Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01609

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01609

 

 

Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК-д холбогдох,

Гэрээний дагуу шилжүүлсэн 150,000 ам.доллар буюу 427,485,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б ХХК нь М ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 18/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал болох М ХХК Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 8 барилга үүнээс суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэлх 6 барилга, суурийн цутгалт хийгдсэн 2 барилгыг тус тус барих ажлыг гүйцэтгэх, захиалагч тал болох Б ХХК нь 36.958 м.кв талбайн ажлын үнэд 566,447.70 ам долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Захиалагч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр урьдчилгаанд 150,000 ам.долларыг төлөх бөгөөд цаашид давхар бүрийг хүлээлцсэн акт үйлдмэгц төлбөрийг хуваан төлөх талаар тохиролцсон. Тус гэрээнд заасны дагуу захиалагч Б ХХК нь урьдчилгаа төлбөр болох 150.000 ам.долларыг М ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэгч М ХХК-ийн Хас банкин дахь 5000737580 тоот дансанд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Гэвч гүйцэтгэгч М ХХК-ийг төлөөлж манай байгууллагатай гэрээ байгуулсан ерөнхий захирал Ш.А- урьдчилгаа мөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойш холбоо тасарч, тус компани ажлаа хийхгүй ор сурагггүй алга болсон. Ингээд манай компани Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст М ХХК-ийн захирал Ш.А-гийн гэрээгээр халхавчлан хуурч мэхлэн, залилан мэхэлж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасны дагуу Цагдаагийн байгууллагаас 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 392 дугаар прокурорын тогтоолд тус хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг М ХХК-ийн захирал Ш.А- үйлдсэн нь тогтоогдсон боловч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч компани болох М ХХК манай компанийг залилан мэхэлж буюу анхнаасаа барилга барих санаагүй, үнэн санаасаа биш, хууль бус хэлцэл хийх зорилготой байсан нь тогтоогдож байгаа тул М ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 18/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Анх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар шаардаж байснаа өөрчилж хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу хууран мэхэлж хийсэн хэлцэл хэмээн шаардаж байгаа болно. Прокурорын тогтоолоор хууран мэхэлсэн нь тогтоогдсон, уг тогтоол хүчинтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол банкнаас зарласан төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2849,90 байх тул 150,000 ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 427,485,000 төгрөг байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 150,000 ам.доллар буюу 427,485,000 төгрөгийг М ХХК-аас буцаан гаргуулж, Б ХХК-д олгож өгнө үү. БНХАУ-ын иргэн БЖМ-ийн тухайд хариуцагч талын туслан гүйцэтгэгч тул хариуцагч өөрөө туслан гүйцэтгэгчтэй асуудлаа тусдаа шийдэх ёстой.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 392 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг үндэслэл болгон хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэлд хавсаргасан дээрх прокурорын тогтоолоор хариуцагч компанийн захирал Ш.А-г Б ХХК-ийг залилан мэхэлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон асуудал биш. Харин прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Ш.А-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэргүй тул хууран мэхэлсэн нь тогтоогдсон тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Түүнээс гадна эрүүгийн журмаар гэрээний хүчин төгөлдөр байдлыг шийдвэрлээгүй. Талууд анх 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар урьдчилгаа 150,000 ам долларыг хүлээн авсанд маргахгүй. Анх БНХАУ-ын иргэн БЖМ- болон Б ХХК нар уг барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд монгол компани хэрэгтэй болсноор гэрээг манай компанийн нэрээр хийсэн. Нэхэмжлэгч нь түүнтэй олон жил байнга хамтран ажилладаг байсан, танилууд болох нь эрүүгийн хэргээс ирүүлсэн Б ХХК-ийн захирал Б.М-ийн мэдүүлгээр нотлогдоно. Түүнчлэн, авсан мөнгийг БНХАУ-ын иргэн БЖМ- руу шилжүүлсэн, тэрээр 2013 ондоо Монгол Улсаас гарч яваад буцаж ирээгүй байдаг. Тийм ч учраас нэхэмжлэгч 2013 онд гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлснээс хойш хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж байгаагүй хэрнээ гэнэт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссаны дараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлсэн хэлцэл байхын тулд анхнаасаа санаатайгаар бодит үнэн байдлыг далдалж хууран мэхлэх зорилгоор гэрээ байгуулсан байх ёстой. Түүнчлэн, хэрэв хууран мэхлэгдсэн гэж үзвэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар зохицуулсан ч нэхэмжлэгч ийнхүү шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч тал хэлцлийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хоорондох хэлцэл хууран мэхэлсэн биш, харин гэрээний үүрэг хэрэгжээгүйгээс өгсөн мөнгөө буцаан шаардах ёстой байтал ингэж шаардаагүй. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэргийг шийдвэрлэх учиртай тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 427,485,000 /дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч, Б ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,365,575 /2,295,375+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,365,575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн хүрээнд мэтгэлцсэн. Тодруулбал, хэлцэл хийгч тал хууран мэхлэх, үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож баталж, нотлохыг оролдох, бодит үнэн нөхцөл байдлыг далдлах, нуун дарагдуулах үйлдэл байсан эсэх, улмаар гэрээний бус үүргийн талаар маргасан. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй талаар тайлбарласан боловч шүүх мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага нь иргэний эрх зүйн хамгаалалт гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардсан тохиолдолд талуудын нотолгооны үүргийн хуваарилалт өөр байхыг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Тодруулбал, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нөхцөлд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагаа нь гэрээний бус үүрэгтэй холбоотой татгалзлалаас өөр байх ба шүүх Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, тэдгээрийн тэгш байдал хангагдах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж бичсэнээр ажил гүйцэтгэх гэрээний үүргээ М ХХК нь зөрчсөн учир гэрээг цуцалж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар 150,000 ам.доллар буюу 427,485,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бол хариуцагчаас татгалзлалын үндэслэлд хамаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийлгэх хүсэлтийг гаргах байсан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1546 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Дээрх магадлалд дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнд хамаарах үйл баримт тодорхой бус гэх нөхцөл байдал арилаагүй, тухайн магадлалын заалт биелэгдээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

4.б. Эрүүгийн хэрэгт өгсөн нэхэмжлэгч байгууллагын захирал Б.М-, хариуцагч байгууллагын захирал Ш.А- нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар үнэлэх нь учир дутагдалтай.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох ба гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шүүхээс танилцуулж, энэ талаар баримт үйлдэх талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтыг Б.М- болон Ш.А- нарт танилцуулаагүй атлаа тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Хэрэгт авагдсан Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Б.М- нь тухайн байгууллагын захирал мөн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс хэргийн үйл баримтын талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар зэрэгт дурдсаар байхад үүнийг нотолгооны хэрэгсэл гэж үзэлгүй, эрүүгийн хэрэгт өгсөн түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хариуцагч талаас талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр, хүчинтэй талаар нэг ч удаа тайлбар хийгээгүй бөгөөд шүүхээс энэ талаар тодруулаагүй болно. Гэтэл шүүх тухайн гэрээг хүчин төгөлдөр гэх хариуцагчийн татгалзлал үндэслэлтэй гэж тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч удаа хийгдэж байгаагүй татгалзлал, тайлбарыг шийдвэрийн үндэслэлээ болгосонд гомдолтой байна.

Тодруулбал, хариуцагч компанийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэж байгаа бол яагаад мөн зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй талаар мэтгэлцсэн болно. Үүгээр нэхэмжлэгчийн шаардах эрх, түүнд тооцогдох хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлалын үндэслэлийг илтэд гуйвуулж, ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр гэх тайлбар нь үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн, анхан шатны шүүх нэгэнт талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн атлаа шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэрт дээрх байдлаар буюу ...гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн тухай тайлбар үндэслэлтэй. Талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т ажил гүйцэтгэх хугацааг 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд байхаар заасан тул шүүх маргааны энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу гомдлын шаардлага гаргах хугацааг гэрээний хугацаа дууссан өдрөөс нэг жилийн хугацаа тоологдоно гэж үзэхээр байна... гэж дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлтүүд зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн гэж үзэхээр байна.Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд БНХАУ-ын иргэн ВЖМ туслан гүйцэтгэгчээр үүрэг хүлээсэн талаар нэг ч тайлбар гаргаагүй болно. Гэтэл шүүхийн шийдвэрт ...талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, ажлыг гүйцэтгээгүй явдал туслан гүйцэтгэгч болох БНХАУ-ын иргэн БЖМ-ээс шалтгаалсан үйл баримт тогтоогдож байна. Гэвч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно гэж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасан тул гүйцэтгэгч болох М ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 150,000 ам.доллар буюу 427,485,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн уг хэлцлийг манай компанийн нэр, дансыг ашиглаж БНХАУ-ын иргэн БЖМ-тэй хийсэн хэлцэл бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгэгч тал биш тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Б ХХК нь М ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 8 барилга үүнээс суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэлх 6 барилга, суурийн цутгалт хийгдсэн 2 барилгыг тус тус барих ажлыг гүйцэтгэх, захиалагч тал болох Б ХХК нь нийт 36.958 м.кв талбайн ажлын үнэд 2,458,689.84 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Захиалагч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр урьдчилгаанд 150,000 ам.долларыг төлөхөөр цаашид давхар бүрийг хүлээлцсэн акт үйлдмэгц төлбөрийг хуваан төлөх талаар тохиролцсон, урьдчилгаанд 150,000 ам.долларыг 2013 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр М ХХК-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй байна. /1хх 11-21, 24/

 

3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус компанийн захирал Ш.А-г гэрээгээр халхавчлан хуурч мэхлэн, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх боловч, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 392 дугаар прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /1хх 22-23/

 

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагын захирал Ш.А-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхлэх аргаар хэлцэл хийсэн гэж үзэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 150,000 ам.доллар буюу 427,485,000 төгрөгөө шаардсан байна.

 

4.а. Хариуцагч талаас дээрх гэрээг байгуулах болсон үндэслэлийн талаар БЖМ- гэдэг хүнтэй хамтран ажил гүйцэтгэх гэрээний санал тавьсан байдаг. Энэ үндсэн дээр М ХХК, Б ХХК болон БЖМ- нар хамтран ажиллахаар болсон гэсэн тайлбарыг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан байх бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /1хх 138/

 

4.б. Хариуцагч компани татгалзлын үндэслэлдээ зааж буй гэрээний урьдчилгаанд шилжүүлэн авсан 150.000 ам.долларыг БНХАУ-ын иргэн БЖМ-д, юань болгон хөрвүүлж Мөнгөн гүүр ББСБ-аар дамжуулан шилжүүлсэн, БЖМ- ажиллах хүч оруулж ирнэ гээд сураггүй болсон гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг няцаах үндэслэл биш юм.

 

5. Иймд шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай хэлцлийг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй болно. Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

5.а. Хариуцагч тал дээр дурдсан хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасны дагуу туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө ажил гүйцэтгэгч нь хариуцах ёстой. Гэрээ байгуулагдсанаас хойш 9 жил гаруй хугацаанд ажлыг гүйцэтгээгүй байх тул мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэж гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байх боловч, энэ талаар хийсэн анхан шатын шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад хандах, гомдол гаргах зэрэг үйлдэл хийснээс үзэхэд гэрээний дагуу шилжүүлсэн 150,000 ам.долларыг шаардах эрхээ хэрэгжүүлж байсныг хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,295,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ