Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01546

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01546

 

 

Б.ГХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 6ы өдрийн 181/ШШ2021/01519 дугаар шийдвэртэй, Б.ГХХК-ийн нэхэмжлэлтэй М.И ХХК-д холбогдуулан 427 485 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.ГХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.ГХХК нь М.И ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 18/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал болох М.И ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороололд 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 8 барилга үүнээс суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэлх 6 барилга, суурийн цутгалт хийгдсэн 2 барилгыг тус тус барих ажлыг гүйцэтгэх, захиалагч тал болох Б.ГХХК нь 36,958 м.кв талбайн ажлын үнэд 566 447.70 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт захиалагч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр урьдчилгаанд 150 000 ам.долларыг төлөх бөгөөд цаашид давхар бүрийг хүлээлцсэн акт үйлдмэгц төлбөрийг хуваан төлөх талаар тохиролцсон. Тус гэрээнд заасны дагуу захиалагч Б.ГХХК нь урьдчилгаа төлбөр болох 150 000 ам.долларыг М.И ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гүйцэтгэгч М.И ХХК-ийн Хас банкин дах 5000737580 тоот дансанд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.

Гэвч гүйцэтгэгч М.И ХХК-ийг төлөөлж манай байгууллагатай гэрээ байгуулсан ерөнхий захирал Ш.Ариунаа нь урьдчилгаа мөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойш холбоо тасарч, тус компани нь ажлаа хийхгүй ор сурагггүй алга болсон.

Ингээд нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст М.И ХХК-ийн захирал Ш.Ариунаагийн гэрээгээр халхавчлан хуурч мэхлэн, залилан мэхэлж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг шалгуулахаар гомдол гаргаж, Цагдаагаас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 392 дугаар прокурорын тогтоолоор тус хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг М.И ХХК-ийн захирал Ш.Ариунаа нь үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэх үндэслэлийг дурдаж хэргийг хааж шийдвэрлэсэн.

Гүйцэтгэгч компани болох М.И ХХК нь манай компанийг залилан мэхэлж буюу Эрүүгийн хуулийг зөрчиж, залилангийн гэмт хэрэг үйлдэж анхнаасаа барилга барих санаагүй, үнэн санаанаасаа биш, хууль бус хэлцэл хийх зорилготой байсан нь тогтоогдож байгаа тул М.И ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан 18/13 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Хууль зүйн үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.1., 56.1.4., 56.5., мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, мөн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан хууль зүйн үндэслэлээр тус тус шаардаж байгаа бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монгол банкнаас зарласан төгрөгтэй харьцах ам.долларын хаалтын ханш болох 2 849.90 төгрөгийг 150 000 ам.долларт хөрвүүлсэн дүн нь 427 485 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.ГХХК нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 392 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хариуцагч компанийн захирал Ш.Ариунаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар анхнаасаа барилга барих санаагүй, үнэн санаасаа биш, хууль бус хэлцэл хийх зорилготой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хүчин төгөлдөр бус хэлцлийн хохиролд дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсан байна. Талуудын байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 18/13 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдаагүй. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 392 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол нь Ш.Ариунааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон асуудал биш юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, 14 дэх хэсэгт ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй талаар зохицуулсан. Түүнчлэн, Б.ГХХК-ийн гаргасан нэхэмжлэлд ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахтай холбоотой шаардлага байхгүйгээс гадна, түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.И ХХК-аас нийт 427 485 000 /дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ГХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.ГХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 295 375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 295 375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ГХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа буюу маргааны зүйл болох хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн үйлдэлтэй холбоотой үүсэх үүрэг гэрээний болон гэрээний бус эрх зүйн харилцааны алинд хамаарахыг тодорхойлж чадаагүй. Б.ГХХК, М.И ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, анхнаасаа тухайн ажлыг хийх санаа зорилгогүй бус харин хариуцагчаас зөвлөх үйлчилгээ үзүүлэх байсан, гэрээ хэрэгжээгүй асуудлын хувьд нэхэмжлэгчийн танилцуулсан Bay Жиминээс болсон, түүнээс гэрээ хэрэгжээгүй нөхцөл байдлыг хариуцагч гэрээний үүрэг биелүүлэхтэй холбоотой тайлбарыг гаргаагүй гэж шууд үзэн, улмаар шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй.Шүүх хуралдааны явцад оролцсон гэрч тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу БНХАУ-ын иргэн Вао Жимин нь ажлыг хийж гүйцэтгэж, харин М.И ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах байсан талаар дурдсан. Шүүхээс тухайн гэрээг анхнаасаа хэрэгжүүлэх зорилгогүй, зөвхөн хэлцлийн гадаад хэлбэрийг бий болгох зорилгоор гэрээ байгуулсан гээд ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй хэргийн үйл баримтыг тодруулаагүй. Нэхэмжлэгч Б.ГХХК-ийн гаргасан нэхэмжпэл, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан, түүнд тодруулга хийсэн байдал зэргээс үзвэл, тэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар шаардахдаа прокурорын тогтоолоор тухайн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болсон гэж үзэн улмаар хохирол шаардсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-д зааснаар хохирол шаардсан, эсхүл хэлцлийн улмаас учирсан хохирол нэхэмжилж байгаа эсэх нь тодорхой бус байсан. Ингэснээр маргааны үйл баримтын талаар талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, тэдгээрийн тэгш байдал хангагдах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасантай нийцэх учиртай. Хэрэв нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарласан тохиолдолд хариуцагчийн зүгээс түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Шийдвэрийн тогтоох хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй бичигджээ. Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэлд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1..." гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1... гэж заасан нь ямар хуулийн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэсэн нь тодорхой бус байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Б.ГХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Б.ГХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь тодорхой бус байна. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 01 дүгээр сарын 01- ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэл гаргасан ерөнхий захирал Б.Мөнхтөр нь тухайн компанийн эцсийн өмчлөгч мөн эсэх, дээрх хуульд заасны дагуу эцсийн өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээдээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл авсан эсэх нь тодорхой бус байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн өмчлөх эрхтэй холбоотой компанийн мэдээлэл гэх баримтыг үндэслэн хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Нэхэмжлэгч Б.ГХХК нь хариуцагч М.И ХХК-д холбогдуулан 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 18/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 150 000 ам.доллар буюу 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкны ханш 2 849.90 төгрөгөөр тооцон 427 485 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ. /хх1/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... М.И ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан ерөнхий захирал Ш.Ариунаа нь урьдчилгаа мөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойш холбоо тасарч, ажлаа хийхгүй ор сурагггүй алга болсон. Ш.Ариунаа гэрээгээр халхавчлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг үйлдэж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 392 дугаар тогтоолоор тогтоогдсон. Анхнаасаа барилга барих санаагүй, үнэн санаанаасаа биш, хууль бус хэлцэл хийх зорилготой байсан нь тогтоогдсон. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулна гэж тодорхойлжээ. / хх 1-2/

Хэрэгт Б.ГХХК болон М.И ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 18/13 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан баримт авагджээ. /хх 11-18/

 

Гэрээний нөхцлөөс үзэхэд гүйцэтгэгч М.И ХХК нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7-р хороололд 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 8 барилга үүнээс суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэлх 6 барилга, суурийн цутгалт хийгдсэн 2 барилгыг тус тус барих ажлыг гүйцэтгэх, захиалагч тал болох Б.ГХХК нь ажлын хөлсөнд 566 447 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 13/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 150 000 ам.долларыг М.И ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр М.И ХХК-ийн Хас банк дахь 5000737580 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /хх 24/

 

Гүйцэтгэгч М.И ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж эхлээгүй, гэрээ бодитой хэрэгжээгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 138-140/

 

Хэрэгт М.И ХХК-ийн захирал Ш.Ариунаа нь гэрээгээр халхавчлан, хуурч, залилан мэхэлсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тухай прокурорын тогтоол авагдсан бөгөөд тогтоолд ... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бөгөөд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дүгнэж хэргийг хаажээ. /хх 23/

 

Талууд гэрээ хэрэгжээгүй шалтгаан хэний буруугаас болсон, хариуцагч нэхэмжлэгчийг хууран мэхэлж хэлцэл хийсэн эсэх, үүнтэй холбоотой хэлцэл хүчин төгөлдөр буст тооцох эсэх, эсхүл гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой гэрээний зүйлийг буцаах эсэх, улмаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, асуудлаар маргаантай байна.

Нэхэмжлэгч нь ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийг М.И ХХК-ийн захирал Ш.Ариунаа үйлдсэн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн 150 000 ам.доллар буюу 427 485 000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч нь шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж маргажээ. / хх140/

Хариуцагч мөн шүүхэд гаргасан тайлбартаа уг ажлыг Хятадын компани гүйцэтгэх ёстой буюу өөрийгөө үүрэг гүйцэтгэгч биш гэсэн агуулга зааж байна.

Тодруулбал, гэрээ хэрэгжээгүйд Хятад улсын иргэн Вао Жимин буюу туслан гүйцэтгэгч буруутай талаар хариуцагч тайлбарлажээ. /хх140/

Талууд хэргийн үйл баримтаа тодорхойлсоны үндсэн дээр хуулийг тайлбарлан хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч үйл баримт буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаа нөхцөлд тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Анхан шатны шүүхээс зохигчийн №18/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ нь ажлын үр дүнд хүрэх зорилгогүй, энэ нь 2013 оноос хойшхи эс үйлдлээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна. Гэрээний нэг тал буюу захиалагчийн хувьд ажлын гүйцэтгэлд бий болно гэж үзэж урьдчилгаа төлсөн, нөгөө тал мөнгийг нэхэмжлэлээр хүлээн авсан байхад хүсэл зориг байгаагүй гэж дүгнэх боломжгүй.

Иймд талууд хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй, зөвхөн гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгосон, дүр эсгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ залилан мэхэлсэн гэх агуулгаар тайлбарласан байхад анхан шатны шүүх дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, анхнаасаа байгаагүй нөхцөл байдлыг илэрхийлдэг.

 

Харин нэхэмжлэгчийн хариуцагч 150 000 ам.доллар аваад л холбоо тасарсан, Эрүүгийн цагдаад шалгуулсан, залилан мэхлэгдсэн гэх үндэслэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсан, эсхүл хариуцагчийн тайлбарт зааж буй өөр этгээд гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой бол төөрөгдөж хийсэн аль нь болохыг тодруулах нь зүйтэй юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн хэлцлийг шүүх талуудаас хүсэлт нэхэмжлэл гарсан эсэхээс үл хамаарч хянан үздэг бол мөн хуулийн 57-60 дугаар зүйлд заасан хэлцлийг сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцдог.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлийг 56.6 дахь хэсгээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх үүргийг зохицуулсан байна.

 

Харин шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцлийн үр дагаварт хамаарах зохицуулалт нь гэрээний бус үүргийн нарийвчилсан хэм хэмжээгээр хангагддаг.

Энэ утгаараа хариуцагчийн анхан шатны шүүх маргааны зүйл болох хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн үйлдэлтэй холбоотой үүсэх үүрэг гэрээний болон гэрээний бус эрх зүйн харилцааны алинд хамаарахыг тодорхойлж чадаагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна. /хх 155-160/

Мөн хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх тодруулаагүй гэж давж заалдах гомдолдоо дурджээ. Талуудын гэрээ хэрэгжээгүйд гэм буруугүй, өөрийнх нь буруугаас болоогүй гэдгээ хариуцагч нотлох үүрэгтэй юм.

Хариуцагчийн ... Улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн хуулийн заалт шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд зөрүүтэй тусгагдсан талаарх гомдол нь энэ хэргийн шийдэлд агуулгын хувьд нөлөөлөхгүй тул хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.ГХХК-ийн төлөөлөх эрхийн талаар хариуцагч гомдол гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнд хамаарах үйл баримт тодорхой бус байгаагаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 6ы өдрийн 181/ШШ2021/01519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 295 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД