудуулаад миний өмнө шалгасан. Төлөвлөгөө болон конспект гаргаад ир гэхэд Ц багшид төлөвлөгөө байхгүй. Хүний төлөвлөгөөг канондчихсан байсан. Багш 7 хоногт 40 цагийн ажил гүйцэтгэх ёстой. Үүний 19 цаг нь хичээлээ заана, хичээлээ заахын тулд төлөвлөх ёстой. Энэ сануулах арга хэмжээ авагдсаныг Ц багш сайн мэдэж байгаа. Ц багш манай бичиг хэргийн ажилтнаас надад ямар арга хэмжээ авах гэж байна гэж асуухад нь бичиг хэргийн ажилтан маань сануулах арга хэмжээ авагдаж байгаа гэхэд Ц багш баярлаж байсан. Хөндлөнгийн түвшин тогтоох шалгалт нь хүүхдүүдэд энэ багш хэр мэдлэг олгож вэ гэдгийг шалгах шалгалт байдаг. Тэр шалгалт хүүхдийн дүнд төдийлөн нөлөөлөх шалгалт биш. 5-6 дүн авч байж тэр хүүхдийн улирлын дүн гарах ёстой. Энэ хөндлөнгийн шалгалтаар багшийн үр дүн тооцогддог. Шалгалтыг өөр мэргэжлийн багш авдаг. Тэр багшаас сурагчдыг тааруу өгсөн талаар мэдээд, 6а ангид ороод сурагчдыгаа дуудаад О-ын дүнг засуулсан байгаа. Ер нь бол хүүхдүүдийн шалгалтын материалыг засуулсан байгаа. Тэгээд захирлын дэргэдэх зөвлөлөө хуралдуулсан. Багшийн ёс зүйн дүрмийн 41 дүгээр зүйлийг үндэслэж анх ёс зүйн хороог байгуулсан. Миний хувьд хууль ёсны арга хэмжээ авсан. Энэ хүнд 3 удаагийн шийтгэл оногдуулаад 2018.06.15-ны өдрийн Б/15 тушаалаар ажлаас чөлөөлсөн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.05.30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад багш Ц зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна гэж шүүх дүгнэсэн ба 2018.05.30-ны өдрийн хурал бол сахилгын зөрчлийг шийдсэн хурал байгаагүй, багшийн ёс зүй зөрчсөн үү, үгүй юу гэдгийг багш, ажилтны ёс зүйн хороогоор шийдвэрлэсэн хурал байдаг. Үүнээс авч үзэхэд нотлох баримтыг шинжлэн судлахдаа сахилгын зөрчил гаргасан юм уу, үгүй юм уу гэдгийг авч хэлэлцээд ер нь бол сахилгын зөрчил гаргасан байна гэж тухайн хуралд оролцсон багш нар 100% үзсэн байдаг. Тухайн тушаал гаргахдаа агуулга нь сахилгын зөрчлийг давтан гаргасан байна гэж үзэж ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Үүн дээр Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Сахилгын зөрчил болгон дээр сахилгын шийтгэл авсан байхыг шаардахгүй, сахилгын зөрчил нь тогтоогдсон байхыг шаарддаг. 2017.10.25-ны өдөр үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 19%-иар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Өмнөх сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын арга хэмжээ авагдсан байдаг. Мөн 2018.03.19-ний өдрийн тушаалыг анхан шатны шүүх дүгнэсэн боловч Б, Б нарын мэдүүлгээр сахилгын арга хэмжээ авсан гэдгээ мэдсэн болох нь тогтоогддог. 2018.05.30-ны өдрийн хуралдаанаар энэ хүн хэд хэдэн удаагийн зөрчил гаргасан, үүрэг даалгавар биелүүлээгүй, менежерийн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй, өөрөө өөрийнхөө ангийн шалгалтын материалыг зассан болох нь тогтоогддог. Хийгээгүй сурагчийн материалыг нөхөж бичүүлсэн. Ийм 2 зөрчил хуралдаанаар тогтоогдсон. Конспект төлөвлөгөөгүй хүн сурагчдад ямар хичээл заах нь ойлгомжтой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан байгаа. Гэтэл энэ хүний сахилгын шийтгэлгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад дахин давтан сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр зөв учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Ц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын ....... дугаар сургуулийн захиргаанд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаал /хх-39/, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот /хх-5/ тушаалуудад гомдол гаргаж, ажлаас буруу халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн захирал Н.О эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Ц-г сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан гэж маргажээ.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэгч Н.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн эс зөвшөөрч “...сахилгын зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй..., хууль бус ёс зүйг хорооны ... дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй.” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг гаргажээ.
Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захиргаа нь тус сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаалаар /хх-5/ нэхэмжлэгч Н.Ц-г дуу хөгжмийн багшийн ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.c, 3.2.j, 3.2.k, 3.2.g, 4.4, 4.5b, Дотоод журмын 8.2, 8.2.3, 8.5.8, 8.6-д заасныг тус тус үндэслэж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/28, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш эрхэлсэн ажилдаа хариуцлага алдаж ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзжээ.
Эндээс үзвэл ажил олгогч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиргаа нь ажилтан буюу нэхэмжлэгч Н.Ц-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохын зэрэгцээ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох, ажилтан ийнхүү сахилгын зөрчил гаргасан нь нотлогдон тогтоогдсон байх ёстой.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Цд ажил олгогч буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 тоот тушаалаар /хх-38/ үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 19 хувиар бууруулах, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тушаалаар /хх-39/ сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 тоот тушаалын хувьд маргаагүй тул тэрээр энэхүү тушаалд заасан сахилгын зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалыг гардаж аваагүй, танилцаагүй гэсэн үндэслэлээр уг тушаалд гомдол гаргасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тэрээр тушаалыг гардаж аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, гэрч Б.Баярцэцэг /хх-116-118/ уг тушаалыг нэхэмжлэгч Н.Ц-д танилцуулсан тухай мэдүүлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажил олгогчийн шийдвэрт ажилтан гомдол гаргаж болох бөгөөд энэ утгаараа тухайн шийдвэрийг ажил олгогч ажилтанд гардуулан өгснөөр ажилтны энэхүү гомдол гаргах эрх нь хангагдах бөгөөд улмаар хариуцагчийн төлөөлөгч нь уг тушаалыг нэхэмжлэгчид гардуулан өгөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч уг тушаалд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагчийн төлөөлөгч уг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ “ажил мэргэжлийн дагуух шаардлагыг хүлээж аваагүй зүй бус харьцсан...” гэж заасан атлаа энэ талаар шүүхэд “... хичээлийн төлөвлөгөө хийгээгүй, БСГ-ын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн, БСГ-т хичээлийн талаарх бичлэгийг шинээр хийлгүй хуучин бичлэг явуулсан“ зэрэг сахилгын зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбар гаргасан нь ойлгомжгүйн гадна дурдсан зөрчлийг ажилтан буюу нэхэмжлэгч Н.Ц гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.
Тухайлбал хариуцагч талаас дээрх байдлыг нотлохоор “сургуулийн үйл ажиллагаанд өгөх зөвлөмж” /хх-41/ бичгийн нотлох баримтыг ирүүлсэн байх боловч нь энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй,
мөн “багш нарын мэргэжлийн шалгалтын дүн” бичгийн нотлох баримтыг /хх-123-124/ Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас ирүүлсэн, гэрч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ /хх-137/ “...багш Н.Ц сургалт дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагааны хичээлийн төлөвлөгөө хийгээгүй...” гэж мэдүүлсэн хэдий ч эдгээр нь дээрх тушаалын үндэслэлд заасан “ажил мэргэжлийн дагуух шаардлагыг хүлээж аваагүй зүй бус харьцсан” гэсэн агуулгад нийцээгүйн улмаас дурдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй болно.
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч буюу ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаалд заасан “... эрхэлсэн ажилдаа хариуцлага алдаж ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” буюу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн сургуулийн хөндлөнгийн түвшин тогтоох шалгалтаар багшийн стандарт түвшинг тогтоохоор дуу хөгжмийн хичээлээр авсан шалгалтын материалыг өөрийн хичээл заадаггүй ангийн шалгалтын материалыг засах буюу 2 багшийг материалаа сольж засахыг үүрэг болгосон байхад сольж засаагүй, сурагчдын дүнг засахын тулд шалгалтын даалгаврыг нөхөж бичүүлсэн зөрчил гаргасан, энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан үүргээ зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч буюу багш Н.Ц нь уг шалгалтын материалыг нөгөө багштайгаа сольж засаагүй, өөрийн хичээл ордог ангийн материалыг зассан, улмаар сурагчийн шалгалтын даалгаврыг нөхөж бичүүлсэн зөрчил гаргасан болох нь гэрч Д.Батцэнгэлийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-136/, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын ...дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-43-49/ болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Нэхэмжлэгч буюу ажилтны хүлээх үүргийг хариуцагч буюу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хх-3-4/ 2.2.1-д “ажилтан ажлын байрны тодохойлолтод заагдсан үүрэгт ажлыг бүрэн, чанартай хийж гүйцэтгэнэ” гэж заасны гадна 3.2 дугаар зүйлийн с-д “Суралцагчдын ... сурлагын амжилтыг бодитой үнэлэхгүй байх, g-д “... сургалтын үйл явцад идэвхигүй хандах”, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын /хх-17-34/ 8.5.8-д “ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдах” зэрэг зөрчлийг сахилгын зөрчилд тооцож сахилгын шийтгэл хүлээлгэхээр зааж, улмаар ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэртээ дээрхийг үндэслэжээ.
Гэрч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-136/ болон зохигчдын тайлбараас үзэхэд сургуулийн хөндлөнгийн түвшин тогтоох шалгалт гэдэг нь сурагчдаас шалгалт авч багшийн ур чадварыг үнэлэх зорилготой гэж ойлгогдох бөгөөд энэ утгаараа тухайн багшийн хичээл ордоггүй ангийн сурагчдын шалгалтын даалгаврыг дүгнэх тухай удирдлагын үүрэг чиглэл дээрх шалгалтын агуулга зарчимд нийцсэн байх ба харин нэхэмжлэгч Н.Ц уг үүрэг чиглэлийг зөрчиж өөрийн хичээл ордог ангийн сурагчдын шалгалтын даалгаврыг дүгнэсэн нь түүнийг дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан үүргээ биелүүлэлгүй, эдгээрт заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзнэ.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар /хх-59/ Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн ёс зүйн хорооны үйл ажиллагаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-д тус тус нийцээгүй нь тогтоогдсон байх боловч энэ нь нэхэмжлэгч Н.Ц-г буюу ажилтныг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Учир нь ажилтан нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч Н.Ц-гийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан сахилгын зөрчил нь зөвхөн ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд буюу хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрч Д.Батцэнгэлийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.
Дээрх бүгдээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа буюу 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сахилгын зөрчил гаргаж, энэхүү зөрчилд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогч сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т заасантай нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолд дурдаагүй үндэслэлээр буюу улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтад хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн талаар дурдахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулахаар шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д.Батцэнгэл, Ц.А, Л.С нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51.4-т заасан “ тэмдэглэлийг ... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна” гэсэн журамд нийцээгүй буюу тэмдэглэл нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн атлаа нэмэлт асуулт гэсэн тусдаа хэсэгтэй үйлдэгдсэн, мөн тэмдэглэлийг үйлдэхдээ бичгийн өөр өөр хэлбэрээр гараар бичсэнээс шүүгч, шүүгчийн туслах нарын хэн нь үйлдсэн тодорхойгүй, мөн санал авсан шүүгч гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй зэрэг алдаа гаргасан байгааг магадлалд тэмдэглэв.
Дээрх алдаа нь хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу дурдсан гэрчүүдийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болсон байх боловч хэргийн болон маргааны үйл баримтууд нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2018/00305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 ...” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Н.БАТЧИМЭГ