Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 132/ШШ2021/00304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.*******т холбогдох

Хохирол 1.618.677 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2021/00187индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Д, нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн *******н дарга ажилтай Цагаан овогтой ыг Булган аймгийн Засаг дарга асан З.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг Ц. эс зөвшөөрч Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Засаг дарга З.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №317 дугаартай Шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Замбал овогт Цагааны ыг Аймгийн музейн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрвөн/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүүгийн гомдлыг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №15 дугаартай магадлалаар хянан хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Ц.ыг нь Булган аймгийн *******н захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагч болох Булган аймгийн *******гээс гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинг буцаан олгохоор шийдвэрлэж, тус шийдвэрээр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1.618.677 төгрөгийг төсвөөс гарган олгож, Ц.ы Хаан банкны 5270327384 тоот данс руу Булган аймгийн *******н 100040035010 дугаартай дансаар дамжуулан 1.618.677 төгрөгийг хийсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй.

Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ******* нэхэмжлэл гаргаж байна.

Ц. нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал болох 1.564.684 төгрөгийг гарган төлүүлэхээр заасан байх ба Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед төрөөс гарсан дараах мөнгө болох 1.618.677 /нэг сая зургаан зуун арван найман мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан иргэн З.*******оос гаргуулж, тус аймгийн Булган *******н 100040035010 дугаарын дансанд оруулж өгнө үү.

******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн ******* газарт Булган аймгийн Санхүүгийн хяналт аудитын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу төр, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Уг хүсэлтэд Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.******* тухайн үед Булган аймгийн *******н захирлаар ажиллаж байсан Т.ыг ажлаас үндэслэлгүй халсан байна. Уг нөхөн олговор болох 1.618.677 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь хариуцагч З.*******ийн ажлаас халсан шийдвэрийг эс зөвшөөрч Т. 2018 онд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 сарын 12-ны өдөр хэлэлцээд 317 дугаартай шийдвэрээр 1.618.677 төгрөгийн нөхөн олговор олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч уг шийдвэрийг эс зөвшөөрч Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тийм учраас төрд учирсан хохирол болох 1.618.677 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Булган аймгийн *******н дансанд шилжүүлэх нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн ******* газраас гаргасан 1.618.677 төгрөг гаргуулж, Булган аймгийн *******н 100040035010 дансанд оруулах агуулгатай шаардлага бүхий нэхэмжлэлийг миний бие эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1.******* нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

Булган аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэж “******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэл гаргажээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн ******* газарт хүргүүлсэн 2021 оны 4 сарын 01-ний өдрийн 26 дугаар албан бичигт / Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу манай байгууллагыг төлөөлж зохигчийн төлөөлөгчөөр оролцож өгнө үү” гэжээ.

Тэгэхээр энэ албан бичиг, прокурорын нэхэмжлэл, доод шатны прокурорт олгосон итгэмжлэл /албан бичиг/ зэрэгт дурдсан үндэслэл, тайлбараас үзэхэд аймгийн ******* газар нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байна уу, эсхүл төрийг төлөөлж өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна уу гэдэг нь зөрчилтэй байгааг шүүх юуны өмнө анхаарч үзэхийг хүсье.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “... хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж зааснаас үзвэл Төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргах /аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт ацдитын алба биш/. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “... гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаас үзвэл аймгийн ******* нэхэмжлэл гаргах, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учирсан хохирлын төлөлтөд хяналт тавьж, ... төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус заасан.

Өөрөөр хэлбэл ажилтны ажилгүй байсан хугацаанд харгалзах цалинг хохирол гэж үзвэл хэнд учирсан, ямар эх үүсвэрээр төлж барагдуулсан зэргээс хамаараад шаардах эрх нь өөр өөр этгээдэд байхаар хуулиудад нарийвчлан зохицуулсан байна.

Гэтэл прокурорын байгууллага нь ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллын хүсэлтээр, ... иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, ... гаргана" гэж ерөнхий зохицуулалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхзүүгийн хяналт аудитын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан төрийн аудитын байгууллага биш.

2.Төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ” гэх асуудалд

Прокурор нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргах үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэн заалтад холбогдуулжээ.

Эдгээр хуулийн заалтаар “төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр буцаан төлүүлэх”-д /шийдвэр гаргасан этгээд нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан, б/ гэм буруу ба хохирлын хэмжээ нь шүүхээр тогтоогдсон байх, в/ гэм хорыг арилгасан байгууллага хохирлыг шаардах нөхцөлүүд бүрдсэн байх шаардлагатай.

Харин миний хувьд, Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар аймгийн *******н дарга Ц.ыг ажлаас нь чөлөөлж байсан.

Ингэхдээ түүний ажлыг шалгасан ажлын хэсгийн илтгэх хуудас болон түүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс судалж танилцуулсан хууль зүйн үндэслэлийг баримталж, шийдвэр гаргасан /энэ талаар захирамжийн хяналтын дагалдах хуудас нотолно/ учраас шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр шийдвэр гаргаж гэм хор учруулсан гэж үзэхгүй байна.

Аймгийн Засаг даргын хувиар гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжид Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг удирдлага болгосон нь буруу, Ц.д холбогдох зөрчил нь 40.1.2-т хамаарна гэж анх ба давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл Ц.ы гаргасан зөрчилд үл тохирох хуулийн заалтыг захирамжид  удирдлага болгосон нь надаас шууд шалтгаалах буюу шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл биш юм. Яагаад гэвэл музейн даргын ажлыг шалгасан ажлын хэсгийн илрүүлсэн зөрчилд тохирох хуулийг зүйл заалтыг Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, мэргэжилтэн судлан боловсруулж, захирамжийн төсөл боловсруулдаг журамтай. Мөн уг захирамжийг гаргахад оролцсон, хууль зүйн үндэслэлийг боловсруулсан төрийн албан хаагчид ч хариуцлага хүлээх зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-29.4 дэх хэсэгт заасныг анхаарна уу.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.ы гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай  магадлалаар тус тус шийдвэрлэхдээ Булган аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, хууль бус эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, гагцхүү Ц.ыг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан.

3. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1-д "... 1.584.684 төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай” гэсэн байтал нэхэмжлэлд “1.618.677 төгрөг” гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрт “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 1.584.684 төгрөг гаргуулах”-аар заасан бол прокурор “аймгийн *******н дансанд оруулах”-ыг шаардсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Ц.ы ажилгүй байсан хугацааны цалинд олгосон 1.564.684 төгрөгийг аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар аймгийн  *******н төсвөөс олгосон болох нь тус музейн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт гэхдээ үнийн дүнг захирамжаас зөрүүтэй бичсэнээр нотлогдоно.

Ц.д дээрх байдлаар олгосон цалинг прокурор төрд учирсан хохирол гэж тодорхойлохдоо аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн музейн алиных нь төсвийн, ямар зардлаар гарсан болох, тэдгээр байгууллагын төсөвт дээрх үнийн дүнгээр авлага үүсгэсэн эсэхийг тодорхойлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй ба Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаас төсвийн байгууллагын зарлагын гүйлгээг холбогдох зориулалт, эдийн засгийн ангиллаар, байгууллагын баталгааг гарын үсгээр шилжүүлдэг.

Хоёр шатны шүүхийн шийдвэр, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаартай захирамжийн дагуу Ц.д олгосон 1.564.684 төгрөг бол аймгийн музейн төсөвт нэгэнт батлагдсан мөнгө байсан учраас төсвийн шууд захирагч нь түүний дагуу зарцуулсан гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл дээрх мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх, нэмэлт зардал гаргах, өр авлага үүсгэх зэргээр төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй тул төрд учирсан хохирол гэж үзэхгүй байна.

Мөн үүнийг төрд учирсан хохирол гэж үзэж буй бол татварын хэлтсийн, эсхүл орон нутгийн холбогдох Төрийн сангийн дансанд шилжүүлэх ёстой байтал “аймгийн музейн дансанд олгох” гэж дурдсан нь “төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нэхэмжлэх” эрх, зарчимд нийцээгүй үйлдэл болжээ гэж үзэж байна.

Иймд Булган аймгийн ******* газрын нэхэмжлэл гаргасныг, гаргасан нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн ******* газар нь хариуцагч З.*******т холбогдуулан хохирол 1.618.677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Булган аймгийн ******* газар нь нэхэмжлэлийн үнлэслэлээ “Булган аймгийн *******н дарга ажилтай Цагаан овогтой ыг Булган аймгийн Засаг дарга асан З.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсныг Ц. эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх Ц.ыг Аймгийн музейн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрвөн/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинтай тэнцэх нөхөх олговрыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулж Ц.д олгосон тул үндэслэлгүй шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан албан тушаалтан З.*******оос хохирлыг гаргуулна” гэж,

Хариуцагч З.******* нь татгалзлын үндэслэлээ “******* байгууллага нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, Ц.ыг ажлаас халах шийдвэр гаргахад Засаг даргын шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй, шүүхийн шийдвэрээр 1.584.684 төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас олгохоор шийдвэрлэсэн байхад 1.618.677 төгрөгийг Булган аймгийн *******нд дансанд оруулах гэж нэхэмжлэлд дурдсан, цалингийн сангаас цалинг олгосон, төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй тул төрд учирсан хохирол гэж үзэхгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Хариуцагч З.******* нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар Булган аймгийн *******н дарга ажилтай Ц.ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ц. нь уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаартай шийдвэрээр Булган аймгийн *******н даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгож шийдвэрлэжээ./хх-ийн 10-12/

Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/51 дугаартай захирамжаар Шүүхийн шийдвэр биелүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21040043 дугаар мэдэгдлийн төлбөр 3.161.878 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилллагааны зардал 30.000 төгрөг нийт 3.191.878 төгрөгийг олгосон болох нь Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/51 дугаартай захирамжийн хуулбар, 132 дугаартай төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8, 15-16/

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар Булган аймгийн Засаг даргын дэргэд ажилладаг ажлын аппаратууд эрхийн актыг боловсруулж, Хууль зүйн хэлтэс хуулийн үндэслэлийг хянаж, хуульд нийцэж байна гэж үзсэн асуудлыг Засаг даргад танилцуулж, Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг бөгөөд Засаг даргын шууд санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй, уг захирамжийг гаргахад оролцсон, хууль зүйн үндэслэлийг боловсруулсан төрийн албан хаагчид ч хариуцлага хүлээх зарчимтай гэж тайлбарласан.

Монгол улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зүйлээс үзвэл Засаг дарга Ц.ыг  ажлаас халсан захирамжийг гаргахад засаг даргын дэргэд ажилладаг ажлын албыг буруутай гэж үзэх боломжгүй.

Тодруулбал Засаг дарга өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх үүрэгтэй ба Засаг дарга үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэний дагуу Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/51 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” захирамжаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21040043 дугаар мэдэгдлийн төлбөр 3.161.878 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилллагааны зардал 30.000 төгрөг нийт 3.191.878 төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байгаа хэдий ч Булган аймгийн *******н данснаас 1.618.677 төгрөгийг Ц.ы дансанд шилжүүлсэн байна.

Булган аймгийн Засаг дарга З.******* нь Ц.г ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргаж, уг шийдвэрийг шүүх хүчингүй болгож түүнийг ажилд эгүүлэн тогтоосны улмаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.564.684 төгрөгийг төсвөөс төлсөн үйл баримт нь албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас учирсан хохирол байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан байх тул З.******* нь төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 1.564.684 төгрөгийг гаргуулан Булган аймгийн *******д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заасан.

Дээрх хуульд зааснаар ******* газар нь төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.  

Хариуцагч З.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч З.*******оос гэм хорын хохиролд 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53.993 /тавин гурван мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39.984 /гучин есөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж тогтоолыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН

 

              ШҮҮГЧИД                                    О.ОДОНЧИМЭГ

 

                                                                     Р.ҮҮРИЙНТУЯА