Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01519

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

                          181/ШШ2021/01519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:“Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ХХК/РД: 5532612/-д холбогдох

 

427 485 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, гэрч Ш.Баттүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК нь “М” ХХК-тай 2013 оны 04 сарын 08-ны өдөр 18/13 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх” гэрээг байгуулсан.

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал болох “М” ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороололд 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 8 барилга үүнээс суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэлх 6 барилга, суурийн цутгалт хийгдсэн 2 барилгыг тус тус барих ажлыг гүйцэтгэх, захиалагч тал болох “Б” ХХК нь 36,958 м.кв талбайн ажлын үнэд 566,447.70 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн билээ.

“Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Захиалагч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр урьдчилгаанд 150,000 ам.долларыг төлөх бөгөөд цаашид давхар бүрийг хүлээлцсэн акт үйлдмэгц төлбөрийг хуваан төлөх талаар” тохиролцсон болно. Тус гэрээнд заасны дагуу захиалагч “Б” ХХК нь урьдчилгаа төлбөр болох 150,000 ам.долларыг “М” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 2013 оны 04 сарын 09-ний өдөр гүйцэтгэгч “М” ХХК-ийн Хас банкин дахь 5000737580 тоот дансанд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.

Гэвч гүйцэтгэгч “М” ХХК-ийг төлөөлж манай байгууллагатай гэрээ байгуулсан ерөнхий захирал Ш.Ариунаа гэх этгээд нь урьдчилгаа мөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойш холбоо тасарч, тус компани нь ажлаа хийхгүй ор сурагггүй алга болсон юм.

Ингээд манай компани нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “М” ХХК-ийн захирал Ш.Ариунаагийн гэрээгээр халхавчлан хуурч мэхлэн, залилан мэхэлж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасны дагуу Цагдаагийн байгууллагаас 2016 оны 03 сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан билээ.

Улмаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 392 дугаар прокурорын тогтоолд тус хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг “М” ХХК-ийн захирал Ш.Ариунаа нь үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан” гэх үндэслэлийг дурдаж хэргийг хааж шийдвэрлэсэн.

Гүйцэтгэгч компани болох “М” ХХК нь манай компанийг залилан мэхэлж буюу Эрүүгийн хуулийг зөрчиж, залилангийн гэмт хэрэг үйлдэж анхнаасаа барилга барих санаагүй, үнэн санаасаа биш, хууль бус хэлцэл хийх зорилготой байсан нь тогтоогдож байгаа тул “М” ХХК-тай 2013 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан 18/13 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх” гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Хууль зүйн үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.1., 56.1.4., 56.5.., мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, мөн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэлээр тус тус шаардаж байгаа бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монгол банкнаас зарласан төгрөгтэй харьцах ам.долларын хаалтын ханш болох 2 849.90/хоёр мянга найман зуун дөчии есөн төгрөг ерэн мөнгө/-ийг 150,000 ам.долларт хөрвүүлсэн дүн нь 427,485,000/дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг болж байна.

Иймд 2013.04.08-ны өдөр байгуулагдсан 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай хүчин төгөлдөр бус хэлцлийн хохирол болох 150,000 ам.доллар буюу 427,485,000/дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг “М” ХХК-иас буцаан гаргуулж, “Б” ХХК-д олгож өгнө үү.гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч О.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдааныг хэлэлцэж, нотлох баримтыг ч нэг бүрчлэн шинжлэн судаллаа, холбоглох гэрчийг ч асуулаа. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч аль аль нь шүүх хуралдаанд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Тийм учраас хариуцагч талын гаргасан тайлбар болгон үнэн зөв гэж харж байна. Ш.Ариунаа гэдэг хүн ч хэрэг шалгаж байх явцад гэрчээр мэдүүлэг өгсөнг ч үнэн зөв гэж ойлгож байгаа. Үүнээс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ анхнаасаа тухайн ажлыг хийх санаа зорилго байгаагүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа манайх барилгыг барина гээгүй, манайх зөвлөх үйлчилгээ үзүүлэх байсан гэсэн зүйл хэлсэн. Гэрч Ш.Баттүшиг гэрчийн мэдүүлэг өгөхдөө монгол компани хэрэгтэй болоод Ш.Ариунаа “М” ХХК-ийн нэр дээр гэрээ хийж мөнгийг нь авсан гэдэг зүйл ярьлаа. Тэгэхээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байгаа үед түүний үндсэн дээр үүрэг үүссээгүй гэсэн асуудал байхгүй. Иймд хариуцагчийн хэлээд байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг зүйл яригдахгүй. Анхнаасаа энэ гэрээ нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ биш байсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Учир нь энэ нь бусдыг хууран мэхлэх замаар мөнгө авсан учраас нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг зөрчиж байгаа юм. Хууль зөрчиж байгаа гэдэг нь мэдээж залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг ойлгож байгаа. Мөн дур үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Гэрч Ш.Баттүшиг ч хэлж байна, өөрсдөө ч хэлж байна. Манайх анхнаасаа барилга барих зорилгогүй байсан, зөвлөх үйлчилгээ үзүүлэх байсан гэх мэтчилэн хэлж байна. Иймээс энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн төлбөрөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байгаа. Нөгөө талаар Вао Жиминд тухайн 150,000 ам.долларыг өгчихсөн гэдэг зүйл хэлээд байдаг. Тэгэхээр Вао Жиминд тухайн мөнгийг авсан талаар нотлох баримтаар нотлогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс “М” ХХК-д холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. Нэхэжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай хүчин төгөлдөр бус хэлцлийн хохирол болох 150,000 ам.доллар буюу 427,485,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 392 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор хариуцагч компанийн захирал Ш.Ариунаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар анхнаасаа барилга барих санаагүй, үнэн санаасаа биш, хууль бус хэлцэл хийх зорилготой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хүчин төгөлдөр бус хэлцлийн хохиролд дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талуудын байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдаагүй байна. Тодруулж хэлбэл, нэхэмжлэгч компани тухайн ажил гүйцэтгэх гэрээг өөрийн үзэмжээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, улмаар түүний хохиролд мөнгөн хөрөнгө шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлд хавсаргасан Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 392 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Ш.Ариунааг дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээг байгуулах замаар “Б” ХХК-ийг залилан мэхэлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон асуудал биш юм. Харин прокурорын газраас “эрүүгийн 201626030462 дугаартай хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бөгөөд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хааж шийдвэрлэсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, 14 дэх хэсэгт “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” талаар зохицуулсныг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан прокурорын тогтоолыг харьцуулж үзвэл, Ш.Ариунаа нь бусдыг залилан мэхэлсэн үйл баримт тогтоогдоогүй, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахтай холбоотой шаардлага байхгүйгээс гадна, түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байдаг. Шүүхээс талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй байхад түүний үр дагавар, хохирлыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй юм.

“Б” ХХК нь 2013 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, улмаар гэрээний төлбөрийг хариуцагч хүлээн авсан үеэс эхлэн харилцаа холбоогүй болсон, анхнаасаа тухайн ажлыг хийж гүйцэтгэх санаа зорилго байхгүй, залилан мэхлэх зорилгоор гэрээг байгуулсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани гэрээ байгуулж, төлбөр шилжүүлснээс хойш сураггүй алга болсон этгээдэд холбогдуулан ямар учраас 3 жилийн дараа буюу 2016 онд бусдад залилуулсан асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хандсан нь ойлгомжгүй байна. Улмаар залилан мэхэлсэн гэх хариуцагч компанийн захирал Ш.Ариунаа нь тухайн гомдолтой холбогдуулан тайлбар, мэдүүлэг өгсөөр байхад ямар учраас 3 жилийн дараа буюу 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан зэрэг асуудал нь ойлгомжгүй байна.

Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “тогтоосон журмаар нэхэмжпэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд үүнээс өмнө шүүхэд нэхэмжпэл гаргасан баримт байхгүй. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаад "тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...” гэдэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг харьяалах шүүхэд, гадаад худалдааны арбитрын тухай хуульд заасан журмын дагуу арбитрт нэхэмжлэл гаргасан байхыг ойлгоно.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөхтэй холбоотой хариуцагчийн зүгээс аливаа хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй.

Иймд хариуцагч “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх бөгөөд нэхэмжпэл хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгч М.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар талуудын тайлбар нь өөрөө нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвлөх үйлчилгээ байсан, удирдлагаар хангах чиг үүрэгтэй байсан, Вао Жиминг барилга барих статустай байсан гэдэг тайлбарыг хэллээ. Дээрээс нь гэрч Ш.Баттүшиг ч хэллээ. Гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгч талын тайлбаруудаас үзвэл хүсэл зориг нь мэдээж гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл анхнаасаа ажиллах биелэгдэх ёсгүй хэлцэл бол биш юм. Ийм ч үндэслэл байхгүй. Нэг талаасаа Вау Жиминг ажиллах хүчийг бий болгох, нөгөө талаасаа захиалагч тал болсон. Ингэснээр талуудын хүсэл зориг нийлээд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдчихсан. Гэрээ цаашид хэрэгжээгүй асуудал нь Вау Жиминг гэдэг хүнтэй холбоотой. Түүнээс биш гэрээ хэрэгжээгүй нөхцөл байдлыг судлахгүйгээр нэг ч хадаас хадаагүй болгон залилангийн шинжтэй гэмт хэрэг биш юм. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас мөнгөө нэхэмжлээд байгаа юм гэдэг тайлбар хэлсэн. Тэгэхээр гэрээний үүрэг шаардаад байгаа юм уу, гэрээний бус үүрэг шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхой биш. Хэрвээ гэрээний үүрэг шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа чинь дуусгавар болчхоод байгаа юм. Гэрээний бус үүрэг шаардаад байгаа бол нөгөө талаасаа Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн бол энэ нь хөдөлбөргүйгээр нотогдон тогтоогдчихсон байх ёстой. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэмт үйлдэгдсэн тогтоогдсон байхаас биш нотлох баримт байхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан ямар хууль зөрчсөн эсэхийг тодруулах гэтэл Иргэний хуулийг зөрчсөн гэж хариулсан. Тэгээд эргүүлээд Иргэний хуулийг зөрчсөн гэдэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хууль зөрчиж байна гэж тайлбарлаад байх шиг байна. Тэгэхээр үүнээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээг биелүүлээгүйтэй холбоотой шаардлага гаргаад байгаа юм биш үү. Дээрээс нь хэрвээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд байгаа бол энэ талаар шүүхэд тогтоож өгөөч ээ гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах байсан юм. Нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон баримт нэг ч байхгүй. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нотлох баримт байхгүй байхад хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 150 000/нэг зуун тавин мянга/ ам.доллар буюу 427 485 000/дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч компани ажил гүйцэтгэх гэрээг өөрийн үзэмжээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, улмаар түүний хохиролд мөнгөн хөрөнгө шардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №18/13 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан болох нь №18/13 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус гэрээний 1-ийн 1.1, 1.2, 4-ийн 4.2, 5-ын 5.3-т зааснаар хариуцагч нь гэрээнд заасан барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх, барилга угсралтын нийт талбай нь 36 958/гучин зургаан мянга есөн зуун тавин найм/ метр квадрат байх ба ажлын зардал, хөлс нийт төлбөр 2 458 689.84/хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга зургаан зуун наян ес зууны наян дөрөв/ ам.доллар, гэрээт ажлыг хийж гүйцэтгэж эхлэх хугацаа нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, нэхэмжлэгч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр урьдчилгаанд 150 000/нэг зуун тавин мянга/ ам.доллар олгох үүргийг тус тус хүлээсэн болох нь №18/13 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан №18/13 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн нэхэмжлэхийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид Гэрээт ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 150 000/нэг зуун тавин мянга/ ам.доллар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, № 0000000014 төлбөрийн даалгаврын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь одоог хүртэл Гэрээнд заасан ажлыг эхлүүлэн ажлыг гүйцэтгээгүй байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулсан нь тодорхой үр дүнд хүрэх буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт заасан ажил гүйцэтгэх, ажлын үр дүнд хүрэх зорилгогүй байсан болох нь 2013 оноос хойш Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж эхлээгүй байгаа болон гүйцэтгэх эсэх талаар тайлбар гаргаагүй эс үйлдлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориггүй хийгддэг ба хариуцагч нь Гэрээг гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор байгуулсан байх тул Гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хэлцлээр шилжүүлсэн зүйл болох 150 000/нэг зуун тавин мянга/ ам.доллар буюу 427 485 000/150000x2849.90=427485000/ /дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл нь хийсэн үеэс хүчин төгөлдөр бус тул Гэрээ хүчин төгөлдөр бус байх нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн 2016 онд цагдаагийн байгууллагад хандаж, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 201626030462 дугаартай хэргийг хаасан болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 392 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь иргэний журмаар шаардах эрх үүссэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш тус шүүхэд хандсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас нийт 427 485 000/дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас нийт 427 485 000/дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 295 375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 295 375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ